Энэ үгийг МоАХ-ны Анхдугаар Их Хурлын индэр дээрээс хурц тодоор хэлсэн юм. Одоогоос яг 25 жилийн өмнө, 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Монголд анх удаа иргэдийн өөрсдийн нь хүсэл зориг, үүсгэл санаачилгаар үүсэн байгуулагдсан МоАХ гэдэг улс төр, олон нийтийн байгууллагын Анхдугаар Их хурал хуралдаж байжээ. Энэ Их хурал МоАХ байгуулагдсаныг албан ёсоор зарласантайгаа нэгэн адил Монголын улс төр, нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх цаг болсон гэдэг онолын үндсийг тавин баталгаажуулснаараа түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Билгийн улирлын Цагаан сар дөхөж, айлууд хэдийнэ хэвийн боов, буузаа хийж амсхийх завгүй байсан ч энэ хурлын үйл явцыг, жүжигчин Д.Сосорбарамын тавьсан улс төрийн илтгэлийг хаа байсан газраа, хурал болж байсан МҮЭСТО-ны үүдэнд хэдэн мянгаараа цугларан чанга яригчаар чих тавин сонсч байлаа. Яг л тэр мөчид нэг намын дарангуйлсан, хаалттай нийгэм эцэс болж иргэн бүр үгээ чөлөөтэй хэлдэг, өөрийн гэсэн өмчтэй болох сайхан цаг ойрхон байгаа юм байна гэсэн итгэл хүн бүрийн тархинд төрж, энэ их үйлст өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулъя гэдэг хүслийн оч цээжинд нь бадарч байсаан. Чухам ингэж энэ олон оч нийлэн байж ардчилсан хувьсгалын их галыг бадраасан юм. 25 жилийн тэртээ болсон тэр их хурлын индэр дээрээс жүжигчин Д.Сосорбарамын тавьсан МоАХ-ны улстөрийн илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
(Илтгэгч Д. Сосорбарам )
Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо
Бид 70 жилийн турш Аугаа их Октябрийн Ленинч үзэл санааны хувьсгалжуулагч шууд нөлөөний дор Монгол Улсад Ардын хувьсгал ялснаар социализм байгуулж байна гэж ярьж, бахархаж ирсэн билээ. Гэтэл ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, Дорнод Европын орнуудын ардчилсан үндсэн шинэчлэлийн зүй тогтол нөхцөл байдал нь яг Октябрийн Хувьсгалынх шиг бүх ард түмний ардчилсан хөдөлгөөн болж манай эх орныг хамарч байхад, түүнийг “сохроор хуулбарласан”, “ард түмэнд хортой үзэгдэл явуулга”, “аюултай ялзрал завхрал”, “ард түмний эсрэг хэсэг үл бүтэх залуусын өдөөн хатгалга” гэж нэрлэж байгаа хүмүүс байсаар байна. Энэ бол цагийн хүрдийг ухрааж, түүхийн ариун шудрага үйл явцыг зогсоох гэсэн сталинч-цэдэнбалч хуучин дэглэмийн эцсийн явуургүй оролдлого мөн.
Монголын ажилчин, малчин анги өнөөдөр жинхэнэ ардчилсан хувьсгалаа өрнүүлж эхлээд байна. Ялангуяа Монголын ажилчин анги ард түмнийхээ ашиг сонирхолд туйлын үнэнч, хувьсгалын жинхэнэ шийдвэрлэгч хүч болсныг манай ардчилсан хувьсгалын 70 өдрийн үйл явц үнэхээр харуулж чадлаа. Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хурлаас ажилчин ангидаа баяр талархлаа дэвшүүлж, зүй ёсоор бахархаж байгаагаа илэрхийлье.
Өнөөдөр бид анхны дуудлагаар дуу хоолойгоо нэгтгэн, ардчилсан дэвшлийн замд орж, аз жаргалтай ирээдүйн баталгаа болсон хувьсгалч хүч-залуу үеийнхнээрээ бахархаж байна.
Нэг намын хэмжээгүй эрхийг бүрмөсөн халах, ард түмнийг дарангуйлсан нам- төрийн захиргаадлын удирдлагыг бий болгож, “хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй” хайрлан хамгаалж буй хүнд сурталт улс төрийн тогтолцлын аюумшигт оньсыг устган зайлуулах, хөдөлмөрчин ангийг шулан мөлжиж, зөвхөн өөрсдийнхөө эрх дархыг хадгалахыг эрмэлзэж буй ард түмний эсрэг бүлэг гэмт этгээдийн хууль бус засаглалын мөн чанарыг уудлан илчилж унагаах хувьсгалт шаардлагын талаар бидний зохион байгуулсан цуглаанууд дээр тодорхой яригдсаныг та бүхэн сайн мэдэж байгаа учир энд дахин давтан нарийвчлан толилуулах шаардлагагүй болов уу.
Манай хувьсгал бол хүнд сурталтанд үхлийн аюултай, тэдний дэглэм журам, эрх ямбыг таягдан хаях ард түмний сүр хүчит давалгаа мөн. Манай хувьсгал бол чин шударга өгөөмөр үзэл санааны төлөө, ард түмний өөрийнх нь жинхэнэ засаглал тогтоохын төлөө, эртний монгол нутагт хэлмэгдүүлэгч, залхаан цээрлүүлэгч дэглэмийг дахин хэзээ ч өндийлгөхгүйн төлөө, манай үр ач, хойч үе маань аз жаргалтай амьдрахын төлөө хийж байгаа ариун тэмцэл юм.
Монголын Ардчилсан Холбооны зорилго бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үнэнч байж, түүнийхээ төлөө цуцалтгүй тэмцэх, хүн ард энх амгалан аж төрөн хөдөлмөрлөж, аж амьдралаа хэлбэрэлтгүй дээшлүүлэх, үндэстэн ястны эв нэгдлийг эрхэмлэх, хүний эрхийг төгс баталгаажуулж, шударга ариун ёст ардчилал тогтоох явдал мөн.
Монголын Ардчилсан Холбоо оршин тогтнож байгаа цагт нийт ард түмний ардчилсан хөдөлгөөн үеийн үед ариун үзэл санааныхаа манаанд зогсож, өөрийн хувьсгалт хүч чадлаараа түүний баталгаа болж байх болно.
Манай орны насанд хүрсэн хүн амын дийлэнх хэсэг Монголын Ардчилсан Холбооноос дэвшүүлж байгаа улс төрийн гол чиглэл, шаардлагыг бүрэн дүүрэн дэмжин талархаж байна. Өнөөдөр манай уудам дэлгэр орны өнцөг булан бүрт Монголын Ардчилсан Холбооны салбар зөвлөлүүд байгуулагдаж, ихэнх аймаг хотод Монголын Ардчилсан Холбоог дэмжсэн хөдөлмөрчдийн цуглаан болж, бүх орон даяар Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурал хуран чуулж байгаа түүхт энэ өдрийг тэмдэглэн ард түмний ардчиллын их баяр болж байна. Ийм ч учраас бид өнөөдөр, ардчилсан хөдөлгөөн бол бүх ард түмний үйл явц мөн гэж бүрэн дүүрэн хэлэх үндэстэй юм...
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурал нь манай нийгэм - улс төрийн амьдралын түүхэн гол үйл явдал болж, монголын ард түмэнд жинхэнэ эрх чөлөөтэй, аз жаргалтай аж төрөх шинэ эрин үеийг нээж байна. Манай хөдөлмөрч ард түмэн өөрсдийн хувь заяаг бүрэн шийдэгч, эх орныхоо жинхэнэ эзэд нь байх эрхээ олж авлаа. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хуралд оролцогчид бид яруу алдарт Монголын ард түмэндээ аугаа их ялалтын чин сэтгэлийн баяр хүргэе.
Эхлээд манай улс төр, эдийн засаг, оюуны бодит байдалтай холбогдуулан Монголын Ардчилсан Холбооноос хийж буй үндсэн дүгнэлт, ардчилсан хөдөлгөөний хувьсгалт тэмцлийн онолын үндэслэлийг та бүхэндээ толилуулж, улмаар цаашдын үйл ажиллагаандаа баримтлах гол чиглэлийн талаар яръя.
1.ХОЁР ӨӨР ХЭВ МАЯГИЙН ҮЗЭЛ БА БОДЛОГО
Монголын Ардчилсан Холбоо ба эрх баригч нам нь Монголын нийгмийн хөгжлийн үндсэн асуудлаар өөр өөр байр суурь, үзэл бодолтой байна. Гэтэл Монголын Ардчилсан Холбоог Европын орнуудыг хуулбарлан, МАХН-ын бодлогыг дуурайж ярьдаг хэмээн гүтгэх боллоо. Иймд Монголын Ардчилсан Холбоо үзэл бодлоо намын бодлоготой жишиж тодруулъя.
Нэгд. Монголын Ардчилсан Холбоо нь бие хүн болон ард түмний бүтээлч үйлс, олон талт чөлөөт хөгжлийг монголын нийгмийн дэвшил цэцэглэлтийн гол хөдөлгөгч хүч, төв тэнхлэг гэж тодорхойлж байна. Харин эрх баригч нам нь материал — техникийн бааз байгуулах зорилтыг социализм байгуулж дуусгах үеийн жанжин шугам гэж үздэгийг бид сайн мэдэх билээ.
Хоёрт. Бид өөрчлөн байгуулалтыг жинхэнэ ардчилсан хувьсгал мөн гэж томъёолж байна. Түүнийг зөвхөн ард түмэн л төгс хэрэгжүүлж чадна. Эрх баригч нам нь өөрчлөн байгуулалтыг алгуур хувьсгал гэж үзээд өөрчлөн байгуулалтыг эдийн засгийн шинэтгэлээс эхлэн явууллаа. Иймд шинэтгэлийг хэрэгжүүлэгч гол хүч бол яамд газрууд, үйлдвэрийн захиргаа, намын анхан шатны байгууллагууд байх ёстой гэдгийг нам - төрийн удирдлага хатуу баримталж ирлээ. Үүнийг л бид өөрчлөн байгуулалт бүхэлдээ удааширсан гол шалтгаан хэмээн дүгнэж байгаа юм. Нам-төрийн бүх шатны удирдлага, гүйцэтгэх ажилтны дийлэнх нь 1961-1985 оны хооронд дэвшсэн хүмүүс байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй боловуу.
Гуравт. Монголын Ардчилсан Холбоо нь оршин тогтносон дал хоногийн хугацаанд манай нийгмийн хөгжлийн бүх асуудлаар онолын иж бүрэн концепци, улс төрийн хөтөлбөрийг төгс төгөлдөр боловсруулчихна гэдэгт хэн ч итгэхгүй шүү дээ. Гэтэл нам— төрийн өндөр мяндагтнууд биднийг концепцигүй, мөрийн хөтөлбөргүй дэвэргэн хөөргөгчид, дунд сэхээтний хэнээрхэгчид гэж хэвлэл мэдээллийнхээ хэрэгслээр дайран давшлах боллоо. Харин эрх баригч нам маань эхлээд эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо, дараа нь улс төрийн шинэчлэлийн чиглэлээ дэвшүүлсэн атлаа ард түмний нийгмийн хөгжлийн концепци, оюуны амьдралын шинэчлэлийн хөтөлбөрийг умартчихсанаа өнөөг хүртэл ард түмэндээ хэлээгүй явна. Тэгээд ч нам нийгмийн амьдралыг бүхэлд нь шинэчлэх цогцолбор концепцигүй, өөрийн хөтөлбөрийг шинэчлэн засварлаж дуусаагүй байгаа шүү дээ. Ийм нөхцөлд Монголын Ардчилсан Холбоо нь улс төрийн, ард түмний нийгмийн хөгжлийн, эдийн засгийн, оюуны амьдралын, гадаад харилцааны хувьсгалт шинэчлэлийн үндсэн асуудлаар баримтлах чиг шугамаа өөрийн орны өнөөгийн түүхэн өвөрмөц онцлогийг харгалзан томъёолж тодруулах оролдлогыг нэгэнт хийж эхлээд байна. Энэхүү чигийг баримтлан Монголын Ардчилсан Холбооны мөрийн хөтөлбөрийг ч боловсруулсан болно.
Дөрөвт. Манай орны нийгмийн хөгжил чухам аль шатанд байгааг, элдэв гажуудлын цар хэмжээ ямар болсныг, энэ нь хүрч очвол зохих замнал түвшингээс хэр их хазайсныг бодитой тогтоох явдал бидний хувьд тун төвөгтэй хүнд асуудал болж тавигдлаа. Хүнлэг шинжтэй ардчилсан социализм, хүнлэг ардчилсан нийгэм хэмээх ойлголтууд нь үлэмжийн ялгаа заагтай юм гэдгийг бид цохон тэмдэглэж хэлэх гэсэн юм. 30-аад онд хувьсгалт ардчилсан уламжлал хумигдсаныг Монголын Ардчилсан Холбоо сэргээн тогтоож, нийт хүн төрөлхтний үнэт сан хөмрөгөөр баяжуулан, ард түмний бүтээлч үйлсэд түшиж элдэв гажуудлаас улс орноо бүрэн цэвэршүүлж, улмаар хүнлэг ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байна. Улс орны нийгмийн хөгжлийн чиг шугам 30-аад оны эцэс гэхэд захиран тушаах хүнд сурталт дэглэм тогтсоны улмаас илт өөрчлөгдөж, феодалын нийгмээс феодалын биш нийгэмд шилжих их замаас хазайж, улмаар сталинч маягийн нийгэм байгуулах зүг рүү хэлбийн оржээ гэсэн дүгнэлтийг Монголын Ардчилсан Холбоо хийж байна.
Тавд. Хөдөлмөрчдийг хямд ажиллах хүч хэмээн үзэж, тэднийг “сайн ажилла”, “норм төлөвлөгөөгөө биелүүл” гэж албадан ажиллуулж, бага цалин хөлс өгөх чиглэлээр нам, төр, аж ахуйн байгууллагууд өөрийн бодлогоо олон жилийн турш махран явуулж ирлээ. Монголын Ардчилсан Холбоо ийм явуургүй бодлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд хөдөлмөрчдийг үлэмж үнэ цэнэтэй ажиллах хүч төдийгүй, хамгийн гол нь улс орны жинхэнэ эзэд, байгалийн баялгаа бүрэн эрхтэй өмчлөгчид, эдийн болон оюуны үйлдвэрлэлийн хэрэгсэл, үндэсний орлого, нэмүү бүтээгдэхүүнээ эзэмшигчид, нийгэм— улс төрийн болон соёлын амьдралыг цогцлон байгуулагчид, нийгмийн сэтгэлгээний уур амьсгал, олон нийтийн саналыг эрхэмлэн төлөвшүүлэгчид мөн гэж үнэлэн дээдэлдэгээ мэдэгдэж байна.
Зургаад. Материал - техникийн баазыг байгуулж, өргөжүүлэхдээ түүний үр ашгийг хэт бууруулах чиглэлээр асар их хөрөнгө хүчийг төвлөрүүлэх бодлогоо нам - засгийн удирдлага хэрэгжүүлж ирлээ. Үүнээс болж бага цар хэмжээт эдийн засаг маань нүсэр их өрөнд баригджээ. Ингэж ард түмнээ ядуувтар амьдралтай болгож, улс орноо дэлхийн ядуу орнуудын эгнээнд оруулсан юм. Ийм урагшгүй бодлогыг Монголын Ардчилсан Холбоо жигшин үзэж, эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Бид зарчмын огт өөр чиглэл бүхий бодлого явуулахыг зорин ажиллах болно. Тэгвэл бидний бодлогын гол чиглэл ямар байх вэ? гэсэн асуудал зүй ёсоор гарч ирнэ. Чухамхүү энэ л асуудал нам засгийн бодлогод, эдийн засгийн судалгаанд өртөгдөхгүй явсаар бүрэн мартагджээ. Үүнийг Монголын Ардчилсан Холбоо саянаас мэдрэн анзаарч судалж эхэллээ. Бид нийгэм эдийн засгийн бодлогын гол утга санааг хэд хэдэн хувилбарт тооцооны үндсэн дээр даацтай томъёолохыг оролдож байна. Хөдөлмөрийн үндэсний бүтээмж, бодит цалин хөлсний түвшинг дорвитой ахиулж, хэвийн тэнцвэрт харьцаанд оруулах, улмаар дотоод бодит хуримтлалын хэмжээ, хувийн жинг фонд өгөөмжийн дээшлэлт, материал багтаамжийн бууралтад тулгуурлан нэмэгдүүлэх бодлого барина. Энэхүү томъёолол нь бидний дэвшүүлж буй нийгэм эдийн засгийн бодлогын гол чиглэл байх болов уу хэмээн үзэж, их хуралдаа толилуулж байна. Харин нийгмийн үйлдвэрлэлийг дэвшингүй хөгжүүлж, ард түмний аж байдал соёлыг дээшлүүлнэ гэж намаас тунхагласан бодлого нь материал- техникийн баазад хэт их хөрөнгө оруулах бодлогоор солигдож өөрчлөгдсөнийг энэ дашрамд дурдах нь зүйтэй юм.
Долоод. Бид өөрчлөн байгуулалтыг ардчилсан хуьсгал хэмээн томъёолж байна. Эндээс уламжлан улс төрийн тогтолцлын шинэтгэлийг улс төрийн ардчилсан хувьсгалтай холбох шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Энэхүү хувьсгалын үндсэн агуулга нь захиран тушаах хүнд сурталт улс төрийн тогтолцлыг нэг намын хэт үнэмлэхүй ноёрхлоос ангижруулж, хүнлэг шинжтэй жинхэнэ ардчилсан улс төрийн болон олон намт тогтолцлыг тогтоон төлөвшүүлж, ард түмний өөрөө удирдах ёсыг мандуулан, эрх ёст ардчилсан засаглалыг бадраахад оршино. Харин нам засгийн удирдлага нь нэг намын явуургүй тогтолцлыг хэвээр үлдээж, захиргаадан албархах улс төрийн хуучирсан тогтолцолд урсгал маягийн засвар хийх чиглэлийг баримтлан хэрэгжүүлсээр байна. Үүнээс болж өөрчлөн байгуулалтын бүхий л үйл явц удааширч, улмаар зогсонги төрх шинж рүү гулсан орж эхэлсэн нь нэгэнт тодорхой болж байна.
Ийм долоон чиглэлээр Монголын Ардчилсан Холбоо, эрх баригч нам- төрийн удирдлага хоёр огт өөр үзэл бодолтой байгааг Холбооныхоо дээд чуулгадаа, та бүхэндээ толилуулж байна. Эдгээр чиглэлээр бид нам- засгийн удирдлагатай улс төрийн ярилцлага хийж, хэвлэл мэдээллээр уул асуудлыг олон түмэндээ танилцуулахыг эрмэлзэж байна.
II.ХӨГЖИЛГҮЙ ӨСӨЛТИЙН ГАЖИЛ БОЛОН ХЭТ ХАЗАЙЛТЫН ТУХАЙ
Юуны емнө улс төрийн хуучин тогтолцолд баттай суурилсан гажуудлууд хүн бүрийн анхаарлыг татах боллоо. Энэ бол захиран тушаах хүнд сурталт арын хаалганы тогтолцлын тухай асуудал юм. Ийм тогтолцол 1930-аад оны эцэст бүрэлдэн урхагшиж, нам-төрийн аппаратын өмчийн үндсэн дээр улам соёолон түгсээр, дийлдэшгүй бөх цайз болон хувирчээ. Нам-төрийн удирдлагын үнэмлэхүй ноёрхол ийнхүү тогтож, бүгдийг дээрээс захиргаадан шийддэг, хөдөлмөрчид боол мэт хүлцэнгүй хэрэгжүүлдэг аймшигт механизм бэхжин батажсаар олон арван жил болсон юм.
Хөдөлмөрчид байгалийнхаа баялгийн бүрэн эрхт эзэн биш, үндэсний орлогын өмчлөгчид ч биш гэдгээ зүрх сэтгэлээрээ ойлгож, түүнийгээ нам төрийн хэт их засаглалтай шууд холбон үздэг боллоо. Бага зээлээр тэтгэгдцэг эдийн засаг маань асар их зээлээр тэжээгддэг эдийн засаг болж хувирсны учир холбогдлыг хүн бүр тайлж оношлохыг эрмэлздэг болжээ. Шаналсан сэтгэлээ барьж, түгшсэн зүрхээ чагнаж“Манай улс хэр их өртэй бол?” гэж хоолойгоо чичрүүлж асуух хүний тоо улам олширч байна. Асар их өрийн хэмжээг цөөн тооны өндөр тушаалтнууд тас нууж дарагдуулсаар өнөөдрийг хүрлээ. Тэд ингэж ард түмний дуу хоолойг үл хайхран олон түмнээс улс төрийн их нүглээ далдлах болсон юм.
Улс орноо их өрөнд унагасан улс төрийн хариуцлагыг ард түмэн зохих дарга мяндагтнуудад л оноох болно.
Бид юуны түрүүнд нийгэм- эдийн засгийн гажлуудын тухай та бүгддээ толилуулъя. Нүсэр их өр нь улс ардын аж ахуйд, хөдөлмөрчин олны амьдралд гай тарьж гажлууд үүсгэсэн гутамшиг, жигшил болчихоод байна. Хүн ардын тусын тулд биш, харин санхүү, гадаад эдийн засаг, материал техникийн бааз, дарга тушаллтнуудын тансаг хангалуун амьдралын төлөө үйлчилдэг нийгмийн үйлдвэрлэлийн “давшингуй хөгжлийг” хангагч чиг баримтлал нь нам- төрийн эдийн засаг- нийгмийн бодлогын гол агуулгыг бүрдүүлэх болжээ. Чухам ямар ямар гажил вэ гэвэл:
-Өчүүхэн бага цалингаар амиа зогоодог хөдөлмөрчид маань үнэ өртөг хэт өндөртэй, үр өгөөжөөр тун дулимаг материал- техникийн баазыг ажиллуулах ямар ч сонирхолгүй болов. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүчний холболтонд ингэж нэгдэх гажил бий болсон юм.
-Үндэсний орлогын анхдагч дотоод бүтцийг эвдэж, нэмүү бүтээгдэхүүнийг зайлшгүй бүтээгдэхүүнээс үлэмж хэтрүүлж, хөдөлмөрчдийг албадлагаар ажиллуулж мөлждөг механизм бий болов. Үүний уршгаар нөхөн үйлдвэрлэлийн хоёр дахь гажил гарч иржээ. Гэтэл хүнд сурталт удирдлага их ашгийн бодлого, хямд лжиллах хүчний бодлогоо махран явуулсаар л байна. Дашрамд дурдахад өндөр тушаалтнуудын болон гадаадын мэргэжилтнүүдийн цалин ажилчид, малчдын хөдөлмөрийн хөлснөөс хэд дахин дээгүүр тогтоогдсон билээ.
-Хөдөлмөрийн үндэсний бүтээмж тууштай дээшилж чадахгүй боллоо. Үүнээс болж авсаархан цар хэмжээт эдийн засаг маань гадаадын нүсэр зээлийг дааж чадахгүй болчихжээ. Үндэсний орлогод гадаад зээлийн эзлэх хувийн жин дээд цэгтээ тулж очлоо. Үндэсний үйлдвэрлэл, гадаад зээлийн тэнцвэрт харьцаа алдагдсанаас эдийн засагт маань гурав дахь гажил үүссэн юм.
-Хүнд сурталт захиргаа нь хуваарилалтын бодлогыг “агуу увидастай ид шидтэй хөшүүрэг” гэж бишрэн шүтэж, улсын санхүүгийн нөөцийг чинээнд нь тултал хуримтлуулах, хүн амын мөнгөн орлогыг тун багаар өсгөх, эдийг засаг-санхүүгийн “гайхамшигт нууцыг” ухаан сийлж олсон байна. Улсын санхүүгийн нөөцийг хүн амын мөнгөн орлогоос үлэмж хэтрүүлснээс нийгэм - эдийн засгийн дөрөв дэх гажил үүсчээ.
-Хөрөнгө оруулалтын бодлогыг таашаан дээдэлж, ард түмний аж амьдралын бодлогыг боож хавчсаар өнөөдрийг хүргэсэн байна. Ийм чиг шугамаар эдийн засаг - нийгмийн төлөвлөлт, санхүүгийн механизм тун шургуу үйлчлэн ажиллаж иржээ. Нийт хөрөнгө оруулалт жижиглэнгийн гүйлгээнээс халин хэтэрч, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хэрэглээний зүйлсийн тэнцвэрийг алдагдуулснаас нийгэм- эдийн засгийн тав дахь гажил бүрэлдлээ.
-Хөрөнгө оруулалтыг хэт ихээр төлөвлөдөг болсон нь хуримтлалын нормыг дээд цэгт нь тулгаж, ард түмний хэрэглээний түвшин, дундаж цалинг хамгийн доод хэмжээнд олон жил боож барьж ирсэн. Үүний уршгаар олонх хөдөл.мөрчид ядуу зүдүү амьдардаг болжээ. Хэрэглээ хуримтлалын харьцаа сүүлийн гучин жилд хэт зөрчигдсөнөөс эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн билээ. Ийнхүү зургаа дахь гажил бий болсон.
-Ажилчид малчдын цалин хөлс дэндүү доогуур байснаас хөдөлмөрийн үндэсний бүтээмж тун ядмагхан өсдөг болсны учир холбогдлыг том тушаалтнууд огт ойлгохгүй байна. Цалин хөлс нэмэхээс тэд үнэхээр айдаг болжээ. Ингэж өөрийн үйлдвэрлэсэн үндэсний орлого ард түмний хэрэглээг хангаж чадахгүй болсон билээ. Монголын Ардчилсан Холбоо үүнийг эдийн засгийн цогцолбор хямралын гоц илрэл гэж үзэж байна. Энэ бол долоо дахь гажил юм.
*Одоо улс төрийн чиглэмж бүхий гажлын талаар яръя. Улс төрийн өнөөгийн систем манай улс ардын аж ахуйг зөв залуурдах чадвараа аль хэдийнэ алдсан бөгөөд харин нийгэм - эдийн засгийн хүндрэлийг гүн хямрал руу жолоодож оруулах “увидасыг” олж авчээ. Эдийн засаг- нийгмийн бодлого нь ард түмнээ ядуу зүдүү амьдралтай болгох, улс орноо нүсэр их өрөнд унагах тийм бодлого болж хувирсан гэж Монголын Ардчилсан Холбоо дүгнэж байна. Улс төрийн систем бүхэлдээ захиран тушаах, арын хаалганы шинжийг олж, энэ ялзармал үндсэн суурь дээр дарга тушаалтны шинэ анги тулан тогтож, ард түмнийг албадан хөдөлмөрөөр мөлжин зовоож байна. Энэ анги хуучин аргаар улс орноо хөтөлж чадахаа больж, ард олон захиргаадалтын аргаар удирдуулахыг хүсэхгүй болж, дарга ямбатны анги, хөдөлмөрийн анги хоёрын зөрчил улам гүнзгийрсээр хувьсгалт тохироог бүрэлдүүлсэн билээ. Монголын Ардчилсан Холбоо энэхүү зөрчлийг нийгэм - улс төрийн үндсэн зөрчил гэж тодорхойлж байна.
*Оюуны соёл дахь гажлын тухайд гэвэл хүнд суртал, захиран тушаах механизм ард түмний оюуны амьдралд хамгийн нөхөшгүй хохирол учрууллаа. Сургалтын чанар дэлхийн шинжлэх ухаан- техникийн хурдцаас их хоцорч, хүүхэд залуучуудын хүмүүжлийг үзэл суртлын номчирхлоор бахдаж, хатуу сэтгэл, цэвдэг санаа, зусардал, үндсэрхэх болон нутгархах үзэл түгэн тархаж албан тушаал, танил тал харах гэсэн үзэл ихээхэн газар авлаа. Монголын соёл хүн төрөлхтний болон Дорно дахины соёл иргэншлээс салан холдож, соёлын амьдралд үлдэгдлийн зарчим, санхүүжилтийн гох дэгээ, норматив ноёрхох болж, улс төр, эрх зүй удирдахын соёл, үйлдвэрлэл, эдийн засаг, экологийн соёл, гоо зүй, ёс суртахуун, гэр бүлийн соёлыг умартжээ. Шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлэх байтугай оюуны өнөөгийн чадавхаа ашиглах механизм бүрэлдээгүй байна. Хүнийг үзэл суртлын номчирхлын бай болгов. Соёл урлагийн ажилтны амьдралын түвшин доогуур, уран бүтээлийг шударга бишээр үнэлэх явдал ихээхэн түгсэн байна.
Шашныг байнгын хавчлага дарамтанд байлгаж, түүх соёлын үнэт зүйл, өв уламжлалаа үнэлэх чадваргүй болгосноор улс орон маань соёлын хөгжлийн түвшингээр ихээхэн хоцрох хандлага руу орлоо. Энэ бүгд нь манай оюуны амьдралд учирсан гай зовлон мөн.
*Хүмүүсээ хэт хөдөлмөрлүүлж, илүү цагаар ажиллуулах, хүүхдийн хөдөлмөрийг завшин хэрэглэх, нийтийн элдэв субботник, хавар намрын кампанит ажилд хүмүүсийг олноор дайчлах, хоол хүнсээр гачигдуулах нь хүн ардын эрүүл мэндийг муутгаж, бие бялдрын чадавхийг бүхэлд нь сулрууллаа. Үүнээс болж янз бүрийн өвчин эмгэгт хөдөлмөрчдийн нэрвэгдэх нь ихсэж, ялангуяа нялх нярай хүүхдийн үхэл их болж, хүмүүсийн дунд мэдрэлийн цочрол дарамт газар авчээ. Энэ бүгд нь захиран тушаах, хүнд сурталт системийн үлдээсэн аймшигт хор уршиг мөн.
*Манай нийгмийн амьдралын бүх эд эсэд захиргаадалт, хүнд суртал, зусар бялдуучлал, арын хаалга нэвчин орж, нийгмийн махбодийг хордуулан эвдэж, асар хүнд хохирол учрууллаа гэж Монголын Ардчилсан Холбоо харамсан тэмдэглэж байна. Энэ хямрал “цогцолбор” шинжтэй болсонд л хамаг аюул оршиж байгаа юм.
III.ХАРШ ГАЖЛУУДЫГ ДАВАН ТУУЛАХ ЧИГЛЭЛ
Монголын нийгэмд 50 гаруй жилийн турш учруулсан цогцолбор шинжтэй гажил, харш үзэгдлүүдийг хойч үеийнхэндээ үлдээхгүйн тулд тодорхой чиглэсэн стратеги тактикийг шийдэмгий хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монголын Ардчилсан Холбоо онцлон үзэж байна. Ялангуяа 1990-2000 он бол хувьсгалт шинэчлэлийн хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай жилүүд байх болно. Энэ хугацаанд хоёр шатлалаар хийгдэх иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх учиртай юм. Нэгдэх шатлалаар Монголын нийгмийн бүх хүрээг элдэв гажил харш үзэгдлээс ангижруулж цэвэршүүлэх, үүний сацуу улс төрийн өнөөгийн тогтолцлыг үндсээр нь өөрчлөн, эдийн засаг оюуны хямралыг арилгах, ард түмний аж амьдралыг дорвитой дээшлүүлж, ядуу зүдүү амьжиргаа, амь зогоолтыг давж туудах их ажил хийгдэх ёстой гэж Монголын Ардчилсан Холбоо үзэж байна. Бид Монголын нийгмийн гүн хямрал, гажлыг арилгах ажлаа гүйцээж, улмаар хоёр дахь шатлалдаа шилжсэнээр нийгмийн хэвийн хөгжлийг хангах үйлсээ хэрэгжүүлэх болно. Монголын Ардчилсан Холбоо хоёр шатлалаар хийгдэх их ажлын чиглэл ямар байх вэ гэдэг дүр зураглалыг Их хуралдаа толилуулж байна. Үүнд:
Нэгд: Ардын төлөөлөгчдийн байнгын дээд чуулгыг ард түмний хүсэл зоригийн үндсэн дээр сонгон байгуулж, ард түмний жинхэнэ ардчилсан засгийг тогтооно. Нэг намын онц эрхт ноёрхлыг эцэс болгож, яамд газруудгүй, хүнлэг ардчилсан нийгэм улс төрийн тогтолцоог бүрдүүлнэ. Дөрвөн их аймаг, Баян-Өлгий аймаг, нийслэл хотын -сүлжил бүхий нутаг дэвсгэр- засаг захиргааны зургаан үндсэн нэгжийг зохион байгуулна. Эдгээр нэгж өөрийгөө хангах болон удирдах зарчмыг баримтлах ба улс орны нийгмийн хөгжилд оруулах хувь хандиваа арвижуулан, ард түмний эв нэгдэл, чадавхийг зузаалан бататгахыг эрхэмлэж ажиллана. Олон намын тогтолцлыг төлөвшүүлж, нийгэм улс төрийн болон олон нийтийн байгууллагуудын эрх тэгш хамтач ажиллагааг хөгжүүлнэ. Бүх шатны хариуцлагатнуудын цалингийн хэмжээг ажилчид малчдын цалингаас илүүгүй байлгах ба бүх төрлийн тусгай хангамжийг зогсооно.
Хоёрт: эдийн засгийн хямралаас гарч харш гажлуудыг даван туулахын тулд:
-Материаллаг баялаг бүтээгчдийн тоог хоёр дахин олшруулж, хөдөлмөрийн нөөц хуваарилалтын тэнцэл алдагдлыг залруулах, ажилчид малчдын сард авах дундаж цалин хөлсийг 1200 төгрөгт хүргэн, фонд өгөмж, материал багтаамжийг нийгмийн шаардлагат түвшинд оруулж, хөдөлмөрийн үндэсний бүтээмжийг үлэмж дээшлүүлснээр материаллаг баялгийн үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлнэ.
-Материал- техникийн баазыг үнийн гажлаас бүрэн цэвэршүүлж, хөдөлмөрийн техник зэвсэглэмжийг нийгмийн үйлдвэрлэх хүчний төвшний жинхэнэ шалгуур болгож, янз бүрийн харш хандлагаас урьдчилан сэргийлэх ба хуримтлалын фондыг хэвийн байдалд оруулж, хуримтлалын өгөөжийг хоёр дахин дээшлүүлэх чиглэлийг баримтлана. Энэ үндсэн дээр гадаад зээлийн эзлэх хувийн жинг эрс багасгаж, эдийн засгийн гадаад, дотоод харилцааны тэнцвэр алдагдлыг засах, хөрөнгө оруулалт, жижиглэн худалдаалах бараа гүйлгээний тэнцвэрийг сэргээн тогтоож, санхүү зээлийн болон таваар мөнгөний механизмын гажгийг анагааж, үйлдвэрлэлийн харилцааны хэвийн төрх байдлыг төлөвшүүлнэ.
-Нэмүү ба зайлшгүй бүтээгдэхүүний харьцаа алдагдлыг шийдэмгий залруулж, нэмүү бүтээгдэхүүнийг нам-төрийн тушаалтнууд монопольчилдог ёсыг хална.
Хөдөлмөрчдийн эв нягтралыг үндэсний орлогын дотоод бүтцийн нэгдлээр баталгаажуулан, улмаар улс орны бүрэн эрхт эзэн нь болгож, ард түмний улс төрийн засагт ёсыг баттай хангана. Ингэж нийгэм- эдийн засгийн алсын хараатай нэгдмэл бодлогыг ард түмнээр хэрэгжүүлэх нөхцлийг бий болгоно.
Гуравт: байгалийн баялаг, ашигт малтмал, үндэсний орлогын алдцыг таслан зогсооно. Манай эдийн засаг ямар ч өргүй эдийн засаг, үлэмжийн авлагатай эдийн засаг байсан ба байх ч болно гэдгийг Монголын Ардчилсан Холбоо тунхаглан мэдэгдэж байна. Энэ чиг шугамаас ямар ч нөхцөлд ухрахгүй. Өмчийн олон хэлбэр, олон хэвшилт эдийн засгийг цогцлон бүрдүүлж, нийгмийн үйлдвэрлэлийг бүхэлд нь ардчилна. Эдийн засгийн болон оюуны хөгжлийг зөвхөн ард түмнийхээ олон талт хэрэгцээг даацтай хангахад чиглүүлнэ.
Нэг хүнд ногдох хэрэглээний фондыг 2500 долларт хүргэж, нийгэм эдийн засгийн тогтолцлыг хэвийн хөгжлийн замд оруулах үндсийг бий болгоно. Дотоодын бодит хуримтлалын нормыг хорь орчим хувь болгоно. Ингэж нийгэм- эдийн засгийн үндсэн зөрчлийг хөдөлмөрийн уидэсний бүтээмж, хүн бүрт ногдох хэрэглээний фондын хэвийн т шцвэрийг хангах замаар шийдвэрлэнэ.
Дөрөвт: Өндөр настны сарын тэтгэврийг албан тушаал, ажлын ялгааг үл харгалзан 500 төгрөгөөр тогтоож, оюутны стипендийг 150 төгрөгөөр, тахир дутуучуул, тэжээгчээ алдагсад, бүтэн өнчин хүүхдүүд, олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Эхчүүдэд нярай балчир үрээ гурван нас хүртэл асрамжлахад олгодог сарын тэтгэмжийг 350 төгрөгөөр тогтоож, гурван жилийн хугацаагаар олгоно. Хэт ядуу амьдралтай өрх айлуудад түлш, ус, гэрэл, цахилгааныг үнэ төлбөргүй хэрэглүүлнэ. Улс төрийн хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд тэтгэмж тогтоолгож олгоно. Орон сууцны халаалтын үнэ 3 төгрөг байгааг 1 төгрөг 50 мөнгө болгож багасгана. Төрөл бүрийн татвар хураамжийн тоог эрс цөөлж, хүүхэдгүйн татвар авдгийг зогсоон, хөдөлмөрчдөөс авах ашиг орлогын татварыг 3 дахин багасгана. Амины малд хязгаарлал тогтоодгийг зогсооно. Иргэдийн цөөн тооны амины малд татвар тогтоолгохгүй. Улс төр - олон нийтийн байгууллагын авдаг өнөөгийн хураамжийн тоог эрс цөөлж, түүний хэмжээг 3-4 дахин бууруулна. Монголын Ардчилсан Холбоо гишүүдээсээ татвар авахгүй.
Тавд: Сургалт хүмүүжлийг чанарын шинэ төрх байдалд оруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, соёл урлагийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор ясли цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техник мэргэжлийн сургууль, техникум, эмнэлгийн болон соёл урлагийн байгууллага, орон сууц, ахуй үйлчилгээний ажилтнуудын болон нийт бага тушаалын хөдөлмөрчдийн юуны түрүүнд манаач, цэвэрлэгч, асрагч, слесарь, үйлчлэгч, жижүүрийн сарын авах цалинг 2 дахин өсгөнө. Бүх шатны багш хүмүүжүүлэгчдийн ажлын хэт ачааллыг багасгаж, чөлөөтэй ажиллах, мэдлэг боловсролоо ахиулах аятай нөхцлийг бий болгоно. Хүүхдийн болон эмэгтэйчүүдийн колонийг татан буулгана. Батлах хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах, цагдан сэргийлэх байгууллагын бага цалинтай ажилтнуудын цалинг үлэмж нэмэгдүүлнэ. Эдгээр арга хэмжээ нь хүн амын ядуувтар давхрааг доогуур амьжиргаанаас гаргаж, жирийн амьдралын замд оруулахад чиглэж байгаа болно.
Зургаад: Манай улс орчин үеийн шинжлэх ухаан техникийн хувьсгалын өрнүүн алхаанаас улам бүр хоцорч байна. Нийгмийн үйлдвэрлэлийн техник- технологийн түвшин дэлхийн дээд стандартаас 20-30 жилээр хоцорлоо. Үүнээс болж манай үндэсний үйлдвэрлэх хүчний түвшин дэлхийн хөгжлийн дунд хэмжээнд ойртох явц эрс удаашрав. Эх орны шинжлэх ухаан хөдөлмөрийн үндэсний бүтээмж дээшлэлтэд хувь хандив оруулах чадвараар ядмагхан байгаа юм. Манай нийгмийн ухаан хувьсгалт шинэчлэлийн шаардлагад нийцэхгүй боллоо. Ялангуяа дэвшилт үзэл бүхий эрдэмтэд, сэхээтэн нарыг нам төрийн хүнд сурталт аппарат үлэмж хэлмэгдүүлэн, тэдний ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ач нарт нөхөшгүй хохирол учруулжээ. Монголын Ардчилсан Холбоо улс төрийн хэргээр гүтгэгдэн хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгахыг шаардаж байна. Шинээр сэтгэгч авъяаслаг эрдэмтэд сэхээтнийг хавчин шахах, хэлмэгдүүлж хохироох элдэв оролдлогыг таслан зогсоох явдлыг Монголын Ардчилсан Холбоо үйл ажиллагааныхаа зорилт гэж үзнэ.
IV.УЛС ТӨРИЙН СОЁЛД СУРАЛЦАЦГААЯ
Улс төрийн соёл алгуур хувьслын явцад биш чухамдаа хувьсгалт шинэчлэлийн явцад, улс төрийн идэвхит үйл ажиллагааны үндсэн төлөвших цорын ганц замтайг нам төрийн хүнд сурталт удирдлага анзаарсангүй. Энэхүү аппарат нь 30-аад оны эцсээс эхлэн ард олонд улс төрийн боловсрол, улс төрийн ухамсар, улс төрийн соёлыг эзэмшүүлэхээс айн болгоомжилж, үзэл суртал, улс төр, хүмүүжлийн ажлыг хэт захиргаадалт номчирхлоор хэрэгжүүлж, дарга тушаалтны эрх ашигт нийцүүлэн хөдөлмөрчдийг номхон хүлцэнгүй, дуулгавартай болгох үзлээр хүмүүжүүлэв. Ингэж ард түмний улс төрийн хөгжилд нөхөшгүй хохирол учруулжээ.
Өнөөдөр нам төрийн байгууллагууд улс төрийн жинхэнэ туршлага соёлоор асар их хомсдосноос улс төрийн шинэчлэл , ‘ удааширч, эцэстээ зогсоход хүрсэн гэдэг дүгнэлтийг Монголын Ардчилсан Холбоо хийж байна. Нам төрийн удирдлага бусад орныг дуурайж, учир холбогдол үр дагаврыг нь дэнслэн тунгаалгүйгээр өөрчлөн байгуулалтыг эхлэн санаачилж, дараа нь өөрийн санаачлагаар шинэчлэлийг удаашруулсан ба эцэст нь зогсонги байдалд оруулсан болно.
Монголын Ардчилсан Холбоо өөрчлөн байгуулалтыг жинхэнэ ёсоор нь ард түмний хүч чармайлтаар, нийгэмулс төрийн болон олон нийтийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Монголын Ардчилсан Холбоо ард түмний ардчилсан хөдөлгөөний хөгжлийн үр дүнд цогцлон бүрэлдэж, эх орныхоо нийгэм-улс төрийн амьдралыг гүн нойрноос сэрээн идэвхит хөдөлгөөнд оруулах галыг бадраалаа.
Монголын Ардчилсан Холбоо хувьсгалт өөрчлөн байгуулалтыг улс төрийн тогтолцлоос эхлүүлэх явцад асар их бэрхшээлтэй тулгарч байна. Хүнд сурталт удирдлага ард олонд улс төрийн соёлыг эзэмшүүлээгүйгээс болж хүмүүсийн дунд улс төрийн тогтолцлын шинэчлэл, нам төрийн тушаалтнуудын үнэнхүү нүүр царай, эдийн засаг, нийгмийн бодлогын уршиг, нийгэм- улс төрийн шинэ хөдөлгөөний талаар янз бүрийн ойлголт төсөөллүүд, заримдаа тэс буруу үзэл ажиглагдах боллоо. Захиргаадалтын аппарат хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа атган монопольчилсон хэвээр байна. Тэрээр хэвлэл мэдээллээр дамжуулан ардчилсан шинэ сэргэг хөдөлгөөнийг олон түмний дунд гүтгэх, гутаах оролдлогыг сталинч- цэдэнбалч аргаар хэрэгжүүлж эхэллээ.
Ийм хунд хавчлагын нөхцөлд Монголын Ардчилсан Холбоо анхны Их хурлаа хуралдуулах чиг шугамыг ‘тууштай явуулсан юм. Үүний дүнд бид өнөөдөр Их хурлаараа хувьсгалт шинэчлэлийг гүнзгийрүүлэх улс төрийн ач холбогдол бүхий хэд хэдэн баримт бичгийг хэлэлцэж байна. Энэ бол бид бүгдийн их хүч чармайлтын үр шим мөн гэж сэтгэл бахдам хэлж болно. Их хурлын төлөөлөгчид болон урилгаар оролцогч хүндэт зочиддоо нэгэн таатай мэдээллийг Монголын Ардчилсан Холбоо уламжилж байна. Өчигдөр 2 дугаар сарын 17-ны орой хуралдсан тус Холбооны Бүгд хурлаар Монголын Ардчилсан Холбооны бүрэлдэхүүнд Монголын Ардчилсан Нам байгуулагдсаныг сэтгэл ханамжтай тунхаглан зарлаж байна. Монголын Ардчилсан Нам нь Монголын Ардчилсан Холбооны улс төрийн нэгдлийг. хангах, ардчилсан хөдөлгөөний онол- улс төрийн тулгамдсан асуудлыг судлах, бусад намуудтай тэгш эрхт зарчмыг дээдлэн харьцах, Холбооныхоо гишүүдэд улс төрийн соёлыг эзэмшүүлэх, Монголын Ардчилсан Холбооны онолын концепци боловсруулахад ажлаа чиглүүлнэ. Монголын Ардчилсан Нам нь мөрийн хөтөлбөр, дүрэм, улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх явдлыг үндсэн зорилтоо гэж үзнэ. Тэрээр зохион байгуулалтын маш авсаархан бүтэцтэй байх бөгөөд Монголын Ардчилсан Холбооны нийт гишүүдийн шууд оролцоотойгоор ажлаа гүйцэтгэх болно.
Холбооныхоо Анхдугаар их хуралд хэлэлцүүлэхээр оруулж буй улс төрийн баримт бичгүүд нь Монголын Ардчилсан Холбооны үйл ажиллагааг улам зүгшрүүлэн, ажлын далайцыг өрнүүлж бадраах онцгой ач холбогдолтой байх болно. Хувьсгалт их шинэчлэлийн шинэ шинэ зорилтуудыг гүнээ ухамсарлаж итгэл үнэмшлээ болгон бүрэн төгс хэрэгжүүлж ажиллахыг Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлаас та бүхэндээ уриалж байна. Монголын ард түмний эв нэгдэл, хувьсгалт шинэчлэлийн их үйлс бадартугай!
Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Нам мандтугай!
Монгол Улс цэцэглэн мандах болтугай!





















