Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАМГИЙН АЮУЛТАЙ ХОТУУД

Гэмт хэргийн өсөлт, хар тамхины хэрэглээ, бие үнэ­лэх зэрэг үзэгдэл нь хүн хотод бөөгнөрөн суурьшихыг дагаад зайлшгүй өсдөг таагүй зүйлс юм. Зарим хотын эрх баригчид таагүй үзэгдэлтэй чадлын хэрээр тэмцэх гэдэг. Зарим нь зөнд нь орхиж мэдээгүй царайлдаг. Мэдээгүй царайлбал ямаршуу байдал үүсдгийг “Foreign Policy” сэтгүүлийн нийтлэлд ийн өгүүлжээ. Тус сэтгүүл дэлхийн хамгийн аюултай хотуудыг тодруулсан байна.

Жагсаалтын нэгд, Гонду­ра­сын Сан-Педро-Сула хот ор­жээ. Сая орчим хүнтэй энэ хотод өнгөрсөн жил зөвхөн албан ёсоор цагдаагийн бай­гууллагад бүртгэгдсэн 2000 орчим аллага гарсан байна. Латин Америкийн хөрш орнуудын Засгийн газар нь хар тамхины мафитай эрчимтэй тэмцэж байгаа учраас өнөөдөр Хойд Америкийг чиглэсэн хар тамхины 80 хувь Гондурас улсаар, бүр тодруулбал энэ хотоор дайрах болсноор байдал ийм дээрээ тулжээ.

Цаашлаад Мексикийн Сьюдад-Хуарес хот. АНУ-ын хилийн орчим байдаг жижигхэн хотхон. Хилтэй ойр байдаг болохоор Америк руу давуулах хар тамхийг эндээс ачих болж. Хар тамхи байгаа газар гэмт хэрэг, аллага тасардаггүй. Энэ хотод эрх мэдлээ тогтоох гэсэн хоёр бүлэглэл өрөвдөж, хайрлахыг мэдэхгүй нэгнээ хороосоор. Өнгөрсөн жил гэхэд сардаа 300 хүн амиа алддаг байсан бол энэ жилийн эхний долоон сарын байдлаар 580 хүн амиа алдсан гэхээр арай л тайван болжээ гэж хэлэхэд хүргээд байгаа юм байх.

Бразилийн Масейо хот. Эрх баригчид уг нь энэ хотыг аялал жуулчлалын том төв болгох бодлого барьсан ч крэк нэртэй татдаг хар там­хины наймаанаас болоод  бүтэлгүйтжээ. Хотыг тойрсон ядуусын хороолол буюу фавеллуудад энэ хар тамхины борлуулалт, түүнийг дагасан хүчирхийлэл хэрээс хэтрээд дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болон хувирчээ.

Венесуэлийн Каракас хот. Газар нутаг, хар тамхи, эрх мэдлийн төлөө тулалдсан залуучуудын дээрмийн олон бүлэглэл энэ хотыг дэлхийн аюултай хотын тоонд оруулсан аж. Жилд гардаг хүн амины хэргийн тоо гурван мянга хол давдаг, тэдний ердөө 10 хувь л илэрдэг аж. Нөхөр Уго Чавес социализм байгуулах замдаа гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж найдахаас өөр яалтай.

Бас л Мексик. Энэ удаад Торреон хот. Дэлхийн хамгийн аюултай хотын нэг болоход хүргэсэн зүйл бас л хар тамхи. Хар тамхины мафийн бүлэглэлүүд Америкийн хи­лийн ойролцоо байдаг энэ хотыг гартаа оруулах гэж олон жил дараалан хоорондоо байлдаж байна. Хотыг гартаа оруулсан нь дамжин өнгөрөх хар тамхинаас их ашиг олно. Сүүлийн үед хэрцгийлэл хэрээс хэтрээд байгаа бөгөөд гэгээн цагаан өдөр 10 хүнийг мөчлөх, таслах зэргээр маш хэрцгийгээр хөнөөсөн хэ­рэг гарч, хэр баргийн юманд цочрохгүй болсон мек­сикчуудыг хэрд­хийлгэж байжээ.

Ахиад Мексик. Дуранго хот. Энэ улсыг бүрхээд байгаа хар тамхины мафи хоорондын дайн тун ч хэрцгий. Хотын эрх баригчид нэлээд баян айлын эдлэн газраас 340 хүний цогцос илрүүлсэн нь маш том дуулиан болсон. Хотын иргэд алга болсон төрөл садан нь байж магадгүй гэсэндээ ДНК шинжилгээ байнга өгч байсан юм. Цогцос олдсон эдлэн газар хэнийх болох тухай асуухад хотын прокурорын туслах нь шууд л “Намайг өглөө сэрэхгүй болгомоор байна уу?” гэж хариулсан байдаг.

Бразиль. Белен хот. Энэ хот нь Боливи, Колумб, Перугаас орж ирж байгаа кокаины зам дээрх хамгийн анхны дамжлага цэг юм. Амазон мөрний үй түмэн цутгалангаар хөвөх завь, ширэнгэн ойн моддыг шүргэн нисдэг бага оврын онгоцоор асар их хэмжээний кокаин Беленд орж ирнэ. Цаашаа Бразилийн бусад хот, Европ, Хойд Африкийг чиглэдэг ажээ. Сүүлийн жилүүдэд бразилчууд кокаины хэрэглээгээ нэмж, дэлхийн кокаины 18 хувийг татаж мансуурах болсон байна. Шалтгаан нь энэ улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, хүн амынх нь орлого нэмэгдсэн явдал.

Ямайка арлын Кингстон хот. Энэ хот олон арван дээр­мийн бүлэглэлүүдийн тулаа­ны талбар болоод удаж бай­гаа. Өнөөх хар тамхи, бие үнэ­­лэгчдийн бизнесийг хэн нь захирах вэ гэж өрсөлдөх тэм­­цэл. Засгийн газар нь тэ­дэн­тэй тэмцэж эхэлснээс хойш дээрмийн бүлэглэлүүд онцгой хэрцгий болсон аж. Зарим хорооллоор нь цагдаа, түргэн тусламжийн машин очи­­хоосоо айдаг гэнэ. Манай нийслэлд ч сүүлийн үед хар тамхи, бие үнэлэх үзэгдэл нэ­лээд газар авсан гэдгийг ста­тистик  мэдээлэл харуулж бай­гаа. Тэмцэхгүй зөнд нь ор­хи­вол эдгээр хотын нэгээр цол­луулах вий дээ хэмээн хүн бүр л эмээхээр баримт байгаа биз.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан