Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ё.Чойндон: Түүх үнэнээрээ үлдэх нь чухал

МоАХ-ны анхдагчуудын нэг, ардчилсан хувьсгалын төлөө амь бие, эрүүл мэндээ хайрлахгүй зүтгэж явсан олон эмэгтэй бий. Тэднийг бид өнөөгийн монголын төлөө, ардчиллын төлөө ямар их хичээл зүтгэл гаргасныг төдийлөн анзаардаггүй. Тийм л үл танигдсан хувьсгалч, дайчин эмэгтэйтэй уулзлаа. Өнөө жил Ё.Чойндон гуай 66 нас хүрч байгаа ч хурц зан нь ярианаас нь илт.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. МоАХ-ны анхдагчуудын нэг манай сонинд хандах болсон учир юу байв?
-Би Баянхонгор аймгийн Богд сумын харьяат. 1949 онд төрсөн. Хөтөлд анхны илгээлтийн эзэд хүлээн авч байх үед анхны орцны үйлчлэгч, Захиргааны жижүүр хийж явсан. Хүн бүр дарга байсан гэдэг, би бол жижүүрээс ажлаа эхэлсэн. Бүр анхны зүйл яривал 1964 онд сургуулийн хүүхэд байхдаа л Хөтөлийн шохойн үйлдвэрт ажилласан байдаг. Түүнээс хойш 1982 онд цементийн үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Илгээлтээр ирсэн залуучуудыг харж, ханддаг, ээж шиг нь хүн байлаа. 1990 оноос ардчилал хөгжиж эхлэх үед би өрх толгойлсон, 3-4 хүүхэдтэй байсан юм. Бүх залуустай сайн холбоотой, харж ханддаг байсны хувьд Хөтөлд Монголын ардчилсан холбооны салбар байгуулъя гэж шийдэж, тэднийгээ уриалж явсныг олон хүн мэднэ. Ер нь, миний ойлгоцоор МоАХ-ны анхдагч нар бол тухайн үеийн МАХН-д гадуурхагдаж хавчигдсан, биеэрээ хэлмэгдсэн. Гэтэл өнөөдөр Хөтөлөөс МоАХ-ны анхдагч гээд тухайн үед ардуур нь нуугдаж үлдсэн хүмүүс тодорч байна. Яг суулт хийж, өлсгөлөн зарлаж явах үед конторт, цонхны цаанаас хараад чимээгүй сууж байсан хүмүүс одоо МоАХ-ны анхдагч болж хувираад байна. Тухайн үед тэд яагаад чимээгүй байсан бэ гэхээр энэ хувьсгал ялчихвал бид өмнүүр нь дайрна, ялагдаад ямар нэг хариуцлагад татахаар бол “Бид ердөө оролцоогүй, энэ хүмүүс л гүйлдээд байсан” гэж биднийгээ бухах гэсэн тийм л бодолтой байсан юм. Ер нь, миний хэлэх дуртай үг бол хувьсгалыг зоригтнууд хийж, зальтнууд завшдаг гэж. Ардчилсан холбоог дэмжээрэй. Энэ бол ядарсан ард түмний шинэ нам шүү гээд орилж явсан хүмүүс ард хоцорч, нэрийг нь ч мэдэхгүй хүмүүс МоАХ-ны дарга гээд сууж байна.

-Хөтөлд ардчилсан хувьсгалын үед таны ямар оролцоо хэр чухал нөлөөтэй байсан бэ?
-Хувьсгалын үед Нинж, Галиндэвийн Ганболд нарын хүн өдөр ил явж чаддаггүй ч, шөнийн цагаар хүмүүст ухуулга өгч явсан. Тэднийг хотоос Хөтөлд аваачаад уулзалт, ухуулга хийж байлаа. Ухуулгын үеэр гадаа харуул манаанд би зогсдог байсан юм л даа. Тэгэхэд би гурван нас хүрээгүй нялх хүүхэдтэй, хөхүүл хүүгээ тэврээд хэрэв хүн ирвэл өөр зүйл ярьж саатуулдаг, сатааруулдаг, ардчиллынхныг мэдэхгүй гэж булзааруулж ажилласан юм. Түүнээс биш намд элслээ, орлоо гэж тэр бүр хэлэхгүй. Харин 1992 оноос ил болгосон.
Миний хувьд өвлийн цасан шуурган дунд суултад оролцож бас зарлаж байсан. Нэг удаа дөрвөн өдрийн турш өлсгөлөн зарлаж явсан.

-Хөтөлд үү?
-Тийм ээ. Үйлдвэрийн захиргааны үүдэнд. Шохойн боловсруулалтад лазер туяа ашигладаг. Уг нь хоригдлууд ажиллуулах ёстой байтал хорих газаргүй учраас жирэмсэн эмэгтэйчүүдээ ажиллуулдаг, тагнай, уруул сэтэрхий хүүхэд төрдөг байсан. Түүнийг болиулахаар эмэгтэйчүүд, хүүхэд, хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагаар хүний эрхийн зөрчлийг газар дээр нь шийдүүлье гэж шаардлага тавьсан. Мөн илгээлт өгсөн газраас нь төлөөлөгч ирж илгээсэн хүнээ ямар болсныг үзээч гэсэн хүсэлт тавьсан юм. Өмч, хөрөнгө зарцуулалт, хамгаалалтад аттестатчилсан шалгалт хийх комисс ирүүлэхийг хүсч Улаанбаатарт хандсан боловч ирээгүй л дээ. Хэрэв тэр үед шалгалт хийсэн бол өнгөрсөн жил Шоовдор гэдэг хүн АТГ-т баригдаа ч уу, үгүй ч үү. Мөн Дарханаас тавьсан нэг даргыг огцруулах шаардлага тавьж байлаа. Улсын прокурор дуудсан ч мөн ирээгүй. Миний нэг хүү Дорноговийн Сулинхээрт цэргийн алба хаагаад, бүрэн зэвсэгтэй манаанд гарч байхад дарга нь машинаараа дайраад аминд нь хүрсэн. Түүний дагуу ганц миний хүүхэд биш ард түмний хүүхдийг дуудаж аваачаад, тангараг өргүүлчихээд дайрч алж байна. Цаашид хэдийг алах вэ зогсоо гэсэн шаардлага тавьсан юм.

-Та ганцаараа суулт хийж, өлсгөлөн зохион байгуулсан юм уу?
-Надтай хамт таван эмэгтэй суулт зарлахдаа өөр өөрийн шаардлага тавьж, эсэргүүцэх зүйлтэй байсан. Мөн биднээс гадна цалин хөлсний ерөнхий эдийн засагч Дугаржав гэдэг эмэгтэйтэй хамтарч Монголд анх удаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн холбоо байгуулж байлаа. Нөхөр нь шоронд хоригдсон, 5-6 хүүхэдтэй Гаапилмаа гэж бүсгүй ч байсан. Мөн Соёлмаа гэж эмэгтэй таван сартай жирэмсэн байхад нь байр руу дайрч орлоо гээд цагдаа бороохойгоор цохиод хүүхэд нь бүтээгүй гэсэн шалтгаанаар. Даваажав ахмадуудаа төлөөлж, Алтанцэцэг дөнгөж төрөөд, нялх хүүхэдтэй байхад нь ажлаас халсан учир суултад нэгдсэн. Тунгалагтуяа нэг өдөр 17 хүнийг ямар ч шалтгаангүйгээр халсныг эсэргүүцэж суултад оролцсон юм.

-Суулт үр дүнтэй болсон уу?
-Суултаас хойш бүх шаардлагыг биелүүлж, хүлээж аваагүй учраас суултаа ахалж байсны хувьд би 1992 оны хоёрдугаар сарын 5-нд өлсгөлөн зарласан. Дөрвөн өдөр гадаа цасанд, захиргааны үүдэнд ус ууж, өлссөн. Тэгэхэд би ерөөсөө Элбэгдоржийг л дууд, үгүй гэвэл би үхнэ ээ гэсэн. Яагаад гэвэл тэр үед Элбэгдорж Ардын бага хуралд сонгогдчихсон учраас арай хүчтэй, юм хийх болов уу гэж бодсон. Над дээр ч Элбэгдорж галт тэргээр яваад ирлээ. Тэгээд миний тавьсан шаардлагуудыг зөв байна гээд, “Чойндон гуай би хэзээ нэгэн цагт удирдах албан тушаал авахаараа цэргийн тухай асуудлыг чинь шийдэж өгнө өө” гэсэн. Түүнээс хойш 23 жил өнгөрөхөд Элбэгдорж юм хийсэн үү гэвэл хийсэн. Төд удалгүй хоёр жилийн цэргийн алба нэг жил болсон. Энэ жилээс оюутан-цэрэг гээд зуны сардаа л алба хаадаг болж байна шүү дээ. Үүнд миний хувь нэмэр бага ч гэсэн байдаг болов уу гэж боддог.

-Тийм байх нь. Таныг тухайн үед Ардчилсан холбооных гээд шахаж, хавчих тохиолдол их байв уу?
-Манайхан чинь удмаараа хэлмэгдэж яваа юм. Аав маань лам хүн байсан учраас нам, засгийн бодлогоор байнга гадуурхагдана. Тэгээд Баянхонгороос одоогийн Сэлэнгэд Орхоны сангийн аж ахуйд газар заагдаж байсан. Тэгэхэд манай гэрт хүн ирэхэд нам, цагдаагаас төлөөлөл ирж бүртгэнэ. 1991 онд намайг мөрддөг байсан Шүрэнцэцэг, Лхагвасүрэн гэж хоёр цагдаа “Уучлаарай, нам засгийн бодлого тушаал байсан шүү. Битгий юм санаарай” гэж хэлсэн. Би ч хурц хүн л дээ. Одоо ч тэр зангаа тавиагүй. Би хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байцаагчаар ажиллаж байсан. Хөтөлд гурван сарын картын бараа алга болчихсон. 45 хивсний үнэ Алтанцэцэг гэдэг хүн дээр гараад ирэхгүй юу. Тэгээд би мөрөөр нь мөшгиж явсаар Эрдэнэт ороод, хивсний үйлдвэрийн ажилтнуудаас өнөөх хивсний кодыг шүүлгээд хэн авсныг асуулаа. Гэтэл Дарханы шүүхийн манайхыг хариуцсан орон тооны бус байцаагч Мөнхсайхан гэдэг хүн худалдааныхантай хуйвалдаад гуанзанд нь аваачиж буулгасан. Тэгээд 15 ширхэг “Өргөө” хивсийг өөрөө аваад, 30-ыг нь 50 мянган төгрөгөөр зарсан байсан. Уг үнэ нь 28 мянган төгрөг шүү дээ. Энэ хэрэг Баасандайгийн хэрэг гэдэг дээр гарч ирж байсан юм. Намайг шахаж хавчаад, цонх хагалж бүүр зодож, хана мөргүүлж байсан шүү. Түүнээс болж би хоёр нүд сохорсон. Дөрвөн жил хараагүй яваад зүүн нүдэндээ болор суулгуулж дахин харсан юм, баруун нүд одоо хараагүй. Би ч ингээд насаараа, хаана ч явсан хэлмэгдэж, хохирох юм шиг байна лээ.

-Хөтөлийн МоАХ-нд үүссэн асуудлыг цаашид яаж шийдье гэж бодож байна?
-Одоо би эрүүл саруул, амьд мэнд сууж байхад таньж, мэдэхгүй зөндөө хүн МоАХ-ны анхдагч гээд ороод ирж. Тэр бүү хэл 20 настай залуу анхдагч гээд явж байна шүү. Удахгүй манай холбооны гишүүдийн хурал болно. МоАХ-ны анхдагчид өвчтэй, хэвтэрт байлаа ч гэсэн анхдагч бол анхдагч шүү дээ. Хөтөлийн үйлдвэрээс хэчнээн олон хүн анхдагч гээд ирсэн ч би хүмүүсээ танина. Түүх үнэнээрээ л үлдэх нь чухал. Хуучин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэнэ, буулгана гэхээр ач охин нь гээд нэг хүн уйлаад л яваад байдаг. Бас Самбуу гуайн шарилыг зөөнө гэхэд үр хүүхэд нь бөөн л юм болж байсан. Яг үүний адилаар миний үр хүүхэд, ач гуч намайг дурсаад ярина шүү дээ.
Манай Хөтөл хуучин Дархан-Уул аймгийн харьяа байх үед хувьсгал болсон. Хожим нь Сэлэнгэд шилжүүлсэн. Гэвч одоо Дарханд ч, Сэлэнгэд ч манай хүмүүсийг тоодоггүй. Өнөөх анхдагчууд материалаа ирүүлээрэй гэх зар гарснаас хойш сэлэнгийнхний материал аль эрт ирчихсэн, биднийх л алга. Тэгсэн хэрнээ амиа бодсон, инженер гэх дөрвөн хүний материал байх жишээтэй. Тийм учраас эндээс хуучны дарга нарыг, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүмүүсийг аваачиж үнэн, зөвийг тодорхойлуулахаар болсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан