Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл ирүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ нь томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилготой юм.
Цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ нь иргэдэд ямар боломж олгож байна вэ?
Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.
Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.
Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.
Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдад: Хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө аваарай. Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд 7 хоног бүр нээлттэй танилцуулна.
Хүүхэд бүр шаардлагатай тусламжаа гэртээ ойрхон, нэмэлт санхүүгийн дарамтгүй авах нь бидний зорилго юм.






















