Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолыг УИХ-аас баталж хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон. Эхлээд 100 хоногийн дотор эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлнэ гэж ярьж байх үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 9-нд бол “Зуу хоног хол” санагдаж байсан биз. Харин одоо уужмаар бодоход тавхан хоног үлдлээ. УИХ-ын 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэн нэгэн мэргэн ухаантан “ЭЗЭН-100” хөтөлбөр гэгчийг санаачилсан нь тухайн үед “Аврагч” болж байсан бол одоо “Засгийн газраа хорлон сүйтгэгч” болж таарав бололтой. Учир нь хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа гэх боловч эдийн засаг муудсаар байна.
Тодруулбал 2014 оны тавдугаар сарын 9-нд ам.долларын ханш 1805 төгрөг байсан бол өнөөдөр 1899 төгрөгт хүрлээ. Монголбанк өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар 1891 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая ам.доллар, 307 төгрөгийн хаалтын ханшаар 107.5 сая юанийг арилжааны банкуудад худалдав. Гэвч төгрөг “амь тавих” гээд байна. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар “хөөстэй” гоё мэдээгээр хангалттай булж буй ч “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад, УИХ-ыг шахан байж батлуулсан хууль тогтоомжуудын үр нөлөөгөөр чухам ямар амжилтад хүрснийг “нөлөөгүй” толинд хармаар байна. Иймд УИХ дахь МАН-ын бүлэг дараах мэдээллийг энэ сарын 18-нд ирүүлэхийг Сангийн яам, ЭЗХЯ, Монголбанкинд хаяглан хүсэлтээ илгээжээ.
Үүнд юуны өмнө “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төсвөөс гаргасан зардлын тайлан, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн зохион байгуулалтын болох зохицуулалтын арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авахыг хүсчээ. Мөн төсвөөс зээл аваад эргэн төлөөгүй аж ахуйн нэгжийн жагсаалт, өрийн үлдэгдэл, төлөгдөөгүй шалтгаан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг сар тутмаар нь тайлагнах,улсын өрийн талаарх мэдээлэл зэргийг дээрх хүсэлтийн хариу болгон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд ирүүлэхийг хүссэн байна.
Засгийн газрын зүгээс “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг өнгөн талдаа ярьж буй ч хөшигний цаана “Ерөөсөө энэ хөтөлбөрийг анх хэн санаачилж 100-хан хоногийн дотор эдийн засгийг сайжруулна гэж тэнэгтсэн юм бэ” гэдгийг шүүн хэлэлцэхээр болсон гэлцэх аж. Тийм ч учраас Засгийн газрынхаа хоёр “нас” хүрсэн төрсөн өдрийг хүртэл тэмдэглэхээс татгалзан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнхийг буруутган “гэдсэндээ хөлөө жийлцэж” эхэлсэн гэнэ.
Д.Батмөнх зөвлөхийг гэнэн улстөрч, “шинэ хүн”, “битүү морь” гэж үзэж болохгүй гэж энэ албанд анх томилогдоход нь таамаглаж байсан хүмүүсийн зөв ч байж мэдэх юм. Түүнийг Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас битүү зах, худалдааны төвийн тендерт оролцогчдыг сонгон шалгаруулахдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж АТГ-аас мэдээлж байсан удаатай. Өөрөө ч олон компанийн удирдлагуудтай ойр дотно байдаг, цаашид Тендерийн үнэлгээний хороонд орохгүй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболдод “амласан” гэлцдэг нь ортой болж магад.
Үргэлжлэлийг http://zaluu.com/






















