Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Царцсан” сургууль, цэцэрлэгүүд төсвийн тодотголоор “гэснэ”
Энэ оны төсвийн тодот­гол, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрч­лөлт оруулахаар Төсвийн байнгын хороо хоёр дахь хэлэлцүүлгээ хийв. Нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн бай­гуул­лагуудын тэвчиж болох урсгал зардлыг 39 орчим тэрбум төгрөгөөр буу­руу­лахаар тусгасан гэж байн­гын хорооны ажлын хэсгийн дарга Б.Болор хэл­­лээ. Мөн гишүүдийн тодотголтой холбоотой сана­лыг нэг бүрээр судалсны дүнд зарим төсөл арга хэмжээний санхүүжих дүнд өөрчлөлт оруулах саналын томъёолол бэлдсэн гэв. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 тэрбум 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсныг байнгын хорооны ажлын хэсэг 38 тэрбум 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргажээ. Хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал урсгал зардал яагаад нэмэгдсэн бэ гэдгийг тодруулж байв. Тэрээр Баян­зүрх дүүргийн төрөх эмнэлэг барих мөнгийг хоёр тэрбум төгрөгөөр хасаад ГХЯ-нд шилжүүлж байгааг, тэвчиж болох зардлаас хасахдаа харилцан адилгүй хандсаныг шүүмжиллээ. Ажлын хэсгээс хөдөөгийн эмнэлэг, сургуулийн урсгал зардлаас бага зэрэг хассанаас бусдаар орон нутгийн урсгал зардалд гар хүрээгүй гэдгээ хэлэв.

Харин Ч.Хүрэлбаатар ги­­шүүн “Сарын дараа Зас­гийн газар жинхэнэ төсвийн то­дот­­гол оруулж ирнэ гэсэн. Ин­гэхдээ урсгал зард­лыг ха­саад оруулж ирэх байх. Төс­вийн тодотголыг хал­туурдаж байна” гэж ха­туу­хан хэлсэн юм. Мөн байн­гын хорооны хур­лаар тө­сөвт хамаагүй хан­даж, олон­хоо­роо хүч түрж шийддэг чинь хууль зөрч­сөн үйлдэл гээд, хойш­луу­лах, дахин нягт­лах санал гар­гаж байв. Д.Хаянхярваа ги­шүүн заавал ингэж өр тавьж сур­гууль, цэцэрлэг барих ямар хэрэг байна зогсоо гэсэн нь байнгын хорооны дарга Ц.Даваа­сүрэнгийн эгдүүг хүр­гэв. “Хүүхдүүд яахаараа хо­хирч байх ёстой юм, юу­гаа яриад байна аа” гээд ийм хариуц­лагагүй ярьж болохгүйг са­нууллаа. Ийнхүү маргаантай байн­гын хорооны хурлаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг дуусч, гишүүдийн олонх дэмжлээ.


Б.Болор: Энэ онд “царцсан” 150 төсөл үргэлжилнэ, гэвч цаг бага үлдсэн

Төсвийн тодотголын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга Б.Болороос зарим асуудлаар байр суурийг нь сонслоо.

-Төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед нэмж 550 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай ярилаа. Бонд гэдэг зээл. Ер нь бид зээлэхээс өөр гарцгүй болчихов уу?
-550 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар тусгасан. Европын холбооны улс орнууд бонд босгох гээд л үйл тамаа цайж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн манай улсад л бонд олдож байгаа. Манай улс эдийн засгийн өсөлттэй байгаа энэ үед бүх бололцоогоороо бонд босгоод тулгарсан асуудлуудаа санхүүжүүлж, дутуу орхисон барилгуудаа дуусгах нь зүйтэй. Тийм ч учраас Засгийн газарт үүрэг өгье гэсэн бодолтой байна, дэмжээд явах байх.

-Хөрөнгө оруулагч нь монголчуудад итгээд бондтой боллоо. Гэтэл зарцуулахдаа алдаа гаргаж, зээлийн зэрэглэл буурч, итгэл алдах, улмаар дараа дараагийн бонд босгох боломжийг хаах вий гэсэн айдас байна?
-Зээлийн зэрэглэл буурч байгаа ганцхан шалтгаан бий. Манай улсад валютын нөөц багассан нь нүүрсний экспорт татарсантай холбоотой. Бидний борлуулж, худалдаж чаддаг зүйл бол алт, зэс, нүүрс гэсэн голлох түүхий эд. Эдгээрийн үнэ буурахын хэрээр манай зах зээлд шууд нөлөөлдөг. Уг нь, сөрөг хүчин маань олон эдийн засагчтай, ийм зүйлийг мэддэг л баймаар. Олон улсаас бидэнд итгээд бонд гаргасныг үргүй зүйлд зарцуулж байна уу гэдгийг өөрөөр харах хэрэгтэй. Ер нь, зам, төмөр зам, эрчим хүч гээд дэд бүтцийн төслүүдээ төсвөөс гадуур шийдвэрлэдэг олон улсын туршлага бий. Яагаад гэвэл үр ашиг нь олон жилээр хэмжигдэж, эргэн төлөх бололцоотой.

-Төсвийн тодотголд ямар, ямар асуудал хөндөж оруулж ирсэн юм бол?
-Нэмээд бариад эхэлчихсэн 200 гаруй объект бий. Шулуухан хэлэхэд урьд нь засаг барьж байсан нөхөд, 20 гаруй жил төр барьсан, цаашилбал 90-ээд жил төрийн эрхэнд суусан хүмүүс тэр олон объектыг дутуу орхичихсон. Тэдгээрийн тал нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг. Энэ бүгдийг дуусгах хэрэгтэй шүү дээ. Мөнгө босгож үүнийг дуусгаснаар ажлын байр нэмэгдэнэ, барьж буй компаниуд нь татвар төлөөд эргээд төсөвтөө л сууна. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлнэ, хөгжинө. Түүнээс биш одоо бүгдийг нь хумиад л барихгүй, үргэлжлүүлэхгүй гээд суучихвал эдийн засаг хөгжихгүй. Эртээд байнгын хороонд нэг гишүүн хэлсэн дээ хүүхэд том болохоор өмсдөг хувцсыг нь ялгаагүй том болгодог гэж. Манай эдийн засагт том хувцас авмаар байна. Бид эдийн засгаа хөгжүүлж, тэлэх ёстой. Үүний тулд мөнгө олох шаард­лагатай. Эдийн за­саг хөгжихийн хэрээр ав­сан мөн­гөө эргүүлж төлнө. Энэ бү­хэн чинь урт удаан хуга­цаатай, бага хүүтэй бонд шүү дээ.

-“Царцаасан” барил­гуудын тоо нэмэгдсэн гэх юм. Хэр үнэний ортой вэ?
-Төсвийн тодотголд зайлшгүй шаардлагатай гэсэн цөөн тооны шинэ обьект оруулсан. Ерөнхийдөө 30 дугаар тогтоолын хүрээнд байгаа. Сая эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдсаны дагуу нэмээд тодотгол орж ирэх учиртай. Царцаасан 243 обьект маань 272 болж зарим нь хуваагдаж, нэмэгдсэн. Үүний 150 орчим нь 2014 оны төсвийн тодотголд суугаад, үргэлжилнэ. Ер нь, бүх обьект тодорхой шийдвэртэй төсөл. Хүмүүсийн яриад байгаа шиг заримыг нь хасч, нэмээд, дураараа өөрчилсөн зүйлгүй. Аль болох 2014 онд ашиглалтад орох боломжтой гэсэн төсөл, арга хэмжээнүүдээ оруулсан. Бололцоогүй барилгын ажлыг хойтон хийхээр шилжүүлсэн шүү дээ. Энд нэг зүйл нэмж хэлэхэд улстөрийн эрх ашгаар хандсан гэж үндэслэлгүй зүйл яриад байгаа. Үнэн хэрэгтээ урьд нь УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөг гэж байсны л үргэлжлэл, үр дагавар. Тэр мөнгөөрөө тойрогтоо 5-6 төсөл хийх гээд эхлүүлчихдэг, дундаас нь төсөв дутаад гацчихсан л хэрэг.

-Энэ онд үргэлжлэх төслүүдийн хэчнээн нь сургууль, цэцэрлэг байна?
-Ихэнх нь сургууль, цэцэр­лэг шүү. Бид боловсролын чиглэлийн барилгыг нэн яаралтай дуусгах хэрэгтэй гэж үзсэн, Боловсрол, шинжлэх ухааны яам ч ялгаагүй хичээж ажиллах байх. Гэвч хамгийн харамсалтай нь давхар дээл гэж шал хэрэггүй юм ярьж хугацаа алдаад, энэ ажлыг удаалаа. Одоо барилгын улирал эхэлчихсэн. Төслүүд идэвхжээд, үргэлжлүүлэн барьж байх цаг үед одоо улс төржөөд яваа нь утгагүй юм.

-Энэ онд амжиж дуусгана гэх итгэл байна уу?
-Итгэхээс өөр аргагүй. Засгийн газар л ажлаа сайн хий гэсэн үг. Маш хатуу шаардлага өгч, цаг хугацаа ч шахаж байна, найдахаас өөр аргагүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан