МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Д.Батсайхан: 25 жилийн дараа ялчихаад хамгийн түрүүнд байхгүй нөхдөө л дурсдаг юм билээ
МоАХ-ны партизануудын стиль цаанаа л нэг өөр. Тэдний зарим нь гадна төрхөөс харахад л илт байдаг бол заримтай нь ярилцаад суух нээ “партизан стиль” нь цухалзаад байдаг. Залуу халуун насаа эрх чөлөөний төлөөх тэмцэлд зориулсан тэдний зан араншин нь яг тэр үеийнхээрээ царцаж үлдсэн мэт. Хэлэх гэснээ хаана ч хэлчихдэг зоримог, омголон бас гэнэн...
Говь-Алтай аймагт ажиллахдаа ардчилсан холбооны анхдагчдын нэг Дуламсүрэнгийн Батсайхантай уулзлаа. Тэрээр одоо Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн албыг хашиж буй. Говь-Алтайчууд 25 жилийн дараа анх удаа орон нутгийнхаа засгийн эрхийг АН-д итгэж атгуулсан. Харин МоАХ-ын анхдагчдаас Тамгын газарт алба хашиж буй ганц хүн нь тэр. Түүнтэй ярилцаад суухад өөрийгөө гэхээсээ нөхдөө л их ярина. Тэрээр “Уг нь би энэ албанд ирэхээсээ өмнө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.
Орон нутгаас тусдаа удирдлагатай учраас амар ажил байсан. Би одоо нэг их мундагтаа Тамгын газар суугаад байгаа хэрэг биш. Ардчилсан хувьсгалын төлөө хамт явж байгаад тэнгэрт хальсан, эсэргүү нэр зүүж, амьдралаараа хохирч явсан нөхдийнхөө төлөөлөл гэж өөрийгөө боддог. Над дээр зорьж ирж байгаа нөхөд маань чамаас одоо юу гуйх вэ. Энд суугааг чинь л харахад сэтгэл өег байна гэж хэлээд гардаг. Ийм л хүмүүсийн төлөөлөл учраас ажлаа муу хийх, авлига авах, архи уух ч арга алга. Алтай нутгийнхаа төлөө чадах бүхнээ л хийхээс өөр замгүй” хэмээн ярьсан юм.
-Нийслэлд ардчилсан хувьсгал нууц байдлаар эрт эхэлсэн байдаг. Нийслэлтэй ойр аймгууд ч энэ үйл хэрэгт эртнээс оролцсон. Харин 1000 км-ийн цаана өрнөж эхэлсэн Ардчилсан хувьсгалыг Говь-Алтай аймагт хэрхэн мэдээд, яаж түүчээлэв гэдэг энэ нутгийн партизантай уулзсаных хамгийн эхний асуулт болж байна...
-1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас өмнө бол дөнгөж сургууль төгсөөд ирчихсэн залуучууд хоорондоо ардчилсан хувьсгалын тухай ярьдаг л байлаа. Улс орны байдал нэг л болохгүй байна. Үүнийг өөрчлөх ёстой гэдгийг ойлгодог байсан. Тухайн үед би Ховдын багшийн дээд сургууль төгсч ирээд Анагаах ухааны техникумын хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгсэн нэгдүгээр сургуулийн хүмүүжлийн эрхлэгч миний найз, хамт сургууль төгссөн Батчулууны Наранцацралт над руу залгаад “Галааридынд хүрээд ирээч” гэсэн. Одоо Сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч шүү дээ. Очтол сэтгүүлч Баярсайхан, Гантулга гэж “Алтайн хөгжил” сонины зурагчин, мөн Боловсролын кабинетийн гадаад хэлний мэргэжилтэн Гантулга гэж залуу байсан.
Бидэн дээр нэмээд Чинзориг гэж нэгдүгээр сургуулийн биеийн тамирын ахмад багш ирж байлаа. Долуулаа хоёр орой ярилцаж суусан. Тэрнээс өмнө манай аймагт Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсээс жижиг Болд, талийгаач Галсандаш хоёр ирээд явсан байсан. Тэгэхдээ Барилга угсралтын конторын зааланд хүмүүстэй уулзалт хийгээд явахад нь Галаарид, Баярсайхан хоёр маань холбогдож, уулзсан байдаг юм.
-Эхний алхам бол мэдээж сэтгэл санаа нийлсэн, нийгэм буруу зам руу яваад байна гэдгийг таньсан хүмүүсийг нэгтгэх. Харин дараагийн алхам бол эсэргүүцлээ үйл хэрэг болгох ёстой. Тэгэхээр нэгэнт багаа бүрдүүлсэн юм чинь дараагийн алхмаа тодорхойлохоор ярилцсан байлгүй?
-1990 нэгдүгээр сарын эхээр Галааридыг их хуралд явуулъя, ардчилсан холбооны салбар зөвлөлийг аймагтаа байгуулъя гэж ярьсан. Тэр үед МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Даваацэрэн гэж хүн байлаа. Одоо талийгаач болсон. Тэр даргад аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх дарга, генерал Пүрэв гуай нарт Говь-Алтай аймагт МоАХ-ны дэд хороог байгуулснаа мэдэгдэж байна гэсэн өргөх бичиг өгсөн.
-Аль хэзээ байгуулчихсан хэрэг үү?
-Яг тэр үед Улаанбаатарт МоАХ байгуулагдаж байсан үе учраас ямар ч байсан өргөх бичгээ өгчихөж байгаа юм. Тэгээд зуу, зуун төгрөг нийлүүлцгээгээд Галааридыг Улаанбаатар руу явуулж байсан. Тэр үед эмч нар бас нэгдээд Баянхүү гэж эмч ажлын далимаараа МоАХ-ны анхны их хуралд суусан байсан. Ингээд манай аймаг хоёр ч төлөөлөгчтэй болчихож байгаа юм. Өөрсдийн гарын үсэг бүхий өргөх бичигтээ долоон зүйлийг тусгасан. Тэнд шүтэх эрх чөлөөг хааж боогдуулахгүй байх, аймагт шашин номын хийд болон худалдааны зах байгуулахыг шаардсанаас гадна коммунист нөхөр Мягмаржавын “Алтайн хөгжил” сонин дээр гаргасан захидалд Даваацэрэн дарга хариу өгөх гэх зэргийг тусгасан байсан. Коммунист нөхөр Мягмаржав гэдэг нь аймгийн өмгөөлөгч л дөө. “Даваацэрэн та аймгийг олон жил удирдахдаа юу хийсэн бэ” гэж сонины бүтэн нүүр асуулга гаргаж байсан. Түүндээ хариулт авахаар шаардлага тавьсан л даа. Тухайн үед Пүрэв дарга “Та бүхний өргөх бичгийг авлаа. Тухайн үед хөдөө явж байсан учраас албан бичиг өгч чадсангүй. Хувийн саналаа бичиж өгч байна” гэсэн албан бичиг мөн ч юм шиг, биш ч юм шиг юм өгсөн. Хөөрхөн мурьчихаж байгаа юм л даа. Түүний дараа манай Цоодол, Наранцацралт хоёр Даваацэрэн дарга дээр ороход “За та нар намайг мэдэж байгаа биз. Би бие муутай хүн шүү” гэж хэлж байсан юм билээ.
-Хот руу МоАХ-ны их хуралд үдсэн нөхдөө тэсэн ядан хүлээсэн байх. Түүнээс хойш та нөхдийн үйл ажиллагаа арай албан ёсны шинж чанартай болсон уу?
-Баянхүү эмч, Галаарид хоёр ирээд иргэдтэй уулзалт хийдэг байлаа. Гэтэл гуравдугаар сарын 9-нд нам хамгаалах цуглаан болсон. Тэнд Галаарид үг хэлэх гэж индэр дээр гараад ахмад багш нарт загнуулаад бууж байсан. Маргааш нь бид өөрсдөө аймагтаа Ардчилсан холбооны анхны цуглааныг хийсэн. Тухайн үедээ коммунистуудын үг хэлдэг индэр дээр гарахгүй гэж хоёр ЗИЛ-130 машины чиргүүр төв талбай дээр авчраад үгээ хэлж байсан. Тэнд нэлээд олон хүн оролцож байсан.
Энд нэг зүйл хэлэхэд, 1990 онд бид салбар хороогоо байгуулаад, хот хөдөө ялгаагүй нэгэн жигд ажиллаж явсан учраас ардчисан хувьсгалын анхдагчдыг ялгаварлах нь утгагүй санагддаг юм.
-Нийслэлд өрнөж байгаа үйл явдлын сургийг хэрхэн авдаг байсан бэ?
-Телевизээр л харна. Ирсэн очсон хүний амнаас цуурхал маягаар л сураг гаргана. Тэр үед утсаар ярина гэж байсангүй. Захиа бол авна.
-Хотоос мэдээлэл өгдөг хүн байсан уу?
-Галааридад Ерөнхий зохицуулах зөвлөлөөс нууц код өгсөн байдаг. Тэр нууц кодоороо харилцдаг. Утсаар ярихаар нууц кодоо хэл гэдэг. Тэгэхгүй бол хамаагүй хүн очиж үйл ажиллагааг нь үймүүлээд болдоггүй байсан ч юм уу. Ёстой л нөгөө Ленин багшийн хувьсгал хийсэн замаар явсан даа. Өөр мэдэх юм байхгүй, уншсан, сонссон нь л тэр л дээ.
-Ленин багш тэгвэл ардчиллын үйл хэрэгт “тус” болжээ?
-Нуугаад яахав. Тухайн үед Бат-Үүл маань ч “Төр ба хувьсгал”-аас иш татаад явж байсан. Угаасаа тийм л юм уншиж өссөн хүмүүс юм чинь. Харин дараа нь Үндэсний дэвшил нам гэж байгуулагдсан. Тэр намд Унгарт сургууль төгссөн залуус нэгдсэн учраас арай өөр үзэл сурталтай, зах зээл, ардчилал ярьж эхэлсэн. Бид бол нийгэм болохгүй байна л гэж ярьж байсан. Түүнийг өөрчлөх ёстойг л мэдэж байлаа. Одоо зарим хүн санаж байгаа байх. АН-ын анхны мөрийн хөтөлбөрт “Цэвэрлэгчийн цалинг 500 төгрөг болгоно” гэсэн байдаг.
-Тухайн үеийн дундаж цалин хэд байсан юм бэ?
-Би Анагаах ухааны дунд сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа 680 төгрөгний цалинтай байлаа. Манай аймагт говийн нэмэгдэл гээд цалингийнх нь 10 хувийг нэмж өгнө. 750 орчим төгрөг авна. Их өндөр цалин. Дээд мэргэжилтэй хүн 500 төгрөгнөөс эхлээд таван жил тутамд 50 төгрөгөөр нэмэгддэг байсан.
-Нэгэнт дэд хороогоо байгуулсан улс чинь анхны бага хурлаа хэзээ нь хийсэн бэ?
-1990 оны дөрөвдүгээр сард. Галаарид маань Уралын их сургууль төгссөн учраас аймагтаа байх сонирхолгүй, хот руу шилжих хүсэлтээ удаа дараа тавьж байсан юм. Тэгсэн өмнө нь зөвшөөрдөггүй байснаас гэнэтхэн л түүний хүсэлтийг хүлээж аваад, маш хурдан Улаанбаатар руу шилжүүлчихсэн. Галаарид одоо ярьдаг юм. “Иргэний үнэмлэх ч авалгүй нэг л мэдэхэд шилжүүлчихсэн” гээд. Бид нарыг толгойлогчгүй болгож авах гэсэн санаа. Тухайн үедээ бид хуралдаад Баянхүү эмчийг Ардчилсан холбооныхоо зохицуулагчаар томилж байлаа. Аймагтаа нэртэй эмч л дээ. Эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан. Сүүлд бөөр сувилалд ажиллаж байгаад 2002 онд цаг бусаар мөнх бусыг үзүүлсэн.
Хурлаа эмнэлэг дээр, анагаахын зааланд гээд л боломжтой газар бүрт хийдэг байлаа. Ингэж байтал бага хурлаа хийх болсон. Одоо энэ зугаа цэнгэлийн төвийн захирал Ойдовын Цоодол /инээв/ тухайн үедээ аймгийн залуучуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байсан. Нэгдүгээр сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Наранцацралт бид гурав анхдугаар бага хурлынхаа илтгэлийг гурван шөнө сууж бичсэн. Одоо бодохоор их том л юм боддог байж. Эхлээд дэлхий нийтийн асуудал ярьсан. 1945 оны хоёрдугаар дайны дараа хоёр систем үүссэн. Бид нарын сонгож явсан нь буруу учраас одоо зөвөөр нь явахаар улс оронд хөдөлгөөн өрнөж эхэллээ. Үүнээс хоцрохгүйн тулд бид ч гэсэн нэгдэх хэрэгтэй гээд л их холуур тойруулж илтгэлээ бичсэн.
-Ардчилсан холбооны анхны их хурал дээр илтгэлээ өөр хүн бичээд, Со гавьяатаар уншуулж байсан гэдэг. Та хэд өөрсдөө уншиж байв уу?
-Үгүй, их хурлын жишгийг давтсан л даа. Хоёрдугаар сургуулийн хичээлийн эрхлэгч байсан Хоролын Энхбаяр гэж хүүхэд байхдаа пионер сурагчдын илгээлт уншдаг их гоё лектор хоолойтой залуу байсан юм. Түүгээр илтгэлээ уншуулж байлаа. Энхбаяр бас л манай партизаны нэг л дээ. Хурал маань Аймгийн “Алтай” чуулгад болж байсан. Монголын Ардчилсан холбооны ерөнхий зөвлөлөөс Со гавьяат ирээд хурал удирдчихаад, орой нь гитартайгаа нэг хүний тоглолтоо хийчихээд явж байлаа.
-Ардчилсан холбоо ялж улмаар улс төрд өрсөлдөх хүчин болохын тулд Ардчилсан намыг байгуулсан. Аймагт ч энэ л зарчимаар өрнөсөн байх?
-Ардчилсан холбоо байгуулагдаад анхны зохицуулагчаар Баянхүү гэж тэр эрхэм хүн сонгогдож байсан. Үүний дараа Ардчилсан нам байгуулж, Ойдовын Цоодолыг анхны даргаар сонгож байлаа. Үүний дараа Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам, Ардчилсан социалист хөдөлгөөн гэж байгуулсан. Тэндээ аймгийн боловсролтой, сэхээтнүүдийг их элсүүлсэн. Түүнээс хойш 1991 онд Пүрэв дарга аймгаас шилжээд Лантуу дарга ирсэн. Лантуу даргатай бид их үзнэ ээ. Лантуу дарга Ардчилсан холбоо анх байгуулагдах үед Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас бид их өш санана. Цахилгаан гэж бас хувьсгалт намын хороонд ажилладаг манай аймгийн хүн байсан. Лантуу, Цахилгаан хоёр ардчилсан холбооныхны дайсан. Шинэ дарга ирсэн учраас аймгийн иргэдийн хурал хуралдсан. Тэнд бид Лантуу даргыг ажлаа өг гэж эсэргүүцээд, суулт зарлаж байлаа. Нам намаас л хүмүүс суултад оролцож байсан. Тэгж суулт хийхдээ хоёр орлогчийнхоо нэгийг огцруул ч гэх юм уу жижиг зүйлээр хөөцөлддөг байсан байгаа юм.

-Олж харсан өө сэв нь л тэр үү?
-/инээв/ Тийм л юм байлгүй. Гэхдээ бас Алтай хотыг нүүлгэх асуудлыг хүртэл тавьж байсан. Хаашдаа Алтай хот ундны усны эх үүсвэргүй учраас Гуулин руу нүүлгэе гээд л Цоодол тэр иргэдийн хурал дээр хэлчихсэн. Гэтэл шөнөжин утас нь дуугараад ална, тална, Говь-Алтайгаас зайл гэж сүрдүүлсэн байсан.
-Гэхдээ л Говь-Алтайчууд харьцангуй хүлээцтэй хүмүүс юм шиг санагддаг?
-Тийм. Тэгээд л 1992 он болж сонгууль эхэлсэн. 1990 онд Говь-Алтайгаас Ардын их хуралд Лоохууз гуай сонгогдож байсан. Энэ бол бидний ялалт байлаа. Харин 1992 оны сонгуульд үнэхээр хүч хүрээгүй. Сангийн сайд байсан Базархүү гуай ирж байсан. Дараа нь 1996 онд Жасрай гуай ирж байсан. Жасрай гуайн араас уулзалт хийгээд л “Энэ хүн худлаа яриад байна. Манай намыг дэмжээч” гээд намайг яваад очихоор хэн итгэх вэ дээ.
Ингээд Базархүү, Жасрай, Очирхүү гээд Монголын толгой эдийн засагч, топ менежерүүд хүрээд ирэхээр өмнөөс нь хөдлөх аргагүй болж байгаа юм. Социал демократ намаас Бямбажаргал, Галбадрах хоёр, Үндэсний ардчилсан намаас Татварын ерөнхий газрын дарга байсан Баасандаш нар нэр дэвшдэг байсан. Бид ялалтын төлөө хөдөлмөрлөсөн. Хөвсгөл, Баян-Өлгийгөөс огтхон ч дутахааргүй хөдөлмөрлөсөн юм шүү. Амьдралаа хаяад л явдаг байсан.
-Би санаж байна. Хөдөө өвөөгийнд маань Лодойдамбын Галбадрахын зурагтай сонгуулийн сурталчилгааны сонин ирэхээр нээж ч харахгүйгээр галаа асаадаг байсан цаг бий. Говь-Алтайчууд хэтэрхий үзэл бодолдоо үнэнч хүмүүс юм уу даа?
-2000 онд Галбадрах нэр дэвшиж байсан юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд Түдэв гуай хүрээд ирж байгаа юм. Тэгэхээр нь Түдэв муу хүн шүү гээд л муулах эрх байхгүй. Бид нар ч тийм мундаг хүмүүстэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байж л дээ. Ингээд 2004 онд Лодойдамбын Галбадрах дахин өрсөлдөж, хүмүүсийн хандлага ч наашаа эргэж байсан. 2004 онд хамгийн өндөр санал буюу 48 хувийн санал авчихаад аймгийн төв дээр 1000 хүрэхгүй саналаар ялагдаж байлаа. Хоёроос бусад сумд ялсан. Бид тухайн үедээ “Ардчилал гэдэг бол...” гээд л ухуулга сурталчилгаа хийгээд давхиад байсан чинь нөгөө намынхан маань харин чимээгүй сууж байгаад саналын хуудсан дээр ажилласан байсан. Сүүлд сонсох нээ цэвэр булхай байсан юм билээ. 2008, 2012 онд Ариунсан нэр дэвшиж байсан. Тэр үед яагаад ялагдсан гэхээр өмнө Ж.Энхбаяр, Ц.Дашдорж гээд төрийн бус байгууллагаараа дамжуулаад Говь-Алтайн хүн бүртэй тулж ажиллачихсан, айл болгонд очоод “хоночихсон” хүмүүстэй сонгуулийн сурталчилгааны 14 хоног өрсөлдөөд ялна гэдэг хэцүү.
Ингээд болж өгөхгүй байтал 2014 оны хоёрдугаар сард орон нутгийн дахин сонгууль болж, одоо л биднийг эрийн цээнд хүрч, аймгийн эрхийг барьж болох юм гэж үзсэн үү Ардчилсан намаас нэр дэвшигч тасархай ялалт байгуулж, 25 жилийн дараа Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын бодлого АН-д шилжсэн. Цагаан морин жилд эхэлсэн хувьсгалын ялалт морин жилдээ бидэнд эргэж ирсэн. Ингэж иргэдийнхээ итгэлийг авсан бид чинь зүгээр суух аргагүй учраас олон ажлыг хийж байна.
-25 жилийн турш хажуугаас нь харж суусан учраас хамгийн түрүүнд юу хийх вэ гэдгээ мэдэж байсан байх л даа?
-Олон жил ширээний ард суусан хүмүүс ард иргэдийн амьдралыг харахаа больчихдог юм шиг байгаа юм. Зам бол аймгийн төвд байх ёстой наад захын л зүйл. Гэтэл манай аймгийн төвд 15-хан км зам л байсан. Байшингууд нь өнгө үзэмж муутай гээд л хийх ажил их. Аймгийн Засаг дарга ч гэсэн хийсэн ажлуудаа сумдаар явж тайлагнаж байна. Усны асуудал болон замын асуудал шийдэгдчихвэл биднээс хамаарахгүйгээр Засгийн газраас Улаанбаатартай холбох ажлыг хийчихнэ. 1000 айлын орон сууцны дэд бүтцийн ажлыг эхлүүлчихсэн. Мөн Японы засгийн газартай хамтраад нарны цахилгаан станц байгуулахаар яриа хэлэлцээрийн шатандаа явж байна гээд олон ажлыг л хийж байна.
-Ардчилал хэрхэн өрнөсөн болоод 25 жилийн дараа орон нутгийн сонгуульд АН ялсан гээд олон түүх дурсамж сөхлөө. Тэгэхээр одоо Батсайхан гэж хувь хүний талаар сонирхмоор байна л даа. Та Говь-Алтай аймгийн уугуул уу?
-Би аймгийн төвийн унаган хүүхэд. Энд төрсөн, энд өссөн. Одоо өтөлж байх шив дээ. Ховдын багшийн дээд сургуулийг Физик, математикийн багшийн мэргэжлээр төгсч ирээд Анагаах ухааны дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр томилогдсон. Тухайн үед Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын хороо аймгийн МАХН-ын төв хорооноос хамтарч томилгоо хийдэг байлаа. 500 гаруй оюутан, 100 гаруй багш ажилтантай томоохон байгууллагын удирдах албан тушаалтныг заавал томилдог байсан. Тэндээ долоон жил ажиллаад, ерөнхий боловсролын сургуульд багшилж үзлээ.
-Тухайн үедээ МАХН-ын томилгоогоор ажилтай болсон хүн чинь Ардчилсан холбоог дэмжихээсээ эмээгээгүй хэрэг үү?
-Манай аймагт Ардчилсан холбооны хороо байгуулагдахад би дэд зохицуулагчаар томилогдоод, 2000 онд нам байгуулагдахад анхны намын даргаар сонгогдож байсан. Ингээд гурван жил намын даргаар ажиллаад дэд дарга болсон. 2005 оноос аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос аймгийн Засаг даргын орлогоор томилогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд ажилгүй байж үзсэнгүй. Даалгасан ажлыг нь хийгээд байдаг учраас аль ч намынхан чамайг зайлуулна гэж байсангүй. Ажлаа хийгээд байж болдог л юм.
-Энэ хугацаанд зорилгоосоо шантрах үе гарч байсан уу?
-Зорьсон ажил нь бүтэхгүй байхаар мэдээж шантарна л даа. 2000 оноос нам байгуулсан чинь төрд ажиллаж байсан манайхныг бүгдийг нь хөөгөөд гаргасан. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан МҮАН-ын дарга Дүгэрсүрэн гэж хүнийг ажлаас нь гаргахдаа “МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэр болон аймгийн МАХН-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн захирамжлах нь: Засаг даргын орлогч Дүгэрсүрэнг ажлаас нь чөлөөлсугай” гэж хүртэл захирамж гаргаж байлаа. Үүн шиг 10 гаруй тохиолдлыг би нэрлэж чадна. Тэд хэрэв ажиллаж байсан бол Говь-Алтайн хөгжилд их хувь нэмэр оруулах байсан.
-Ардчилсан хувьсгал ялаад аль хэдийнэ 10 жил өнгөрчихсөн байхад уу?
-Тухайн үед Дорлигжав дарга намаа удирдаж, Алтанхуяг дарга генсек байлаа. Бид Улаанбаатарт очоод хэвлэлийн хурал хийж байсан. Олон ч хэвлэлээр гарсан. Тэр үед бүх л төрийн алба хашиж байсан манай намынхныг ажилгүй болгосон. Боловсрол, соёлын газрын дарга байсан Нэмэхбаатар, Төрийн өмчийн хорооны төлөөлөгч Дондов гэж хүнийг ажилгүй болгосон, Москвад сургууль төгссөн Болд гээд автын инженер залуу, Свердловскт төссөн Болдбат, Нямдорж гээд эрчмийн инженерүүд байлаа. Баярбилэг гэж нийтийн аж ахуйн инженер байлаа. Чулуунбаатар гэж Монголд байхгүй усан онгоцны мэргэжлээр Одесст төгссөн залуу байсан. Энэ хүмүүсийг ажилгүй, амьдралгүй болгоод явуулж байсан. Тэр үед туслах хүн ч үгүй намынхаа байраар л эргэлдэцгээнэ. Зүгээр байхгүй бас оройхон ганц, хоёр шил архи хувааж уудаг тийм хандлага руу орсон. Тэгж байтал 2002 оноос МУИС-ийн сэтгүүлзүйн магистр төгсөөд ирсэн Буянтөгс гээд охиныг улс төрийн ажилтнаар нам дээрээ авсан. Эмэгтэй хүн ороод ирэхээр хамаагүй өөр болж байгаа юм. Намын байрандаа тамхи ч татахаа больсон. Ингэж намын байран дээрх архины асуудал цэгцэрчихсэн. Би ч бас уудаг л байлаа. Гэхдээ ажилтай учраас их уудаггүй. Элэгний өвчнөөр нөхдөө ч алдлаа. Үнэхээр харамсалтай. Одоо бол залуучууд нэгдүгээрт архи уухаа больчихож. Хоёрдугаарт асуудлыг ажил хэрэгчээр тавихаас биш 1990-ээд оны мань шиг цаасны ар, өвөр дээр ганц хоёр юм биччихээд “Өө нээрээ тэр даргыг шүүмжлэхээ мартчихсан байна” гээд нэмдэг тийм юмгүй болчихсон.
-Нөхдөө нэг нэгээр нь алдаад байхаар хэцүү л байх. Тэр дундаа ардчиллын партизанууд их элэгсэг хүмүүс байдаг...
-Их харамсана. Ялангуяа Баянхүү талийгаачийн араас их харамсдаг. Цаг бусаар аваарт ороод бурхан болчихсон юм. Үнэхээр чадварлаг сайн эмч. Манайхан чинь дарга болъё гэж амбиц хөөцөлддөггүй. 1990-ээд онд бол дарга хүн юу хийдгийг ч мэддэггүй л байлаа. Дарга болохын ашиг тус гэдгийг ч боддоггүй байсан. Харин 2002 оноос хойш хүмүүс намд арай өөрөөр хандаж, энийгээ нэг ингэчихье гэх маягаар ханддаг болж. Улс төр ч угаасаа тэгж явдаг шиг байна.
-Өөрийн тань тухай асуухаар яаж ийгээд л нөхөд рүүгээ, үйл хэрэг рүүгээ чиглүүлчих юм. Тэгвэл Говь-Алтайнхны зан араншин ер нь ямархуу хүмүүс байдаг юм бэ гээд асуучихъя?
-Дүгнээд хэлэхэд хэцүү юм аа. Гэхдээ манай нутгийнхан нутагтаа байхдаа арчаагүй мөртлөө гараад явахаараа гар хөлөө олохдоо хурдан хүмүүс. Улаанбаатарт байгаа томоохон бизнесменүүд манай нутгийнхан л байдаг. Би эндээс нэг ийм юм ажигладаг. Нэгдүгээрт 1930-аад оны хэлмэгдүүлэлт Говь-Алтайд тийм ч хүчтэй явагдаагүй юм байна. Хэнтий, Дорнодынхон шиг эр болгоныг нь авч яваад буудаж байсангүй. Лам нарыг бол буудаж байсан гэдэг. Гэхдээ одоо хүмүүстэй уулзахаар тэрийг маань аваад явсан, тэгсэн ингэсэн гэдэг хүн байдаггүй. Газар хол учраас мэдээлэл авч бослого энэ тэрд оролцож амжаагүй юм шиг байгаа юм. Бас уг хүмүүсийнх нь зан ааш дөлгөөн учраас бослогод оролцоогүй ч байж болох л доо. Бослогод оролцоогүй учраас дарах гэж хүч гаргаагүй. Тийм ч учраас МАХН-ыг эсэргүүцэх үзэл цуснаас нь түрж гараагүй учраас АН-ыг дэмжиж гүйгээд байх шаардлагагүй. Хоёрдугаарт, Жасрай гуай төрд ажиллаж байсан Лоохууз, Аварзэд нарын намтрыг уншаад тэдэн шиг нутгархаг үзэл гаргаад хэлмэгдэх вий гэдгээсээ их айдаг байсан юм билээ. Төрийн хэргийн эсэргүү болж, нутгархаж ажил хэргээ явуулдаг байсан Лоохууз, Аварзэд хоёрын нутаг учраас Намын төв хорооноос Говь-Алтай аймгийг ч гадны хүмүүсээс удирдуулсаар ирсэн. Ингээд харахаар нутагтаа байхаараа алтайчууд хүлээсэн, айсан маягаар амьдраад нутгаасаа гарахаараа хүлээс нь тайлагдаж, амжилтад хүрдэг юм шиг. Найз нөхдөө харсан ч энд бизнес хийх нь байтугай хүний өмнө ярьж чаддаггүй байсан хүмүүс хотод очихоороо мундаг бизнесмен болчихсон байдаг.
-Нутгаасаа гарсан хүн онодог гэдгийг ухаарсан, түүнийгээ яриад сууж байгаа хүн өөрөө тэр замаар яагаад яваагүй хэрэг вэ?
-Алтайдаа хэн нэгэн хүн үлдэх ёстой биз дээ. Аймгаа эзгүйрүүлчихээд тэр их нүүдлийг дагаад явлаа гэхэд нэг дунд сургуулийн захирлын ажил л олох байсан биз.
-Ардын хувьсгал хүчтэй өрнөөгүй, ардчилсан хувьсгал гараад 25 жилийн дараа анх удаа АН орон нутгийн удирдлагыг авсан гэхээр Говь-Алтайчууд нэг хэв шинжийн хүмүүс бололтой...
-Алтай нутгийнх мөртлөө өөр аймгуудад ардчилсан хувьсгалд оролцоод амжилттай яваа олон хүн бий. Ямар сайндаа Баабар хэлсэн байдаг юм. “Говь-Алтайчууд Ардын хувьсгал ялсныг арав гаруй жилийн дараа сонссон гэдэг юм билээ. Одоо Ардчилсан хувьсгал ялсныг 20 жилийн дараа л мэднэ” гэж.
-Олгой хагаравч тогоон дотроо гэж. Орон нутагт ажиллаж байгаа хүний байр суурийг сонсмоор байна л даа. Ер нь, нам дотроо фракцлаад байгаа нь таныхаар зөв үү, буруу юу?
-Би угшлаа бодвол Ардчилсан холбоогоо дэмжинэ гээд Баттулга ч юм уу, Түвдэндоржийг дагаад гүйнэ. Эсвэл намын дарга, хамтарч ажиллаж байсан гээд Ерөнхий сайдыг дагаад гүйсэн ч болохоор. Илүү ойр дотно гэдгээ бодоод Эрдэнэ сайдыг дагасан ч болж байна. Гэхдээ би хэн нэгний хүн биш намын л хүн баймаар байна. Манай аймгийнхан ярьдаг. Анх удаа орон нутгийн удирдлагыг гартаа авчихаад хэн нэгнийг дагаад гүйхгүй ээ гэж. Ууланд адуу үргэхэд, талд илжиг унгалдав гэдэг.
-Манай сонин ардчилсан хувьсгалын түүхэн ойг тохиолдуулаад МоАХ-ны анхдагчидтай цувралаар ярилцаж байгаа юм. Тэгэхэд партизанууд нэг л юм хэлдэг. “Манайхан анхнаасаа л тэмцэгчид байсан учраас эрх мэдэл гартаа авчихаараа яахаа мэдэхээ байчих юм” гээд. Энэ таныхаар хэр үнэний ортой вэ?
-Ардчилсан холбоонд анх ямар хүмүүс нэгдсэн гэдгийг л эргээд харахаар ойлгомжтой. Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилдэг. Даргаа эсэргүүцдэг тийм л хүмүүс байдаг. Одоог хүртэл 1990 оны байдлаараа л байгаа. Тийм хүмүүсийг удирдах албан тушаалд тавьчихаар туршлага дутах юм. Цаг бүртгүүлээд, хүний эрхээр ажиллана гэж байхгүй тийм л хүмүүс. Ардчилсан хувьсгалыг хийж байсан хүмүүс дунд Америкт очоод хоёр жил болчихсон хүн байгаагүй. Тэгэхээр төгс ардчилал яг ийм гэсэн төсөөлөлтэй хүн байгаагүй.
-Батсайхан ахтай Говь-Алтайд Ардчилсан хувьсгал хэрхэн өрнөсөн талаар хөөрөлдөж сууна. Гэтэл нэгэн зорилгын төлөө хамт явсан нөхөд нь ороод ирсэн учраас та хоёр энэ хувьсгалд хэрхэн оролцсон талаар сонирхолгүй өнгөрч болохгүй...
Б.Б: -МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгсөөд ирчихсэн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Энд байр байхгүй. Айлаар амьдардаг. Хөлөөрөө толгой хийгээд, толгойгоороо хөл хийж хоёр жил болчихоод л буцна даа гэж боддог байсан юм. Манайх надтай зөрөөд хот руу шилжчихсэн.
Тэгээд энд ирээд байж байтал надад байр өгчихсөн юм. Тэр үед чинь улс төрийн товчоогоор ороод бөөн юм болж байж л байр өгдөг байлаа. Аав маань захиргаанд насаараа ажилласан, ээж маань аймгийн намын хороонд алба хашиж байсан. Тэгэхээр МАХН-д ороход бэлэн байсан. Надад одоо нэг бичиг бий. МАХН-ын үүрийн дарга Содномжамц гээд сэтгүүлч байсан. “Монцамэ”-д байсан юм даа. “МАХН-ын орлогч гишүүнээр элсэхэд бэлтгэж намын программ, дүрмийг судалж бай” гэсэн албан бичиг надад өгсөн байдаг. Хэрэв ардчилсан холбоо байгуулагдаагүй бол намд албан хүчээр элсэх л байсан. “Алтайн хөгжил” сониноос олон хүн ардчилсан холбооны анхны гишүүн болсон. Хэдэн жилийн болзолт уралдааных нь шагналуудыг авчихсан, олон намын гишүүнтэй тийм л газар байсан. Нам бусчууд нь л ардчилсан холбоонд орсон доо.
Би өөртөө амласан. Хантайширийн хормойд Ардчилал ялсан цагт эндээс явна аа гэж. Гэтэл надад одоо “Алтай“ радиог нөхөд маань даалгаад өгсөн учраас явж чадахгүй л байна.
Д.Б: -Тэгвэл чи ажлаа өг л дөө. /инээв/
Б.Б: -Харин ч нэг дуртай өгнө дөө.
Д.Б: -Ингэдэг л хүн дээ. /инээлдэв/
-Сэтгүүлч хүн аль нэг талыг барьж туйлшрахгүй байх ёстой. Ардчиллаас өмнө бол угаасаа бүх хэвлэл намыг магтан дуулдаг байлаа. Харин түүний дараа сонин дээр юу нийтэлдэг байсан бэ?
Б.Б: -Намын бодлого нийтэлдэг байсан сонины бодлого 1990 оны хувьсгалаар задарсан. Хуучин бэлэн материал тавьдаг байсан сонинд тавих материалгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нь Камасутраг цувралаар тавьчихдаг болсон.
-Бүр даварсан юм биш үү?
Б.Б: -Гэнэт олдсон эрх чөлөө хүнийг тэгж эвдэж байгаа байхгүй юу. Одоо бол юу гэж тэгэх вэ. Ардчилсан хувьсгалыг дэмжээд ажлаасаа халагдаж байсан хүн бол манай энэ Ганхуяг.
-Тухайн үед ардчилсан хувьсгалыг дэмжсэнийхээ төлөө хүссэн газар руугаа маш хурдан шилжсэн нэгэн байхад бас амьдралаараа хохирч үлдсэн хүн цөөнгүй байдаг юм билээ...
Д.Б: -Говь-Алтайн уугаал мөртлөө өөр аймагт ардчилсан хувьсгалд гар бие оролцож яваа олон хүн бий. Эрдэнэтэд манай нэг нөхөр бий л дээ. Нямаа гээд. Түүнийг зун гэрээсээ хөл нүцгэн гараад явж байтал нутгийн Буухүү гээд хөгшин дуудсан байгаа юм. Тэгсэн миний хүү МоАХ-ных билүү гэхээр нь тийм л гэж. Тэгсэн нэг алгадчихаад яваад өгч. Уур нь хүрээд зодолдох гэсэн хөл нүцгэн. Гэртээ орж гутлаа өмсөөд гараад иртэл хол очоод юу ч болоогүй юм шиг хүнтэй ярилцаад зогсож байж. Инээмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг. Хөгшчүүд биднийг их эсэргүүцдэг л байсан. Зарим нь ч бас дэмжинэ.
Л.Г: -Ардчилал ялаад, Усны аж ахуйд би ажиллаж байсан юм. Гэтэл Галаарид, Батсайхан хоёр очоод МоАХ-ын салбар байгуулаад, би бас дагаж бужигнуулаад олон хүнийг урвуулсан. Гэтэл дарга дуудаад нөхөр Ганхуяг та их зэвэрч байна. Дипломыг чинь хурааж авна гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг вэ. Би энийг чинь толгойгоороо олж авсан гээд хэлсэн чинь намын эсэргүү гээд баахан цоллосон. Удалгүй усны аж ахуй ч татан буугдах юм болоод, яригдаж байтал намайг Баянтоорой руу ерөнхий инженерээр томилж явуулсан. Тэнд очоод нэг сар ажиллаж байтал халчихсан.
Б.Б: -Тухайн үед манай аймагт хамгийн олон ажилтантай том салбар бол усны аж ахуй байлаа. Тэндээс л мэдлэг боловсролтой, гадаадад сураад ирсэн олон ч залуу МоАХ-нд элссэн.
-Тэгээд хэдэн жил хэлмэгдсэн хэрэг вэ?
Л.Г: -1997 оны нэгдүгээр сар хүртэл ажилгүй явсан. Тэрнээс хойш буцаж Хөдөө аж ахуйн газартаа ажиллаж байгаад МоАХ-ын тэтгэлэгээр Удирдлагын академид манай аймгаас хэсэг хүн явж сурахад нь би аз таарч тоонд нь багтсан.
-Улаанбаатарт байгаа партизанууд бол хэлэх гэсэн үгээ хэлж, эсэргүүцэх гэсэн газраа эсэргүүцээд суучихдаг дуулиантай хүмүүс. Гэтэл Алтайн партизанууд их даруухан талдаа хүмүүс юм. Энэ юутай холбоотой вэ?
Л.Г: -Бид чинь ялагдаж сурсан хүмүүс. Залуу насныхаа эрийг МАХН-д ялагдсаар байгаад мохоочихсон хэрэг. Гэхдээ дуусчихсан юм биш л дээ. Бид хаяагүй, урваагүй. Надад газрын албаны дарга бол гэсэн санал ирж байсан. Гэхдээ тэр албан тушаалтай хамт МАХН-ын батлахыг ав гэсэн учраас үзэл бодлоосоо урвадаг хүн биш гэж хэлээд хөөгдөж гарч байсан.
Б.Б: -Манай аймагт хувьсгалт намын ч гэсэн шударга дарга нар байсан юм. Жанчивдорж гэж Засаг дарга намайг АН-ын хүн гэдгийг мэдэж байсан мөртлөө дарга болгосон. Би чинь хувьсгалт намын үед дарга байж үзсэн хүн шүү.
Л.Г: -Манай аймаг чинь анх хол ялагдаж байгаад сүүлдээ ойрхон ялагддаг болсоор энэ жил орон нутагт яллаа. Бид иргэдийг сурталчилгаагаар хуураад гарч ирсэн биш, цаг хугацаа нь болоод иргэдийнхээ итгэлийг хүлээгээд яг л ёс журмаараа гарч ирж байгаа учраас энэ ялалт маань удаан хугацаанд тогтож чадах байх.
-Эцэст нь анх удаа ялсны дараа юу бодогдох юм?
Д.Б: -Хамгийн түрүүнд байхгүй болсон нөхдөө л дурсдаг юм билээ. Байсан бол, энэ ялалтыг харсан бол яаж баярлах байсан болоо гэж бодогдоно. Гэхдээ өрсөлдөгч намдаа өш санасандаа, тэднийг ялсандаа биш шүү дээ. Бидний үзэл бодлыг Алтайнхан хүлээн зөвшөөрлөө гэдэгтээ л байгаа юм. Бид ч гэсэн тэгж л баярлаж, бахархаад байгаа болохоос нэг хүний ажлыг авах, нөгөө намын хүнийг ажилгүй болгохдоо гол нь биш шүү дээ.
Haanahiin tsatsraliig asuugaad baina
наранцацралт эрдэнэтэд л байдаг байсан шдэ
Nutgaaraa ochood neg irlee. urd umnu ni yu hiij baisan yum boldoo gej bodloo suuuuuuuuuuuuuuuuuuuuu
Хэ хэ хэ чам шиг нэр усаа нуусан түгжилийн хажууд хийсэн юмтай хийх ч юмтай хэлэх ч үгтэй хүмүүс байхаа хө
өөрсдийгөө партизан болгоод байгаарай. та нарыг дэндүү сайн мэднэ шүү. жаахан ичдэг байх хэрэгтэй. аймгаа баллачихгүй шиг 2 жил байж бай. Амжилт хүсье.
Ch.Gantulga haana baiga ve?
narantsatsral gedeg bagsh haana bdag boloo
Altaihan odo l neg ardchilaliig medreh tsag ni bolson bailgui de, ajilaad bai.
МоАХ-ны партизануудын стиль цаанаа л нэг өөр. Тэдний зарим нь гадна төрхөөс харахад л илт байдаг бол заримтай нь ярилцаад суух нээ “партизан стиль” нь цухалзаад байдаг. Залуу халуун насаа эрх чөлөөний төлөөх тэмцэлд зориулсан тэдний зан араншин нь яг тэр үеийнхээрээ царцаж үлдсэн мэт. Хэлэх гэснээ хаана ч хэлчихдэг зоримог, омголон бас гэнэн...
Говь-Алтай аймагт ажиллахдаа ардчилсан холбооны анхдагчдын нэг Дуламсүрэнгийн Батсайхантай уулзлаа. Тэрээр одоо Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн албыг хашиж буй. Говь-Алтайчууд 25 жилийн дараа анх удаа орон нутгийнхаа засгийн эрхийг АН-д итгэж атгуулсан. Харин МоАХ-ын анхдагчдаас Тамгын газарт алба хашиж буй ганц хүн нь тэр. Түүнтэй ярилцаад суухад өөрийгөө гэхээсээ нөхдөө л их ярина. Тэрээр “Уг нь би энэ албанд ирэхээсээ өмнө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.
Орон нутгаас тусдаа удирдлагатай учраас амар ажил байсан. Би одоо нэг их мундагтаа Тамгын газар суугаад байгаа хэрэг биш. Ардчилсан хувьсгалын төлөө хамт явж байгаад тэнгэрт хальсан, эсэргүү нэр зүүж, амьдралаараа хохирч явсан нөхдийнхөө төлөөлөл гэж өөрийгөө боддог. Над дээр зорьж ирж байгаа нөхөд маань чамаас одоо юу гуйх вэ. Энд суугааг чинь л харахад сэтгэл өег байна гэж хэлээд гардаг. Ийм л хүмүүсийн төлөөлөл учраас ажлаа муу хийх, авлига авах, архи уух ч арга алга. Алтай нутгийнхаа төлөө чадах бүхнээ л хийхээс өөр замгүй” хэмээн ярьсан юм.
-Нийслэлд ардчилсан хувьсгал нууц байдлаар эрт эхэлсэн байдаг. Нийслэлтэй ойр аймгууд ч энэ үйл хэрэгт эртнээс оролцсон. Харин 1000 км-ийн цаана өрнөж эхэлсэн Ардчилсан хувьсгалыг Говь-Алтай аймагт хэрхэн мэдээд, яаж түүчээлэв гэдэг энэ нутгийн партизантай уулзсаных хамгийн эхний асуулт болж байна...-1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас өмнө бол дөнгөж сургууль төгсөөд ирчихсэн залуучууд хоорондоо ардчилсан хувьсгалын тухай ярьдаг л байлаа. Улс орны байдал нэг л болохгүй байна. Үүнийг өөрчлөх ёстой гэдгийг ойлгодог байсан. Тухайн үед би Ховдын багшийн дээд сургууль төгсч ирээд Анагаах ухааны техникумын хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгсэн нэгдүгээр сургуулийн хүмүүжлийн эрхлэгч миний найз, хамт сургууль төгссөн Батчулууны Наранцацралт над руу залгаад “Галааридынд хүрээд ирээч” гэсэн. Одоо Сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч шүү дээ. Очтол сэтгүүлч Баярсайхан, Гантулга гэж “Алтайн хөгжил” сонины зурагчин, мөн Боловсролын кабинетийн гадаад хэлний мэргэжилтэн Гантулга гэж залуу байсан.
Бидэн дээр нэмээд Чинзориг гэж нэгдүгээр сургуулийн биеийн тамирын ахмад багш ирж байлаа. Долуулаа хоёр орой ярилцаж суусан. Тэрнээс өмнө манай аймагт Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсээс жижиг Болд, талийгаач Галсандаш хоёр ирээд явсан байсан. Тэгэхдээ Барилга угсралтын конторын зааланд хүмүүстэй уулзалт хийгээд явахад нь Галаарид, Баярсайхан хоёр маань холбогдож, уулзсан байдаг юм.
-Эхний алхам бол мэдээж сэтгэл санаа нийлсэн, нийгэм буруу зам руу яваад байна гэдгийг таньсан хүмүүсийг нэгтгэх. Харин дараагийн алхам бол эсэргүүцлээ үйл хэрэг болгох ёстой. Тэгэхээр нэгэнт багаа бүрдүүлсэн юм чинь дараагийн алхмаа тодорхойлохоор ярилцсан байлгүй?
-1990 нэгдүгээр сарын эхээр Галааридыг их хуралд явуулъя, ардчилсан холбооны салбар зөвлөлийг аймагтаа байгуулъя гэж ярьсан. Тэр үед МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Даваацэрэн гэж хүн байлаа. Одоо талийгаач болсон. Тэр даргад аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх дарга, генерал Пүрэв гуай нарт Говь-Алтай аймагт МоАХ-ны дэд хороог байгуулснаа мэдэгдэж байна гэсэн өргөх бичиг өгсөн.
-Аль хэзээ байгуулчихсан хэрэг үү?
-Яг тэр үед Улаанбаатарт МоАХ байгуулагдаж байсан үе учраас ямар ч байсан өргөх бичгээ өгчихөж байгаа юм. Тэгээд зуу, зуун төгрөг нийлүүлцгээгээд Галааридыг Улаанбаатар руу явуулж байсан. Тэр үед эмч нар бас нэгдээд Баянхүү гэж эмч ажлын далимаараа МоАХ-ны анхны их хуралд суусан байсан. Ингээд манай аймаг хоёр ч төлөөлөгчтэй болчихож байгаа юм. Өөрсдийн гарын үсэг бүхий өргөх бичигтээ долоон зүйлийг тусгасан. Тэнд шүтэх эрх чөлөөг хааж боогдуулахгүй байх, аймагт шашин номын хийд болон худалдааны зах байгуулахыг шаардсанаас гадна коммунист нөхөр Мягмаржавын “Алтайн хөгжил” сонин дээр гаргасан захидалд Даваацэрэн дарга хариу өгөх гэх зэргийг тусгасан байсан. Коммунист нөхөр Мягмаржав гэдэг нь аймгийн өмгөөлөгч л дөө. “Даваацэрэн та аймгийг олон жил удирдахдаа юу хийсэн бэ” гэж сонины бүтэн нүүр асуулга гаргаж байсан. Түүндээ хариулт авахаар шаардлага тавьсан л даа. Тухайн үед Пүрэв дарга “Та бүхний өргөх бичгийг авлаа. Тухайн үед хөдөө явж байсан учраас албан бичиг өгч чадсангүй. Хувийн саналаа бичиж өгч байна” гэсэн албан бичиг мөн ч юм шиг, биш ч юм шиг юм өгсөн. Хөөрхөн мурьчихаж байгаа юм л даа. Түүний дараа манай Цоодол, Наранцацралт хоёр Даваацэрэн дарга дээр ороход “За та нар намайг мэдэж байгаа биз. Би бие муутай хүн шүү” гэж хэлж байсан юм билээ.
-Хот руу МоАХ-ны их хуралд үдсэн нөхдөө тэсэн ядан хүлээсэн байх. Түүнээс хойш та нөхдийн үйл ажиллагаа арай албан ёсны шинж чанартай болсон уу?
-Баянхүү эмч, Галаарид хоёр ирээд иргэдтэй уулзалт хийдэг байлаа. Гэтэл гуравдугаар сарын 9-нд нам хамгаалах цуглаан болсон. Тэнд Галаарид үг хэлэх гэж индэр дээр гараад ахмад багш нарт загнуулаад бууж байсан. Маргааш нь бид өөрсдөө аймагтаа Ардчилсан холбооны анхны цуглааныг хийсэн. Тухайн үедээ коммунистуудын үг хэлдэг индэр дээр гарахгүй гэж хоёр ЗИЛ-130 машины чиргүүр төв талбай дээр авчраад үгээ хэлж байсан. Тэнд нэлээд олон хүн оролцож байсан.
Энд нэг зүйл хэлэхэд, 1990 онд бид салбар хороогоо байгуулаад, хот хөдөө ялгаагүй нэгэн жигд ажиллаж явсан учраас ардчисан хувьсгалын анхдагчдыг ялгаварлах нь утгагүй санагддаг юм.
-Нийслэлд өрнөж байгаа үйл явдлын сургийг хэрхэн авдаг байсан бэ?
-Телевизээр л харна. Ирсэн очсон хүний амнаас цуурхал маягаар л сураг гаргана. Тэр үед утсаар ярина гэж байсангүй. Захиа бол авна.
-Хотоос мэдээлэл өгдөг хүн байсан уу?
-Галааридад Ерөнхий зохицуулах зөвлөлөөс нууц код өгсөн байдаг. Тэр нууц кодоороо харилцдаг. Утсаар ярихаар нууц кодоо хэл гэдэг. Тэгэхгүй бол хамаагүй хүн очиж үйл ажиллагааг нь үймүүлээд болдоггүй байсан ч юм уу. Ёстой л нөгөө Ленин багшийн хувьсгал хийсэн замаар явсан даа. Өөр мэдэх юм байхгүй, уншсан, сонссон нь л тэр л дээ.
-Ленин багш тэгвэл ардчиллын үйл хэрэгт “тус” болжээ?
-Нуугаад яахав. Тухайн үед Бат-Үүл маань ч “Төр ба хувьсгал”-аас иш татаад явж байсан. Угаасаа тийм л юм уншиж өссөн хүмүүс юм чинь. Харин дараа нь Үндэсний дэвшил нам гэж байгуулагдсан. Тэр намд Унгарт сургууль төгссөн залуус нэгдсэн учраас арай өөр үзэл сурталтай, зах зээл, ардчилал ярьж эхэлсэн. Бид бол нийгэм болохгүй байна л гэж ярьж байсан. Түүнийг өөрчлөх ёстойг л мэдэж байлаа. Одоо зарим хүн санаж байгаа байх. АН-ын анхны мөрийн хөтөлбөрт “Цэвэрлэгчийн цалинг 500 төгрөг болгоно” гэсэн байдаг.
-Тухайн үеийн дундаж цалин хэд байсан юм бэ?
-Би Анагаах ухааны дунд сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа 680 төгрөгний цалинтай байлаа. Манай аймагт говийн нэмэгдэл гээд цалингийнх нь 10 хувийг нэмж өгнө. 750 орчим төгрөг авна. Их өндөр цалин. Дээд мэргэжилтэй хүн 500 төгрөгнөөс эхлээд таван жил тутамд 50 төгрөгөөр нэмэгддэг байсан.
-Нэгэнт дэд хороогоо байгуулсан улс чинь анхны бага хурлаа хэзээ нь хийсэн бэ?
-1990 оны дөрөвдүгээр сард. Галаарид маань Уралын их сургууль төгссөн учраас аймагтаа байх сонирхолгүй, хот руу шилжих хүсэлтээ удаа дараа тавьж байсан юм. Тэгсэн өмнө нь зөвшөөрдөггүй байснаас гэнэтхэн л түүний хүсэлтийг хүлээж аваад, маш хурдан Улаанбаатар руу шилжүүлчихсэн. Галаарид одоо ярьдаг юм. “Иргэний үнэмлэх ч авалгүй нэг л мэдэхэд шилжүүлчихсэн” гээд. Бид нарыг толгойлогчгүй болгож авах гэсэн санаа. Тухайн үедээ бид хуралдаад Баянхүү эмчийг Ардчилсан холбооныхоо зохицуулагчаар томилж байлаа. Аймагтаа нэртэй эмч л дээ. Эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан. Сүүлд бөөр сувилалд ажиллаж байгаад 2002 онд цаг бусаар мөнх бусыг үзүүлсэн.
Хурлаа эмнэлэг дээр, анагаахын зааланд гээд л боломжтой газар бүрт хийдэг байлаа. Ингэж байтал бага хурлаа хийх болсон. Одоо энэ зугаа цэнгэлийн төвийн захирал Ойдовын Цоодол /инээв/ тухайн үедээ аймгийн залуучуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байсан. Нэгдүгээр сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Наранцацралт бид гурав анхдугаар бага хурлынхаа илтгэлийг гурван шөнө сууж бичсэн. Одоо бодохоор их том л юм боддог байж. Эхлээд дэлхий нийтийн асуудал ярьсан. 1945 оны хоёрдугаар дайны дараа хоёр систем үүссэн. Бид нарын сонгож явсан нь буруу учраас одоо зөвөөр нь явахаар улс оронд хөдөлгөөн өрнөж эхэллээ. Үүнээс хоцрохгүйн тулд бид ч гэсэн нэгдэх хэрэгтэй гээд л их холуур тойруулж илтгэлээ бичсэн.
-Ардчилсан холбооны анхны их хурал дээр илтгэлээ өөр хүн бичээд, Со гавьяатаар уншуулж байсан гэдэг. Та хэд өөрсдөө уншиж байв уу?
-Үгүй, их хурлын жишгийг давтсан л даа. Хоёрдугаар сургуулийн хичээлийн эрхлэгч байсан Хоролын Энхбаяр гэж хүүхэд байхдаа пионер сурагчдын илгээлт уншдаг их гоё лектор хоолойтой залуу байсан юм. Түүгээр илтгэлээ уншуулж байлаа. Энхбаяр бас л манай партизаны нэг л дээ. Хурал маань Аймгийн “Алтай” чуулгад болж байсан. Монголын Ардчилсан холбооны ерөнхий зөвлөлөөс Со гавьяат ирээд хурал удирдчихаад, орой нь гитартайгаа нэг хүний тоглолтоо хийчихээд явж байлаа.
-Ардчилсан холбоо ялж улмаар улс төрд өрсөлдөх хүчин болохын тулд Ардчилсан намыг байгуулсан. Аймагт ч энэ л зарчимаар өрнөсөн байх?
-Ардчилсан холбоо байгуулагдаад анхны зохицуулагчаар Баянхүү гэж тэр эрхэм хүн сонгогдож байсан. Үүний дараа Ардчилсан нам байгуулж, Ойдовын Цоодолыг анхны даргаар сонгож байлаа. Үүний дараа Социал демократ нам, Үндэсний дэвшлийн нам, Ардчилсан социалист хөдөлгөөн гэж байгуулсан. Тэндээ аймгийн боловсролтой, сэхээтнүүдийг их элсүүлсэн. Түүнээс хойш 1991 онд Пүрэв дарга аймгаас шилжээд Лантуу дарга ирсэн. Лантуу даргатай бид их үзнэ ээ. Лантуу дарга Ардчилсан холбоо анх байгуулагдах үед Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас бид их өш санана. Цахилгаан гэж бас хувьсгалт намын хороонд ажилладаг манай аймгийн хүн байсан. Лантуу, Цахилгаан хоёр ардчилсан холбооныхны дайсан. Шинэ дарга ирсэн учраас аймгийн иргэдийн хурал хуралдсан. Тэнд бид Лантуу даргыг ажлаа өг гэж эсэргүүцээд, суулт зарлаж байлаа. Нам намаас л хүмүүс суултад оролцож байсан. Тэгж суулт хийхдээ хоёр орлогчийнхоо нэгийг огцруул ч гэх юм уу жижиг зүйлээр хөөцөлддөг байсан байгаа юм.

-Олж харсан өө сэв нь л тэр үү?
-/инээв/ Тийм л юм байлгүй. Гэхдээ бас Алтай хотыг нүүлгэх асуудлыг хүртэл тавьж байсан. Хаашдаа Алтай хот ундны усны эх үүсвэргүй учраас Гуулин руу нүүлгэе гээд л Цоодол тэр иргэдийн хурал дээр хэлчихсэн. Гэтэл шөнөжин утас нь дуугараад ална, тална, Говь-Алтайгаас зайл гэж сүрдүүлсэн байсан.
-Гэхдээ л Говь-Алтайчууд харьцангуй хүлээцтэй хүмүүс юм шиг санагддаг?
-Тийм. Тэгээд л 1992 он болж сонгууль эхэлсэн. 1990 онд Говь-Алтайгаас Ардын их хуралд Лоохууз гуай сонгогдож байсан. Энэ бол бидний ялалт байлаа. Харин 1992 оны сонгуульд үнэхээр хүч хүрээгүй. Сангийн сайд байсан Базархүү гуай ирж байсан. Дараа нь 1996 онд Жасрай гуай ирж байсан. Жасрай гуайн араас уулзалт хийгээд л “Энэ хүн худлаа яриад байна. Манай намыг дэмжээч” гээд намайг яваад очихоор хэн итгэх вэ дээ.
Ингээд Базархүү, Жасрай, Очирхүү гээд Монголын толгой эдийн засагч, топ менежерүүд хүрээд ирэхээр өмнөөс нь хөдлөх аргагүй болж байгаа юм. Социал демократ намаас Бямбажаргал, Галбадрах хоёр, Үндэсний ардчилсан намаас Татварын ерөнхий газрын дарга байсан Баасандаш нар нэр дэвшдэг байсан. Бид ялалтын төлөө хөдөлмөрлөсөн. Хөвсгөл, Баян-Өлгийгөөс огтхон ч дутахааргүй хөдөлмөрлөсөн юм шүү. Амьдралаа хаяад л явдаг байсан.
-Би санаж байна. Хөдөө өвөөгийнд маань Лодойдамбын Галбадрахын зурагтай сонгуулийн сурталчилгааны сонин ирэхээр нээж ч харахгүйгээр галаа асаадаг байсан цаг бий. Говь-Алтайчууд хэтэрхий үзэл бодолдоо үнэнч хүмүүс юм уу даа?
-2000 онд Галбадрах нэр дэвшиж байсан юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд Түдэв гуай хүрээд ирж байгаа юм. Тэгэхээр нь Түдэв муу хүн шүү гээд л муулах эрх байхгүй. Бид нар ч тийм мундаг хүмүүстэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байж л дээ. Ингээд 2004 онд Лодойдамбын Галбадрах дахин өрсөлдөж, хүмүүсийн хандлага ч наашаа эргэж байсан. 2004 онд хамгийн өндөр санал буюу 48 хувийн санал авчихаад аймгийн төв дээр 1000 хүрэхгүй саналаар ялагдаж байлаа. Хоёроос бусад сумд ялсан. Бид тухайн үедээ “Ардчилал гэдэг бол...” гээд л ухуулга сурталчилгаа хийгээд давхиад байсан чинь нөгөө намынхан маань харин чимээгүй сууж байгаад саналын хуудсан дээр ажилласан байсан. Сүүлд сонсох нээ цэвэр булхай байсан юм билээ. 2008, 2012 онд Ариунсан нэр дэвшиж байсан. Тэр үед яагаад ялагдсан гэхээр өмнө Ж.Энхбаяр, Ц.Дашдорж гээд төрийн бус байгууллагаараа дамжуулаад Говь-Алтайн хүн бүртэй тулж ажиллачихсан, айл болгонд очоод “хоночихсон” хүмүүстэй сонгуулийн сурталчилгааны 14 хоног өрсөлдөөд ялна гэдэг хэцүү.
Ингээд болж өгөхгүй байтал 2014 оны хоёрдугаар сард орон нутгийн дахин сонгууль болж, одоо л биднийг эрийн цээнд хүрч, аймгийн эрхийг барьж болох юм гэж үзсэн үү Ардчилсан намаас нэр дэвшигч тасархай ялалт байгуулж, 25 жилийн дараа Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын бодлого АН-д шилжсэн. Цагаан морин жилд эхэлсэн хувьсгалын ялалт морин жилдээ бидэнд эргэж ирсэн. Ингэж иргэдийнхээ итгэлийг авсан бид чинь зүгээр суух аргагүй учраас олон ажлыг хийж байна.
-25 жилийн турш хажуугаас нь харж суусан учраас хамгийн түрүүнд юу хийх вэ гэдгээ мэдэж байсан байх л даа?
-Олон жил ширээний ард суусан хүмүүс ард иргэдийн амьдралыг харахаа больчихдог юм шиг байгаа юм. Зам бол аймгийн төвд байх ёстой наад захын л зүйл. Гэтэл манай аймгийн төвд 15-хан км зам л байсан. Байшингууд нь өнгө үзэмж муутай гээд л хийх ажил их. Аймгийн Засаг дарга ч гэсэн хийсэн ажлуудаа сумдаар явж тайлагнаж байна. Усны асуудал болон замын асуудал шийдэгдчихвэл биднээс хамаарахгүйгээр Засгийн газраас Улаанбаатартай холбох ажлыг хийчихнэ. 1000 айлын орон сууцны дэд бүтцийн ажлыг эхлүүлчихсэн. Мөн Японы засгийн газартай хамтраад нарны цахилгаан станц байгуулахаар яриа хэлэлцээрийн шатандаа явж байна гээд олон ажлыг л хийж байна.
-Ардчилал хэрхэн өрнөсөн болоод 25 жилийн дараа орон нутгийн сонгуульд АН ялсан гээд олон түүх дурсамж сөхлөө. Тэгэхээр одоо Батсайхан гэж хувь хүний талаар сонирхмоор байна л даа. Та Говь-Алтай аймгийн уугуул уу?
-Би аймгийн төвийн унаган хүүхэд. Энд төрсөн, энд өссөн. Одоо өтөлж байх шив дээ. Ховдын багшийн дээд сургуулийг Физик, математикийн багшийн мэргэжлээр төгсч ирээд Анагаах ухааны дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр томилогдсон. Тухайн үед Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын хороо аймгийн МАХН-ын төв хорооноос хамтарч томилгоо хийдэг байлаа. 500 гаруй оюутан, 100 гаруй багш ажилтантай томоохон байгууллагын удирдах албан тушаалтныг заавал томилдог байсан. Тэндээ долоон жил ажиллаад, ерөнхий боловсролын сургуульд багшилж үзлээ.
-Тухайн үедээ МАХН-ын томилгоогоор ажилтай болсон хүн чинь Ардчилсан холбоог дэмжихээсээ эмээгээгүй хэрэг үү?
-Манай аймагт Ардчилсан холбооны хороо байгуулагдахад би дэд зохицуулагчаар томилогдоод, 2000 онд нам байгуулагдахад анхны намын даргаар сонгогдож байсан. Ингээд гурван жил намын даргаар ажиллаад дэд дарга болсон. 2005 оноос аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос аймгийн Засаг даргын орлогоор томилогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд ажилгүй байж үзсэнгүй. Даалгасан ажлыг нь хийгээд байдаг учраас аль ч намынхан чамайг зайлуулна гэж байсангүй. Ажлаа хийгээд байж болдог л юм.
-Энэ хугацаанд зорилгоосоо шантрах үе гарч байсан уу?
-Зорьсон ажил нь бүтэхгүй байхаар мэдээж шантарна л даа. 2000 оноос нам байгуулсан чинь төрд ажиллаж байсан манайхныг бүгдийг нь хөөгөөд гаргасан. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан МҮАН-ын дарга Дүгэрсүрэн гэж хүнийг ажлаас нь гаргахдаа “МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэр болон аймгийн МАХН-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн захирамжлах нь: Засаг даргын орлогч Дүгэрсүрэнг ажлаас нь чөлөөлсугай” гэж хүртэл захирамж гаргаж байлаа. Үүн шиг 10 гаруй тохиолдлыг би нэрлэж чадна. Тэд хэрэв ажиллаж байсан бол Говь-Алтайн хөгжилд их хувь нэмэр оруулах байсан.
-Ардчилсан хувьсгал ялаад аль хэдийнэ 10 жил өнгөрчихсөн байхад уу?
-Тухайн үед Дорлигжав дарга намаа удирдаж, Алтанхуяг дарга генсек байлаа. Бид Улаанбаатарт очоод хэвлэлийн хурал хийж байсан. Олон ч хэвлэлээр гарсан. Тэр үед бүх л төрийн алба хашиж байсан манай намынхныг ажилгүй болгосон. Боловсрол, соёлын газрын дарга байсан Нэмэхбаатар, Төрийн өмчийн хорооны төлөөлөгч Дондов гэж хүнийг ажилгүй болгосон, Москвад сургууль төгссөн Болд гээд автын инженер залуу, Свердловскт төссөн Болдбат, Нямдорж гээд эрчмийн инженерүүд байлаа. Баярбилэг гэж нийтийн аж ахуйн инженер байлаа. Чулуунбаатар гэж Монголд байхгүй усан онгоцны мэргэжлээр Одесст төгссөн залуу байсан. Энэ хүмүүсийг ажилгүй, амьдралгүй болгоод явуулж байсан. Тэр үед туслах хүн ч үгүй намынхаа байраар л эргэлдэцгээнэ. Зүгээр байхгүй бас оройхон ганц, хоёр шил архи хувааж уудаг тийм хандлага руу орсон. Тэгж байтал 2002 оноос МУИС-ийн сэтгүүлзүйн магистр төгсөөд ирсэн Буянтөгс гээд охиныг улс төрийн ажилтнаар нам дээрээ авсан. Эмэгтэй хүн ороод ирэхээр хамаагүй өөр болж байгаа юм. Намын байрандаа тамхи ч татахаа больсон. Ингэж намын байран дээрх архины асуудал цэгцэрчихсэн. Би ч бас уудаг л байлаа. Гэхдээ ажилтай учраас их уудаггүй. Элэгний өвчнөөр нөхдөө ч алдлаа. Үнэхээр харамсалтай. Одоо бол залуучууд нэгдүгээрт архи уухаа больчихож. Хоёрдугаарт асуудлыг ажил хэрэгчээр тавихаас биш 1990-ээд оны мань шиг цаасны ар, өвөр дээр ганц хоёр юм биччихээд “Өө нээрээ тэр даргыг шүүмжлэхээ мартчихсан байна” гээд нэмдэг тийм юмгүй болчихсон.
-Нөхдөө нэг нэгээр нь алдаад байхаар хэцүү л байх. Тэр дундаа ардчиллын партизанууд их элэгсэг хүмүүс байдаг...
-Их харамсана. Ялангуяа Баянхүү талийгаачийн араас их харамсдаг. Цаг бусаар аваарт ороод бурхан болчихсон юм. Үнэхээр чадварлаг сайн эмч. Манайхан чинь дарга болъё гэж амбиц хөөцөлддөггүй. 1990-ээд онд бол дарга хүн юу хийдгийг ч мэддэггүй л байлаа. Дарга болохын ашиг тус гэдгийг ч боддоггүй байсан. Харин 2002 оноос хойш хүмүүс намд арай өөрөөр хандаж, энийгээ нэг ингэчихье гэх маягаар ханддаг болж. Улс төр ч угаасаа тэгж явдаг шиг байна.
-Өөрийн тань тухай асуухаар яаж ийгээд л нөхөд рүүгээ, үйл хэрэг рүүгээ чиглүүлчих юм. Тэгвэл Говь-Алтайнхны зан араншин ер нь ямархуу хүмүүс байдаг юм бэ гээд асуучихъя?
-Дүгнээд хэлэхэд хэцүү юм аа. Гэхдээ манай нутгийнхан нутагтаа байхдаа арчаагүй мөртлөө гараад явахаараа гар хөлөө олохдоо хурдан хүмүүс. Улаанбаатарт байгаа томоохон бизнесменүүд манай нутгийнхан л байдаг. Би эндээс нэг ийм юм ажигладаг. Нэгдүгээрт 1930-аад оны хэлмэгдүүлэлт Говь-Алтайд тийм ч хүчтэй явагдаагүй юм байна. Хэнтий, Дорнодынхон шиг эр болгоныг нь авч яваад буудаж байсангүй. Лам нарыг бол буудаж байсан гэдэг. Гэхдээ одоо хүмүүстэй уулзахаар тэрийг маань аваад явсан, тэгсэн ингэсэн гэдэг хүн байдаггүй. Газар хол учраас мэдээлэл авч бослого энэ тэрд оролцож амжаагүй юм шиг байгаа юм. Бас уг хүмүүсийнх нь зан ааш дөлгөөн учраас бослогод оролцоогүй ч байж болох л доо. Бослогод оролцоогүй учраас дарах гэж хүч гаргаагүй. Тийм ч учраас МАХН-ыг эсэргүүцэх үзэл цуснаас нь түрж гараагүй учраас АН-ыг дэмжиж гүйгээд байх шаардлагагүй. Хоёрдугаарт, Жасрай гуай төрд ажиллаж байсан Лоохууз, Аварзэд нарын намтрыг уншаад тэдэн шиг нутгархаг үзэл гаргаад хэлмэгдэх вий гэдгээсээ их айдаг байсан юм билээ. Төрийн хэргийн эсэргүү болж, нутгархаж ажил хэргээ явуулдаг байсан Лоохууз, Аварзэд хоёрын нутаг учраас Намын төв хорооноос Говь-Алтай аймгийг ч гадны хүмүүсээс удирдуулсаар ирсэн. Ингээд харахаар нутагтаа байхаараа алтайчууд хүлээсэн, айсан маягаар амьдраад нутгаасаа гарахаараа хүлээс нь тайлагдаж, амжилтад хүрдэг юм шиг. Найз нөхдөө харсан ч энд бизнес хийх нь байтугай хүний өмнө ярьж чаддаггүй байсан хүмүүс хотод очихоороо мундаг бизнесмен болчихсон байдаг.
-Нутгаасаа гарсан хүн онодог гэдгийг ухаарсан, түүнийгээ яриад сууж байгаа хүн өөрөө тэр замаар яагаад яваагүй хэрэг вэ?
-Алтайдаа хэн нэгэн хүн үлдэх ёстой биз дээ. Аймгаа эзгүйрүүлчихээд тэр их нүүдлийг дагаад явлаа гэхэд нэг дунд сургуулийн захирлын ажил л олох байсан биз.
-Ардын хувьсгал хүчтэй өрнөөгүй, ардчилсан хувьсгал гараад 25 жилийн дараа анх удаа АН орон нутгийн удирдлагыг авсан гэхээр Говь-Алтайчууд нэг хэв шинжийн хүмүүс бололтой...
-Алтай нутгийнх мөртлөө өөр аймгуудад ардчилсан хувьсгалд оролцоод амжилттай яваа олон хүн бий. Ямар сайндаа Баабар хэлсэн байдаг юм. “Говь-Алтайчууд Ардын хувьсгал ялсныг арав гаруй жилийн дараа сонссон гэдэг юм билээ. Одоо Ардчилсан хувьсгал ялсныг 20 жилийн дараа л мэднэ” гэж.
-Олгой хагаравч тогоон дотроо гэж. Орон нутагт ажиллаж байгаа хүний байр суурийг сонсмоор байна л даа. Ер нь, нам дотроо фракцлаад байгаа нь таныхаар зөв үү, буруу юу?
-Би угшлаа бодвол Ардчилсан холбоогоо дэмжинэ гээд Баттулга ч юм уу, Түвдэндоржийг дагаад гүйнэ. Эсвэл намын дарга, хамтарч ажиллаж байсан гээд Ерөнхий сайдыг дагаад гүйсэн ч болохоор. Илүү ойр дотно гэдгээ бодоод Эрдэнэ сайдыг дагасан ч болж байна. Гэхдээ би хэн нэгний хүн биш намын л хүн баймаар байна. Манай аймгийнхан ярьдаг. Анх удаа орон нутгийн удирдлагыг гартаа авчихаад хэн нэгнийг дагаад гүйхгүй ээ гэж. Ууланд адуу үргэхэд, талд илжиг унгалдав гэдэг.
-Манай сонин ардчилсан хувьсгалын түүхэн ойг тохиолдуулаад МоАХ-ны анхдагчидтай цувралаар ярилцаж байгаа юм. Тэгэхэд партизанууд нэг л юм хэлдэг. “Манайхан анхнаасаа л тэмцэгчид байсан учраас эрх мэдэл гартаа авчихаараа яахаа мэдэхээ байчих юм” гээд. Энэ таныхаар хэр үнэний ортой вэ?
-Ардчилсан холбоонд анх ямар хүмүүс нэгдсэн гэдгийг л эргээд харахаар ойлгомжтой. Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилдэг. Даргаа эсэргүүцдэг тийм л хүмүүс байдаг. Одоог хүртэл 1990 оны байдлаараа л байгаа. Тийм хүмүүсийг удирдах албан тушаалд тавьчихаар туршлага дутах юм. Цаг бүртгүүлээд, хүний эрхээр ажиллана гэж байхгүй тийм л хүмүүс. Ардчилсан хувьсгалыг хийж байсан хүмүүс дунд Америкт очоод хоёр жил болчихсон хүн байгаагүй. Тэгэхээр төгс ардчилал яг ийм гэсэн төсөөлөлтэй хүн байгаагүй.
Биднийг ийн ярилцах зуур Говь-Алтай аймагт Ардчилсан хувьсгалд оролцож явсан нөхдийн төлөөлөл болох тухайн үедээ “Алтайн хөгжил” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Банзрагчийн Баярсайхан, ардчилсан хувьсгалыг дэмжсэнийхээ төлөө амьдралаараа хэлмэгдсэн Лодойн Ганхуяг нар орж ирэв. Тэдэнтэй ийн ярилцлаа.
-Батсайхан ахтай Говь-Алтайд Ардчилсан хувьсгал хэрхэн өрнөсөн талаар хөөрөлдөж сууна. Гэтэл нэгэн зорилгын төлөө хамт явсан нөхөд нь ороод ирсэн учраас та хоёр энэ хувьсгалд хэрхэн оролцсон талаар сонирхолгүй өнгөрч болохгүй...Б.Б: -МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгсөөд ирчихсэн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Энд байр байхгүй. Айлаар амьдардаг. Хөлөөрөө толгой хийгээд, толгойгоороо хөл хийж хоёр жил болчихоод л буцна даа гэж боддог байсан юм. Манайх надтай зөрөөд хот руу шилжчихсэн.
Тэгээд энд ирээд байж байтал надад байр өгчихсөн юм. Тэр үед чинь улс төрийн товчоогоор ороод бөөн юм болж байж л байр өгдөг байлаа. Аав маань захиргаанд насаараа ажилласан, ээж маань аймгийн намын хороонд алба хашиж байсан. Тэгэхээр МАХН-д ороход бэлэн байсан. Надад одоо нэг бичиг бий. МАХН-ын үүрийн дарга Содномжамц гээд сэтгүүлч байсан. “Монцамэ”-д байсан юм даа. “МАХН-ын орлогч гишүүнээр элсэхэд бэлтгэж намын программ, дүрмийг судалж бай” гэсэн албан бичиг надад өгсөн байдаг. Хэрэв ардчилсан холбоо байгуулагдаагүй бол намд албан хүчээр элсэх л байсан. “Алтайн хөгжил” сониноос олон хүн ардчилсан холбооны анхны гишүүн болсон. Хэдэн жилийн болзолт уралдааных нь шагналуудыг авчихсан, олон намын гишүүнтэй тийм л газар байсан. Нам бусчууд нь л ардчилсан холбоонд орсон доо.
Би өөртөө амласан. Хантайширийн хормойд Ардчилал ялсан цагт эндээс явна аа гэж. Гэтэл надад одоо “Алтай“ радиог нөхөд маань даалгаад өгсөн учраас явж чадахгүй л байна.
Д.Б: -Тэгвэл чи ажлаа өг л дөө. /инээв/
Б.Б: -Харин ч нэг дуртай өгнө дөө.
Д.Б: -Ингэдэг л хүн дээ. /инээлдэв/
-Сэтгүүлч хүн аль нэг талыг барьж туйлшрахгүй байх ёстой. Ардчиллаас өмнө бол угаасаа бүх хэвлэл намыг магтан дуулдаг байлаа. Харин түүний дараа сонин дээр юу нийтэлдэг байсан бэ?
Б.Б: -Намын бодлого нийтэлдэг байсан сонины бодлого 1990 оны хувьсгалаар задарсан. Хуучин бэлэн материал тавьдаг байсан сонинд тавих материалгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нь Камасутраг цувралаар тавьчихдаг болсон.
-Бүр даварсан юм биш үү?
Б.Б: -Гэнэт олдсон эрх чөлөө хүнийг тэгж эвдэж байгаа байхгүй юу. Одоо бол юу гэж тэгэх вэ. Ардчилсан хувьсгалыг дэмжээд ажлаасаа халагдаж байсан хүн бол манай энэ Ганхуяг.
-Тухайн үед ардчилсан хувьсгалыг дэмжсэнийхээ төлөө хүссэн газар руугаа маш хурдан шилжсэн нэгэн байхад бас амьдралаараа хохирч үлдсэн хүн цөөнгүй байдаг юм билээ...
Д.Б: -Говь-Алтайн уугаал мөртлөө өөр аймагт ардчилсан хувьсгалд гар бие оролцож яваа олон хүн бий. Эрдэнэтэд манай нэг нөхөр бий л дээ. Нямаа гээд. Түүнийг зун гэрээсээ хөл нүцгэн гараад явж байтал нутгийн Буухүү гээд хөгшин дуудсан байгаа юм. Тэгсэн миний хүү МоАХ-ных билүү гэхээр нь тийм л гэж. Тэгсэн нэг алгадчихаад яваад өгч. Уур нь хүрээд зодолдох гэсэн хөл нүцгэн. Гэртээ орж гутлаа өмсөөд гараад иртэл хол очоод юу ч болоогүй юм шиг хүнтэй ярилцаад зогсож байж. Инээмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг. Хөгшчүүд биднийг их эсэргүүцдэг л байсан. Зарим нь ч бас дэмжинэ.
Л.Г: -Ардчилал ялаад, Усны аж ахуйд би ажиллаж байсан юм. Гэтэл Галаарид, Батсайхан хоёр очоод МоАХ-ын салбар байгуулаад, би бас дагаж бужигнуулаад олон хүнийг урвуулсан. Гэтэл дарга дуудаад нөхөр Ганхуяг та их зэвэрч байна. Дипломыг чинь хурааж авна гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг вэ. Би энийг чинь толгойгоороо олж авсан гээд хэлсэн чинь намын эсэргүү гээд баахан цоллосон. Удалгүй усны аж ахуй ч татан буугдах юм болоод, яригдаж байтал намайг Баянтоорой руу ерөнхий инженерээр томилж явуулсан. Тэнд очоод нэг сар ажиллаж байтал халчихсан.
Б.Б: -Тухайн үед манай аймагт хамгийн олон ажилтантай том салбар бол усны аж ахуй байлаа. Тэндээс л мэдлэг боловсролтой, гадаадад сураад ирсэн олон ч залуу МоАХ-нд элссэн.
-Тэгээд хэдэн жил хэлмэгдсэн хэрэг вэ? Л.Г: -1997 оны нэгдүгээр сар хүртэл ажилгүй явсан. Тэрнээс хойш буцаж Хөдөө аж ахуйн газартаа ажиллаж байгаад МоАХ-ын тэтгэлэгээр Удирдлагын академид манай аймгаас хэсэг хүн явж сурахад нь би аз таарч тоонд нь багтсан.
-Улаанбаатарт байгаа партизанууд бол хэлэх гэсэн үгээ хэлж, эсэргүүцэх гэсэн газраа эсэргүүцээд суучихдаг дуулиантай хүмүүс. Гэтэл Алтайн партизанууд их даруухан талдаа хүмүүс юм. Энэ юутай холбоотой вэ?
Л.Г: -Бид чинь ялагдаж сурсан хүмүүс. Залуу насныхаа эрийг МАХН-д ялагдсаар байгаад мохоочихсон хэрэг. Гэхдээ дуусчихсан юм биш л дээ. Бид хаяагүй, урваагүй. Надад газрын албаны дарга бол гэсэн санал ирж байсан. Гэхдээ тэр албан тушаалтай хамт МАХН-ын батлахыг ав гэсэн учраас үзэл бодлоосоо урвадаг хүн биш гэж хэлээд хөөгдөж гарч байсан.
Б.Б: -Манай аймагт хувьсгалт намын ч гэсэн шударга дарга нар байсан юм. Жанчивдорж гэж Засаг дарга намайг АН-ын хүн гэдгийг мэдэж байсан мөртлөө дарга болгосон. Би чинь хувьсгалт намын үед дарга байж үзсэн хүн шүү.
Л.Г: -Манай аймаг чинь анх хол ялагдаж байгаад сүүлдээ ойрхон ялагддаг болсоор энэ жил орон нутагт яллаа. Бид иргэдийг сурталчилгаагаар хуураад гарч ирсэн биш, цаг хугацаа нь болоод иргэдийнхээ итгэлийг хүлээгээд яг л ёс журмаараа гарч ирж байгаа учраас энэ ялалт маань удаан хугацаанд тогтож чадах байх.
-Эцэст нь анх удаа ялсны дараа юу бодогдох юм?
Д.Б: -Хамгийн түрүүнд байхгүй болсон нөхдөө л дурсдаг юм билээ. Байсан бол, энэ ялалтыг харсан бол яаж баярлах байсан болоо гэж бодогдоно. Гэхдээ өрсөлдөгч намдаа өш санасандаа, тэднийг ялсандаа биш шүү дээ. Бидний үзэл бодлыг Алтайнхан хүлээн зөвшөөрлөө гэдэгтээ л байгаа юм. Бид ч гэсэн тэгж л баярлаж, бахархаад байгаа болохоос нэг хүний ажлыг авах, нөгөө намын хүнийг ажилгүй болгохдоо гол нь биш шүү дээ.
0 Сэтгэгдэл
Neki
Андууд минь сайхан ярилцлага өгчээ. Үнэхээр олон л дурсамж орж ирж байна. Алтайд ардчилсан намынхан олон жил нүд үзүүлэгдсэн, хэцүү л байсандаа.Ажил, албатайгаа нөгөө нам руу явсан ганц нэгийг эс тооцвол Та нар минь үнэхээр Алтайдаа ардчиллын цайз болж үлдсэн хүмүүс. Та нартаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн байрын мэнд хүргэж амжилт хүсье. Олны төлөө сэтгэл, зүтгэл байхад үр дүн гарч л таараа. АН-ынхан бол эд хөрөнгөөр ядуу зүдүү ч сэтгэлээр баян хүмүүс шүү дээ
2014.11.04
2014.11.04
2014.11.03
2014.11.03
2014.11.03
2014.11.03
2014.11.03
2014.11.03
2014.11.03























