Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэ-Уул: Улс төр, эдийн засаг, эрх мэдлийн бүлэглэл улс орныг муухай харагдуулж байна
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойдоо хүрч буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт ушигчдадаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа ээлжит зочноор Ж.Эрдэнэ-Уулыг урилаа.

-Таныг МоАХ-ны тэргүүн эгнээнд тэмцсэн партизануудын нэг гэдэг. Ер нь, партизанууд гэж хэнийг хэлэх вэ. Энэ асуултаар яриагаа эхэлье?
-Тийм ээ. 1989-1990 онд Монгол Улсад Ардчилсан нийгэм байгуулах, түгээн дэлгэрүүлэх тэмцлийг Ардчилсан хувьсгал мөн гэдгийг төр нь ч хүлээн зөвшөөрч тунхагласан шүү дээ. Тийм ч учраас анхдагч тэмцэгчдийг МоАХ-ны партизанууд гэж явцын дунд нэрлэх болсноор бүр дасал болсон байна. Энэ тэмцлийн учир шалтгааныг монголчууд бүгд мэднэ. 25 жил яригдсан болохоор нуршсан олон тайлбар хэрэггүй биз. Миний бодлоор партизанууд гэж хэнийг хэлэх вэ гэхээр тухайн үед МоАХ-г байгуулан, манлайлан удирдаж байсан хүмүүс, МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд, аль нэг байгууллага, албан газруудад, орон нутагт МоАХ-ны анхны салбар зөвлөл санаачлан байгуулж, зохицуулагчаар, тэргүүлэгч гишүүдээр ажиллаж тодорхой үүрэг, хариуцлага үүрч, амь биеэ тангараглан зориулж байсан анхдагчдыг хэлээд байгаа юм шүү дээ. Одоо алтан партизанууд гэдэг болсон. Энэ үг надаас үүдэлтэй. Учир нь, 2012 онд би одоогийн МоАХ-ны удирдлагад тодорхой шалтгаанаар өргөдөл, тодорхойлолт бичихдээ “Намайг өнөөдөр МоАХ-ны энэ алтан партизанууд гэрчилнэ...” гээд нэрсийг нь биччихсэн юм. Тэгэхээр дэмжигчид, жагсаал цуг­лаанд оролцож байсан хүмүүс гэвэл Монгол Улсын өнцөг булан бүрт ёстой хэдэн мянгаараа бий. Энэ нөхөд маань тухайн үеийн төр, нийгмийн маш хатуу эсэргүүцэл, доромжлол, дарамтыг даван туулж, ард түмнийг уриалж дагуулж чадсан хүмүүс. Би журмынхаа нөхдийг үргэлж дурсан, хайрлаж хүндэтгэн, байнга уулзаж нөхөрлөж явдагаа хэлмээр байна.

-Таны ажиллаж байсан байгууллага дээр МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдсан тухай ярилцъя. Мөн ардчилсан тэмцэлд та хэрхэн оролцсон тухай?
-Би 18 настайдаа 1977 оны намар есдүгээр сард тухайн үеийн Улсын Киноны Ерөнхий газар гэж байх үед, одоогийн “Монгол кино” үйлдвэрт ажилд орохыг хүсч, ээжтэйгээ очиж байлаа. Тэр үеийн боловсон хүчний дарга Чулуунбат гуай надад Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Жигжидсүрэн гуайтай уулзахыг зөвлөсөн. Ээжийнхээ хамт өрөөнд нь орж уулзахад “Суварган цэнхэр уулс” уран сайхны кинонд туслах ажилтнаар авч, гурван хоногийн дараа Дорнод аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйн ... дугаар цэргийн отрядад кино зураг авахаар натурт явсан. Ингэж л миний ажил, амьдрал “Монгол кино” үйлдвэрт эхэлсэн юм. Тэр жилдээ нүүр хувиргагч Д.Бадамцэрэн багшдаа шавь орж суралцаад энэ мэргэжлийг эзэмшиж “Монгол кино”-ны үндсэн ажилтан болсон доо. Ингээд арав гаруй жил ажиллаж байхад 1989 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Монголын залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн болж, бүх чиглэлийн соёл урлагийн уран бүтээлчид оролцсоны дотроос “Монгол кино” үйлдвэрийн төлөөлөгчдөөр найруулагч, судлаач, зураач, жүжигчид оролцсон. Үүнд, миний санаж байгаагаар найруулагч Жумдаан, Хишигдорж, Уранчимэг, судлаач редактор Нарантуяа, жүжиг­чин Равдан, Базаррагчаа, зураач Төгөлдөр, Энхболд гэх мэт олон уран бүтээлч залуус оролцсон юм даг. Энд нэр нь орхигдсон нөхдөөсөө уучлалт хүсмээр байна.

Залуу уран бүтээлчдийн ул­сын зөвлөлгөөн чинь 3-4 өдөр үргэлжилсэн байдаг. Дуусах өдрийн өмнөхөн манай үйлдвэрийн залуу жүжигчин Базаррагчаа “За, Уул аа. Зөвлөлгөөн маргааш дуусах нь. Их сонирхолтой юм болж байна. Энэ зөвлөлгөөнөөс МоАХ байгуулагдлаа. Ийм ийм зорилготой, ингэж тэмцэнэ гэсэн үг” гэж хэлдэг юм байна. Би оролцож болох уу гэж асуугаад шууд л очиж, гишүүнээр нь элслээ. Тэгээд л тэмцэлд шулуудаж, оролцож эхэлсэн. Базаррагчаа бол миний дотны найз. 1985-1989 онд бид Х.Дамдин найруулагчийн уран бүтээл “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа” уран сайхны кинонд хамт ажилласан. Найз маань улсын баатар пульемётчин Аюуш, мөн Сүхбаатар жанжны идэр насны дүрд тоглож, би нүүр хувиргагчаар ажиллаж дотносон нөхөрлөөд, салшгүй найз болсон юм.
Ардчилсан холбооны Уул, Үүл... Хоёр буурал

-Тэгэхээр та ардчиллын хамгийн анхны үйл хэргээс нь л оролцож эхэлсэн байх нь.
-Шинээр байгуулагдсан МоАХ-ноос улс төрийн анхны цуглаан зохион байгуулахаар болж, улс даяар өрнөхөд тухайн үеийн залуучуудын Соёлын төвийн үүдэнд товлож зарласан. Манай үйлдвэр дээр мэдээж элдвийн яриа өрнөж, цөөн хэдэн залуус дэмжиж эхэлсэн юм. Яг энэ үед миний бие манай баримтат киноны уран бүтээлч, оператор Дэмбэрэл ах дээр ороод МоАХ-ны анхны цуглаан зарлагдсан, танай баримтат киноныхон зураг авах болов уу гэж асуухад харин тийм тодорхой шийдвэр гараагүй байна, хэдүүлээ хамт дарга нар дээр орох уу гэхэд би ч тэгье гэлээ. Дэмбэрэл ах, оператор Хуяг-Очир ахтай хамт Тойвгоо дарга дээр орсон юм. Тэнд орлогч дарга Тэрбиш гуайг мөн дуудаад ярилцлаа. Үйлдвэрийн маань дарга “Уг нь энэ цуглааны зургийг нь авах ёстой байх, гэхдээ...” гээд нэлээд эргэлзсэн байдалтай байна. Харин орлогч дарга “Ер нь, дээшээ яриад шийдчихсэн нь дээр байх” гэсэн санаа гаргалаа. Тэгэхээр нь л Тойвгоо дарга Соёлын сайд руу утас цохиж, нөгөө МоАХ-ны цуглаан маргааш болох нь, манай үйлдвэрийн МоАХ-нд элссэн залуу, баримтат киноныхонтой хамт орж ирээд зураг авахыг сануулж, шаар­даж байна гэж хэлсэн. Одоо энд миний өрөөнд орж ирчихээд байна, та юу гэх бол сайд аа гээд л асууж байна. Тэгэхэд сайд “Энэ бол та нарын хийх ёстой ажил, тэр ажлаа л хий” гээд шууд л тодорхой хариу өгсөн юм. Яг энэ цаг мөчөөс эхлээд манай үйлдвэрийн баримтат киноны уран бүтээлчид МоАХ-ноос зохион байгуулсан бүх л арга хэмжээ, үйл ажиллагааны зургийг авч, үнэ цэнэтэй материал, баримтат кинонууд хийж үлдээсэн хүмүүс. Үүнийг тодотгож ярьж байгаа минь учиртай. Тухайн цаг үед нам төрийн удирдлага нь, нийгэм нь улс төрийн, эсэргүүцлийн жагсаал цуглаан хүлээн авах нь байтугай гайхсан, айсан, эргэлзэж тээнэгэлзсэн гэдэг утгаараа хэн ч, хаана ч МоАХ-ны үйл хэргийг шууд дэмжих боломжгүй хатуу хяналттай байлаа. Ийм нөхцөлд сая нэр дурдсан дарга нар, уран бүтээлчид маань зориг гаргаж чадсан, тэгээд ч тэдэнд буруу байхгүй шүү дээ. Тэр уулзалтын дараагийн өглөө нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд цуглаан руу манай баримтат киноныхон, дарга нартай хамт очсон. Хоёр дарга цуглааныг ажиглахын тулд хашааны гадна талаас харж, машиндаа байсан. Уран бүтээлчид зураг авах ажлаа хийхийн тулд дотогш орж, би салбар зөвлөлийнхөө залуустай цуглаандаа оролцлоо. Энэ цуглаанд манай үйлдвэрээс миний бие, тайзны дархан Тамираа, Баттөмөр, мужаан Эрдэнэ-Очир, Баярсайхан, Баттулга, сантехникч Гонгор, операторын туслахууд, гэрэлтүүлэгч Сэлэнгэ, Энхбаатар, Энхтүвшин зэрэг олон залуус оролцсон байдаг юм. Мөн манай үйлдвэрээс жүжигчин Равдан Засаг төрөөс шаардаж буй 13 зүйл бүхий шаардлага уншиж, Базаррагчаа хэвлэлийн эрх чөлөөний тухай үг хэлж, найруулагч Хишигдорж индэр дээр гар барилцан, бид Цогтсайхан, Энхбаяр нартай “Хонхны дуу” дуулж тэмцлийн эхлэлийг тавьж байлаа.

Ж.Эрдэнэ-Уул өлсгөлөнд туг барьж оролцжээ

-Тухайн үед газар газарт Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулагдсан байдаг. Танай үйлдвэрийн хувьд салбар зөвлөл хэрхэн үүссэн бэ?

Улсын Киноны Ерөнхий газрын МоАХ-ны салбар зөвлөл гэвэл 1989 оны арванхоёрдугаар сарын 14-нд үйлдвэрийн шинэ байранд, дууны дахин бичилтийн зааланд үүссэн түүхтэй. Гучаад залуу ажилтан бид хоцрох ёсгүй гэдгээ ярил­цан, санал солилцоод салбар зөвлөл байгуулж буйгаа зарласан юм. Зориг шулуудсан миний бие, Н.Эрдэнэбилэг, С.Батчулуун, Гонгор, Төмөрбаатар, Төмөрсүх, Батдэлгэр, Энхбаяр, Цэдэндамба, Цогзол, Алзах­­гүй­­баатар, Дарамсүрэн, Дагир­маа, Эрдэнэ-Очир гээд олон хүн байсан. Зарим нь шууд дэмжих янзгүй, маргаан болж хувирах шинж цухалзаад ирэхээр нь бид МоАХ-г дэмжиж байгаа нь баруун талд, үгүй нь зүүн талд сууя гэж зарлаад хуваачихсан. Тэгээд дэмжсэн талынхан нь хурлаа үргэлжлүүлж, Улсын Киноны Ерөнхий газрын Ардчилсан холбоог байгуулж, анхны салбар зөв­лөлийн зохицуулагчаар бо­ловс­­рол, мэргэжил харгалзан Н.Эр­дэнэбилэг инженерийг сонгож байлаа. Харин 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхны Их хурал болж манайхаас цөөн хэ­дэн хүн төлөөлөгчөөр оролцсон юм. Энэ хурлаас Монголын Ардчил­сан нам байгуулагдаж, манай үйлд­­вэр дээр ч мөн МоАН-ын сал­бар зөвлөл байгуулагдсан хэрэг. Ши­нэ зөвлөлийнхөө даргаар мөн л Н.Эрдэнэбилэгийг сонгож, түү­нээс хойш миний бие салбар зөв­лө­лийнхөө ажлыг удирдаж ирлээ дээ.

-Нэгэнт байгуулсан салбар зөвлөл нам, холбооныхоо үйл ажиллагааг сурталчилж таниулах нь хамгийн чухал ажил байсан болов уу?
-Манай салбар зөвлөлд их олон ажил зохион байгуулагдсан байдаг юм. Мэдээж МоАХ-г сурталчилж, ойлгуулах, гишүүн элсүүлэх, ухуулга сонингоо тараана. Мөн үйлдвэрийн удирдлагад санал болгосны үр дүнд бямба гараг бүрийн сонин уншлага дээр МоАХ-ны удирдлагаас нэг хүн урьж ирүүлэн, ажилтнуудтай уулзуулдаг болсон. Байгууллага маань 500 орчим ажилтан, албан хаагчтай том айл байсан шүү дээ. Энэ уулзалтуудад Бошигт гуай, Нинж, Энхсайхан, Бат-Үүл нарыг урьж авчирсан. Их сонирхолтой ярилц­­лагын төгсгөлд асуулт хариу өр­нөөд, ажилтнууд маань ч өргөнөөр оролц­дог болсон юм. Манай холбооны зорилго, үйл ажиллагааг ойлгож, дэмжих хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, бидний эгнээ өргөжихөд их үр дүнтэй ажил байлаа шүү дээ.

-Тэмцлийн оргил болсон өлсгөлөн зарлах тэр өдөр та ямар оролцоотой байсан бэ?
-1990 оны гуравдугаар сарын 7-нд МУИС-ийн дугуй зааланд нэлээд маргалдсаны эцэст төв талбайд улс төрийн өлсгөлөн зохион байгуулахаар болсон юм. Энэ үйл ажиллагаанд манай салбар зөвлөл хувь нэмрээ оруулах ёстой гэж үзээд удирдлагууддаа өргөдөл бичсэн. Үйлдвэрээс гэрийн эсгий туурга, хөвөнтэй туурга тус бүр таван ширхэг гаргаж өгнө үү гэж хүссэн. Үүнийгээ өлсгөлөн зохион байгуулахад хүргэж өгөх байсан юм. Гэвч манай удирдлагууд шийдэж өгөөгүй л дээ. Тэр өргөдлөө бариад явж байтал дууны техникийн Төмөрсүх, С.Батчулуун нар таарч ач боллоо. Төмөрсүх маань одоогийн Үндэсний олон нийтийн телевизийн дуу оруулагч Дарамсүрэн ахын ха­шаанд гэр барьчихсан байж. Түү­нийгээ буулгаад аваачиж өгье гэж байна. Ингээд л Төмөрсүхийнхээ гэрийг буулгаж дээвэр, туургыг нь төв талбайд өлсгөлөн зарлаж буй журмын нөхөддөө дэвсээд өгсөн юм. Тэр үед Улсын киноны ерөнхий газ­рын дарга нарт хаяглаж гараар бичсэн өргөдөл одоо ч надад хад­галагддаг. Энэ дашрамд өөр нэг дурсамж хэлье. 1991 оны зун шиг санагдаж байна. МоАХ-ны хоёрдугаар их хурлын тов гарч, манай холбооноос Баттүвшингийн гарын үсэгтэй албан бичиг аваад үйлдвэртээ очлоо. Тэр бичиг нь “Манай намын хоёрдугаар их хурал болохтой холбогдуулж
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан