Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ц.Элбэгдорж: АПЕК-т элсэх нь Монгол Улсын гадаад бодлогын стратегийн зорилт

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага/АПЕК/-ын дээд түвшний уулзалт Бээжин хотноо болж буй. Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гарагт тус уулзалтад оролцохоор мордсон билээ. Тэрээр "Ирээдүйд хандсан Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулъя" гэсэн гол сэдэвтэй ээлжит уулзалтын хүрээнд зохион байгуулж буй “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үйл ажиллагаанд оролцсон байна. Энэ үеэр Ерөнхийлөгч үг хэлж, БНХАУ-ы дарга Си Зиньпинтэй уулзжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин дахин уулзаж байгаадаа баярласнаа илэрхийлээд “Миний урилгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д ирж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож байгаад талархал илэрхийлье. 2014 онд миний бие ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таван удаа уулзаж байна. Саяхан БНХАУ-д айлчилсан УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна” гэсэн байна. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэм хүндэт таны урилгаар миний бие АПЕК-ийн дээд түвшний уулзалтын яриа, хэлэлцээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн наймдугаар сард таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үнэхээр түүхэн чухал айлчлал болсон. Манай ард түмэн таны айлчлалаас маш их сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. БНХАУ энэ жил олон улсын хэмжээний олон чухал арга хэмжээг маш амжилттай, үлгэр жишээ зохион байгуулж байгаад талархъя” хэмээн хэлжээ. Уулзалтаар БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал болон Тажикийн нийслэл Душанбе хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр яригдсан олон асуудлыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал хамтран ажиллана. Нүүрс хийжүүлэх болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монголоос нийлүүлэх махан бүтээгдэхүүний экспортын тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ хоёр тал илэрхийлж байлаа.
Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үйл ажиллагаанд үг хэлэхдээ дараах зүйлсийг онцолсон. “Монгол Улс нь АПЕК-ийн зорилго, зарчмыг бүрэн дэмждэг бөгөөд АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа 1993 оноос эхлэн илэрхийлж ирлээ. АПЕК-ийн гишүүнчлэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахын төлөө чармайж, 2000 оноос хойш АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудын жишгээр "Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын төлөвлөгөө" гарган ажиллаж байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 80 орчим хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудад ноогдож байна” гэдгийг юун түрүүнд хэллээ. Мөн дэд бүтцийн салбарт олон бүтээн байгуулалт хийж, Ази, Номхон далайн эрчимтэй хөгжиж байгаа улсын хувьд эдийн засгийн өсөлтөө хангаж, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтаа дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч байгууллага болох АПЕК–т элсэх явдлыг  тэргүүн зэргийн зорилтоо болгож ирсэн хэмээгээд үүнийг манай улсын гадаад бодлогын стратегийн зорилт гэж тодотгов. Түүнчлэн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд хэмжээний үйл явцад нэгдэх зорилтоо ч танилцуулж. Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд Монгол Улс нэгдэн орж, Азийн хурдны замын сүлжээний AH3, AH32 болон AH4 чиглэлийн замыг манай улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээж, санаачилга гарган ажиллаж байгаа. Мөн “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төсөл” эхлүүлсэн, 2016 онд ашиглалтад хүлээж авснаар Монгол Улс нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх зангилаа /hub/ болох боломжтой. Төмөр замын тээврийн салбарт Монгол Улс ойролцоогоор 5600 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөснөөс эхний болон хоёрдугаар үе шатны 1800 км төмөр замын суурь бүтцийн ажлыг 2013 онд эхлүүлсэн зэргийг жишээ татан дурдлаа.

Ерөнхийлөгч хэлсэн үгнийхээ төгсгөлд “Манайх дан ганц түүхий эд гадагшаа зөөдөг биш, түүнийг орчин цагийн шаардлагад нийцүүлж боловсруулаад нэмэгдсэн өртөгтэй, харилцан ашигтай бизнес болгох нь Монголын ашиг сонирхол юм. Энэ чиглэлээр бид Та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна. Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай бүс нутгийн дэд бүтцийн чиглэлд ойр дотно хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарт АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан