Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Телевизээр үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулбал торгоно

Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар муудахын хэрээр эд хөрөнгө, бэлэн мөнгөний хонжворт сугалаа олширсон. Сугалааны тохирол сурталчилсан телевизийн контентууд ч нэмэгдэж, энэ чиглэлийн залилан нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагад хандах иргэд олон болжээ. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт телевизийн сугалааны талаар гомдол санал олноор ирсэн байна.

Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг Сангийн яам 2021 оноос цахимжуулсан. Ингэснээр шалгуурыг хангасан  аж ахуйн нэгжид гурван жилийн хугацаатай тохирол явуулах зөвшөөрөл олгодог болсон юм. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журамд нийцүүлж, нэвтрүүлгийг дамжуулах эрх үүснэ.

Харин тусгай зөвшөөрөлтэй ч иргэдийг төөрөгдүүлсэн, залилсан тохиолдолд энэ эрхийг цуцлах заалттай. Мөн одоогоос 10 хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн сугалаатай холбоотой мэдэгдэл гаргасан. Тодруулбал, тус хорооны 59 дүгээр тогтоолоор "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д үндсэн хоёр өөрчлөлт оруулсан. Үүнд:

3.18. Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй

3.18.1. Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамааралгүй гэжээ.

Энэхүү журам нь нэгдүгээр сарын 9-нөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.

Ингэснээр арилжааны телевиз эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг дамжуулахыг хориглож эхэллээ. Хэрэв журмыг дагаж мөрдөхгүй бол Зөрчлийн хууль болон Харилцаа холбооны тухай хуулиар тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцож, торгох зохицуулалттай.

Мөн иргэдийн ихээр шүүмжилж буй зүйл бол телевизийн сугалаа явуулж буй аж ахуй нэгжүүд урамшууллын аргыг хэрэглэж байгаа явдал. Тодруулбал, 3+1, 5+2 гэхчлэн тус бүр нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй сугалааг урамшуулалт зарчмаар олгож, олныг авах тусам давуу талтай мэтээр иргэдийг төөрөгдүүлж буй.
Энэ нь зүйд нийцэх эсэх тухайд салбар яамнаас эрхийг нь олгодог шалгуурт заагаагүй байна. Тиймээс тухайн сугалаа явуулж буй зохион байгуулагчид тохирлын зарчмаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр сугалаа гэдэг цэвэр ашгийн бөгөөд бизнесийн нарийн ухааны хүрээнд хэрэгжиж байгаа ажил учир тооцоолол ч өндөр байх нь гарцаагүй. Мэдээж ашиггүй байсан бол телевизийн олон сувгаар үндэсний гэх тодотголтой сугалааг сурталчлан таниулахгүй байсан нь лавтай. Тиймээс хэрэглэгчид залилан мөн, бишийг өөрсдөө дүгнэж, худалдан авалт хийж буй. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй гэсэн бүхэн бодит хонжворт хөтөлбөр гаргадаггүй гэдгийн жишээ бий.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУГАЛААГ СУРТАЛЧИЛБАЛ ТЕЛЕВИЗИЙН БУРУУ БОЛНО

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг бөгөөд зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстойг заажээ. Тухайлбал, тус хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байна. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Мөн эрхгүй сугалааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах боломжгүй аж.

Хэрэв хэн нэгэн этгээд зөвшөөрөл эрхгүй сугалааг сурталчилсан, тохирлыг мэдээллийн хэрэгслээр дамжуулсан тохиолдолд мөн Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэжээ.

Сугалааны тусгай зөвшөөрөл авахад:

  • Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл
  • Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх
  • Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа
  • Санхүүгийн чадвартай байх
  • Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа
  • Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай.

Энэхүү албан ёсны зөвшөөрөлтэй эрх нь энэ онд дуусах 10 аж ахуй нэгж байгааг Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн  газраас мэдээлжээ.

СУГАЛААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЯНАДАГГҮЙ Ч ХЯЗГААРЛАХГҮЙ

Одоогоос нэг жилийн өмнө нэр бүхий телевизийн сувгаар сугалааны шууд тохирлын үеэр залилах үйлдэл хийсэн эсэхийг хуулийн байгууллага шалгасан. Шалгалтын дараа тусгай зөвшөөрөлтэй компанийн эрхийг цуцалсан. Мөн хамгийн сүүлд өнгөрсөн сард "Саятан Лото" ХХК-д сугалаа явуулахдаа тусгай дугаар ашиглаж явуулсан, тарифын талаар урьдчилан мэдээлээгүй, хариу мессеж явуулаагүй гэх шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 заалтыг зөрсөн гэж үзэж таван сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Энэ сараас телевизийн сугалааны хяналт сайжирвал хариуцлага ч мөн нэмэгдэх бизээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан