Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Төрийн машин гээд үнэгүй түлш ашигладаггүй биз дээ
Эдийн засгийг эрчим­жүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталлаа. Улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Зас­гийн газраас ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын энэ тогтоолын долдугаар зүйлд эрхэм гишүүн Ц.Оюунбаатар “Төрийн байгууллагын тай­лан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөн­гөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, “хаалтын гэрээ” хийхийг хориглох”  гэсэн заалт санаачлан оруулж. Ингээд ч энэ зүйл заалтыг хэвээр баталж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг араас нь “Ц.Оюунбаатар,  М.Батчимэг гишүүн хоёр үүнийгээ хууль болгоод оруулж ирж болох юм” гэсэн үг  бас дайгаатахлаа.

Цаашилбал хэвлэл мэдээл­лийн салбарыг санхүү­гийн эх үүсвэргүй болгон боомилох ажлаа хуульчлан баталгаажуулах бололтой.
Эндээс хэд хэдэн зүйл, атгаг санаа цухалзаад байна.

Нэг. Нэгэнт энэ зүйл заалт “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-д орж байгаа болохоор Монгол улсын эдийн засаг хямарч, хөгжил удааширч, валютын урсгал саарсан нь хөөрхий хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тендерийн зар, зарим нэгэн сурталчилгаа, дээрээс нь дарга сайд нарын мэндчилгээ хааяа нэг тавьснаас болж байгаа юм байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн телевиз, сонин, сайтаас болоод улс орны эдийн засгийн хөгжил 2012 онд 17 хувь байснаа 2013 онд 13 хувь болж буурсан болж таарч байна. Энэ хэвлэл мэдээллийнхнээс болоод гадаад валютын нөөц хомсдоод байгаа болохоор УИХ энэ асуудлыг сүр дуулиантайгаар хэлэлцэж, цаашдаа бүр хууль гаргах нь.

Хоёрдугаарт,  зах зээлийн  эрүүл орчин бүрдүүлнэ гээд байдаг энэ төр засаг, ардчилсан төр өөрөө хувийн хэвшлийг дэмжихээ больж байгаа юм байна. 1998 онд гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор бүхий л сонин, телевиз, сайт хувийн хэвшлийнх болсон. Нэгэнт хувийн хэвшлийн байгууллага болохоор реклам сурталчилгаа, төлбөртэй мэдээ­лэл, нийтлэлээрээ сан­хүүж­дэг. Ийм төлбөртэй материал, сурталчилгаа биз­несийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас л орж ирдэг нь нууц биш. Нэгэнт л энэ тогтоолд “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээ­лэлд сурталчилгаа хийхийг хориглох” гээд тов тодорхой заачихсан болохоор төр сурталчилгаа, бодлого үйл ажиллагааныхаа талаар хэвлэлээр гаргахаа болих юм байна.

Гуравт нь, хэвлэл мэдээлэл бол төр, ард түмнийг холбох гүүр, индэр гэдэг үгүй болж энэ төр, засаг бодлого үйл ажиллагаагаа сурталчлахаа больж тэрүүхэн тэндээ далд нууцхан ажиллахаар шийдэж. Өөрөөр хэлбэл, тендер,  сонгон шалгаруулах зар сурталчилгаагаа хэвлэлээр ил тод зарлахаа болих юм байна. Тэгээд ёстой тэрүүхэн тэндээ өөр зуураа ярьж байгаад хамгийн ойрын, хамаатан садныхаа компани аж ахуйн нэгжийг “шалгаруулдаг” л болох нь. Ер нь төр, засгийн газрын бодлого үйл ажиллагаа “нууц байдал”-д орж байгаа юм байна. Уг нь, нууц далд хийсэн бүхэн хардлага төрүүлдэг гэдэгсэн. Ер нь, хүнээс нууж хааж хийсэн юм бүхэн гоомой байдаг даа.

Дөрөвт нь, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Монголын хууль эрх зүйд “Хаалтын гэрээ” гэдэг шинэ нэр томъёо орж ирлээ. Монголчууд “Хэлэмгий хүн сурамгай” гэж ярьдаг. Ургуулан бодоод байвал УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр “Хаалтын гэрээ” гэж өндөр дуугараад байгаа тэр түшээд өөрсдөө ийм гэрээ хийдэг болж таарч байна. Д.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Г.Уянга.....гээд туршлагатай хүмүүс байна, цаана чинь. Дээр нь уухай түрэн дэмжээд байгаа МАН-ын гишүүд. Уг нь бол өдөр тутмын хэдэн сонин, телевиз, сайт сайндаа л хэдэн тендерийн зар, ганц нэг мэндчилгээ, тайлан, бодлогын баримт бичиг л төлбөртэй олж тавьдаг, тэр хэрээрээ ч энэ төрийн ажил албаны талаар уншигч үзэгчид мэдээлэлтэй байгаа юмсан. Ер нь юу хийчихсэн, ямар нүгэлтэй хүн тэр хаалтын гэрээ гэгчийг хийдэг юм бол, хэн нь  аль хэвлэл сонин, телевизэд ингэж их мөнгө цутгачихсан юм бэ. Үнэхээр тэгж “Хаалтын гэрээ” байгуулаад мөнгө төгрөгийг нь авчихсан юм бол энэ хэвлэлүүд УИХ, Засгийн газрыг яагаад ам уралдуулан “гөвөөд” байгаа юм бол....
Тавд нь, энэ төр засаг хэнийг ч болов өмнөө бөхөл­зүүлж, үнэгүй зарах сонирхолтой юм байна. Өнөө­дөр хэвлэлээр өөрсдийнхөө ажил бодлого, үйл ажиллагааг үнэ төлбөргүй сурталчлах гэж байгаа төр маргааш ШТС-уудаас төрийн машинууд түл­шээ үнэ төлбөргүй авна гэх нь. Хувийн нэг компани аж ахуйн нэгжээр төрийн ба­рил­га байшин, контор, албан өрөөгөө үнэ төлбөргүй засуул­на гэх нь л дээ.

Эцэст нь, энэ ардчилсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хандлага, бодлого үйл ажиллагаа нь зүйрлэвэл уяа оосроо аажим, аажмаар чангалаад эцэст нь боомилон унагаах зорилготой юм байна.
Энэ бүхнийг дараах ба­римтуудаар нотолж болно. Орон нутагт хэвлэл хүргэлтийн зардал гэж захиал­гын дүнгийн таван хувь байс­ныг энэ засаг 15 хувь болгож нэмэгдүүлсэн. Төрийн өмчит “Монгол шуудан” компани нь шүү дээ. Хөөрхий хөдөөгийнхнийг мэдээлэлгүй байлгаж байгаад сонгуулийн үеэр тархийг нь угааж байхад амар гэж бодсон уу, сонинуудын хөдөө орон нутгийн захиалгыг байхгүй болгож редакцуудыг туйлдуулъя гэсэн хэрэг үү. Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөрөө хэвлэл мэдээ­лэлд мөнгө зарцуулахгүй гэж тусгаад сурталчилгааны материалыг СЕХ бэлтгэж хэвлээд сонгуулийн хэсгүүдээр тараах юм гэнэ.

Ингээд Засгийн газраас эхлүүлээд “Шинэчлэлийн цонх” нэртэй сонин гаргаж эхэлсэн гэнэ. Огт байхгүй “Хаалтын гэрээ” гэдэг зохиомол зүйл гарган ирж сүржигнэж байхаар одоо байгаа, 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа яагаад зөрчөөд Төр засгийн байгууллага, Засгийн газар нь  хэвлэл сонин гаргаж байгаа билээ гэж асуумаар байна.

Одоо бүр төрийн байгуул­лагууд, төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллээр суртал­чилгаа хийхийг хориглох тухай хууль гаргах нь.
УИХ, байнгын хороо дээрх асуудлыг ярихад зүрх нь хөөрсөн тэр олон гишүүнээс нэг нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн  сурталчилгаа, “Хаалтын гэрээ” гэдэгтээ төрийн байгууллагууд, аль яам, агентлаг   төсвөөс хэдий хугацаанд, хэдэн төгрөг гаргаад зарцуулчихсан талаар ямар ч мэдээ баримт, тооцоо судалгаа яриагүй, хэлээгүй билээ. Энэ нь улсын төсвийн хэдэн хувийг эзлээд өнөөгийн эдийн засгийн хямрал, хүндрэл рүү улс орныг чирээд байгаа юм бол. Ухаандаа өнөөдөр төсвийн алдагдал 300 тэрбум төгрөгт хүрээд байгаагийн хэдий хувь нь “Хаалтын гэрээ”-ний төлбөр болоод хэдэн сэтгүүлчийн халаасанд орсон юм бол.

Юутай ч, коммунизмын хий үзэгдэл гэдэг шиг “Хаалтын гэрээ” гэж нэг хий үзэгдлийг дарах нэрийн дор монголчуудын Үндсэн хуулиар олгогдсон, хэвлэн нийтлэх, мэдээлэл хүлээн авах гэсэн эрхийн гол хэрэглүүр Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бооми­лох их  аянаа энэ төр засаг ёстой эрчимжүүлж, цааш цаашдаа  улам чангатгаж байгаа юм байна гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй болох нь.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан