Өнөөдөр Төрийн ордонд болсон “Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уулзалтын эхэнд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газар 70 гаруй ажил хийхээр төлөвлөснөөс 40-өөд ажлыг эхлүүлээд байна” гэв. Тэрбээр цааш нь, “Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд Засгийн газар олон хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Тухайлбал, НӨАТ-ын босгын 10 сая төгрөгийг 50 сая болгох, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг жилийн эцэст буцааж олгох тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барьсан нь одоо хэлцэгдэж байна. Засгийн газар хүндрэлийг даван туулахын тулд долоо хоногт хоёр удаа хуралдаж байгаа. Түүнчлэн Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл ажиллаж, долоо хоног тутмын ажлаа даваа гараг бүрт хэвлэлийнхэнд мэдээлдэг болсон.
Импортыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн төслүүдийг Засгийн газар дэмжиж ажиллаж байна. Жилд сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ төсөлд "Чингис" бондоос 80 сая ам.долларын санхүүжилт олгосон. Засгийн хуралдаанаар “Монголын алт” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэр”, “Монполимент” ХХК-ийн “Монцемент”, Даваат ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан “Цементийн үйлдвэр” төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Эдгээр төслийн үр дүнд манай улс ирэх жилээс дотоодын цементийн хэрэгцээгээ хангадаг болно” гэлээ. Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр “Эдийн засаг хүндэрлээ гэдэг асуудал нэг өдөр урган гарч ирээгүй. Гэхдээ буруутныг хайгаад талцаад байвал хоосон яриа болно. Яагаад ийм байдалд хүрэв гэдэг оношоо зөв тавьж чадвал энэ хүндрэлээс түргэн гарна. Бид оношоо зөв тавьж чадсан. Яагаад ийм хүндрэл гараад байна вэ гэвэл бид ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байгаад хамаг учир байна. Одоо оношоо тавиад бодлогоо зөв тавьчихлаа. Хийх л үлдсэн байна” гэсэн юм.
Тэрбээр ОХУ-д хийсэн айлчлалынхаа тухайд, "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй дунд хугацааны стратегийн түншлэлийн хөтөлбөрийг гаргая гэдэг дээр харилцан тохиролцсон. Дараагийн нэг ажил бол Шанхайд болсон уулзалтын үеэр БНХАУ болон ОХУ-ын хооронд маш их үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд хийсэн. Үүний нэг нь Орос хийгээ Хятадад худалдах явдал байсан юм. Хэрвээ уг хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр тавих юм бол Монголын Засгийн газар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ Халх голын ялалтын ойд хүрэлцэн ирэхийг урьсан. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих яриа хөндөгдсөн. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэе гэж тохирсон" гэсэн мэдээллийг өглөө. Ерөнхий сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид нийгэмд хөндөгдөөд байгаа зарим асуудлыг тодрууллаа.
-"Буянт-Ухаа" хорооллын журамд өөрчлөлт орох уу?
-Энэ журамд өөрчлөлт орохгүй.
-"Оюутолгой" ХХК 300 ажилтнаа халсан байна. Эдийн засаг сайжирвал энэ ажилтнуудаа эргүүлэн авах боломжтой юу?
-"Оюутолгой"
ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууг дуудаж уулзсан. Ажилчид халагдсан
асуудалд "Оюутолгой" ХХК хамаагүй. Хөрөнгө оруулагч тал болох “Рио
Тинто” нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ
талаараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өгөх байх.
-Цалин танасан гэсэн мэдээлэл байна. Цалин танах хэмжээнд төсөв хүндэрсэн үү?
-Цалинг танасан биш харин нэмсэн.
-Эдийн засгийг эржимжүүлэх 100 хоногийн хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй бол хоног сунгах уу?
-100
хоногийн ажлыг амжуулна гэж хичээж байна. Энэ хугацаанд ид шидийн юм
бүтээгдэхгүй. Гэхдээ цаашдаа зөв явах суурийг сайн тавьсан.
-Долларын ханш өсөхөд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нөлөөлсөн үү?
-Эдийн
засаг хүндрэхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн
эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлсөн. Цаашид валютын ханш дээр
боломжийн дүр зурагтай прогнозыг Монголбанк гаргасан байгаа. Долларын
ханш үүнээс их өсөхгүй гэсэн тэдний мэдээлэлд найдаж байгаа шүү.
-Газрын тосны газрын дарга ирэх сард шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өгсөн?
-Шатахууны
үнэ нэмэгдэхгүй. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр тохироо хийж ирээд
нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж
туйлширч болохгүй.
http://www.montsame.mn






















