…Монголын Ардчилсан холбоо (МоАХ)-ны тэмцлийн түүх яг л хүний амьдрал шиг хөвөрсөөр байна. МоАХ нэг удаа нам болох дөхсөн. Ардчилсан хөдөлгөөн гэдэг сонгож авсан замаасаа 1991 онд гажиж неконсерватив үзэл баримтлалтай шинэ нам болох шахсан. Гэсэн ч гишүүдийн санал унаж, 87 гишүүн хурлаа хаяж, ерөнхий зохицуулагчаа огцруулахад хүргэснээр МоАХ ардчилсан хөдөлгөөн хэвээр үлдсэн юм. Намууд болон дээд шатанд ялалтын бялуу хуваахад МоАХ-ны эгэл жирийн гишүүдэд ногдоогүйд гомддоггүй ч ялалт, ялагдлын баяр хөөр гашуун нясууныг хүртэж, тэд бусадтайгаа цуг байсаар ирлээ. Партизанууд Ардчиллын манааны үүргээ нэр төртэй биелүүлчихээд цагаан байшиндаа “бүгчихнэ”. Нэг л болохгүй байна гэдгийг мэдрэх тэр л цаг мөчид эрх баригчид болон намуудад хатуу үгтэй мэдэгдэл, шаардлагаа тулгана. МоАХ-нд бусад нам холбоодод байхгүй “Партизан” гэдэг лут хүч бий…
С.Дамдинсүрэнгийн “Хан Хэнтийн Ардчиллын түүх” номын хэсгээс
-Би таны бичсэн номын хэсгээс өөрт чинь уншиж өглөө. Зориуд дээрх хэсгийг сонгож аваад дэлгэрүүлж ярилцахыг хүссэн юм. Учир нь маргааш МоАХ-ны Анхдугаар Их хурлын 25 жилийн ой болох гэж байна. Энэ үеэр сайн, муу олон зүйлийг ярилцах байх. Харин та Хэнтийн гэлтгүй МоАХ-ны тэргүүн эгнээнд 20 гаруй жилийн турш явсан учраас олон партизаныг төлөөлж чадна. Гэхдээ эхлээд яагаад МоАХ-ны тэргүүн эгнээнд орчихов. Дайнаар бол хамгийн түрүүнд дайралтад өртөх биш үү, гээд асуучихъя?
-Тэмцлийн үр дүнгээ үзсэн партизануудад тэргүүн эгнээ гэдэг үг их хүндэтгэлтэй сонсогдож байна. Харин 25 жилийн өмнөх рүү буцвал чиний хэлдгээр их хариуцлагатай бас эрсдэлтэй байх нь дамжиггүй. За тэгээд, МоАХ-той холбогдсон түүхийг тун товчлоод ярих нь зүйтэй байх. Би бол Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Намайг долоон настай байхад манайх Хэнтий аймагт шилжиж ирээд, Хэнтий нутаг ялангуяа Хэнтийн МоАХ-оор овоглоод өдийг хүртэл явж байна. Өндөрхааныхаа 10 жилийн сургуулийг төгсөөд, УБДС-д суралцсан. 1980 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хорооны томилолтоор Өндөрхааны Эвлэлийн хороон даргаар очсон. Тэгээд л залуучуудтай ажиллах ажлын гараа маань эхэлсэн гэж ойлгож болно. 1985-1987 онд Германы Залуучуудын дээд сургуульд явж ирээд Сүхбаатар аймгийн Эвлэлийн хорооны II даргаар очсон юм. Тэгээд байж байтал 1988 оны үед Н.Ням-Осор (Их засаг их сургуулийн) “Цаг үе өөр боллоо, шинэчлэл гээд янз бүрийн зүйл яригдаад байна. Чи наашаа ирсэн нь дээр байх” гээд дуудсан. Тухайн үед Ням-Осор Хэнтий аймгийн ХЗЭ-ийн төв хорооны дарга байсан учраас хойгуур, урдуур яриад би II даргаар нь очсон юм. Тэгж байтал “Залуу уран бүтээлчдийн улсын анхдугаар зөвлөгөөн” боллоо. Энэ зөвлөгөөнд манай аймгаас Ханхэнтий чуулгын дуучин Намдагийн Төмөрхуяг, уран сайхны удирдаач Авирмэд, Залуу яруу найрагч Галсансүх нарын төлөөлөл оролцсон. Энэ хэддээ, Ням-Осор бид хоёр захиа, даалгавар өгөөд явуулсан юм. Хэдийгээр “Залуу уран бүтээлчдийн улсын анхдугаар зөвлөгөөн” гэж байгаа ч өөрчлөлт, шинэчлэлийн давалгаа, Улаанбаатар хотын залуучууд ямар үзэл бодолтой байгааг л тандах зорилготой байсан юм шүү дээ. Ингээд сураг ажиг сонсоод, нийгмийн байдлыг ажаад ирсэн чинь өөрчлөлт нь гарцаагүй болчихсон, ил далд олон бүлэг үүсчихсэн, нэг л өөр болоод явчихсан. Үүнээс хойш л залуучуудын байгууллагыг удирдаж байгаагийн хувьд Ням-Осор бид хоёр өөрчлөлт шинэчлэлтээс яагаад ч хоцорч болохгүй гэж шийдсэн юм. Ням-Осор чинь Буриад. Эцэг өвгөд нь их хэлмэгдүүлэлтэд өртөж байсан учраас шинэчлэлд сэтгэлээрээ бэлтгэгдчихсэн байсан гэх юм уу даа. Харин манай удмын Гэлэг гавьж гэж байсан нь бас хэлмэгдүүлэлтийн үед баривчлагдаад Шархаданд буудуулсан. Тиймээс манай аав ном, сонин уншиж байхдаа Чойбалсан гуайн зураг гараад ирвэл, нүдийг нь үзгээрээ цохлоод хаячихдаг байсан. Тэр нь бас энэ нийгмийн тогтолцоог өөрчлөхөд надад бага ч гэсэн нөлөөлсөн байх.
-Эвлэлийн хороо, нам төр… гээд харин ч та ааваасаа тэс өөр хүн байсан юм биш үү?
-Үгүй. Аймгийн намын хороо, захиргааны өөдөөс үг сөрөлгүй яахав. Аймгийн захиргааны есөн гишүүн байдаг. Товчоо захиргааны гишүүд гэдэг чинь том эрх, мэдэлтэй, тусгай дэлгүүрээр хүртэл үйлчлүүлдэг. Тэгэхэд л мань хүн бүх аймгуудын эвлэлийн хорооны I дарга нараас хамгийн түрүүнд өөрчлөлт, шинэчлэлийн асуудалд залуучуудын анхаарлыг татаж чадсан юм. Миний асуудлыг авч хэлэлцэхгүй, надтай уулзаж, ардчилсан холбоог дэмжихгүй байж болно шүү дээ. Тэгэхэд л хоёулаа уулзаад, яаж залуучуудыг нэгтгэх талаар ярьдаг байсан. Гэхдээ жаахан Үндэсний дэвшил тал руу гаа хүн байсан учраас бид хоёрт санал зөрөлдөх зүйл гардаг. Өөрөөр хэлбэл, Ням-Осор шууд МоАХ байгуулж болохгүй. Харин үүний оронд нутаг орныхоо өнгө аястай зохицсон Шинэ дэвшил гэдэг хөдөлгөөнийг байгуулах санал гаргасан. Түүнийг нь залуучууд дэмжсэн учраас Хэнтийн МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдахгүй байсан юм.
-Тэгэхээр нь Ням-Осороос салах хэрэгтэй болсон уу?
-Шууд ч салаагүй ээ. 1989 оны арванхоёрдугаар сарын 17-нд би Улаанбаатар руу өөрийн биеэр явж, МоАХ-ны хоёр дахь цуглаанд оролцсон юм. Чухал даалгавар биелүүлж байгаа юм шиг жигтэйхэн л омогшиж байсан санагддаг. Амнаас уур савсаад, хамаг чадлаараа уриа хашхираад л… Тухайн үед надтай хамт Ч.Энхтайван цуглаанд оролцсон юм. Бид хоёр чинь Өндөрхаанд “шороо идэж” өссөн найзууд. Энэ хүнийг шоронд орсны дараа би 10-аад жил “Цагаан шонхор” компанийнх нь салбар компанийг удирдаж байсан. Мань хүн шоронгоос гарч ирээд уул, уурхай руу эргэлт буцалтгүй орохоор нь би байгаль хамгааллын чиглэлээр ажиллана гээд зам салсан. Гэхдээ найзуудын хувьд бол одоо ч холбоотой… За, ингээд ташаарчихдаг юм. Буцаад цуглааныхаа талаар яръя. Цуглаан дээр олон хүнтэй танилцаж, олон ч материал цуглуулж аймагтаа ирсэн. Ирээд “Урагшаа” сонины байрны клубт 60 орчим залууг цуглуулж чадсан. Ингээд санал хураатал ихэнх нь Үндэсний дэвшлийн үзэл баримтлалыг сонгоно гэж хариулснаар “Ханхэнтийн шинэ дэвшил” хөдөлгөөн байгуулагдсан юм. Тэр үед чинь би таван хүнтэй цөөнх болчихсон. Гэхдээ тусдаа МоАХ болно гээд сэтгэл шулуудсан учраас Хэнтий аймагт анхны МоАХ-ын салбар зөвлөл үүссэн түүхтэй. Анхны хэдэд маань Радио, телевизийн дээд сургуулийн сургалтын албаны дарга Г.Баатар, найман жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч Дуламжав, “АН-2” онгоцны дарга Батбэх нар байсан. Ингээд МоАХ-ын салбар зөвлөл байгуулсан чинь олон залуу элсээд Шинэ дэвшлийн гишүүдээс давчихсан. Хамгийн товчхондоо бол Хэнтийн МоАХ байгуулагдсан гээд ярих түүх нь энэ.
-МоАХ-ны анхны цуглаанд ямар хүмүүсийг илгээсэн бэ, орон нутгаа төлөөлөөд ямар зүйл ярьж байв?
-Аймаг сумдын дарга нар бас тухайн үед ингэж асууж байсан. Бид нэрийг нь нууцлаад хэлээгүй. Бас их хашир үзсэн байгаа юм аа. Харин чамд бол хэлнэ. (инээв) П.Ганзориг, бид хоёр анхны цуглаанд оролцсон. Анхны цуглаан хоёрдугаар сарын 18-нд байхад бид бэлтгэл ажлаа хангах гээд хоёрдугаар сарын 4-нд Сүхбаатарын мэндэлсний 97 жилийн ойг Залуучуудын байгууллага тэмдэглэнэ хэмээн далимдуулж Пунцаг жанжны талбай (Өндөрхаан аймгийн төв талбай)-д залуучуудыг цуглуулж, МоАХ-ны анхдугаар их хурлыг угтсан хурлаа хийж байсан юм. Үүгээрээ орон нутгаа төлөөлөөд ямар зүйлийг их хуралд уламжлахаа тохирч байхгүй юу. Чиний барьж байгаа наад номд чинь тухайн үеийн зураг нь байдаг юм. Одоо энэ зураг дээр чинь байгаа залуу (Энхтайваны зургийг заав) Сүхбаатар жанжны хамаатан учраас залуус сонсоно гээд үг хэлүүлсэн хэрэг. Ганцхан эмэгтэй байгаа нь Дуламжав энд зогсож байна. (зургийг заав) Эмэгтэй гэснээс манай нөгөө Баасан бий шүү дээ.
-Ахмадын холбооны юу?
-Тийм ээ, тийм. Манай Хэрлэн баян улаан гээд отор тэжээлийн аж, ахуйд найман жилийн багш хийдэг байсан юм. Тэнд бас ардчилсан холбоогоо байгуулаад аймгийн анхны ардчилсан холбооны хуралд шөнөжин трактороор явж ирээд оролцож байсан. Их л сэтгэлтэй анхны гишүүдийн маань нэг шүү дээ, хөөрхий. Түүнээс хойш бүх л арга хэмжээнд оролцоод явдаг байсан юм.
-Зургаас харж байхад их л “том” уриа лоозон харагдах юм. Тухайлбал, МАХН-ын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжинэ. Захиргаадалтын арга барилыг халъя… гээд л. Тэсэн мөртлөө яг “Ардчилал” гээд биччихсэн лоозон алга аа?
-Захиргаадалтын арга барил гэдэг бол Улаанбаатар гэлтгүй орон нутагт ч байсан зүйл учраас захиргаадалтын арга барилыг халахыг залуучууд дэмжиж байсан. Худаг ус гаргуулна гээд л аваад явчихна, хадлан тариа гээд хамаад явчихна. Ердөө биднээс асуух зүйл байхгүй. Тиймээс залуучууд тэдгээрийг өөрчлөхийг хүсдэг байснаа л иймэрхүү уриа лоозонгоор илэрхийлж байгаа юм. Тухайн үед залуучууд бүжгэнд дуртай, жийнсэн өмд өмсөх сонирхолтой гээд сэтгэлгээний хувьд Засгийн бодлогоос жаахан задгайрч байсан юм. Өөрийнхөө жишээг дурдахад л, Сүхбаатар аймагт гэрийн дор засвар хийгээгүй, нохой муур үхсэн подвалийг засаж, янзлаад үзгэн балаар гэрлийн чийдэнг нь будаад бараг л баар ажиллуулж байлаа. Гэртээ очиж, жижиг сажиг салат хийгээд, арай гэж хэдэн шил архи олоод зарчихна. Маш олон залуучууд орж ирдэг байсан. Би ч ингэж баар ажиллуулсныхаа төлөө ажлаасаа хусуулах дөхсөн дөө.
-Та аймгийнхаа Ардчилсан холбооны даргаар 22 жил ажилласан. Бараг л миний амьдралын өнөөг хүртэлх түүхтэй тэнцэж байгаа учраас хугацааны хувьд би урт гэж хэлж чадна. Харин та энэ цаг хугацааны үнэлэмжийг хэлж өгөөч?
-Хэнтий аймаг дахь МоАХ-ны даргаар 22 жил ажиллаж, өнгөрсөн онд ажлаа өглөө. Дунд нь ямар ч завсар гаргасангүй. Х.Баттулга дарга надад “Та МоАХ-ны хамгийн удсан дарга. Ким Ир Сен шиг болчихсон юм байна даа” гэж хошигнон хэлж байсан. Миний энэ хичээл зүтгэлийг үнэлж, МоАХ-ны Хүндэт дарга болгосон. Бас нэг Хүндэт дарга байдаг нь Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж. Гэхдээ би одоо ч гэсэн аймгийнхаа МоАХ-ны дэд даргын ажлыг хийж байгаа шүү. Миний оронд очсон хүн маань “Шинэ дэвшил” талынх. Жаахан бүрэгдүү, нүүрсний уурхайтай, бизнесмэн хүн байгаа. Ер нь бизнесмэн хүн чинь алдах юмтай учраас сөрөг хүчин аймгийн захиргааны дарга болчихлоо гэж бодоход татвар зэргээр олон дарамттай тулгарах вий гэж эмээх зүйл байдаг л байх. Тиймээс би ард нь асаалттай танк гэдэг шиг ажлаа хийгээд явж байгаа юм. За тэгээд үнэ цэнэ, үнэлэмжийн хувьд өөрийнхөө амь, амьдралыг элээсэн учраас МоАХ-д зориулсан цаг хугацаагаа их л үнэ, цэнэтэй гэж боддог. Бас хайрлана.
-МоАХ-нд бусад нам холбоодод байхгүй “Партизан” гэдэг лут хүч бий… гэж та бичсэн. Өнөөдөр тэдний зарим нь хүч нь дуусчихсан бололтой Ардчиллын ордны үүдийг өдөр бүр сахиад сууж байдаг юм. Та хааяа ороод гарахдаа анзаардаг л байх даа?
-Хүний амьдралын өнгө янз бүр л байх юм. Эдийн засгийн шилжилтийн шуурганд хөлөө олсон хэсэг байхад хөл алдчихсан нь ч бий. Үүн шиг үнэхээр чиний хэлдгээр “хүч” нь дуусчихсан партизанууд ажил нь юм шиг ордны үүд сахиад сууж байхыг хараад би эмзэглэдэг. Ажилтай болсон хэд нь нөгөөдүүлдээ, таван цаас өгнө. Цалин нь буусан юм шиг л баярладаг юм хөөрхий. Ажил төрөлд оруулъя гэхээр ажил хийгээд явж чадахгүй байгаа юм л даа. Бидний өгч байгаа мөнгө яг үнэндээ архины л мөнгө шүү дээ. Манай аймагт ч ялгаагүй, тийм нөхдүүд байдаг. Ажил амьдрал нь орхигдчихсон мөртлөө холбооныхоо батлахыг энгэртээ байнга авч явдаг. Тээр жил Х.Баттулга дарга манай аймагт ирээд яриа хөөрөө хийгээд явах үеэр намын хэдэн нөхөд дайраад… тэгсэн өнөө муу хэд маань сайн дураараа хамгаалалтад гарч, шөнөжин нойргүй хонож байсан. Яг манай аймгийн төв дээр бол ардчилсан холбооны төлөө амиа золих 10 гаруй нөхөд бий. Би бас тэднийгээ бодолцоод ажлаа өгөхдөө зүгээр нэг бизнесмэн хүнд өгчихөөгүй юм шүү. Хов хоосон мөртлөө сэтгэлтэй хүнд өгчихөж болохгүй. Намын хүнд бас өгчихөж болохгүй байсан учраас холбооны тэмцлийн түүхийг мэддэг гар бие оролцож явсан хүнд өгсөн. Нүүрсний уурхайтай учраас өвөлдөө манай хэдэн партизануудад үнэгүй нүүрс өгчихдөг л юм. Их сэтгэлтэй хүн. Бодоод байхад бидний хэдэн партизанууд өнөөдөр нас 50 давж. Зарим нь ч ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тиймээс өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын өргөн барьсан орон сууц олгох хуулийн төслийн талаар Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга нартай уулзмаар байгаа юм.
-МоАХ-оор овоглоод явж байхдаа таны хүрсэн хамгийн өндөр цэг юу вэ?
-Би МоАХ-ны Хүндэт дарга, Байгаль орчны 700 гаруй иргэний хөдөлгөөний тэргүүн гэдгээрээ л бахархдаг. Үүнээс илүү өндөрт гарахыг би хүсэхгүй байна.
-МоАХ-ны тэргүүн эгнээнд явсан нөхдүүд намаар дамжаад ямар нэг албан тушаалд хүрчихсэн амьдрал нь дажгүй л харагдах юм. Таны амьдрал ямар байна?
-Тийм ээ. Аймгуудын ардчилсан холбооны удирдагчдаас гадна МоАХ-ны тэргүүн эгнээнд явсан нөхдүүд ямар нэг албан тушаалд хүрсэн. Гэхдээ би үүнийг хувь хүний амьдралаа авч явах хэлбэр л гэж хэлмээр байна. Миний хувьд 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээрээ тэжээлгэж байна гэвэл алдас болохгүй л болов уу. Би чинь зураач учраас янз бүрийн зүйл зураад, бэлэг дурсгалын зүйл хийгээд зардаг. Гэсэн ч би ардчилсан холбооныхоо чиг шугамаас хазайж байсангүй. Үүнийг маань төр засаг ч үнэлсэн. МоАХ-ны дарга гэдгээрээ Х.Баттулга ч үнэлдэг. Бид ер нь сэтгэлээрээ л амьдарч явна даа. Партизануудын маань амьдралын замнал олон хүний мөн чанарыг шалгасан он цаг байлаа даа.
-Уучлаарай, гэхдээ амьдрал сайжрахгүй байна. Сэтгэлээрээ бид хэр удаан тэсэх бол. Иргэд яагаад гацаанд орчихов. Бид яагаад нийгмээрээ илүү дээр амьдарч чадахгүй байна гээд асуувал энэ сэдвээр надад олон асуулт байна. Та партизаны хувьд нэг зүйл хэлээч?
-Ардчилсан холбооны тавьсан зорилтууд биелсэн. Одоо ардчилсан холбооны тэмцлийг удирдаж оролцсон хүмүүс энэ улсыг удирдаж байна. Шат, шатандаа л МоАХ байна. Энэ Монгол Улсыг ардчилал гэдэг нэг замд оруулсан хүмүүс бол МоАХ-ны гишүүд. Үүнтэй хэн ч санал зөрөлдөхгүй. Харин ардчилал гэдэг нь хэний ч явж үзээгүй зам байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Тулгамдсан, гарц хайсан, мухардсан зүйл байсан учраас би бурууг бага зэрэг зөөллөж боддог. Гэхдээ л бидний дундаас эрх мэдэлд хүрсэн хүмүүс жинхэнэ партизануудтай харьцуулахад өнцөг, зорилго нь өөрчлөгдсөн байна. Эрх, мэдэл мөнгө хоёр манай нөхдүүдийн заримыг хэмхэлж байна.
-Хэлээд өгөөч. Хэн эрх мэдэл хүртээд хэмхэрч байна?
-Давхар дээлээ тайлъя гээд л МоАХ-ны дарга уриалахад тайлсан дээлийг нь Түвдэндорж аваад өмсчихөж байгаа юм. Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи Монголд ирээд буцахдаа “Дүр исгэсэн Ардчилал хамгийн аюултай” гэж хэлсэн удаатай. Ингээд харахад ардчилал, шинэчлэлийн замаар яваад байгаа юм шиг мөртлөө түүний хэлсэн аюул ойрхон байгаа юм шиг айдас заримдаа төрдөг. Чамтай хамгийн ойр хэвлэл мэдээллийн салбараар жишээ авахад л зарим хэвлэлүүд уул, уурхайн том компаниудтай хаалтын гэрээтэй байна. Бидний хамгийн том баялгийг ухаад төнхөөд байхад л өмөөрөөд байгаад хэлэх ч үг олдохгүй юм, заримдаа.
Гинжнээсээ бусдыг алдах юмгүй гээд л цуг тэмцээд л явсан нөхөд маань ч энэ хуйвалдаанд оролцож л явна. Гэтэл манай Амарсанаа, Билэгт, Дарь.Сүхбаатар нар өөрийнхөө ажлыг хийгээд л явж байна. Хишкаг (Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Б.Хишигбат) хүртэл хар. 20 сая төгрөгийн авлига өгөх гэсэн хүнийг шууд зарлаад л. Нэг үе лааз өшиглөөд явж байсан хүн албан тушаалд очсон ч шударгаараа, партизан хэвээрээ байгаа байхгүй юу. Гэтэл хүн чанараа, чиг шугамаа алдсан хүмүүс бий.
-Гинжнээс өөр алдах зүйлгүй гэж... Улсын мал хариулна, эд хөрөнгө хурааж болохгүй гээд энгийн иргэдийн хувьд үнэхээр л “гинжнээс өөр алдах зүйлгүй” байсан байх даа. Гэтэл одоо алдах зүйл олон байна. Тэмцлээс нэг алхам ухрахад энэ нь саад болох л байх даа.
-Ер нь, өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилал, шинэчлэлийн төлөө явсан улсуудын хэн нь хэн бэ, гэдгийг ялгаад өгчихсөн. Харин ч цаг хугацаа гэж ийм мундаг шүүлтүүр байдаг юм байна гэдгийг тун ч их ойлголоо доо. Цаашдаа ч биднээс шигшигдэж, үр хойч бидний хэн нь хэн байсан бэ, гэдгийг ялгаж, салгах улам хялбар болох байх шүү.
-Цаг хугацаа өнгөрөх тусам үнэн улам тодорно гэж сайхан хэллээ. Гэхдээ уучлаарай одоо 50 нас хол давсан партизанууд хэзээ нэгэн цагт түүх л болно. МоАХ партизангүй болчихвол яах вэ л гэж асуух гэсэн юм. Таны хэлсэн шиг холбооны үнэмлэхээ зүрхэндээ зоочихсон тэд байхгүй бол энэ холбоо хэр удаан оршин тогтнох бол. Хэн үргэлжлүүлэх бол?
-Одоо би 59 настай гэхээр хувьсгал гарахад төрж байсан залуучууд 25 нас хүрчихсэн байгаа байх аа. Нэг үе. Бодоод байхад нэг үе өнгөрөхөд үйл явцын ялалт ялагдал нийгэмд танигдаад хуучин систем тэдэнтэйгээ бүр алга болчихдог юм байна. Одоо та нарын үе иржээ. Тэгэхээр та нар шиг залуучууд ардчиллыг төгөлдөржүүлэх үйл явцын үргэлжлэл юм шүү гэдгийг л ойлгуулахыг хүсч байна. Туулж өнгөрүүлсэн 25 жилийн ажлыг ухааруулж, бурууг хүлээн зөвшөөрч, зөвийг дэмжиж соён гэгээрүүлэх “аян дайнд” партизанууд мордох цаг нь болж. Залуу үе шигээ эсгий туурга болоод талбай дээр хэвтэх нь одоо бидний тэмцэл биш учраас илүү өргөн хүрээний эдийн засгийн хувьсгалын талаар партизанууд цуглаж, ярилцах хэрэгтэй болж.
-Та байгаль орчин сүйтгэхгүй, ан амьтан агнахгүй гээд их л тэмцлээ. Гэтэл Засгийн газар ухна л гэж байна. Яг одоо биднийг ярилцаж байхад уул уурхайгаас шалтгаалсан улс төрийн өлсгөлөн үргэлжилж, нийгмийн зарим хэсэг самгардаж, учраа олохгүй болоод байна. Тиймээс яриагаа жаахан өөрчлөөд байгаль орчны талаар ярилцаад өндөрлөе.
-2013 онд Хэнтий аймгийн 90 жилийн ой болсон. Тэр үеэр аймгаас хоёрхон хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны нэг нь би юм. Хэнтий аймгийн Ардчилал шинэчлэлд оруулсан хувь нэмрээс гадна байгаль орчны асуудал ч энэ шагнал надад ирэх шалтгааны нэгд тооцогдсон байх гэж би боддог. Өнөөдөр Монгол Улсын 330 сумаас ганцхан сум л уул, уурхайн лицензгүй байна. Энэ нь Аварга тосон буюу Дэлгэрхаан. Бид “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөн гэж байгуулаад тэмцсэний хүчинд уул, уурхайн лицензгүй болгож чадсан. Хэрлэн хатан ижийгээ, хэрчиж таслах учиргүй гээд л зүтгэсэн дээ. Ням-Осор маань бас бидний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. Бид хоёр чинь бусадтайгаа хамт өрмийн машиных нь урд хэвтэж байж болиулсан түүхтэй. Гэтэл одоо Монгол Улс их л ядарсан юм шиг байна. 50-хан тонн алтны төлөө Ноён уулыг ухах гэж байгаа ядарч дээ гэж ойлгохоос өөр сонголт алга. Гэхдээ энэ асуудлыг иргэний байгууллагууд хүчтэй эсэргүүцэж байгаа. 350 байгууллагын тамга, тэмдэгтэй шаардах хуудас хүргүүлсэн. Тиймээс Төрийн тэргүүнийг энэ бүхэнд цэг тавих байх гэж найдаж байна. Газар нутгийн 30 хувь нь дархан цаазтай байх ёстой байтал өдгөө 17.4-хөн хувьд хүрчихлээ. Буруу шийдвэр, санаархалд санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсч байгаагаа партизанууддаа хэлмээр байна.





















