Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.БАТ-ҮҮЛ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Энэ сарын 13-нд шинэ Үндсэн хууль баталсны 21 жилийн ой тохионо. Уг өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцаж явсан Ардчиллын анхдагчдын нэг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-21 жилийн өмнө Үндсэн хууль баталж байх үед иргэн Ламжав гуай та хоёрыг  хамгийн олон удаа үг хэлсэн гэдэг. Тэр үед хэлж байсан саналаа Үндсэн хуульд тусгаж чадсан уу?
-Би тэр үеийн Ардын их хурал дахь Ардчилсан хүчний бүлгийн ахлагч байсан юм. Тиймээс бүлгийн ахлагчийн хувиар олон удаа босч үг хэлж байсан. Тэр бүү хэл хамгийн олон удаа завсарлага авсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчийг ард түм­нээс эсвэл парламентаас сонгох уу хэмээн нэлээд ширүүн маргаан өрнүүлсэн юм. Улсын бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох шийдвэр гарч байв. Мөн иргэнд өмчлүүлсэн газ­раас бусад нь Монгол Улсын өмч байсантай холбоотой үзэл бодлоо илэрхийлж байлаа.
-2000 оны эхээр шиг санагдаж байна. Та газар тариалан эрх­лэгчдэд газар өмчлүүлэх асуудлаар нэлээд маргаан өрнүүлж байсан?
-1992 оны Үндсэн хуулиар иргэнд газар өмчлүүлэх асуудал нээлттэй байхаар тусгасан. Үүнийг улс төржүүлсээр байгаад 10 жил хэрэг­­­жүүлж чадаагүй. Яг хэрэгжүүлэх хууль гаргаад ирэхээр иргэндээ бус хөрөнгө мөнгөтэй эрхмүүдэд үйлчлэх хууль болсон. Тухайлбал, га­зар тариалангийн салбарт ажил­лаж байсан механикжуулагч, та­риаланчид газраа өмчилж авч чадаа­гүй. Тэгсэн хэр нь хуулийн эт­гээд, аж ахуйн нэгжүүдэд нэг га-г нь сая төгрөгөөр худалдах зүйл ч гарч ирсэн. Тэр бүү хэл нийслэлийн Чин­гэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүр­гийн арын гэр хорооллыг тэр чигт нь газарт оруулах талаар хүртэл ярьж байсан.
-Үндсэн хууль бол эцэг хууль. Энэ хуулийг батлалцаж явсан хүний хувьд та Үндсэн хуулийн үнэ цэнийн талаар юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийг Монгол Улсын бичмэл хувилбар гээд ойлгочиход болно. Хэн нэгэн гадаадын хүн манай улсын тухай асуувал Үндсэн хуулиа үзүүлчих хэрэгтэй. Уг хуульд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдээ хэрхэн сонгох талаар бүрэн тусгасан. Түүнчлэн иргэд нь 17 эрх эдэлдэг гэдгийг ч тэд мэ­дэх болно. Нөгөөтэйгүүр Үндсэн хуу­лиас Монгол Улсын бүтэц зохион байгуулалтыг харж болно. Үндсэн хуульд төр иргэндээ үйлчилнэ гэж заасан. Бүр тодруулбал, уг хуу­лийн зургадугаар зүйлд Монгол Ул­сын иргэн эрүүл, аюулгүй амьд­рах, байгалийн болон хөрсний бохирд­лоос өөрийгөө хамгаалуулах эрхтэй гэж заасан. Иргэнийхээ эрхийг хангаж ажиллах нь төрийн үндсэн үүрэг ч гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл, аюулгүй амьдрах орчинг төр бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь, бид Үндсэн хуулиа сайтар уншиж ойлгоогүйгээс төдийлэн биелүүлж чаддаггүй.
-Та Улаанбаатар хотын за­хирагчаар ажиллаж байгаа. Үнд­сэн хуульд заасан эрүүл, аюулгүй амьдрах орчинг иргэд­дээ бүрдүүлж чадаж байна уу?
-Би Засаг дарга болсноосоо хойш Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Иргэдэд ийм орчинг бүрдүүлж чадаагүйгээс учрах хохирлыг төр хариуцах ёстой. Ту­хайлбал, гудамжинд явж байгаад халтирч унаад бэртвэл хохирлыг төр хариуцдаг болно. Мөн за­мын тэмдэглэгээг тавиагүйгээс осол аваарь гарсан тохиолдолд хариуц­лагыг төр үүрэх тогтолцоо руу шилжих юм. Яагаад гэвэл төр тэм­дэглэгээгээ тавиагүйгээс хоёр машин мөргөлдчихлөө. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл, аюул­­­­­­­­­гүй амьдрах орчинг бүрдүүлж өгөөгүйнхээ төлөө төр хариуцлага хүлээх үүрэгтэй.
-Одоогийн нийгмийг 21 жилийн өмнөх үетэй харь­цуулахад тэс өөр болсон нь ойлгомжтой. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хоёр удаа л өөрчлөлт оруулж байсан нь сайн хууль болсныг илтгэж бай­на гэдэгтэй хүн бүр санал нийлдэг?
-Маш сайн хууль болсон гэдэг­тэй би 100 хувь санал нийлдэг. Үндсэн хуульд төрийн болон орон нут­гийн удирдлага хосолно гэж заа­сан. Энэ маш сайн заалт. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргыг шууд сонгодог. Хэрэв ийм заалт тусгаагүй бол баялагтай болсон аймгууд бие дааж салж болно шүү дээ. Учир нь, дэлхий нийтэд ийм жишээ маш түгээ­мэл байдаг. Баялагтай болон­гуу­таа тусгаарлаад өөрийн вант ул­­саа байгуулах эсвэл сална хэмээн нэлээд асуудал үүсгэх нь бий. Гэтэл бид энэ асуудлыг тухайн үед Үндсэн хууль­­даа тусгаж өгсөн байна шүү дээ.
-Уул уурхайг дагаад манай улсын эдийн засаг хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна хэмээн их ярих боллоо. Та санал нийлэх үү. Өөрчлөхөөр бол юуг нь өөрчлөх ёстой юм бол?
-Өмнө нь, Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж ярьж байсан хүмүүсийн нэг нь би. Ингэж ярьсныхаа дараа Үндсэн хуулиа олон дахин үзэж, хараад ямар бодлого агуулгаар хийснийг нь ойлгосон учраас өөрчлөх шаард­лагагүй юм байна гэж бодох бол­сон. Тиймээс би Үндсэн хууль өөр­чилнө гэж яриад байгаа зарим хүн энэ хуулийн цаад агуулга, са­нааг нь эхлээд ойлгочих. Тэрний да­раа энэ асуудлыг ярих хэрэгтэй гэж хэлж байгаа. Хоёр их гүрний дунд оршиж байгаа бид асуудалд нухацтай хандах ёстой. Манай бая­лаг үнэ цэнэтэй болсноос хойш Үнд­сэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн яриа улам газар авч байна. Тиймээс хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж байгаа бол маш хянамгай хандах ёстой. Гэхдээ өөрчлөлт оруу­лахаасаа өмнө Үндсэн хуулиа маш сайн уншиж ойлгосны дараа бодитой үндэслэлд тулгуурлаж, шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуу­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­лийг өөрчилнө гээд ярьж байгаа хүнийг сонсохоор үнэндээ хуулиа бүрэн гүйцэд ойлгоогүй байдаг. Зарим нь бүр ямар заалт байгааг ч мэдэхгүй байх нь бий.
0 Сэтгэгдэл
Ёрөнхийлөгчийг ИХ хурлаас сонгох нь зөв шүү дээ хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай бол ард түмнээс манайх парламентийн засаглалтай гэж явдаг энгэхлээр их хурлаас байх нь арай хямд тусна шүү дээ
Хамгийн их уншсан