Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам танилцууллаа.
Тодруулбал, тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 76.4 хувь буюу 448,993.6 га газар түймэрт өртсөн болохыг хиймэл дагуулын зураглалын дүнгээр тогтоожээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн түймэрт өртсөн талбайн хэмжээг зурагласан байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587,744.1 га талбайтай. Үүний 138,750.5 га буюу 23.6 хувь нь түймэрт өртөөгүй байна. Түүнчлэн дархан цаазат газрын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртжээ. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбайн хэмжээ 504,960.4 га болж байна.
Түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачдыг нэмж ажиллуулж эхэлжээ. Мөн шаардлагатай техник хэрэгсэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам























