Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУДНААС АНГИЖРАХ ЦАГ ОЙРТЖЭЭ
Том төрөөс татгалзаж, ухаалаг төртэй болъё гэх санаачилга дэвшүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж байсан тэр үеэс хойш долоон сар өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн тэргүүн хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, эхнээс нь өргөн барьж, парламентаар хэлэлцүүлсэн нь ихээхэн маргаан дэгдээсэн. Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь улс төрийн давхар алба хашиж болохгүй гэх хуульчлалын томъёоллыг эрх баригч, сөрөг хүчин аль аль нь баталж чадаагүй. Мөн төрийн хөрөнгө, төсвийн мөнгө хэрхэн зарцуулж буйг ард түмэн ил тод хянах нөхцөл бүрдүүлье гэсэн Шилэн дансны тухай хуулийг улстөрчид өөнтөглөсөөр байгаад эхний удаа буцаасан бол энэ удаа хэлэлцэж байгаа. Энэ мэтчилэн төрийн байгуулалт, үйлчилгээг “том, зузаан хар” гар утаснаас хэрхэн “Apple iPhone5S” болгож хөгжүүлэх вэ гэдэг шийдлийг Ц.Элбэгдорж хайсаар. Гэвч энэ удаа асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэхгүй бол энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд төрөө цомхон болгож амжихгүй нь гэж санасан бололтой. Тэрээр өчигдөр төрийн алба хашдаг хүн бүрт хариуцлага оноодог болгохын төлөөх дөрвөн төслийг биечлэн танилцуулав. Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүний зөвлөхүүдийн бүрэлдэхүүн байсаар атал төрийн тэргүүн өөрөө сэтгүүлчдэд, УИХ-ын гишүүдэд тайлбарлан ярьсан нь ач холбогдол өгч буйг илтгэнэ. Эдгээр нь хариуцлагын тухай Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл, төрийн захиргааны хариуцлагын цоорхойг нөхөх Захиргааны ерөнхий хуулийн төсөл, төсвийн ил тод байдлын талаарх Шилэн дансны тухай хуулийн төсөл, иргэд олон нийтийн оролцоог төрийн удирдлагын түвшинд хангах Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл юм. “Ардчилал бүрэн утгаараа хэрэгжихгүй байна, хэзээнээс хэрэгжих вэ гэж асуудаг. Хариулт нь хариуцлага үгүй бол ардчилал үгүй гэсэн үг. Хариуцлага ажиллахгүй бол ардчилал ажиллахгүй” хэмээн Ерөнхийлөгч яриагаа эхлүүлэв. Улстөрчдийн үг яриаг ард түмэн хайхрах нь ховор. Харин тэднээс авсан мөнгөөр юу хийж, бүтээж, зарцуулж байгааг л анхаардаг. Тиймээс төсвийн зарцуулалтыг мянган төгрөгийн нарийвчлалтайгаар тайлагнахаар зохицуулжээ. Мөнгө зарцуулах бүх шийдвэр вэб хуудсанд юм уу самбарт гарах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй хүн ажлаа өгдөг байх хариуцлага дагуулжээ. Шилэн дансны хяналт нь Үндэсний аудитын газарт байхаас гадна ард иргэдэд ирнэ. Өнөөдөр зарцуулж буй мөнгөө тайлагнахгүй, ил харуулдаггүй учраас иргэд хаана, юу байсныг мэддэггүй. Тэр ч утгаараа шахаж, шаардах, хянах боломжгүй байгаа.
Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлс­нээр төрийн бодлого боловс­руулж, шийдвэр гаргахад хүмүүс орж байр суурь, саналаа тусгах бололцоо бүрдэнэ. Товчхондоо олон нийтийн санаа бодлыг шийдвэр гар­гагч, хууль тогтоогчдод хүр­гэх механизмтай болох юм. Ин­гэхдээ хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, албан тушаалын томилгооны, мөрдөн шалгах ажиллагааны, захиргааны хэм хэмжээ болон төлөвлөлтийн, орон нутгийн гэх долоон чиглэлээр сонсгол явуулдаг байх аж. Жишээ нь, мөрдөн шалгах сонсголоор олон нийтийг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудал хөндөнө. Мөн УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоо УИХ-аас зохион байгуулж болох гэнэ. Ерөнхийдөө, УИХ-ын гишүүд л тухайн сонсголтой холбоотой сэдэв, чиглэлд түлхүү анхаарч, газар дээр нь очиж ажиллах давтамжийг нэмж буй юм. Ерөнхийлөгч Нийтийн сонс­голын тухай хуулийг “Ардчиллын сүнс, шүншиг нь юм” хэмээн тодотгож байв.
Захиргааны хэрэг хя­нан шийдвэрлэх тухай хууль батлагдаад 11 жил, За­хир­гааны хэргийн шүүх бай­гуулагдаад есөн жил өнгөр­чээ. Гэвч манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 250 гаруй хуульд захиргааны шийтгэл, хариуцлагын та­лаар тус бүрт нь тусгаж. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн төсөл боловсруулсан гэнэ. 11 бүлэг, 106 зүйлтэй хуулийн гол гол шинэчлэл нь захиргааны байгууллага нэгдсэн стандартаар иргэдтэй харилцах суурь бүрдүүлэх, гүйцэтгэх эрх мэдэл хэрэг­жүүлэгч бүх этгээдийг захир­гааны байгууллагад тооцох, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг захиргааны шийдвэр гаргахаас түдгэлзүүлэх, за­хиргааны үйл ажиллагаанд орол­цогчийн эрхийг хязгаар­ласан гээд 20 шахам үнд­сэн санаа багтжээ. Энэ мэ­тээр төрийн үйлчилгээ, ажил эрхлэхэд хэрхэн хариуц­лага­жуулах вэ гэдгийг дээрх гур­ван хуулиар зааж өгсөн бол албан тушаалтанд чиглэсэн тодорхой зохи­цуулалт нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөлд орсон байна. Бидэнд хүн томилох, ажиллуулах хууль эрх зүйн заалт, зохицуулалт байдаг ч эргээд хариуцлага тооцох заалт нь алга. Бүр санаатайгаар, зориуд тийм заалтыг бүдгэрүүлсэн. Улмаар хариуцлага гэдэг нэрийг мэддэг мөртлөө зүсийг нь хараагүй, танихгүй зүйл болж хувирчээ. Ялангуяа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд зааснаар УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга гэх төрийн өндөр албан тушаалд хариуцлагын тогтолцоо алга.

Сонгогдох эрхийг 2-4 жилээр хязгаарлана

Зарим улстөрчийг сахилга, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж хүмүүс хэлдэг ч яаж гэдэг механизм байхгүй учир ярьж хэлэхээс хэтрэхгүй, хараад л сууж байна. Харин шинэ хуульд сахилгын, ёс зүйн, улс төрийн гэх гурван төрлийн хариуцлага тусгаж. Сахилгын хариуцлагыг удирдах албан тушаалтан гүйцэтгээд, иргэдэд нээлттэй мэдэгдэх хэрэгтэй. Харин хууль зөрчсөн, ёс зүйн хариуцлага алдсан хүнийг эгүүлэн татдаг болох гэнэ. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон ч юм шиг, үгүй ч юм шиг шуугиан дэгдээж, улс төрийн хариуцлагаар орчихоод сүүлд нь гавьяа байгуулсан олон нийтэд сурталчилдаг. Мөн санаатай гэмээр “хариуцлага тооцно” гэх хоёр үг бичээд орхичихдог нь ойлгомжгүй байдал үүсгэдэг. Тиймээс тэр хүнийг эгүүлэн татъя гэвэл 2-4 жил улс төрийн албан тушаалд томи­лох, сонгох эрхийг хас­на гэж тодорхой зааж өгье хэмээв. Ёс суртахууны хариуц­лага гэдэг төрийн албанд нэн хэрэгтэй. Ямар нэг буруу үйл­дэл гарвал түүнийгээ олон нийтэд мэдэгдэж, засч зал­руулаад, шаардлагатай бол уучлал гуйж суръя. Үүнийг хуульд тусгаж өгөхгүй бол дуртай нэг нь уучлал гуйгаад, нөгөө нь орхиод байгаа гэв. Энэ буруутай үйлдлээр нь ард иргэд тухайн албан тушаалтанд шахалт үзүүлж болно. Таны хийсэн үйлдэл ажлын хариуцлага алдлаа, албан тушаалаасаа огцор гэвэл тэр хүн огцорч болно, үгүй ч байж болно. Хэрэв огцрохгүй гэвэл тэр бүрэн эрхийнхээ дараагийн дөрвөн жил улс төрийн албан тушаалд очих эрхээ хасуулж, улс төрийн хариуцлагад татагдах аж.
УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон гэдэг заалт байсныг парламент өөрчил­жээ. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь газар дээрээ баригдвал прокуророос түү­нийг чөлөөлөх санал оруулна гэж. Газар дээрээ гэмт хэрэг хий­дэг гишүүн цөөхөн. Тэр цөөн гишүүд гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь барихгүй л бол хэрэг үүсгэх боломжгүй болж байгаа юм. Бүтэхгүй гэсэн үг. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьж буй төсөлд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон байх үндэслэл тогтоогдсон бол Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирдэг болох юм. Ингэснээр Ерөнхий прокурорын саналыг ажлын 14 хоногт хэлэлцэж шийдэх ёстой. Парламент тухайн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэхийн алинаар ч шийдэж болно. Хэрэв бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл прокурор гэмт хэргийн нөхцөл байдлыг сөхөж, дахиад асуудал тавиад тухайн гишүүн дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвшихгүй болгуулах юм. Уг заалтыг дагаж улстөрчдийн дунд сөрөг хүчинд л хэцүү байх нь, хэн дургүй гишүүнээ прокуророор оруулж ирээд эрхийг нь хасдаг болох нь гэх яриа гарч. Гэвч Ерөнхий прокурорын хариуцлагыг ч тусгаж өгчээ. Хэрэв проку­рорын дэвшүүлсэн үндэслэл буруу, хүний нэр төрд халдсан байвал Ерөнхий прокурор өөрөө ажлаа өгдөг байх юм. Ингэж хоёр талын хяналтын систем оруулж өгсөн гэнэ.

Сонгогчдын 10 хувийн саналаар гишүүнийг эгүүлэн татна

Өнөөдөр иргэд, сонгогчид хагас эрхтэй байгаа. Сонгуу­лийн үеэр өнөөх сайхан зураг, гоё царай, сайхан үгээ хэлдэг. Иргэд очоод хэн нэгийг нь сонгохоос өөр аргагүй болдог бол цөөн хэд нь саналаа өгдөг ч үгүй. Тэгээд сонгогдсон хүн нь гишүүний бүрэн эрх гээчид хүрээд бүгдийг нь хаяад явчихдаг. Тиймээс иргэдээ бүрэн эрхтэй болгоё гэвэл сонгогчид нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж нээх хэрэгтэй. Үндсэн хуульд эгүүлэн татах гэдэг үг байвч хэрэгжүүлэх аргачлал алга. Ардчиллын түүхэнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсан практик нэг ч үгүй тул нэршил, ойлголт, аргачлалыг дэлгэрүүлж, тодорхой болгох хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд уг гишүүнийг эгүүлэн татаж болно. Гэтэл тухайн гишүүн анхан шатны шийдвэрийг давж заалдана гээд сунж­руулж, хойшлуулсаар, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээр халхавчилж явсаар дараагийн сонгууль хүргэсэн түүх бий. Гишүүн байхдаа дахиж нэр дэвшээд сонгогдож ч байсан. Мөн парламентын гишүүн хүндэтгэн үзэх шалт­гаан­гүйгээр УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдааны 30 хувийг тасал­сан бол эгүүлэн татах эрхийг ху­ралдааны даргад өгөх хэрэгтэй.
Ийм хуулийн төсөл оруулж ирэхээр тойргоос УИХ-д өрсөлдсөн хоёр хүн гарч, нөгөө хоёр нь үлдэнэ. Тэд хүмүүсийн санал, гарын үсэг цуглуулж эгүүлэн татах нь, бид үйлээ үзэх нь гэж яриад эхэлж. Гэвч тийм ч хял­бар биш. Тухайн тойрогт харь­яалагдах сонгуулийн нас­ны бүх хүний 10-аас доошгүй хувь нь огцруулъя гэж зөвшөөрөх тохиолдолд л гишүүнийг эгүүлэн татна. Уг 10 хувь нь аймаг, тойргийнхоо бүх сум, баг нэгжийг жигд хамарсан байх шаардлагатай гэнэ. Мөн сонгогдсоноос хойш нэг жилийн дотор эгүү­лэн татаж болохгүй, бүрэн эрх нь дуусахад нэг жил үлд­сэн бол мөн эгүүлэн татах шаард­лага­гүй гэж хоёр талаас нь хааж өгчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татъя гэвэл бүрэн эрхийн 2, 3 дахь жилд л тойргийн сонгогчдын 10 хувийн санал цугласан байх шаардлагатай аж.
Ийм практик хэрэгжүүлдэг болсноор тойргоо мартдаг, сонгогчдоо орхидог, хөсөр хаядаг УИХ-ын гишүүд ард түмнийхээ дунд байхаас аргагүй болно. Улмаар хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд хэрхэн зөв таниулж, тайлбарлаж, байнгын холбоотой ажиллах вэ гэдэг шийдэлд хүрнэ. Нөгөө талдаа иргэд, сонгогчид надад эрх байна шүү гэдгээ мэдрэх учиртай.

Сайд хүн салбарынхаа лидер байх ёстой

Хариуцлагатай холбог­дуулж Улс төрийн намын тухай хуульд ч өөрчлөлт оруулж магадгүй. Ер нь, Зас­гийн газрын тэргүүн л УИХ-аас томилогдож, бусад сайд нь дандаа гаднаас байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нам доторх фракц, бүлэглэлдээ баригдаад улс төрчийг шууд томил­дог. Үнэн хэрэгтээ ту­хайн салбартаа хамгийн нэр хүндтэй хүнийг л сайд бол­гож, Ерөнхий сайд Засгийн газар­таа авдаг болъё гэж Ерөнхийлөгч хэллээ.
Сайд болох хүн заавал өөрийнх нь намын гишүүн байх ч шаард­лагагүй аж. Ийнхүү боловс­ронгуй болгохгүй бол төрд гурав, дөрвөн хүн фракц болчихоод өөрийгөө үнэд хүр­гэх гэж хичээдэг. Нө­гөө талд нь төрийн ажил, тогтолцоо тарж бутраад, доошоо уна­лаа шүү дээ. Бид нийлж, нэг­дэж асуудлаа шийдэх шаард­лагатай байтал намууд, нам дот­роо фракцууд, чиглэл үзлээр хагарч байгаа. Энэ хагар­лаас болж шийдвэр гар­гах боломж муудаж, маш их сульд­лаа. Яаж чангаруулах вэ гэдгээ Үндсэн хуулиас харж байгаад шийдье гэх саналыг олон нийтэд дайсан юм. Одоо хэн нэг сайдыг огцруулъя гэдэг саналыг дуртай гишүүн тавьдаг явдлыг хязгаарлана. Дор хаяж найман гишүүн сайдыг огцруулах хэрэгтэй гэж үзвэл сая УИХ-аар авч хэлэлцдэг болъё. Ингэхдээ тухайн саналаа Ерөнхий сайдад л хандаж тавь. Ерөнхий сайд өөрөө огцруулах нь зүйтэй гэж үзвэл саналаа парламент руу оруулж хэлэлцүүлнэ гэлээ.
Энэ мэтээр дөрвөн хуулийн төслөөр төрд данстай албан үүрэг хүлээсэн хүмүүсийн ха­заарыг чангалах аж. Хазаарыг чангалж, дарамтлах гэхээсээ илүү хүнд суртал, авлигал, иргэдийг чирэгдүүлж зовоо­дог бүхнийг болиулах гэсэн зорилготой. Үүнийг товчоор “Манайхан ажил авах дуртай, хийх дургүй. Ажилд орох дуртай, хариуцлага хүлээх дургүй. Сонгуульд ялах дур­тай хэрнээ ажиллах дургүй тог­толцоо бий болчихоод бай­на” гэх Ерөнхийлөгчийн үгээр дүгнэж болох юм. Хариуц­лагагүйн хар зуднаас гарах цаг ойртжээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Sdaa nar bugd showchid hun zagnah gej bgaa bol kamer ene tergui er hun shig 2laa uulzaad heleh ugee helne bizdee Elbegee guai. Battulga gej bas show chin uurruu Zam teevriin said bhdaa hiihgui yu hiij baisan yum. urgun bna uu nariin bna uu ene ni ys yuman deeree ed nart hamaa ch bhgui henees mungu avdag terendee l uilchleh gej bgaa biz
Хамгийн их уншсан