МоАХ-ны анхдагч, “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн Анхдугаар Их хурлын 25 жилийн ойд зориулан тавьсан илтгэлээс толилуулж байна.
Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалыг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болох МоАХ-ны Анхдугаар Их хурлын 25 жилийн ойн мэндийг тэр агуу үйл хэргийг бүтээсэн эрхэм журмын нөхөд та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Эхлээд МоАХ-ны Анхдугаар Их хурлын өмнө байдал ямар байсан тухай товчхон ярья. Дараа нь анхны чөлөөт сонин хэрхэн яаж гарсан тухай болон энэ салбарт өнөөдөр ямар түвшинд хөгжсөн тухай товч саналаа хэлье.
1990 оны нэгдүгээр сарын эцсээр их хурлаа хийх бэлтгэл ажлаа эхлэх үед МоАХ-ны анхны ЕЗЗ-ийн /Ерөнхий зохицуулах зөвлөл/ гишүүн бидний хувьд 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдөр зохион байгуулсан анхны цуглаан дээрээ БНМАУ-ын АИХ-ын 8 дугаар чуулган, МАХН-ын Төв Хорооны 7 дугаар бүгд хуралд өргөн барьсан бичигтээ тавьсан шаардлагынхаа хариуг уйгагүй нэхэж, нийт 4 цуглаан зохион байгуулчихсан, нийслэлийн 4 дүүрэг болон үйлдвэр аж ахуйн газрууд дээр салбар зөвлөлүүдээ байгуулаад эхэлчихсэн байв. МоАХ Ардчилсан хувьсгалын сүлд дуулал болсон “Хонхны дуу”-гаараа, нийгмийг үндсээр нь өөрчлөх улс төрийн шаардлагуудаараа ард олноо нойрноос нь сэрээж байлаа. 4 дэх цуглаан дээрээ ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж МоАХ нийслэл болон хөдөөд 60 салбар зөвлөлтэй 30 гаруй мянган гишүүнтэй боллоо гэж зарлаад байлаа. Эдгээр ажлыг амжуулахын тулд хэдийгээр байргүй, хөрөнгө мөнгөгүй, мэдээлэл түгээх хэвлэлгүй ч ЕЗЗ-ийн гишүүд Дугуй заал, МУИС-ийн 2 дугаар байр, 3 дугаар байр, 84 дүгээр дунд сургууль, Монументаль чимэглэлийн үйлдвэр, Хөгжим Бүжгийн дунд сургуулийн заал зэрэг аль олдсон боломжтой газрууддаа өдөр бүр, орой бүр уулзан ажлаа ярьж хэлэлцэж, дүгнэж, төлөвлөж, үйлдвэр албан газруудаар очиж уулзалт хийх, ухуулах хуудас наах зэргээр цаг наргүй ажилласаар байлаа. Энэ үед ЕЗЗ-ийн гишүүд нам төрийн удирдлагуудын төлөөлөлтэй хоёр удаа албан ёсны уулзалт хийчихсэн байлаа. Эхний уулзалт нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готовтой арванхоёрдугаар сарын 22 –нд хөдөлмөрчдийг хүлээн авах байранд болсон юм. Энэ уулзалтад МоАХ-ны ЕЗЗ-ийн Ерөнхий зохицуулагч С.Зориг, ЕЗЗ-ийн гишүүн Б.Билэгт, Д.Сосорбарам, Дарь. Сүхбаатар, Б.Энхтүвшин, Д.Энхбаатар бидний нөхөд оролцсон юм. Ц.Готов дарга биднээс мөрийн хөтөлбөр дүрэм бий эсэхийг асуугаад “Та нар БНМАУ-ын Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэж мэдэгдсэн нь үнэн хэрэгтээ МоАХ-г зөвшөөрөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн үг байв. Учир нь БНМАУ-ын Үндсэн хуульд олон нийтийн байгууллага ямар байх ёстойг хуульчлан заагаад өгчихсөн.
Өөрөөр хэлбэл БНМАУ-ын Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд “БНМАУ-ын иргэд үйлдвэрчний эвлэл, хоршоолол, залуучуудын болон биеийн тамирын эвлэл зэрэг байгууллага соёл, шинжлэх ухаан, техникийн нийгэмлэг, тэрчлэн улс түмний эв найрамдал, энх тайвныг бэхжүүлэх нийгэмлэг зэрэг олон нийтийн байгуллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн байлаа. Бид энэ үед мөрийн хөтөлбөр дүрмээ боловсруулж амжаагүй эдгээр баримт бичгээ боловсруулаад их хурлаа хийж батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм.
Хоёр дахь уулзалт нь 1990 оны нэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын АДХГЗ дээр болсон. МАХН-ын Төв хорооны гишүүн, Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Л.Лантуу, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов, БНМАУ-ын НАХЯ-ны сайд дэслэгч генерал А.Жамсранжав, Улаанбаатар хотын АДХГЗ-ны дарга С.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Цагдан Сэргийлэх Газрын дарга хурандаа Ж.Хурцгэрэл, “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч Ц.Мөнхжаргал нартай МоАХ-ны ЕЗЗ-ийн Ерөнхий зохицуулагч С.Зориг, ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж, Д.Нинж, Б.Энхтүвшин, Д.Баасан, Н.Нямгарав бид хэд уулзсан.
Уулзалт дээр мөн зохион байгуулах их хурал, гишүүдийн бүртгэл, мөрийн хөтөлбөр дүрмийн асуудал дахин сөхөгдсөн.
Ийнхүү МоАХ-ны ЕЗЗ-ийн өмнө улсынхаа бүх аймаг, хотоос төлөөлөгчдөө оролцуулсан зохион байгуулах их хурлаа яаралтай хийж, мөрийн хөтөлбөрөө тодорхойлох нь нэн чухал зорилт болж тавигдсан.
Их хурал хийх өдрөө Д.Баасан ламаасаа асууж үзүүлэн хоёрдугаар сарын 18 –ны билэгт сайн өдөр хийх нь зүйтэй гэж зөвлөсний дагуу өдрөө тогтож, бэлтгэл ажлаа эхлэх нүсэр том зорилтын өмнө ирээд байсан эгзэгтэй үед манай дэмжигч, удалгүй ЕЗЗ-ийн гишүүн болсон Б.Жаргалсайхан П.Нэргүй докторыг бидэнтэй уулзуулж, танилцуулсан нь их хурлын бэлтгэл ажлын баримт бичгүүдийг боловсруулах ажлын голын нугалсан юм.
П.Нэргүй докторын ахалсан их хурлын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг томилогдон өдөр бүр тэднийд хонон өнжин цаг наргүй ажиллахын зэрэгцээ ЕЗЗ-ийн гишүүд 18 аймагт салбар зөвлөл байгуулахаар явж байв.
ЕЗЗ-ийн гишүүд цалингаасаа 50 төгрөг хандивлаж, хөдөө томилолтоор явах зардал мөнгөө, цаас худалдан авах зардлынхаа зарим хэсгийг бүрдүүлж байсныг энд дурдмаар байна.
Миний бие Баасан ламынхаа хамт Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж, МоАХ-ны салбар зөвлөлийг амжилттай байгуулснаа эргэн дурсахад таатай байна. Энэ хоёр аймгийг Буддын шашны гол сүм хийд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан нутаг гэж Баасан лам маань сонгож байлаа.
Анхдугаар их хурлын өдөр тулж ирэхийн хамт хурлаа хийх байрны асуудал босч ирсэн юм. ЕЗЗ-ийн Ерөнхий зохицуулагч С.Зоригийн даалгавраар ЕЗЗ-ийн гишүүн Б.Энхтүвшин, Б.Жаргалсайхан бид гурав МҮЭ-ийн дарга Б.Лувсанцэрэнтэй уулзаж, хүсэлт тавьсныг тэрээр хүлээн авч МҮЭ-ийн Соёлын төв ордныг хоёрдугаар сарын 17-18 –нд гаргаж өгөхөөр болсон юм.
Ингээд анхдугаар их хурлын өмнөх өдрүүдэд их хурлын баримт бичгүүд боловсруулах ажлын хэсгийнхэн, ЕЗЗ-ийн гишүүд бүгд хоёрдугаар сард ээлжийн амралтаа авч сэтгэлийнхээ дуудлагаар цаг наргүй өдөр шөнөгүй ажиллаж тэр нүсэр их ажлыг амжуулж байлаа.
Энэ өдрүүдэд орой бүр Дугуй зааланд МоАХ-ны чуулганыг ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж эрхлэн явуулж гишүүд дэмжигчдийнхээ саналыг авч байв. Ажлын хэсгүүд байгуулагдан тайз чимэглэл, МоАХ-ны туг далбаа, эмблем бүтээх оёх зурах, хурлын төлөөлөгчдөд үйлчлэх буфет хоол цай зохион байгуулах, тараах материал олшруулах, хамгаалалт хийх, техник хэрэгслийн найдвартай байдлыг хариуцах, мандатын комисс байгуулагдан төлөөлөгчдөө бүртгэх, мандат хэвлэх, хөгжим ажиллуулах, видео бичлэг хийх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын сурвалжлагчтай ажиллах зэрэг их хурал зохион байгуулахад шаардлагатай бүх ажлыг олон арван гишүүн дэмжигчид маань сэтгэлийнхээ дуудлагаар ямар ч үнэ хөлсгүйгээр маш их урам зоригтойгоор цаг наргүй өдөр шөнөгүй ажиллаж гүйцэтгэж байсныг эргэн дурсахад таатай байна.
Анхдугаар их хурлын өмнөх өдрүүдэд МоАХ-ны удирдлагад хэнийг нэр дэвшүүлж сонгох, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьсан МоАН байгуулагдсаныг зарлах, удирдлагад нь хэнийг нэр дэвшүүлж сонгох асуудлыг мөн шийдсэн юм.
Анхдугаар их хурал хуралдсан 1990 оны хоёрдугаар сарын 18 бол Монголын ард түмний сэргэн мандалт эргэлт буцалтгүй эхэлснийг хурлын индэр дээрээс улс орон даяараа зарлан тунхагласан түүхэн өдөр байлаа. МоАХ-ны шаардлагаар радио телевизээр их хурлын ажиллагааг орон даяар нэвтрүүлж, хөдөө орно нутагт олон түмнийг нэгэнт мөхөл нь ирсэн коммунист үзэл суртлын гүн нойрноос сэрээж ардчилсан хувьсгалд уриалан дуудсан юм.
Анхдугаар их хурлаа амжилттай хийж мөрийн хөтөлбөр, дүрмээ баталснаар МоАХ үндэсний хэмжээний улс төр олон нийтийн байгууллага болж чадсанаа баталж, анхны цуглаан дээрээ дэвшүүлсэн улс төрийн шаардлагуудаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэлд манлайлагч хүчин болсноо зарлан тунхагласан юм. Энэ өдрөөс хойш Ардчилсан хувьсгал шинэ шатанд гарч, шинэ эрч хүчээр өрнөж ялалтанд хүрсэн юм.
Анхдугаар их хурлаас улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр, дүрэм, хавсралт илтгэлүүд, уриалгууд, өргөн барих бичигт тусгасан нам төрийн удирдлагад хандсан шаардлагууд, хурлын шийдвэрүүд зэрэг нийт 10 баримт бичиг боловсруулан гаргажээ. Эдгээр баримт бичгүүд өнөөдөр түүхийн үнэтэй эх сурвалж болж байна.
Үнэнийг хэлэхэд тухайн үед хаалттай нийгэмд төрж өссөн залуус бидний дотор байтугай манай улсын эрдэмтэн мэргэдийн дотор зах зээлийн эдийн засгийн талаар мэдлэгтэй, боловсролтой, марксизм-ленинизмаас өөр онол үзэл суртлыг судалсан, гадаад ертөнцийн талаар сайн мэдлэгтэй мэдээлэлтэй хүн нэг ширхэг ч байгаагүй юм.
Тиймээс ардчилсан хувьсгал ялалтанд хүрч эрх чөлөөгөө олж авахын хэрээр бидний нүд нээгдэж, гадаад ертөнцийн талаархи мэдлэг мэдээлэл маань өргөжин тэлж байсан билээ.
1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр мөн Монголын анхны чөлөөт сонин “Шинэ Толь”” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсныг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна. МоАХ-ны анхны ЕЗЗ-ийн бүрэлдэхүүнд хэвлэлийн эрх чөлөө бол үгээ хэлэх эрх чөлөөний үндэс суурь бөгөөд бусад зүх эрх чөлөөний анхдагч нөхцөл гэдгийг ажил мэргэжил дээрээ сайн ойлгож мэдэрсэн 5 сэтгүүлч орсон байсныг энд мөн онцлон тэмдэглмээр байна. Энэ 5 сэтгүүлч нь Ц.Элбэгдорж, Д.Нинж, Д.Энхбаатар, Ч.Энхээ миний бие байв.
“Шинэ Толь” сонины анхны дугаарыг нууцаар хэвлэсэн бөгөөд энэ ажлыг удирдаж гүйцэтгэсэн хүн нь та бидний журмын нөхөр Н.Жаргалсайхан юм, одоо энд сууж байна. Н.Жаргалсайхан анхдугаар их хурлын мандатыг мөн хэвлүүлэх ажлыг хариуцан хийснийг хэлмээр байна.
Миний бие “Шинэ Толь” сонины анхны дугаарыг редакторлож өөрийн сурвалжлагаа нийтэлснээ, энэ сониныг 1990 оны долдугаар сар хүртэл хэл найруулгыг нь уншиж давхар редакторлаж байснаа эргэн дурсахад таатай байна.
“Шинэ Толь” сонины анхны дугаар гарсанаас хоёр сарын дараа Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан “Ардчилал” сонин маань 100 мянган хувиар тогтмол гарах болсон билээ. Үүний дараа “Шинэ Толь” сонин” дахин хэвлэгдэн гарах болсон юм. Анхны чөлөөт сонин ийнхүү МоАХ-ны Анхдугаар их хурлын өдөр хэвлэгдэн гарснаас хойш эдүгээ мөн 25 жил өнгөрчээ. Би тэр үед манай хэвлэл мэдээллийн салбар ямар байсан өнөөдөр ямар байгааг харьцуулья.
1990 онд Монголд нийт орон даяар түгээдэг, захиалдаг төвийн гэх тодотголтой сонин 5 байснаас өдөр тутмын сонин нэг байжээ. Улс даяар ТВ-ийн нэг суваг, нэг радио, гадаадын ТВ-ээс ЗХУ-ын телевизийн “Орбит” суваг гардаг байлаа. Энэ бүх сонин, телевиз, радио улсын өмчлөлд оршиж, эрх барьж буй улс төрийн намын үзэл суртлын хатуу хяналт цензур дор үйл ажиллагаагаа явуулж байлаа.
Өнөөдөр Монгол Улсад нийт 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрөл бүрийн 135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 цаг үеийн мэдээллийн вэб сайт мэдээлэл түгээх үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 хувь нь буюу Үндэсний радио телевиз, МОНЦАМЭ агентлагаас бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувийн өмчлөлийнх байна.
Зөвхөн өдөр тутмын сонин гэхэд л өнөөдөр 12 сонин хэвлэгдэн гарч нийт улс орон даяар иргэд захиалж, худалдан авч уншиж байна. Үйл ажиллагаа явуулж буй 160 шахам телевизийн 16 нь орон даяар өргөн нэвтрүүлгийн шугамаар болон DDish –ийн таваган антеннаар нэвтрүүлгээ цацаж байна.
Энэ бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдсэн цогцоороо өнөөгийн манай нийгэм дэх олон ургальч үзлийн индэр болж Монголын эрчимтэй хөгжиж төлөвших замдаа яваа чөлөөт хэвлэлийг бүрэлдүүлж байна.
1990 онд сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага ганц байсан нь 800 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдыг эгнээндээ нэгтгэж байв. Өнөөдөр тэгвэл Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс гадна мэдээллийн хэрэгслийн төрөл зүйлээрээ нэгдсэн 10 гаруй ТББ, холбоод бүртгэгджээ. Энэ салбарт 5000 шахам хүн ажиллаж буйн 52 хувь нь 18-29 насныхан, 28 хувь нь 30-39 насныхан байна.Сэтгүүлчдийг 20 шахам их дээд сургуульд сургаж бэлтгэж байна.
Өнөөдөр ардчилсан хувьсгалын үр шимийг Монголчууд нялхсаас эхлээд настан буурлууд хүртэл хүн бүр хүртэж байна.
Та бүхэндээ анхдугаар их хурлынхаа 25 жилийн ойг тохиолдуулан дахин баяр хүргэе, та бүхэндээ баярлалаа.





















