УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэх хуваарь гарсан байсан. Гэтэл ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Төсөв гэж ийм зузаан ном. Гишүүд өнөөдөр гар дээрээ аваад уншиж судлаагүй байхад энэ асуудлыг гэнэт оруулж ирсэн нь хууль зөрчиж байна. Энэ асуудлаа татаж аваач ээ” гэв. Ерөнхий сайд үүний хариуд уг хуулийн төслийг Засгийн газар 10 дугаар сарын нэгэнд гишүүдэд хүргүүлсэн. Харин төсвийн бүтэцтэй уялдуулан шинэчилсэн хувилбараа өнөөдөр тарааж байгаа нь энэ. Түүнээс гэнэт өнөөдөр тараасан зүйл байхгүй" гэсэн тайлбар хийлээ.
Энэ үеэр “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгүүдийн дарга нар уг асуудлаар завсарлага авахгүй, хуулийн хугацаандаа хоёр гуравдугаар хэлэлцүүлгээ хийж, дөрөвдүгээр хэлэлцүүлгээ ингэж зангидна гэсэн тохироог хийх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв. Н.Батцэрэг гишүүний саналыг гишүүд дэмжсэний зэрэгцээ ирэх мягмар гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ээлжит бусаар зөвхөн төсвийг хэлэлцүүлэх журмаар хуралдуулахаар тогтлоо.























