Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Нуухыг хүссэн зүйлийг нь нууцаар нь байлгаад өг”

Төрийн тусгай хамгаа­лалттай газрын албан хаагчид Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан тухайгаа мэдэгдлээ. Шударга ёс, хууль сахиулах төрийн хоёр байгууллага хоорондоо толхилцох болсон энэ үйлдлийг албан тушаалтнуудын хоорондын үл ойлголцлын илрэл гэж харах хүн цөөнгүй байгаа аж. Болсон үйл явцыг тоймлож үзвэл Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх АТГ-т шалгуулж, хоригдсон. Тэр хойгуур нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болохгүй шүү гэж холбогдох газраас нь анхааруулсаар атал Хууль зүйн сайдтайгаа хамт очсон. Түүнийг нь АТГ баримтжуулаад, бичлэг хийгээд, олонд түгээчихсэн. Гэтэл хариуд нь Төрийн тусгай хамгаалалтынхан АТГ-ыг Тагнуулын ерөнхий газарт мэдэгдэж, шалгуулахаар болж буй дүр зураг харагдана.
ТТХГ-ын мэргэжилтнүүд АТГ-аас Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийг дагасан, мөрд­сөн, бичлэг хийж ба­римт­­жуулсан үйлдлийг буруутгажээ.

“Ерөнхий сайд очих үед зохион байгуулсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг задруулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт хандсан тухайгаа ТТХГ-ын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэв хэллээ.

Мөн асуудлыг хуулийн хүрээнд тайлбарласан, мэдэг­дэл гаргаснаа танилцуулав. Үүнд, Авлигатай тэмцэх газ­рын албан хаагчид нь бичлэг хийхдээ Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрсэн. Мөн Төрийн тусгай хамгаалалтын албан хаагч, орон нутгийн тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хуулийн дагуух шаардлагыг үл биелүүлсэн. Түүнчлэн хамгаалуулагчийн /Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин/ нарын үйл хөдлөлд хяналт тавьж, бичлэг хийж, баримтжуулаад, үүнийгээ олон нийтэд хэвлэлийн бага хурал зохион байгуулж түгээсэн гэж буруутгажээ. Энэ бүгд нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал гэнэ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль зөрчсөн аж. Засгийн газрын тухай хуулийн 25.2.1-д “Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаарна” гэж. Мөн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэрийг хэлнэ” гэсэн байдаг аж. Хуулийн хүрээнд авч үзвэл ийм юм.

Тэд мэдэгдлийнхээ төгсгөлд “Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан албан тушаалтан, иргэнийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд хамгаалуулагчийн үйл хөдлөл, хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудад анхааруулж байна” хэмээжээ. Товчхондоо, нуухыг хүссэн зүйлийг нь нууцаар нь байлгаад өг гэсэн “анхааруулга” бололтой.

Гэвч овоо босоогүйсэн бол шаазгай суух ч үгүй гэдэг шиг аливаа зүйлд эрэмбэ дараалал гэж бий. АТГ-аас уулзаж болохгүй шүү гэдэг хариу мэдэгдэл өгсөөр байтал түүнийг нь үл тоож, хуулийн хүрээний үйл ажиллагааг таслан, зөрчих гэсэн Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын хууль бус үйлдлийг олон нийт яагаад мэдэж болохгүй гэж. Тэр байтугай хорих хэсэгт ороод хоёр сайд Л.Гансүхтэй чухам юу ярьсныг ч мэдмээр байна.

 Түүнчлэн Ерөнхий сайдад ажлаа тайлагнадаг, Ерөнхий сайд даргыг нь томилдог Тагнуул том уу, УИХ-д ажлаа тайлагнадаг УИХ-аас дарга удирдлагуудыг нь томилдог АТГ том уу эсвэл тэдний ард зогсоо улстөрчдийн хэн нь зангарагтай вэ гэдгийг мэдрэх хэд хоногийн “марафон” ийн эхэлсэн ч энгийн иргэдийн хувьд энэ нь таагүй үзэгдэл болж буйг дээдэс мэдэрнэ гэдэгт итгэе.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан