Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ч.Нямдаваа: 1992 онд, ингээд бидний оролцоо боллоо гээд орхичихсон

Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, бие сэтгэлээ, оюун бодлоо шавхан дайчилж байсан хүмүүстэй уулзах бүртээ өнгөрсөн түүх, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг шинэ өнцгөөс хардаг юм.
Хувьсгалд хүн бүрийн оролцоо өөр учраас ардчиллын түүхийг сөхөх нь ихэнхдээ шинэлэг. Харин өнөөгийн улс төр, нийгмийн амьдралыг ажигласан дүр зураг, дүгнэлт төстэй байх нь олонтаа. Ардчилсан хувьсгалын анхдагчуудын нэг Ч.Нямдаваатай ярилцсанаа дор сийрүүлэв.


-Та өөрийгөө танил­цуу­лах­гүй юу. Монголын ард­чилсан холбооны анхдагч­дын эгнээнд хэрхэн элсч байв?
-Улаанбаатар зочид буудлаас л улс төрийн гараагаа эхлүүлсэн дээ. Гадаадад сургууль төгсөөд ирсэн ч ажил, албан тушаал авахад хэцүү байлаа. Бүгдийг доороос нь эхэл гээд ачигч, зөөгч хийнэ. Тийм үед бид тэмцэнэ. Гэхдээ хэлэхээс цаашгүй. Дээд сургууль төгссөн хүнийг яагаад ийм ажил хийлгэдэг юм бэ, тоног төхөөрөмжийн засварын инженерийнхээ ажлыг хиймээр байна гээд л. Тухайн үед гадаадад төгссөн оюутнууд цуглардаг “РЦНК”-д сэхээтэн залуучуудын холбоо байгуулагдлаа. Бидэн шиг залуус тэнд нэгдэж, улс төр, засаглалын талаар ярилцана. Эрх баригч МАХН чадамжгүй болоод, социализмд хүрнэ гэдэг ч эргэлзээтэй болоод ирсэн. Ард түмэн ч дагаад ядуурч эхэлсэн тул өөрчлөхөөс өөр ямар ч аргагүй болсон хэрэг. Манай зочид буудалд надтай адил гадуурхагдсан Гомбо­сүрэнгийн Арслан, Цэ­рэн­долгорын Галбаатар, Бат-Очирын Ганзориг гээд най­­­зууд ажиллана.

Бид дөрөв дээд боловсролтой, гадаадад сургууль төгсчихөөд үндсэн ажлаа хийж чаддаггүй бай­сан юм. Тэгээд тэр үед Цог­зол­маа гэж эмэгтэйтэй танилцсан. Одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр байсан. Тэгэхэд МУБИС-ийн лаборантаар ажилладаг бай­лаа. Цогзолмаагаар дамжуулж Санжаасүрэнгийн Зориг та­нилц­­лаа, манайд ирж хоол иддэг байсан юм.
Буудалд маань Жуулчдад үйлчлэх газар гэж төрийн хамгаалалттай, тагнуулын гуравдугаар хэлтэс албан ёсоор байрладаг хүнд байгууллага ажилладаг. Тэд биднийг байнга тагнаж, чагнадаг, их хүндрэл болдог. Гэвч зориг гаргаж, Галбаатартай ярилцаад ардчилсан, чөлөөт хурал хийх нь зөв гэж үзсэн. Бидний өөрчлөлтийн эхлэл нь байгууллагын даргаа солих юм гээд 1989 онд Жуулчдад үйлчлэх газрын даргыг чөлөөтэй, нээлттэй сонгуулиар шалгаруулахаар боллоо. Мэдээж анхны сонгуульд алдаа, оноо байсан л биз. Гэхдээ л мөрийн хөтөлбөртэй, ажилдаа ур чадвараар тэнцэхүйц тийм хүн шалгаруулах зарчмаа барьсан.

-Ардчилсан нийгэмд шилжээ­гүй байхад сонгууль санаачилж, түүнийгээ зохион байгуулсан залуу сэхээтэнд хэр их дарамт ирж байв?
-Хуучин дарга Төмөрбаатар, сүүлд буудлын дарга болсон Очирсүх, манайхаас Арслан, Ганзориг хоёр нэр дэвшсэн юм. Үр дүнд Очирсүх гуай сонгогдоод, нэг сарын дараа ажлаа хүлээж авахаар боллоо. Гэвч тэр хооронд Төмөрбаатар дарга биднийг халчихсан юм. Энэ бол миний анхны “цагаан” хэлмэгдэлт. Сүүлд нь би үндэслэлгүйгээр ажлаас халсан гээд заргалдтал буцаагаад ажилд оруулсан. Гэхдээ хаалгач болгодог юм байна. Инженер хүн 350 төгрөгийн цалинтай хаалгач болсон доо. 1991 он хүртэл буудалд хаалгачаар ажилласан. Тэгээд л ер бүтэхгүй нь гээд гарсан юм. Түүнээс хойш улс төрийн үйл хэрэгт их оролцох боллоо, ялангуяа Оюутны холбоотой их ойр. Ховдын Багшийн сургууль төгссөн Лхамсүрэн гэж дайчин залуу бий. Одоо МоАХ-ны Тамгын газрын Цогоо, Рэнцэнтавхай гээд л Оюутны холбооны төлөөлөл болсон залуус бий. Хувьсгалд оролцсон хүмүүсийн тоог гаргаад үзэхэд Оюутны холбооноос 13 мянга гаруй хүн оролцсон байдаг. Нийтдээ 35 мянга гаруй хүн оролцсон юм билээ.

-Нийгэмд тодорхой хэмжээгээр өөрчлөлт шаардах болсон тэр цаг үед хувьсгалын үйл хэрэг та бүгдийн санаж бодсоноос ямар түвшинд өрнөсөн бэ?
-Хувьсгалын үед бид хоёр том алдаа хийсэн. Юун түрүүнд манай нам үзэл баримтлалаа тодорхойлж чадаагүй. Барууны, зүүний үзлээ одоо хүртэл ойлгодог нь цөөн. Түүнээс гадна МАХН-ыг улс төрийн статусгүй болгож, татан буулгаад, бүх өмч хөрөнгийг хураах байсан юм. Даанч тайван замаар гэдэг нэрийн дор тийм үйлдэл хийж чадаагүй. Эдгээрээс болоод ардчиллынхан дотроо хагаралдаж эхэлсэн. Намын 2, 3 дугаар их хурлаас л анзаарагдсан шүү дээ. Фракцуудын хямралаас болж Оюутны холбоо шахагдаад ирэх жишээтэй, хувьсгалын үед биднийг “новшнууд” гээд харааж суусан хүмүүс Социал демократ нам байгуулж дүрээ хувиргаад бидний дунд ороод ирсэн. Энэ мэт асуудал байлаа. МАХН-д орон зай, байр суурьгүй болчихсон дарга, даамлууд тэр Социал демократад нэгдээд зүүний үзэл баримтлалтай нам болоод орж ирсэн нь ардчиллын хамгийн том алдаа. Мэдээж олон намын тогтолцоотой байна гээд Үндсэн хуулиа баталсан хэдий ч Социал демократууд ардчиллынхан бидэнд алдаа болсон юм. 1991 оноос хойш бид ажил хийгээгүй, орох боломж ч байгаагүй. Гэтэл зүсээ хувилгасан нөхөд албан тушаалыг авч эхэлсэн. Өмнөх нийгмийн үед аав, ээж нь сайд, даргаар ажиллаж байсан хүний хүүхдүүд хувьсгалын дараа Социал демократ намд их элссэн. Тэгээд л намайг чи ухуулга хийж, сурталчилж явсны үр дүн аль вэ, анхнаасаа Соц-Дект орчихсон бол ингэхгүй байсан юм гэх жишээтэй.

-Хэдий ажил олдохгүй ч та өөрөө сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөж явсан гэж дуулсан. Хэр хүчтэй өрсөлдөгч байсан бэ?
-1996 оны сонгуулиар надтай хамт зургаан хүн Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон. Даанч эргээд татагдчихсан юм. Юу болсон гэхээр Социал демократ нам, Монголын үндэсний дэвшилтэт нам МАХН-тай хавсайдаад хавчиж эхэлсэн. Зөвхөн Чингэлтэйд ч биш Монгол орон даяар албан тушаал, амбиц хөөцөлддөг хүмүүс хоорондоо муудалцлаа. Яг өнөөдөр л болж байгаа үйл хэрэг шүү дээ.

-Тэр үед дээрх намуудын удирдлага хэн байсан юм бол?
-Тухайн үед намын дарга нартай өрсөлддөг байсан Мэндсайханы Энхсайхан МҮДН-ын дарга байлаа. Харин Социал демократ намыг Батбаяр удирдаж явсан. Тэд л хоорондоо хөлөө жийлцсэнээс болсон доо. Тухайн үед Нийслэлийн Ардчилсан намын дарга нь Эрдэнэ гишүүн байсан. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг тусад нь салгаад авч үлдсэн. Ер нь, 1990 онд анх байгуулагдсан намаа авч үлдэхийн төлөө их зүтгэсэн хүн бол Эрдэнэ юм. 1996 оны энэ их үймээн, бужигнаанаас болоод манайх 2000 онд хуу авахуулсан.

-1996 онд болсон ардчиллынх­ны бужигнаан үнэхээр харамсалтай санагддаг. Тийм эвдрэлцэл гарах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Талийгаач Зориг 1992 онд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихэд би менежерээр ажиллаж байлаа. Даанч тэр сонгуулиар ялж чадаагүй. Гэлээ ч бид хожим нь олон уулздаг байлаа. “Яг үнэндээ ардчиллын төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцэж, дэмжиж явсан хүмүүс нэг муухай дөнгөнд орчихжээ. Тэр нь фракц. Жаахан эрүүл юм хэлэх гэхээр амыг нь мөнгөөр таглачихаад байна” гэж тэр хэлсэн. Дотоод авлига, талцал, удирдах зөвлөлд илүү суудал авах гэсэн тэмцэл олон жил үргэлжилэхээр өнөөдөр улс төр холион бантан болчихлоо. Ийм болж хувирахад бидний ч буруу бий. 1992 онд анхны сонгууль болсон, Шинэ Үндсэн хуулиа баталсан, одоо ингээд бидний оролцоо болчихлоо гээд орхичихсон юм. Уг нь бидэнд түүнийг өөрчилж, бүрэн дуусгах боломж олдсон шүү дээ. 1996 оны сонгуулиар ардчиллаа баталгаажуулж шинэчлэлээ хийгээд, түүнийхээ үр дүнд 2000 онд дахин сонгогдоод бүр төгс ардчилалд хүрэх байсан юм.
1992 оны сонгуулиар МАХН амь орж эхэлсэн юм шүү. Тэд ирээдүйн улстөрчдөө бэлдэж эхэлсэн. Ардчиллынхан маань ирээдүйгээ бэлдээгүй нь тухайн үед удирдлагад сууж байсан хүмүүсийн алдаа гэж боддог. Хийсэн, хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлье гэхээр сэтгэлд хүрдэг хүн байхгүй. Тийм болохоор л 1996 оны сонгуулиар хоорондоо үймсэн гэж боддог.

-Та хувьсгалд ялсны дараа үзэл баримтлалаа тодорхойлох ёстой байсан гэлээ. Өнөөдөр иргэд улс төрийн намуудыг дарга удирдлага, мөрийн хөтөлбөр, бүрэлдэхүүнээр л харахаас бус үзэл баримтлал нь юу вэ гэдгийг сонирхдоггүй. Намууд ч үзэл баримтлалаа таниулах гэж хичээдэггүй юм шиг санагддаг.
-Хүн өөрийгөө хөгжүүлэх, төлөвшлөөс үзэл баримтлал эхэлдэг. Тэр өөрийн үзэл баримтлалаар гэр бүлээ хүмүүжүүлнэ, түүнийхээ дараа улс орны хэмжээнд үзэл баримтлалаа дэвшүүлдэг. Ийм ойлголтыг өнөөдөр аль ч улс төрийн хүчин лоозонгийн шинжтэй болгож ашигладаг “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж. Зүүний үзэл баримтлалтай хүн бол өөртөө ашигтай үед л дуугарна, бусад үед дуугүй байх, шударга бус зүйлийн өөдөөс зоригтой дуугарах чадалгүй байдаг юм. 1990 онд дөнгөж төрсөн хүүхэд үзэл баримтлалаа төлөвшүүлэх тухай ярьж мэдэхгүй байж гэж бодъё. Эхний арван жилдээ ч амжаагүй гэж саная. Гэтэл өнөөдөр 25 жил өнгөрч байхад бидний дунд үзэл баримтлалаа тодорхойлоод, төлөвшүүлээд, иргэн бүр ойлгодог болчих цаг хугацаа шүү дээ. Яагаад чадаагүй байна вэ, энэ л Монголын Ардчилсан холбооны нэг алдаа болов уу. Өнөөдөр манай улс ардчилсан тогтолцоо бүрдүүлж чадсан уу, үгүй юу гэдгийг сүүлдээ мэдэхээ ч байлаа. Улс төрд оролцдог би ойлгохоо байчихаар огт улс төр сонирхдоггүй олон хүн юу бодож суугаа бол.

-Мөн МАХН-ыг улс төрийн статусгүй болгож, татан буулгах байсан юм гэлээ. Тийм боломж байсан хэрэг үү?
-Боломж байсан шүү. Анхдугаар их хурал дээр Нэргүй доктор фракцалсан юм. Бошигт, талийгаач Дөл гуай гээд олон хүн нам байгуулах тухай ярьсан. Тэгэхэд барууны үзлийн нам байх ёстой гэж байлаа. Тэгээд олон намын тогтолцоо руу шилжихэд гарч ирсэн намуудаас Социал демократ л ганцаараа зүүний үзэлтэй. Ногоон нам, Бүгд найрамдах нам гээд бусад нь бүгдээрээ барууны үзлийнх байсан. Сониноос ардчилал гарсны дараа Америкаас нэг улс төрийн сургагч багш манайд ирж олон намын төлөөллийг сургалтад хамруулсан юм. Тэгэхэд тэр эмэгтэй ингэж ярьсан. “Таныг хэн нэгэн барьж, устгахыг хичээж байхад та зугатааж явсаар социал демократ найз дээрээ ирж туслахыг гуйж. Тэгэхэд таны найз гэртээ үлдэхийг зөвлөөд, аюулгүй гэж итгүүлээд гаднаас нь цоожлоод явна. Гэвч таныг барихыг хүссэн хүмүүс дээр очоод тохиролцоно. Та нарын хайсан хүнийг олоод өгвөл надад ямар ашигтай юм бэ гэнэ. Ажил, албан тушаал, алт мөнгөний аль нэгийг амласны дараа гэрийнхээ түлхүүрийг өгөөд Намайг өгсөн гэж битгий хэлээрэй гэх болно” Ийм л түүх санаанд орж байна.

-Өнөөдөр улс төрд юу болж байгааг та харж суугаа биз. Ямар санагдаж байна?
-Өнөөх л фракцуудын хямрал хэлбэр дүрсээ өөрчлөөд бужигнасан хэвээрээ л байна. Фракцууд нь томроод УИХ-ын суудлаа хүртэл хуваагаад авчихсан. МоАХ-ны дарга Баттулга гэдэг хүн ганцаархнаа болчихоод, бусад нь бүгд эсрэг талд орчихож. Өнөөх Ардчилсан нам, Монгол ардын нам хооронд явдаг идээ, буглаа л гай болж байна. 1996 онд яг л ийм зүйл болсон байхгүй юу. Энэ янзаараа 2016 оны сонгууль маш эргэлзээтэй болчихлоо.

-Таныхаар бол ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Маш богинохон хугацаанд “цэвэрлэх” хэрэгтэй. Өөрсдөө зориг гаргах шаардлагатай байна шүү дээ. Бид энэ төрийг удирдаад хоёр ч Засгийн газар байгуулж ажиллалаа, түүндээ дүгнэлт хийе гэх хэрэгтэй. Нөгөө талаас ард түмэн ч гэсэн ерөөсөө энэ Засгийн газрыг больё, яаралтай өөрчилье гээд шийдмээр байгаа юм. Өөрчлөнгүүтээ шинээр бүрдсэн Засгийн газраас үнэхээр ард түмэн рүү хандсан, ардчиллыг бэхжүүлсэн дорвитой арга хэмжээ авахгүй бол ерөөсөө л болохгүй нь.
0 Сэтгэгдэл
Одоо алдаагаа засахад боломжийн цаг даа. Яагаад гэвэл ард түмэн намуудын тарыг таньчихлаа. Бүгдийг нь татан буулгаад нэг цэгээс эхлүүлж болно шүүдээ.Уулаасаа коммунистуудын хүүхдүүд тайван замаар гэж ард түмнийг хуурч, дэлхийд урвагчаараа зартай СДН-д та нар хууртсан нь илэрхий тул дахин алдаан дээрээ шинээр эхлээчээ, бид дэмжье
Хамгийн их уншсан