Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын брэндүүд "хаалга тогшив" - Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн Монголд ч мэдрэгдэж байна

                               Зургийг: Bloomberg

Хятад брэндүүд борлуулалтаараа цахиур хагалаад зогсохгүй ялангуяа залуу үеийнхний дунд нэр хүндээрээ барууны томоохон брэндүүдийн араас нэхэж байна

БНХАУ-ын энтрепренерууд гадаад зах зээлийг онилох нь урьд урьдынхаас илүү нэмэгджээ. Ужгирсан инфляцаас залхсан гадаад хэрэглэгчдээр шинэ баазаа бүрдүүлэх, мөн орон зай багатай, асар их өрсөлдөөнтэй дотоодынхоо зах зээлээс зайлсхийх нь тэдний зорилго болохыг “Bloomberg”-ийн нийтлэлч, Шули Рен (CFA ) онцолж байна.

Хятад брэндүүд борлуулалтаараа цахиур хагалаад зогсохгүй ялангуяа залуу үеийнхний дунд нэр хүндээрээ барууны томоохон брэндүүдийн араас нэхэж байна. Үүний жишээ Монголд ч харагдах болжээ.

“BYD”

БНХАУ хэдхэн жилийн дотор суудлын автомашины экспортоор АНУ, БНСУ, ХБНГУ-ыг ардаа орхиж, өдгөө дэлхийд тэргүүлэх байр суурийн төлөө Японтой өрсөлдөх болов. 10 гаруй жилийн өмнө үүнийг таамаглаж хэлсэн бол итгэх хүн ховорхон байх байлаа.

Шинэ технологи, боломжийн үнийг хослуулсан цахилгаан автомашин хөгжүүлэхэд БНХАУ хол тэргүүлж буй нь тус улсын “BYD”, “Chery”, “SAIC” зэрэг үйлдвэрлэгчдийн амжилтаас харагдаж байна. Түүнчлэн Украин дахь эзлэн түрэмгийллээс нь болж ОХУ-ын зах зээлийг орхиод буй барууны автомашин үйлдвэрлэгчдийн орон зайг эзэлсэн нь хятад брэндүүдийн огцом өсөлтийн бас нэг шалтгаан юм.

Япон автомашин давамгайлсан Монголын зах зээлд ч БНХАУ-ын брэндүүд хүч түрэн орж ирж байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс 400 орчим цахилгаан автомашин импортолсноос 306 нь зөвхөн БНХАУ-аас орж ирсэн бөгөөд тэр дундаа “BYD” компанийн 121 автомашин орж ирсэн нь бусад брэндүүдээс хол давсан үзүүлэлт болохыг “Монголын Автомашины Дистрибьютерүүдийн Ассоциаци” ТББ мэдээлж байлаа.

“Huawei Technologies”

Ухаалаг гар утасны зах зээлд сүүлийн хэдэн жилийн турш чимээгүй байсан “Huawei Technologies” өнгөрсөн онд технологийн дэвшлээр ч, борлуулалтаараа ч томоохон үсрэлт хийгээд байна. Наймдугаар сард тус компани БНХАУ-д бүтээгдсэн долоон нанометрийн дэвшилтэт чип бүхий ухаалаг гар утсаа танилцуулсан нь тус улсад технологийн экспортын хориг тавиад буй АНУ-ын эрх баригчдыг “шок”-д оруулж байв. Энэ нь БНХАУ-ын дэвшилтэт технологи үйлдвэрлэх чадамж урьд байгаагүй түвшинд сайжирч, бие даасан чипийн үйлдвэрлэлтэй болоход ойртсоныг харуулсан хэрэг байлаа.

“Huawei Technologies” компани өнгөрсөн онд Улаанбаатарт албан ёсны салбар дэлгүүрээ нээсэн бөгөөд дотоодын зах зээлд 2024 онд борлуулалт нь 2-3 дахин өсөх орон зай байна гэж харж байгаагаа Монголыг хариуцсан менежер нь мэдээлж байв.

“Miniso”

Тренд дагасан, хямдхан гэр ахуйн бараа худалдаалдаг “Miniso”-ийн Монгол дахь анхны дэлгүүр долоон жилийн өмнө нээгдэж байв. Тэгвэл Гуанжоуд төвтэй тус компани өдгөө гадаад улсуудад 2000 гаруй дэлгүүртэй болж, өнгөрсөн оны тавдугаар сард Нью-Йоркийн “Times Square”-д дэлгүүрээ нээснээр АНУ-ын зах зээлд хөл тавиад байна.

Тус компани нийт орлогынхоо гуравны нэгийг гадаад зах зээлээс бүрдүүлдэг бөгөөд 2023 оны  III улиралд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувиар өсөж, 342.1 сая ам.доллар хүрсэн амжилтаар өнгөрсөн оныг үдсэн юм.

“Shein ба Temu”

“Fast-fashion” зах зээлд ноёрхогчдын эгнээнд нүд ирмэхийн зуур багтаж чадсан “Shein” дэлхийн хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэгийг энэ онд АНУ-д хийж магадгүй байна. Тус компани 2022 оны байдлаар 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын гуравдугаарт бичигдэж байв.

Өнгөрсөн онд хил дамнасан цахим худалдааны зах зээлд БНХАУ-аас бас нэгэн “дисраптор” гэнэтхэн гарч ирсэн нь “PDD Holdings”-ийн охин компани “Temu” байлаа. Хямдралтай худалдааны энэхүү платформ 2022 оны есдүгээр сард нээгдсэнээс хойш сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 120 сая давсан бөгөөд тэдгээрийн 43 хувийг нь америкчууд бүрдүүлжээ.

Эх сурвалж:

Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан