Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОЁР АЖЛЫН АРД ГАРСАН НАМРЫН ЧУУЛГАН МАРГААШ ХААНА


Монгол Улсын хууль тогтоох бүрэн эрхт институцын үйл ажиллагааны нэгэн үе маргааш өндөрлөнө. 2014 оны намрын ээлжит чуулганы хаалтын өмнөх хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өнөөдөр ч үргэлжилж байна. З.Энхболд даргатай УИХ өнгөрсөн чуулганы хугацаанд хэрхэн ажилласныг эргэж харвал тийм ч сайн үр дүнтэй гэж хэлэхэд хэцүү аж. Гэхдээ баталсан, шинэчилсэн хуулийн төсөл цөөнгүй гэдэгтэй маргах аргагүй. Товчхондоо, намрын чуулганаар хийсэн хоёр гол ажил байх юм. Нэгдүгээрт, Засгийн газраа шинэчилж, Шинэчлэлийн гэх Н.Алтанхуягийн кабинетыг огцруулаад Шийдлийн гэх Ч.Сайханбилэгийн танхим бүрдүүлсэн. Тэр хэрээр улс төрийн бужигнаан, албан тушаалын шуугиан, сунгаа уралдаан эхэлсэн нь одоо ч дуусаагүй нь бий. Харин хоёр дахь том ажил нь 2015 оны төсвийг баталсан явдал. Нэгэнт гүйцэтгэх засаглалын мандал, буурлын завсарт тохиосон төсөв учраас түүнийг шинээр томилогдсон сайд нар өөрөөр харж, өөрчлөн өргөн барих нь тодорхой байсан. Тэр ч ёсоор болж шинэ он эхэлсэн даруйд төсвийн тодотголын төслийг Сангийн сайд парламентад оруулж ирлээ. Түүнийгээ ч батлуулж дөнгөсөн.  Мэдээж энэ бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай Засгийн газрын бүх гишүүний хүчин чармайлтын үр дүн.


Норовын хүү халагдаж, Чимэдийн хүү ор залгав

Засгийн газар бууж, дараагийнх нь бүрдэнэ гэдэг төрийн тогтолцооны хувьд шинэ сонгуулийн үр дүнд парламент дахин байгуулсантай дүйцэхүйц бужигнаан үүсгэдэг аж. Эхлээд Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгт олон хүн тархиа гашилгасны дотор Ардчилсан намынхан илүү хамаарна. Тэдэнд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг болон Д.Ганбат нарын аль нэгийг нь Ерөнхий сайд болгох сонголт байсан. Гэвч эхнийх нь санал хураалтаар ялагдаж, сүүлийнх нь нэрээ татсанаар Чимэдийн хүү Сайханбилэг манай улсын 28 дахь Ерөнхий сайд болсон. Норовын хүү Алтанхуягаас тамга гардан аваад тэр танхимаа хэрхэн бүрдүүлэхэд тархиа гашилгаж эхэлсэн. Үндсэндээ парламентад суудалтай дөрвөн нам, эвсэл цөм хамаарсан Шийдлийн Засгийн газар бүрдэх нь тодорхой болсон ч хаанаас хэн нь ямар сайд болохыг шууд хэлэхэд бэрх байв. Хожим салбар толгойлсон сайд нарынхаа багийг бүрдүүлсэн хойноо “Намуудтай зөвшилцөнө гэдэг хэцүү ажил шүү” хэмээн халшрангуй бувтнасан нь ч бий. Юутай ч, АН засаглалаа тэргүүлж, МАН шадарлаж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гүйцэтгэл хариуцаж, ИЗНН-ынханд сайдын суудал олдоогүй ч Засгийн газрыг дэмжиж ажиллах нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг манлайлж, У.Хүрэлсүх удаалж, М.Энхсайханд элдэв хачиргүй Монгол Улсын сайд гэх алба оноосон бол С.Оюун, С.Дэмбэрэл нар парламентын танхимд засгийн бодлогыг дэмжигч төлөөлөл болов. Тэдний эсрэг нам нийлж, сэм хуйвалдаагүй ч бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бид жинхэнэ сөрөг  хүчин” гэж хэлэх бололцоо олдсон юм.

Арай хийж салбарын тэргүүнүүдээ тогтсоны дараа дэд сайд гэх дараагийн сунгаа эхэлсэн. Чиглэл хариуцсан 15 яаманд төдий тооны дэд сайд шаардлагатай. Улс төрийн албан тушаалтан учраас сайдад горилогсдыг намууд хоорондоо л ойлголцчихвол бүтчих хэрэг. Тэгээд ч дэд сайд нь салбарын сайдаа эзгүй юм уу, ажил нь амжихгүй байгаа тохиолдолд л идэвхжих орлогчийн рольтой учраас тэгтэл сэтгэл зовоох зүйл биш. Харин Төрийн нарийн бичгийн дарга нарын сэлгээ л хамгаас их анхаарал татна. Яамны үйл хэргийн тасралтгүй байдлыг хангаж, салбарын сайддаа шадарлан зүтгэж, төрийн байгууллагуудтай холбог­до­­хоос өгсүүлээд орлого, зарлагын гүйлгээ гээд бүхий л зүйлийг хариуцах төрийн хар хүн энэ албанд тохирно. Тэр ч утгаараа Төрийн албаны зөвлөл шилж, сонгож, шалгаруулж байж томилох учиртай. Гэтэл үүнээс өмнө улс төрийн тохироо, солио наймаа явагдах нь гарцаагүй учраас багагүй ээдрээтэй байгаа юм. Хамгийн сүүлд таван хүн л ТАЗ-ийн шалгалтад тэнцээд, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулаад, ажилдаа томилогдох нь тодорхой болсон. Харин хоёр хүний шалгалтын материал, шинжээ үзлэг нь маргаан үүссэн гээд шүүхэд шилжсэн байна. Бусад яамны хувьд Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж буй юм.

Эдгээрийн араас агентлаг, газрын дарга нарын сэлгээ ч орж ирж буй. Гурван гишүүнтэй сөрөг хүчнээс “Энэ халаа сэлгээ эцэстээ баг, хорооны даргын түвшинд хүрч байж дуусна. Тэр үед дараагийн сонгууль болох учраас төр үндсэндээ зогсолтод орно гэсэн үг” хэмээн ширүүхэн шүүмжилж байсан. Хамгийн эхэнд Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар шинэчлэгдсэн. Дараа нь, суларсан орон тоонд хүн томилох асуудал эхэлсэн. Жишээ нь, Ерөнхий прокуророор ЦЕГ-ын дэд дарга байсан М.Энх-Амгаланг саяхан томиллоо. АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилсон бол Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг улираав.
Сэлгээ, халаа нь зөвхөн Засгийн газар түүний бүрэлдэ­хүүн, харьяа агент­ла­гийн түв­шинд өрнөөгүй. Нэгэнт УИХ-д суудалтай бүх нам, эвсэл харилцан ойлголцолд хүрсэн тул парламентын түвшинд ч шинэчлэл хийсэн. Байнгын хорооны дарга нарын дийлэнх нь өөрчлөгдөж, түүнд хамаарах дэд хороодыг ч сэлгээ дайрч өнгөрөв. Бүлгээсээ би л ганцаараа “дан дээлтэй” гэж урвайх, ундууцахын дундуур хэлж явсан О.Баасанхүү гишүүн хүртэл Өргөд­лийн байнгын хорооны дарга болж аймгийн Засаг дарга нарт саналын хайр­цаг бэлэглэж эхэллээ. Ингэхээр “сөрөг хүчний” хэлдэг үг үнэн ч юм шиг санагдах аж. Юутай ч, 2012 оны сонгуулийн дүнгээр бай­гуу­лагдсан З.Энхболдын тэргүүл­сэн парламент хоёр дахь Ерөнхий сайдаа томилон ажиллаж байна.

Батлаад, сарын дараа тодотгосон төсөв

Хойтон жил төвлөрүүлэх, зарцуулах мөнгөө төлөвлөөд сар гаруйн дараа өөрчлөхөөр өргөн барина гэдэг бол тун хариуцлагагүй төсөв баталсны шинж. Гэвч энэ удаад бүх зүйл өнөөх Н.Алтанхуягаас эхлэлтэй байв. Түүний тэргүүлсэн Засгийн газарт Сангийн яамыг Ч.Улаан жолоодож байгаад төсөөлөл, тооцоололдоо тулгуурлан төсөв оруулж ирж. Түүнийг ч УИХ дөрвөн ч удаагийн хэлэлцүүлгээр дамжуулан чадлаараа чамбайруулаад батлаад өгсөн. Ийнхүү ажиллах зорилго тодорхой, хийх үйл хэргийн төсөв ойлгомжтой болоод хурдны араандаа хийтэл жолоодогч нь хамраараа газар хатгачихав. Н.Алтан­хуягийг огцруулъя гэсэн саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнээр Засгийн газрын 18 сайд дагаад буусан. Өөрөөр хэлбэл, төсөв оноож, хуваарилж, тэнцүүлж өгсөн яамд нь цомхотголд өртөж оронд нь шинэ яам, салбар, агентлаг бий болсон юм. Хөрөнгө, төсөв очих эзэн нь тодорхойгүй болчихоор түү­нийг тодотгох зайлшгүй шаардлагын үүд­нээс л Сангийн яамны шинэ тэргүүн Ж.Эрдэнэбат өөрчлөлт боловсруулж эхэлсэн биз. Цоо шинээр төсөв баталж бай­гаа­­гаас ялгаагүй их ажил өрнүүлж байж энэ тодотголын ард гарсан. Гэхдээ...
Гэхдээ ажлаа хүлээж аваад ес дэх хоног дээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг...” хэмээх илтгэлээ Их хурлын индэр дээрээс ард түмэндээ хандаж хэлсэн. Түүний үгнээс төсвийн тодотголын ерөнхий дүр зургийг харж болохоор байв. Тодруулбал, халамжийн мөнгийг ханатал нь танаад, хувийн хэвшлийг ханатал нь тэтгээд, эдийн засгаа эргэж сэргээхгүй бол бид бүгдээрээ элгээрээ хэвтэх нь гэж тэр сэрэмжлүүлсэн. Олон халамжийг хална гэсэнд зарим иргэн дэмжихгүй байгаагаа илэрхийлж, дахин бодож үзэхийг хүсч байв.

Засгийн тэргүүн ч буулт хийсэн. Тэрээр төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн алдагдлын үед ард иргэдийнхээ халаасыг тэмтэрч, хэтэвчийг нь хоосолж, бүсийг нь чангалахаа болилоо гээд батлуулсан. Харин хөрөнгө оруулалт, хувийн хэвшил, бизнесийн идэвхжлийг нэмэх төслүүдээсээ ухрах аргагүй гэдэг байр суурьтай байлаа. Ард иргэдээс санал асууж, том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сайжруулахаар шийдэн, холбоотой хуулийн болоод тогтоолын төслүүдээ УИХ-аар батлуулах гэж байгаа.
Юутай ч, УИХ-аас төсвийн таналт, хэмнэлтийг боломжийн хэрээр хийж өгсөн.

Ингэхдээ халамжийн дансанд ха­маагүй гар хүрэхгүй байхыг олонхоор са­нуулсан. Одоогоор улсын төсвөөс хөрөнгө саарч, саатаж, гацаж хүлээгдсэн зүйл байхгүй болохыг хариуцсан мэр­гэжилтнүүд итгэл дүүрэн хэлж буй юм.

Бусад буюу баталсан хуулиас онцлох нь

Хэрэв дээрх хоёр зүйлийг л онцлоод үлдсэнийг нь бусад хэмээх ангилалд оруулж тооцвол тэр дундаа ч анхаарал татах хуулийн төсөл, үйл явдал цөөнгүй байгааг цухас дурдъя.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эргэн харах нэрээр монголчууд өмнө нь баталсан шийдвэрээ өөрчилж орхисон. УИХ-ын тогтоолыг өөрчлөн баталснаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт гэсэн гурван хэсгээр БНХАУ-тай төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн цариг /нарийн/-аар холбогдож, хилээ сэтлэх шийдвэрт хүрсэн. Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиг­лэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай /өргөн/ барихаар болсон юм.
Боловсролын талаар баримт­лах бодлгоо шинэчлэн баталсан. Уг шинэчлэлд боловсролын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо шат бол­гонд ямар чиглэлийг гол болгохоо дурджээ. Жишээ нь, сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургах, сургуульд бэлдэх гэхээс илүү хүнийг хөгжлийн үн­дэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн үзнэ гэсэн байна. Энэ мэтээр бага боловсролыг сурах арга барилтай монгол хүүхэд төлөв­ших үе, суурь боловсролыг бүтээл­чээр бие дааж сурах чадвартай иргэн төлөвших үе, дээд болон мэргэжлийн боловсролыг үндэсний инновацийн чадав­хийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруу­лах чадамжтай болгох үе гэж тодорхойлжээ.

Мөн жил бүрийн намрын чуулганы хугацаанд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ойн өдөр тохиодог. Энэ оны хувьд 25 жилийн ой болж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. УИХ-ын Тамгын газраас олон арга хэмжээ зохион байгуулсны дотор эх хуулийн үнэ цэнэ, үр өгөөжийг эргэн харах анхдугаар Үндсэн хууль тогтоогч депутатуудын чуулган байсан юм. Уг чуулганы үр дүнд анхлан баталсан эрхмүүд энэ Үндсэн хуулийг солих, засах зүйл бараг үгүй гэдгийг хэлж байлаа. Гэвч үүнийг илүү тодорхой болгох үүднээс УИХ-ын дарга З.Энхболдын үүрэг болгосноор УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилсон юм. Тэдний гол зорилгыг 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг эргэн харах гэж гаднаас нь тандах хүн цөөнгүй байна. Үүнээс гадна Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид агсны нэрэмжит шагналыг УИХ-аас санаачлан бий болголоо. Анхны шагналтан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болж, Үндсэн хуулийн тухай судалгааны бүтээлээрээ хүртсэн.

Нэгдсэн чуулганы хугацаанд Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг баталсан. 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталснаас хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулсан гэнэ. Харин энэ удаагийн шинэчлэлээр даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхийг хуульчлан баталгаажуулж өгчээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Монгол хэлний тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр төрийн албанд үндэсний монгол хэл, бичиг буюу уйгуржин бичгээр ажил хэргээ давхар хөтлөн явах үүрэгтэй болж буй юм. Мөн бага ангийн хүүхдүүдэд гадаад хэлийг хэзээнээс, хэрхэн заах асуудал нэг мөр шийдэгдэж буйгаар онцлог.

Эцэст нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор хилийн чанадад Монгол Улсыг төлөөлөн сууж байсан найман Элчин сайдыг эгүүлэн татах, тэдний оронд есөн хүн нөхөн томилох асуудлаар зөвшилцөн баталсан. Ийнхүү Лаос, Сингапур, Куба, Энэтхэг, Египет, Австрали, Тайланд, Польш болон НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар шинээр томилогдож буй юм.
Чуулганы хаалтын өмнө амжиж батлах олон хууль, тогтоолын төслийг бөөнддөг нь бараг уламжлал мэт болсон. Тэдгээрийг маргааш гэхэд эцэслэн шийдвэрлээд 2014 оны намрын чуулганаа хаана.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан