Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Дөрөв хэлмэгдсэн “нугас” Хадаа

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт амь, бие хайргүй зүтгэж явсан анхдагчдын нэг бол Лхасүрэнгийн Хадбаатар. “Нугас” Хадаа гэвэл МоАХ-ны партизанууд андахгүй. Тухайн үед Монголын үндэсний телевизийн харьяа телекино үйлдвэрт хүүхэлдэйн киноны зураач байсан түүний ардчиллын үйл хэрэгт хүчин зүтгэх болсон түүх тун сонирхолтой.

Гэхдээ, энэ түүхийг сөхөхийн өмнө идэр залуу Хадаагийн тухай цухас дурдая. Дөрвөн ч удаа хэлмэгдсэн гэж гарчигласны  учрыг тайлбал түүний хүүхэд ахуй насыг дурсах хэрэгтэй болно. 1964 онд Хадбаатарыг гуравдугаар ангийн жаал байхад сургуулийнх нь байр түр засварт орж, улмаар анги нийтээр нь “Улаанбаатар” зочид буудлын подвалийн давхарт хэсэг хугацаанд хичээллэх болж. Одоогийн Гэрлэх ёслолын ордны буйран дээр байсан 27 дугаар сургуулийн багш, ажилчид хоёр сар хэртэй хотын төвийн зочид буудалд хичээллэх болсон нь тэр чигтээ адал явдал байсан нь мэдээж. Нэг өдөр жаал хүү Хадаа зочид буудлын эргэн тойронд элдвийг сонжин тоглож явтал сургуулийнх нь захирал тэргүүтэй хэн нь үл мэдэгдэх хэсэг албаны хүмүүс хоёр гараас нь хөтлөн анги руу нь дагуулан орсон гэдэг. Мөнөөх учир битүүлэг хүмүүс хүүг жаал загнаж хагас өдөр хэртэй хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэж улайрсан аж.

Учрыг үл мэдэх жаал хөл толгойгүй загнуулсаар хэргийн эзэн хэнгэргийн дохиур нэрнээс салахад тун бэрх болоод байв. Учир нь, “Улаанбаатар” зочид буудлын урд талын Лениний хөшөө рүү нэг хүүхэд морь харж байсныг гадаадын гэрэл зурагчин баримтжуулсан байж. Ядаж байхад ... гэгчээр зураг дээрх мөнөөх жаал ч Хадаатай бие бялдраар ойролцоо, төстэй байсан нь ийнхүү хийгээгүй хэрэгт нэр холбогдох шалтгаан болсон аж. Энэ тухайгаа наадам наргиа болгон ярих тэрээр “Нам засгийн төлөөлөгчид нь байсан уу, ямар ч байсан нэг их чухал албаны хүмүүс л захиралтай маань нийлж загнаж загнаж салсан юм. Их багшийн хөшөө рүү ичгүүр сонжуургүй бие зассан энэ тэр гээд л нялх балчраараа намайг хяргах дөхсөн дөө. Ингэж л би хүүхэд байхаасаа хэлмэгдсэн хүн дээ” хэмээн хуучилж байлаа. Хожим хэргийн учрыг тодруулж, мөнөөх зургийг олж үзвэл өөртэй нь төстэй ч өөр хүүхэд байсан нь тогтоогдсон гэдэг. Хэрэв тухайн үед хийгээгүй хэргээ хүлээчихсэн бол эцэг эхийг нь ч энэ хэрэгт хутгаж хатуу донгодох байсан нь мэдээж. Хамаг л юм хаалттай, хатуу чанга дектатуртай байсан соц нийгмийн үед нам, төрийн хэрэгт хутгалдваас насаараа үйл тамаа үздэг байсан тухай бишгүй л сонсч байв. Азаар жаал хүү Хадаа аав ээжийгээ бас өөрийгөө аварч, хийгээгүй хэрэгт уналгүй сугарч үлдсэн гэдэг.

Дараагийн хэлмэгдсэн түүх бүүр ч хачин гэмээр. Түүний нагац ах Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Дунбүрээ Хадбаатарыг зургадугаар анги төгссөн жил “Хүйтэн хошуутай мал зурсан” гэх шалтгаар Намын төв хорооны Үзэл сурталын хэлтсээс банга хүртээж, арга хэмжээ авахуулчихаад байж. Арван улаан ямаа зурсан ах нь үзэл суртлын хэрэгт унаж уран бүтээл туурвих эрхээ хасуулаад байв. Угтаа, хэн нэгний үүрэг даалгавар, хүсэл сонирхлоор бус өөрийн дур зоргоор арван улаан ямаа үзэсгэлэндээ зориулж зурсан нь алсдаа бийр барьж бүтээл туурвих эрхийг нь хасах шалтгаан болов. Түүгээр ч зогсохгүй энэ хэрэг зургадугаар ангиа төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэх гэж байсан Хадбаатарын хоёр дахь удаагаа хэлмэгдэх үндэс болсон байна. Ураг удамд нь гарын ур дүй сайтай, зураач, барималч, дархан хүн цөөнгүй байсан учир Хадаа ч дүрслэх урлагт дөртэй нэгэн байлаа. Цаг зав гарвал цаас харандаа нийлүүлж суудаг тэрээр зураач болох хүсэлдээ хөтлөгдөж Дүрслэх урлагийн дээд сургулийн шалтгалтад тэнцчихээд байсан ч ахынх нь арван ямааны хэргээр босгыг нь ч давж амжаагүй сургуулийнх нь хуваарийг хураачихсан гэдэг.
Сургуульгүй хоцорсон хэдий ч Хадбаатарын зураач болох хүсэл нь зуурдынх биш байв. Арван улаан ямааны хэрэг ах, дүү хоёрын аль алиныг нь хохироосон ч Хадбаатар Хөвсгөл аймгаас Багшийн дээд сургуульд зураг, хөдөлмөрийн ангид хувиар авчээ. Шалгалт шүүлэгт нь тэнцэж юу юугүй хичээлдээ орохоор очвол ямар ч шалтгаангүйгээр сургуулиас нь хассан байж таарлаа. Гайхаш тасарсан Хадаа учрыг олж хужрыг тунгаах гэж явсаар аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын охин өөрийнх нь хуваарьт эзэн суусныг олж мэджээ. Намын хорооны нарийн бичгийн даргатай тэрсэлдээд нэмэргүй. Тиймдээ ч авьяас билгээрээ авсан хувиараа аймгийн даргын охинд бэлэглэчихсэн гэж болно. Ийн сургууль соёлд орох хоёр дахь боломжоо алдсан Хадаагийн гурав дахиа хэлмэгдсэн түүх энэ билээ.

Удаахь хэлмэгдүүлэлт урьд урьдынхаас огт өөр байв. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр үзэгч олны танил болсон Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн түүний хүргэн ах байсан бөгөөд хоёр ч удаа сургуульгүй хоцорсон Хадааг Казахстан явах уу хэмээн ихэд аминчхан асуусан аж. Яах ийхийг нь сонирхвол “Чи тэнд сургуульд явж төгсчихөөд ир” гэжээ. Сая нэг сайн ахын ачаар Казахстаны дүрслэх урлагийн сургуульд элссэн ч мөн л цаг бусаар хэлмэгдэж, төгсч чадсангүй.

Хүний нутагт, оюутны дөрвөн жилийн тэн хагасыг давж гарсан залуу хархүү ангийн багштайгаа чамгүй зузаан байж л дээ. Багш нь ч Хадаад сайн. Үеийн нөхөддөө үлгэр дууриал болохуйц сэргэлэн цовоо, авьяас билэгтэй хэмээн ангийн багш ам сайтай байв. Залуухан багш үе тэнгийн шахуу Монгол оюутантайгаа ганц нэг пиво хувааж уух үе гарна. Нэг удаа багштайгаа балга пиво хуваан ууж суугаад багахан маргасан гэдэг. Халамцсан багш нь “Монгол бол ЗХУ-ын 16 дахь республик, тусгаар улс биш” гэх мэтээр согтуу хүний хорон үг ч чулуудаж гарч. Эх орноо ийн хэлүүлж байж ямар ч монгол эр хүн чимээгүй суухгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч харь улсад сурч байсан Хадаа эх орноо өмөөрч багштайгаа багахан маргаж гэнэ. Эрчүүд л болсон хойно хэн хэн нь мөчөөгөө өгөхгүй байсаар маргаан нь гар зөрүүлж дууссан аж.

Хөлчүүрхсэн багшийн гүжир үгс Хадаагийн тэвчээрийг барсан тул багштайгаа барилцаж эцэстээ сургуулиасаа хөөгдөхөд хүрчээ. Гадаадын сургуульд элсчихээд хөөгдөөд ирсэн гэвэл мөн л багагүй хэл аманд өртөж асуудал Хадаагийн эсрэг эргэх нь мэдээж. Нутаг буцах болчихоод хэрхэхээ мэдэхгүй байсан Хадааг нэг өдөр багш нь дууджээ. Оюутантайгаа гар зөрүүлсэн хэмээн мөн ажил албанаасаа хөөгдсөн багш нь Хадаагаас уучлал хүсээд “Чи хөөгдсөн гээд нутагтаа очвол үүнээс ч дор юм болно. Тиймээс би чамд таньдаг эмчээрээ магадлагаа гаргуулж өгье, багш нь чамд ингэж л тус болох байна” хэмээв. Хэдий хэрүүл зодоон болж хоёул сургуулиас хөөгдсөн ч багш нь ийн тус хүргэсэн нь Хадаагийн аминд орсон аж. Ийн эх орноо өмгөөлсөн Хадаагийн эрдэм номын мөр хөөх цаг дуусч нутаг буцсан байна. Дөрөвдэхээ хэлмэгдсэн Хадбаатар нутагтаа ирж сургууль соёлгүй хоцорсон ч удам дамжсан авьяасаа үнэлүүлж, Монголын үндэсний телевизэд зураачаар ажиллах болов. Үе үеийнхний үзэх дуртай, андахгүй сайн мэдэх “Эрх цагаан ишиг”, “Өнчин цагаан ботго”, “Тус”, “Шаазан заан” зэрэг хүүхэлдэйн кинонд зураачаар ажиллаж байсан тэрээр бие даан хүүхэлдэйн киноны зохиол ч бичиж байсан удаатай. Түүний ур ухаан уран, бийрээр бүтсэн “Томоо, Жижгээ” гэх хүүхэлдэйн киног тэр үеийн хүүхэд багачууд одоо ч андахгүй.

Кино уран бүтээлийн зураачаар ажиллах дүрслэх урлагийн дөр сууж, чамгүй туршлага хуримтлуулсан тэрээр энэ чиглэлээрээ тууштай ажиллана хэмээн бодож явсан ч хувь тавилан түүнийг хувьсгалын үйл хэрэгт хөтөлжээ.
1989 оны арваннэгдүгээр сард Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган болж хамаг л урлаг соёлын байгууллагын төлөөллийг хамруулжээ. Монголын үндэсний телевизээс уг чуулганд очих үүрэг даалгавар өвөртөлсөн Хадбаатар үнэндээ тийм ч дуртай байсангүй. Хүүхэлдэйн киноны зураачийн ажилд хүнд хэцүү дээр нь цаг нар, зав чөлөө гарах нь хомс. Ийм л их ажлын хажуугаар нам засаг үүрэгдсэн учир мөнөөх чуулганд дуртай дургүй очиж гэнэ. Гэтэл уран бүтээлчид хуран чуулж урлаг, соёлын асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө хэмээн төсөөлж байтал огт өөр уур амьсгал угтан авчээ.

Мөнөөх чуулганы танхимд тухайн үед дөнгөж нэгдэн нийлж асан хувьсгалт залуус хуран чуулж байв. Нэр дурдвал Ардчилсан хувьсгалын анхдагчид болох С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй үеийн залуус байлаа. Хар багаас хэдэнтээ хэлмэгдэж, нийгэм цаг үеийн шударга бус байдалд сэтгэл тавгүйтэж, түүнийгээ гаргаж чадалгүй дотроо буглуулж явсан Хадаад үзэл суртлын эсрэг үгсэн нэгдэж буй залуус хэзээний танил дотно санагдсан гэдэг. Энэ тухай дурсахдаа тэрээр “Тэр үед МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэдгээр залуус яг л миний хүсч мөрөөсч байсан ирээдүйн тухай ярьж байлаа. Хүүхэд ахуйгаас хүний өмнөөс хохирч, хэлмэгдэж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаасаа хазайсан болоод ч тэр үү “Би энд л байх ёстой” гэж бодсон. Яг үнэндээ тэдгээр залуус шударга ёс, эрх тэгш байдал, хүний эрх, эрхчөлөө гээд социалист нийгмийн гав дөнгөнд хүлээтэй байсан хүн бүрийн эрх ашгийн төлөө боссон юм. Энэ нь ч надад ихэд ойр санагдсан. Яагаад гэвэл би чинь дөрвөн ч удаа хэлмэгдсэн хүн шүү дээ” хэмээн ярина.

Залуу уран бүтээлчдийн чуулганд очсон биш хувьсгалт тэмцлийн тэргүүлэгчдийн эгнээнд элсч, 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ-ны анхдугаар чуулга уулзалтад ЕЗЗ-ийн 36 гишүүний нэг болон оролцсон гэдэг. Сонирхолтой нь, бийр барьж будаг шунхтай ойр байсан түүнийг анхдугаар чуулганы өмнөх өдөр хувьсгалт хөдөлгөөний хамгаалалтын албаны даргаар томилсон аж. Эхэн үедээ энэ ажилдаа нэг л дасч өгөхгүй байсан ч хожим ихэнх аймаг орон нутгаар явж салбар зөвлөлийн гишүүдийг хамгаалалтын ажилд хамруулсан гэдэг.
“Бид ухаалаг, хүлээцтэй, маш нарийн зохион байгуулалттай хувьсгал хийснээрээ нэг ч хүний хамраас цус гаргаж, нэг ч цонхны шил хагалаагүй юм. Монголын ардчилсан хувьсгалыг өдгөө дэлхий нийт судалж байна. Түүхэнд ийм хувьсгал, төрийн эргэлт хийсэн удаа тун цөөн” хэмээн бахдалтай ярина.

Идэр есийн хүйтэнд эхэлсэн хувьсгал гуравдугаар сарын эхээр сая нэг хавартай золгов. Гэвч Улс төрийн товчоо шийдтэй хариу өгөхгүй л байв. Сүхбаатарын талбайд хэдэнтээ жагсч цугласан МоАХ-ны гишүүд, дэмжигчид ч шийдтэй арга хэмжээ авч чадахгүй л байв. Улмаар ЕЗЗ-ийн ээлжит хурлаар цаашид хэрхэх тухай 36 гишүүний 35 нь байлцан хэлэлцсэн байна. Энэ хурлын үеэр олон санал санаачилга гарсан ч төдийлэн үр дүнтэй нь ховор байж. Харин тэр бүр ам нээгээд байдаггүй Хадбаатар гэнэт босч ирээд л “Өлсгөлөн зарлая” гэсэн гэдэг. Учиргүй өлсч ундаасах тухай ярьж эхлэхэд нь зөвлөлийн гишүүд нь ч гайхсан гэдэг. Арга ч үгүй юм. Тухайн үед Монгол хүн “Өлсгөлөн зарлана” гэвэл амны бэлгэгүй гэхчлэн авч хэлэлцэж таарна. Түүнийг ийн хэлсэнд зарим нөхөд нь ч “Муу ёрлолоо, амны бэлгэгүй” гэх мэтээр шүүмжилсэн аж. Гэтэл хурлыг даргалж байсан Э.Бат-Үүл дуугүй босч, шохой аван самбар дээр нэрээ бичиж “Би л хувьдаа өлсгөлөн зарлалаа. Дагах хүмүүс байвал дор нь нэрээ бич” гэсэн гэдэг. Улмаар арав орчим хүн мөнөөх самбарт нэрээ бичиж хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 6-нд өлсгөлөнгөө эхлүүлсэн юм. Гурав хоног үргэлжилсэн өлсгөлөн ч үр дүнд хүрч дүлий дүмбэ оргиж байсан Улс төрийн товчоо ч хариу мэдэгдэл хийв.

Ийнхүү хахир хувьсгалт тэмцэл ялж сайн цагийн эхлэл урин хавартай учран золгосон түүхтэй. Хувьсгал ялсан ч Хадбаатар хамгаалалтын албаа ахлахын зэрэгцээ С.Зориг, Э.Бат-Үүл нарын жолоочоор хэсэг ажиллажээ. Түүнийг жолоочоор ажиллаж байхад МоАХ хоёр Волга машинтай болж. Нэгийг нь Хадаа унаж С.Зоригийн жолоочоор ажиллаж байтал машин эвдэрсэн л дээ. Эд хөрөнгө л болсон хойно элэгдэж хорогдох нь мэдээж. Тухайн үед машиных нь сэлбэг хэрэгсэл ховор байсан учир машин “нугасладаг” хэмээн холбооныхон нь тоглоом тохуу хийдэг байсан аж. Ийнхүү Хадбаатар гэх хүн “Нугас” хэмээх хоч авсан түүхтэй.

Өдгөө Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Ахмадын хорооны даргаар ажиллаж буй тэрээр уран бүтээлээ орхилгүй өдийг хүрчээ. Ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлэх гэрэл зургуудыг өнгө будгаар амилуулж байгаа Хадаа ах 2010 оноос хойш Ардчилсан хувьсгалд гар бие оролцсон 500 орчим хүний бодит дүрийг уран зурагт буулгасан гэдэг. Түүний туурвисан бүтээлийг сонирхож гэрт нь саатсан юм. Жижигхэн байр нь бүхэлдээ уран зургийн галлерей гэлтэй энд тэндгүй өнгө алагласан жаазтай зургууд жирийтэл өрөөтэй. Зураг бүхэн түүх өгүүлэх агаад ардчилсан хувьсгалын анхдагч партизануудаас аваад жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж байсан гишүүд, өдгөө бидний дунд үгүй болсон ардчиллын алтан хараацайнуудыг дүрсэлжээ. 25 жилийн өмнө хийсэн хувьсгал ийн уран зургаар амилж байгаа нь хожмын нэг өдөр алтаар үнэлэгдэх арвин баялаг архив болон үлдэх нь мэдээж. Эл бүтээл туурвилуудыг тэр бүр хүн үзэж хараагүй бөгөөд энэ жил Ардчилсан хувьсгалын түүхт 25 жилийн ойг тохиолдуулан үзэсгэлэнгээ дэлгэж олны хүртээл болгох юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан