Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Кемп 4-ийн хувьд бэлтгэл ажлыг хангаж байгаа бол Баянзүрх дүүрэгт байгуулах кемпийг ирэх оны сүүлээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан барихаар төлөвлөжээ.Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэнэ. Нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Мөн цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусаж, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байна. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Иймд бид газар шорооны ажлыг дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлэх зорилгоор өвлийн улиралд зураг төсөл болон бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 1.63 хувь, ажлын зургийн гүйцэтгэл 90 хувь, бэлтгэл ажлын гүйцэтгэл 61.6 хувьтай байна. Төв кемп баригдаж эхэлсэн. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болоод байна” хэмээн онцоллоо.Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан