Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.
Бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, өргөдөл гаргах болон түүнийг шийдвэрлэх явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авах зохицуулалтыг оруулжээ.
Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногт хийж, гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна.
Мөн ""Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хуульд зааснаар УИХ бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 32 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.






















