Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын олон нийтийн оролцоог хангах чухал талбар болох "Ногоон бүс"-ийн соёл, урлагийн арга хэмжээ 2026 оны 08 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын COP17 талбайд эхэллээ.
Тус нээлтийн үйл ажиллагаа нь дэлхий нийтэд хандсан "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа дор зохион байгуулагдсан юм. Монгол орны дахин давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэн, нүүдэлчин ахуй, соёлыг технологийн шийдлээр хослуулан илэрхийлж, хүн, байгалийн хүйн холбоог үзэгчдэд танин мэдрүүлсэн агуулга бүхий урлагийн тоглолтыг толилууллаа.


Тухайлбал: Улсын филармонийн Морин хуурын найрал хөгжим Төрийн шагналт З.Хангалын "Тань руу нүүж явна" киноны хөгжимд дэлгэцнээ тэмээн жингийн их нүүдэл, цэлмэг хөх тэнгэрийг, ҮУИТ-ын гоцлол дуучин СТА Д.Сайзанмаагийн дуулсан "Туулын урсгал шөнөдөө сайхан" дууны ойн хөвч, горхи рашаан, шувуудын чуулганыг амилуулсан нь байгаль дэлхийгээ хайрлахыг уриалсан илэрхийлэл байлаа.
Найруулагч Ч.Түвшин эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах үзэл санааг түгээхийн зэрэгцээ байгаль эх дэлхийг сэргээх, цөлжилтийн эсрэг хүн бүрийн оролцоо чухал гэдгийг тус тоглолтоор илэрхийлэхийг зорьсон байна.




























