Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ХАВРЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАХ ГЭЖ БАЙХАД...
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр завсарлана. Өчигдөр намын бүлгүүд хуралдсан бол өнөөдөр Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан болохоор товложээ. 2013 оны төсвийн гүйцэтгэл, Газрын тосны тухай хуулийн төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй төсөл хэлэлцэх юм байна. Мэдээж чуулганы хаалтын хуралдаан учир УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудаа батлана. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд авах арга хэмжээтэй холбоотой оруулсан Засгийн газрын зарим төслүүдийг баталж дуусан, хэлэлцэх асуудлууд нь цэгцэрсэн гэж үзсэн бололтой. Хаврын чуулганы хугацаанд амжуулах ёстой хуулийн төсөл, тогтоолын төслүүдээс нэлээд нь дараагийн чуулганд шилжин үлдэх нь. Олны анхаарлыг татсан хэд хэдэн хуулийн төслийг дараагийн чуулганаар хэлэлцүүлэх бол батлагдаж гарахаас нь ч илүүтэй сонирхол татам асуудлууд бий.

Н.Батбаяр сайдыг хоёр чуулган дамжуулан хэлэлцэх үү

Тавдугаар сарын 30-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах санал УИХ-ын даргад өргөн барьсан. Н.Батбаяр сайдыг хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөг, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис” бонд, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг буруу зарцуулсан нь улсын эдийн засаг уруудаж, иргэдийн амьдрал улам хүндрэхэд нөлөөлсөн гэсэн. Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өсч, банкны системд чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болсон. Үүнийг сануулсаар байтал алдаатай бодлогоо улам даамжруулж хямралт байдалд хүргэсэн гэж МАН-ын бүлгийнхэн үзэж буй. Тийм учраас Н.Батбаяр сайдад хариуцлага тооцож, огцруулахаар оруулж ирээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч түүнийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, сайн муу ажилласныг нь шүүн тунгаах боломжгүй болох нь. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дунд ч огцруулах эсэх багтаагүй.
Эхний удаад хэлэлцэх үеэр Н.Батбаяр сайд өвдөж, Ерөнхий сайдаас чөлөө хүссэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Н.Батбаяр сайд Засгийн газрын хуралдааны үеэр бие нь өвдөж чөлөө авсан. Хүнийг өвчтэй байхад нь ажлаа өг гэлтэй нь биш” гэж өмгөөлж байсан. Энэ бол өнгөрсөн сарын 5-нд болсон үйл явдал. Түүний дараагийн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг Байнгын хорооны хуралдааны үеэр завсарлага авч хойш тавьсан. Харин дараагийн долоо хоногт Байнгын хорооны хуралдаанаар олонх нь огцруулахгүй хэмээн санал өгсөн бол чуулганы хэлэлцэх асуудлаас УИХ-ын даргын хүсэлтээр хассан юм. Улс орны чухал асуудлуудаа эхлээд яаралтай хэлэлцээд дараа нь сайдыг хэрхэхээ шийдье гэсэн.
Тэгтэл удалгүй Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн тухай мэдээлэл гарах болов. Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны захирал, ЭЗХЯ-ныхныг дуудан шалгаж, чагнах төхөөрөмжийн учрыг олох ажил үргэлжилж байгаа болохоор УИХ дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар үйл явдал цааш өрнөх боломжгүй болох нь. Ажлын тав хоногийн хугацаа дуусахаас өмнө УИХ-ын хаврын чуулган завсарлах гэж байна. ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт аз тохиов уу, эсвэл...
Ойрын үед Н.Батбаяр сайдыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бичгээ барина гэсэн “бор шувуу” Төрийн ордонд жиргэж эхэллээ. Хоёр сарын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн сайдыг өргөдлөө өгөх цаг болсон гэж анхааруулснаа хэлсэн. Тэдэн дундаас Н.Батбаяр сайдыг онцгойлон шүүмжилж, “Чингис” бондын зарцуулалтыг үнэн зөвөөр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнахыг шаардсан. Гэсэн хэдий ч хангалтгүй байгаа талаар мэдээлэл бишгүй л гарч байлаа. Ингээд хэдэнтээ сануулж, анхааруулаад байхад үг авахгүй байхаар нь өргөдлийг өөрийн гараар бичүүлэхээр шахаж буйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. Хуулийн дагуу сайдыг огцруулах асуудлыг холбогдох Байнгын хороо, чуулганаар 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Тэгвэл Н.Батбаяр сайдын асуудал сар гаруй хугацаанд хэдэн ч удаа хойшлон сунжирч шийдвэр гаргахын завдал өгөлгүй хаврын чуулганы хаалттай золгож, намрын чуулганы асуудал болж үлдэж магадгүй. АН-ын бүлэг өнөө өглөө эртлэн хуралдаж, сайдын талаар хэлэлцэх мэдээлэл ч бас түгсээр байна.
 
Шүүмжлэл, болгоомжлол дагуулсан Төмөр замын бодлого

Хамгийн дуулиантай асуудал бол одоогийн байдлаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр урд хөрштэй нарийн, хойд хөрштэй өргөн төмөр замаар холбогдохоор төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ Зам тээврийн сайдаас санал авахгүйгээр өргөн барьсан гэж нэг хэсэгтээ л шүүмжилж байсан юм. Төслийг хараахан хэлэлцэж эхлээгүй байхад  нь Засгийн газраас эргүүлэн татсан. Удалгүй Ерөнхий сайд дахин боловсруулаад УИХ-ын даргад өргөн барив. Энэ төсөлдөө урд хил рүү чиглэсэн гурван чиглэлд нарийн царигтай байхыг тусгасан. Тодруулбал, “Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” хэмээн тусгажээ.
Өнгөрсөн долоо хоногт тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай горимоор хэлэлцэв. Удтал хэлэлцэж, багагүй маргаан мэтгэлцээн өрнүүлсэн тус хурлаас зарим гишүүн сэтгэл дундуур, бүр бухимдсан байдалтай гарч ирсэн юм. Зам тээврийн сайд А.Гансүх гэхэд “Хаалттай хурлаас мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг товчхон хариулт хэлсэн нь хурлын уур амьсгал ямархуу байсныг нэг талаар илтгэсэн гэхэд болно. Зарим гишүүний өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын өргөн барьсан дээрх тогтоолын төслийг Зам тээврийн сайд нь дэмжихгүй, гарын үсэг ч зурахгүй гэдгээ Байнгын хорооны хурлын үеэр илэрхийлж, Засгийн газрын зөрчлийг харууллаа гэсэн. Тогтоолын төслийг Байнгын хорооны гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн боловч УИХ-ын чуулганаар оруулахыг түр хойшлуулсан. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Давхар дээлтэй дөрвөн сайд, ашиг сонирхолтой хоёр гишүүн хуулийн төслийг дэмжсэн” гэж байсан. Зарим мэдээллийн хэрэгслээр дэмжсэн гишүүдийг нэрлэжээ. Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Нямдорж, Г.Батхүү, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар, Д.Тэрбишдагва, Г.Уянга нар Ерөнхий сайдын өргөн барьсан тогтоолын төслийг дэмжсэн байна.
Өнөөдөр эхлээд Эдийн засгийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах аж. Чуулганы хуралдааны дундуур Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх тов гаргажээ. Ямар нэг баяр, наадам тааруулж олны анхаарлыг татахгүйгээр чухал хуулийн болон тогтоолын төслийг баталдаг бичигдээгүй жишиг парламентад бий. Энэ дагуу наадмын өмнө төмөр замын царигийн асуудлыг батлуулах гэж зүтгүүлж байгааг олон талаас нь харж, тайлбарлаж байгаа. Тун болгоомжтой хандах сэдвийн нэг төмөр замын бодлого болоод буй. Үүнээс болоод улс төрд маш ээдрээтэй байдал үүсч, Ерөнхийлөгч хүртэл үг дуугарч томчуулын хооронд үл ойлголцол бий нь харагдсаар.

Буцдаг төслүүдийн давалгаа

Эдийн засгийн байдал сайнгүй байгаагаас үүдэж Засгийн газар УИХ-аас 100 хоногийн хугацаа хүссэн. Хөрөнгө оруулагчдыг татах, аж ахуйн нэгжүүдийг хүндрэлээс гаргах, валютын ханшийн өсөлтийг сааруулах, илүү орон тоог танаж, хэмнэлт гаргах гэхчлэн 100 хоногт эдийн засгийг сайжруулахаа амласан. Тэр дагуу УИХ-д хуулийн төсөл, тогтоолын төсөл бараг өдөр бүр шахам өргөн барьж ажиллаж байгаа. Гэхдээ харамсалтай нь, боловсруулсан төслүүдийн нэлээд нь өргөн баригчдаа буцаж, хангалтгүй гэдэг үнэлгээ гишүүдээс сонсох болов.
Тухайлбал, Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр Засгийн газар оруулсан. Хуулийн төсөлд гадаадын иргэнд газар өмчлүүлэх тухай заалт орсон хэмээн багагүй маргалдаж, иргэд УИХ-ын гишүүд рүү хэлэлцэхгүй байхыг сануулан мессэж хүртэл илгээж, анхаарал татаж байв. Харин Засгийн газар төслөө татаж авснаар байдал түр намжлаа.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг 50 сая болгох зэргийг тусгаснаа ч гэсэн татаж авсан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн тоног төхөөрөмжийг эвдсэн, ажлын хариуцлага алдсан хэмээн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын даргад асуудал оруулсан. Сар гаруйн хугацаанд парламент хойшлуулж, завсарлага авч, гишүүд нягталж, шалгаж хаалттай хэлэлцсэний эцэст тавдугаар сарын 15-ны өдөр О.Баасанхүү гишүүн асуудлаа татаж авав. Сайдыг хэлэлцэх явцад дахиж нэмж оруулах, шалгах, нягтлах зүйл гарч ирсэн, хэлэлцэх хугацааг санаатайгаар сунгасан учир дахиж оруулж ирнэ гэж мэдэгдээд байр сууринаасаа ухраагүй хэмээсэн.
Эдийн засгийн өршөөл үзүүлэх  тухай Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлээд буй. Уг хуулийн төсөлд нууцалсан орлогоо ил болгосон бол нэг удаад өршөөл үзүүлэхийг тусгасан. Төсөлд долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл үйлчилнэ гэж оруулан, торгуулийн хэмжээг 5-50 сая төгрөгөөр тогтоож. Гэхдээ энэ хуулийн төслийг наадмын өмнө буюу яаран сандран батлахгүй гэдгийг УИХ-ын дарга твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.  
Энэ мэтчлэн Засгийн газрын оруулсан төслүүд хэлэлцүүлгийн шатандаа буцаж эсвэл арга буюу эргүүлэн татан авч байгаад УИХ дахь МАН бүлэг гэлтгүй олон ч гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан “давхар дээл”-ийг тайлах төсөл хүртэл хоёр ч чуулган дамжсан мөртлөө эцсийн хэлэлцүүлэгт батлагдалгүй унасан нэгэн шинэ түүхт 2014 оны хаврын чуулган ийнхүү өндөрлөх нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан