Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Должин: Шинэхээний буриадууд одоо ч хувцсаа оёод, дуугаа дуулаад, буриадаараа ярьдаг


Буриадын алдарт дуучин, Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Эвэнк хошууны Шинэхээн зүүн сумын харьяат Ц.Должинтой ярилцлаа.
Тэрээр өнгөрсөн ням гарагт өөрийн хүү Б.Балжинтай хамтран “Мэнд амар Монголи” тоглолтоо монголчуудад толилуулсан юм.

-Өвөрмонголын буриа­дуудын алдарт дуучин ирснийг дуулаад зориод ирлээ. Та хэд дэх удаагаа Монголд ирж байна. Энэ удаагийн ирсэн хэрэг зориг юунд вэ?
-Юуны түрүүнд бүх монголчуудынхаа мэнд амрыг эрье. Сайн байна уу. Би өнгөрсөн сарын 28-нд нутгаасаа гараад Улаан-Үдийн “Миний Буриад” гэж сэтгүүлийн нээлтийн тоглолтод оролцоод, наашаа Улаанбаатарт ирлээ. Тэр тоглолтонд Улаанбаатараас Жаргалсайхан багшийн хүү Чингис тэргүүтэй уран бүтээлчид очсон. Москвагаас Бадамханд, Намгар гээд олон дуучин оролцлоо. Харин өнгөрсөн ням гарагт Улаанбаатарт хүү, мөн Улаан-Үдийн дуучин Дондогсүрэн, Дашиймаа нартай хамтран тоглолтоо хийлээ. Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Хамгийн анх 2010 онд Алтаргана наадмаар ирж байсан. Тэр үед Алтаргана наадмын нээлтийн “Алтаргана” дууг анх дуулж үзэгчдэд хүргэж байлаа.

-“Алтаргана” наадам буриад зоныг нэгтгэдэг гол үйл ажиллагаа юм шиг санагддаг. Ер нь таны харж байгаагаар буриад зоны соёлын хөгжилд энэ наадам хэр түлхэц болж байна вэ?
-Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Алтаргана наадам буриад зоны зан заншил, урлаг соёл, түүхийг үргэлжлүүлэн өвлөж авч явахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Улаан-Үдийн буриа­дууд Октябрийн хувьсга­лаар, Монголын буриадууд хэлмэгдүүлэлтээр, Өвөр­мон­голын буриадууд Хята­дын соёлын довтолгооноор түүх соёлоо устгуулсан гээд их зовлон үзсэн шүү дээ. Таны амьдардаг Шинэ­хээний буриадууд ер нь ямар байдлаар аж төрж байна?
-Манай Шинэхээн буриадууд өөрсдөө цагаан идээгээ хийж, хувцас хунараа оёж өмсөөд хүнээс дутуугүй сайхан л амьдарч байна. Улсаас ч гэсэн сайн харж үздэг. 60-аас дээш настай хүмүүст тэтгэвэр өгдөг. Олон хүн амтай улс учраас бидэнд ийм хэмжээний тусламж үзүүлэх нь амаргүй ч гэсэн ялгаварлахгүй ханддаг. Манай Хөлөнбуйрт бол олон үндэстэн ястан оршин суудаг шүү дээ.
 
-Хүн ам нь одоо хэд болсон бэ?
-Зургаан мянга орчим байна.

-Тархан сууршсан нэг үндэстэн хэдий ч га­зар газрын буриадууд өөрс­дийн гэсэн түүхтэй. Ши­нэ­хээний буриадуудын түү­хээс бидэнд сонир­хуулаач?
-Цаг үеийн ээдрээтэй үед манай буриадууд нүүж явсаар Өвөрмонголд их үржил шим сайтай шинэ нутагт очиж буусан гэдэг. Түүнийгээ Шинэхээн гэж нэрлээд одоо хүртэл амьдарч байна даа. Тухайн үед бас арваад айл буцаж Монгол руу нүүсэн юм билээ. Манай аав нэг нүүх гэснээ больсон гэдэг. Дорнодын Цагаан-Овоонд манай садан төрөл бий.

-Төрөл садан хүмүүс ойрхон амьдарч байгаа атлаа улсын хилээр тусгаарлагдсан болохоор хэцүү байдаг байх?
-Цаг сайхан болсон учраас ярилцаж тохиролцож байгаад уулздаг.

-Таныг малчин айлын хүүхэд гэж сонссон?
-Тийм ээ. Гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй айлын дундах нь би. Багад минь манайх малаа маллаад нүүж суугаад л явдаг байсан даа. Өвөлдөө бол хонь малаа хороолчихоод, өөрсдөө хөдсөн дээр эсгий нөмрөөд унтдаг байлаа. Ээж маань  их эрт босоод гал түлж,  бидний гутлыг хатааж өгдөг байсансан. Манай аав ээж их ажилсаг хүмүүс. Хүнээс түрүүнд сайхан бууцанд бууна гээд л үүрээр нүүдэг байв. Нар мандаж байхад шинэ бууцанд буугаад, цас хайлуулж цай чанаж уугаад л. Тэр амьдрал одоо бол байхгүй. Нутаг усаа хувь хүмүүст хувааж өгөөд, малчид нь хашаандаа малаа малладаг болсон.

-Малчид эзэмшил газартай болсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний багад бол хаана хужиртай, мангиртай сайхан нутаг байна тэнд л нүүдэллээд миний, чиний гэдэггүй байсан. Аав маань морь уядаг байлаа. Намайг жижиг биетэй, хөнгөхөн гээд л морь унуулна. Наадмаар олон ч удаа морь унасан даа. “Өрхийн цэрэг” гэж байдаг. Морь унах, буудах зэрэг чадварыг эзэмшдэг. Өрхийн цэрэг ч байж үзлээ. Жаахан байхдаа үнээ малаа саахаас эхлээд малын дөртэй л болсон.

-Таныг уртын дуу сайхан дуулдаг гэсэн. Гэхдээ богино дуугаар алдаршсан юм билээ?
-Миний ээж аав их сайхан дуулдаг. Хүн удмаа дагаж дуучин болдог юм байна. Мах цусанд нь дуулах авьяас байхгүй бол яаж ч хичээсэн дуучин болдоггүй. Манай Хөлөнбуйрт Думаа гэж багш байсан. 1984 онд багш намайг дуудаад “Өвөрмонголын урлагийн суруульд дуулаачийн ангид хүүхэд элсүүлэхээр шалгалт авч байна. Чи шалгуул” гээд гэртээ суулгаж байгаад шалгалт өгүүлсэн юм.

-Сайн дуучин болох сайн багшаас их хамаардаг. Багшийнхаа тухай яриач?
-Миний багш 1955 онд Алшаад болсон олон улсын залуу дуучдын наадмаас алтан медаль хүртэж байсан Өвөрмонголын дархан дуучин Буянтөр гэж хүн байсан. Монголын дуучдаас бол Норовбанзад багштай харьцуулахаар тийм мундаг дуучин. Өнгөрсөн онд гэмтлээс болоод 83 насандаа тэнгэрийн орондоо одсон. Багш маань Норовбанзад багштай хамт дуулж явсан зураг нь байдаг. Тийм мундаг багшийн шавь болсондоо их талархаж явдаг.

-Одоо харин та өөрөө шавь төрүүлэхээр багшилж байгаа...?
-Хөлөнбуйр хотын Урлагийн сургууль гэж байгаад одоо Ажил мэргэжлийн сургуулийн салбар урлагийн сургууль болсон. Тэнд 26 жил уртын, ардын дууны багш хийж байна. Газар газраас л хүүхдүүд ирж сурдаг. Шинжаан, Шилийн гол, Ордос, Баяннуур, Хянган гээд л.

-Монголоос очиж байсан уу?
-Үгүй ээ. Харин миний шавь нар энд ирж СУИС-д мастерт суралцаж байгаа.

-Ирсээр шавь нартайгаа уулзав уу?
-Уулзсан.

-Та өөрөө дуулахын хажуугаар хүүгээ дуучин болгосон. Хамт уран бүтээлээ хийдэг. Зарим дуучид миний явсан хэцүү замаар үр хүүхэд маань явах ёсгүй гэдэг?
-Миний хүү багаа­саа л дуулах авьяастай байсан. Мо­рин хуур их сайн тоглодог. Хүн ер нь өөрийнхөө авьяасаар л явдаг. Дуртай зүйл рүүгээ л тэмүүлж, түү­гээрээ амжилт гар­на уу гэхээс дургүй зүйлдээ хүчлээд амжилт олно гэж байхгүй.

-ЮНЕСКО-гийн соё­лын өвийн бүртгэлд улс үндэстнүүд соёлын өвөө бүртгүүлж эхэлсэн цагаас нэг маргаан дэгдсэн. Энэ бол морин хуур, ур­тын дуу гэсэн монгол түм­ний өвийг өмнөд хөрш­тэйгөө булаацалдах бол­сон явдал. Үүний шалтгаан нь Монгол туур­гат­нууд маань тэнд ч бас ор­шин суу­гаа уч­раас гэл­цэх нь ч бий?
-Би бод­дог юм. Нутаг ор­ны хү­мүүс өөр өөрс­дийн өв соёлдоо судалгаа хийх хэрэгтэй. Бас үндэстэн бүрийн өв соёл ондоо. Тэр өөр чанарыг нь ил гаргаж, хөгжүүлэх ёстой. Хүнийг дагаж дуурайж болохгүй. Өвөрмонголд бол Хөлөнбуйр уртын дуу, Алшаа уртын дуу гээд ялгаатай. Гаргаж байгаа нугалаанаасаа хамаараад өөр сонсогддог. “Өөр өөрийн өнгөөрөө эгшиглэнэ дээ...” гээд дуу байдаг биз дээ. Чиний, минийх гэлтгүй өөрийнхөө өвлөсөн өв соёлыг яг тэр байгаагаар нь л хадгалж үлдэх хэрэгтэй.

-Та дээр нүүдэлчин малчны амьдрал одоо үгүй болж дээ гэж яриандаа дурдлаа. Тэгвэл дуулагдахаа больсон дуу ч юм уу Шинэхээний буриадуудын соё­лоос мартагдаж гээгдэж байгаа зүйл байна уу?
-Үр хүүхэддээ заахгүй бол хаягдах л байх. Миний багад Шинэхээнд цагаан мөөг их ургадаг байсан. Хонь идээд л тарга сайн авна. Гэтэл одоо бороо орсон ч мөөг ургахаа больсон. Миний бодлоор дээр үед хонь малаа талд  бэлчээхэд бэлчээрт ч гэсэн шим тэжээл өгдөг юм уу, сэргээдэг байж. Одоо хонь малаа хашаад байхаар бэлчээр ч  сэргэхээ больсон байх. Үүн шиг дуу хөгжим, өв соёлоо ч гэсэн устгачихмааргүй л байна. Настай хүмүүсээс сурч, өвлөж үлдээх хэрэгтэй байна. Техник технологи хөгжсөн үед настай хүмүүсийн залуудаа дуулдаг байсан дууг ганц дуулуулаад бичээд авахад хэцүү зүйлгүй. Гэхдээ манай Шинэхээний буриадууд тэр олон үндэстэн ястан дунд амьдарч байгаа мөртлөө одоо ч гэсэн буриад хувцсаа өөрсдөө оёж өмсч байна. Дуугаа дуулж байна. Буриад үг, хэлээрээ ярьж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан