Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Зургаан яамыг гурваар цөөлж, сайд нар нь урт гуншинтай боллоо

УИХ өчигдөр Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор үдээс өмнө хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг саналаа хараахан нэгтгээгүй учир завсарлага авч хойшлуулсан. Гэхдээ үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж, асуудлыг дэмжин анхны хэлэлцүүлэг хийхээр чуулганы хуралдаанд шилжүүлэв. Энэ үеэр гишүүдийн хайнга байдлаас болж Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг нэгтгэн өөрчлөх саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Уг нь нэгтгэхгүй гэсэн санал өгөх гэж байтал товчлуураа андуураад эсрэг саналд тооцогдчихлоо гэсэн асуудал өрнөв. Чуулганы хуралдаанаар ч энэ нь багагүй асуудал болж, ССАЖЯ гэж цаашдаа байх уу, үгүй юу гэсэн хэлэлцүүлэг болж хувирсан. Гишүүдийн дунд нэлээд маргаантай сэдэв байснаас гадна салбарын сайдтай холбоотой хариуцлага ч давхар сөхөгдлөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яамыг нийлүүлж Дэд бүтцийн яам болгон нэршил өөрчлөхийг нэмжээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болгох, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтэж Геологи уул уурхай, эрчим хүчний яам хэмээж ҮХААЯ-наас Хүнд үйлдвэрийн газрыг авч хариуцуулах санал гаргав. Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн өөрчлөлтийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд болгохоор дэмжсэн байна.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад Гадаад харилцаа, эдийн засаг хамтын ажиллагааны яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний яам гэсэн шинэ бүтэцтэй болгож өөрчлөх санал гаргаж, түүнийг чуулганы хуралдаанаар дэмжлээ.

Дараа нь чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын оруулсан бүтцийн өөрчлөлттэй холбоотой гаргасан санал, дүгнэлтээ бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрээр МАН-ын бүлэг удаа дараа хөндөж байсан Засгийн газрын бүтцийг багасгаж, өөрчлөхөөр оруулж ирснийг зөв зүйл боллоо гэсэн. Засгийн газрын 19 сайд, 17 дэд сайд, 16 яамтай албан хаагчдынхаа тоог 80 орчим хувиар нэмсэн, давхар албан тушаалтныг тэлсэнийг МАН шүүмжилж ирсэн.
Ерөнхий сайд болон Сангийн сайдыг огцруулах санал нэг удаа, Эдийн засгийн хөгжлийн сайдыг хоёр ч удаа өргөн барьж хэлэлцүүлсэн ч олонх хүлээж аваагүй. Засгийн газар бүтцийн өөрчлөлт нэрээр хариуцлагаас зугтах гэж буй нь эндүүрэл. Үүний дараа хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой гэж МАН-ын бүлэг үзжээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын төсвийн захиргааны урсгал зардал, төрийн албан хаагчдын тооны өсөлт урьд өмнөх Засгийн газруудтай харьцуулашгүйгээр өндөр болсон. Тухайлбал, 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162.383, 2013 онд 176.773, 2014 онд 180.150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн асуулганд хариу өгөхдөө ирүүлжээ. 2012-2014 онд шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлж. Өмнө нь 11 яаманд нийт 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагчтай байна. Бүтэц, орон тоог эрс нэмэгдүүлснээс үүдэн улсын нэгдсэн төсвийн цалингийн зардал 2013 онд нэг их наяд 400 сая төгрөг болж 203 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна” гэлээ.
Ингээд МАН-ын бүлэг ССАЖЯ-ыг татан буулгаж, зохих чиг үүргийн яаманд нэгтгэх, зөвлөх, ажлын алба, орлогч нараас татгалзах хэрэгтэй. Ингэж цөөлснөөр хэмнэх хөрөнгийг цалин, тэтгэвэр нэмэхэд зориулах санал МАН-аас гаргав. Энэ саналыг хүлээж авбал Ерөнхий сайдтайгаа нийлээд 14 сайд, 12 яамтай ажиллаж болно хэмээлээ.

Үүний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтээс гишүүд асуулт асуув. Гол төлөв ССАЖЯ-ыг татан буулгах уу, үгүй юу гэдгээр мэтгэлцсэн.
УИХ-ын гишүүн О.Баа­санхүү, Ж.Энхбаяр нар Га­даад харилцаа, хамтын ажил­лагааны яам гэж нэр­шил өөрчлөх нь ямар ач хол­богдолтой, цаашлаад гадаад бодлогод нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжол бий гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гээд гадаад харилцааны асуудлыг тусгаж байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах, гадаад харилцааг нэг цонхоор харах, гадаад талдаа илүү ойлгомжтой байх үүднээс ийм үндэслэл хэлж, санал хурааж, дэм­жигдсэн. Зарим гадаадын оронд Га­даад харилцааны сайд эдийн засгаа авч явдаг” гэж тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гадаад бодлогыг эдийн засгаас тусад нь авч явах шаардлага гардаг. Ялангуяа айлчлал дээр. Мөнгө олж ирж, зээл авч байвал болоо гэж хандаж байна. Гадаад бодлогоос эдийн засаг тусдаа байх ёстой. Байнгын хороо маш хариуцлагагүй хандаж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Үндсэн хуулиар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг Ерөнхий сайд оруулж, УИХ хамтын шийдвэрээр батлах ёстой. Дэгийн дагуу явж байгаа. Хэлэлцэх явцдаа харин ч сайжруулж явдаг. Ганцхан дарга шийддэгүй. Олонхоороо дэмжсэн хамтын шийдвэр.

УИХ-ын гишүүн Ё.От­гонбаяр: 2008-2012 оны бүтэц эргээд сэргэж байна. Толгойг нь өөрчилсөн бол доор бүтцээ өөрчилж, цалин, тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй. Соёлын яамыг буцаагаад Боловсролын яаманд нэгтгэе гэлээ. Салбарын бэрхшээл бол төсөв байхгүйд байдаг юм. Яам байгуулаад төсвийн асуудлыг нь шийдэх болов уу гэж ойлгосон. Гэтэл өөрчлөгдөөгүй. Ингэж татан буулгачихаад Соёл урлагийн  хороо байгуулах асуудал хөндөгддсөн Тэрбум төгрөг хэмнэхийн тулд яамыг цомхотгож болохгүй. Түүнээс гадна Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал яамыг хооронд нь нэгдэх асуудал байгаа юу. Олон улсын жишигт нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлттэйгээ холбоотой байж, бодлого нь уялдах ёстой.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Төрийн албаны бүтэц чиглэлээр санал дүгнэлт гараагүй. Хууль са­наач­лагчийн оруулсан танил­цуул­гад хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгмийн асуудалд давхардал багасч, илүү оновчтой, зардал хэмнэгдэнэ гэж байсан. Хууль санаачлагчийг илүү тооцоо судалгаа гаргаж өгөх хэрэгтэй гэсэн. ССАЖЯ төсөв хомс нь үнэн. Засгийн газрын зорилтод нүүдэлчдийн соёл, өвийг хамгаалах, хадгалах, брэнд бүтээгдэхүүн гаргахыг тусгасан. Гэтэл үүнийг нь хийх төсөв байхгүй нь гол асуудал. Соёл, урлагийн хороо байгуулах асуудал хөндөгдөөгүй. Хөдөлмөр, нийг­мийн хамгаалалын сал­барыг нийлүүлэх санал га­раагүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Соёл, спортынхон салбарын яамаа шүүмжилж байгаа. Спортынхон маш их шүүмжилж байна. Өм­нө нь спорт хариуцдаг хо­роо байхад ажил сайн явж ирсэн. Аймгуудын спорт заалыг ордон болгох ажил амжилттай хийсэн. Гэ­тэл ССАЖЯ-тай болоод спор­тын хорооны даргын өрөөнд ССАЖ хариуцсан газрын дарга ирээд суучихсан. Спортын асуудал хариуцсан хүмүүс зүгээр л заалны зохион байгуулагч болоод байгаа. Хоорондох давхардал гээд яривал их зүйл ярина. Тиймээс ССАЖЯ-ыг татан буулгаад чиг үүргийг нь Эрүүл мэндийн яаманд өгч болно. Олон жил ийм жишгээр яваад ирсэн.
УИХ-ын гишүүн Р.Гон­чигдорж: Асуудлыг учир утгаар нь ярих хэрэгтэй. Да­яар­шил дунд уламжлал, соёлоо хадгалж авч үлдэх нь чухал. Спортод илүү амжилт гаргаж байгаад уламжлал нөлөөлж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баа­санхүү: Бодлогоороо ССАЖЯ-тай байж мон­гол хүн хөгжих ёстой. Эрх мэдэл гэж харахгүй байна. Хүмүүсийг аж­лаас халаач ээ гэж яриад байх юм. Цаана нь бас л амьжиргаа, хү­ний амьдрал ярьж байгааг бодох хэ­рэгтэй. Одоохондоо бид ядуу бай­гаа ч цаашдаа сайн хөгжих ёстой сал­барын нэг бол ССАЖЯ. Болохгүй бол хүнээ солиод явж болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: ССАЖ татан буулгаж болно. Соёл, аялал жуулчлалын яам гэж байгуулж болно. 1960-80 оны үед Монголдоо дэд бүтцийн шахуу яам Соёлын яам байсан юм. Өнөөдөр жижигрүүлсээр, тендер рүү хошуурсаар хэрэггүй гэж ярих болж. Хөдөө аж ахуй, ССАЖЯ уугуул үндэстэнтэйгээ холбоотой яам. Төрийн байгуулалтын байгын хороо дараагийн хэлэлцүүлэгтээ энэ татан буулгах асуудлыг олонхын саналаар босгож ирж оруулаад спортоо Ерөнхий сайдад өгөөд авч үлдэе. Соёлын яамыг тусад нь байгуулж болно. Тэгээд дахиж Соёлын яамыг татан буулгая гэдэг санал гаргахгүй байх хууль гаргах хэрэгтэй.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Ерөнхий сайдын оруулсан бүтцийн өөрчлөлтийн анх­ны хэлэлцүүлгийг дэмж­лээ. Дараа нь Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо дахин хуралдаж төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Ингээд цаг сунгаж хуралдсан парламент ямар ч байсан Засгийн газрын бүтцийг цомхон болгож, баталлаа. Шинэчлэлийн Засгийн газар үүнээс хойш 16 сайд, 13 яамтай болж ажиллахаар болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй шинэчлэн байгуулах яамыг хэн хэн тэргүүлж ажиллахыг УИХ-д оруулж ирж, хэлэлцүүлнэ. Тэр үед л жинхэнэ утгаар нь өөрчлөлтөө хийж, сайд нараа томилно. Түүнээс өмнө шинэ бүтцийн яамдыг эмхлэн байгуулах их ажил ундрах нь ээ.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан