
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь үнэлэх, хяналт шалгалт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх, эрх, эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх юм.
Ажлын хэсэг Нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, хяналт шалгалт хийх, хүний эрхийн сургалт хийх, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, иргэдээс гомдол мэдээллийг хүлээн авч зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.
Түүнчлэн арга хэмжээний төгсгөлд дүгнэлт тайлан гаргаж, Комиссын хуралдаанаар хэлэлцэх, зөрчлийг арилгуулах төлөвлөлтөөр ажиллаж байна.

























