Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ш.НИНА: ТАЛХ ИДЭХ Ч УЛС ТӨРТЭЙ ХОЛБООТОЙ
Энэ жил Монголын ардчилсан холбооны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон үйл явдал тохиосны нэг нь МоАХ-ны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж бүсгүйчүүдээ хүлээн авсан явдал байв.
Нийт зургаан дүүргийн салбар зөвлөлөөс 120 гаруй партизан, МоАХ-ны анхдагч оролцсон эл арга хэмжээ 1990 оны улс төрийн өлсгөлөн болсон өдрүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхацснаараа онцлог байв. Түүх бичилцэж, төрийн үйл хэрэгт эмэгтэй хүн, эх хүний цэвэр ариун сэтгэлээр гар, бие оролцож явсан анхдагчид 25 жилийн хойно дахин уулзсан нь баяр дээр баяр нэмж байв.

Эл арга хэмжээний үеэр 1990 оны гуравдугаар сарын 7-9-нд улс төрийн өлсгөлөнд оролцож байсан цорын ганц эмэгтэй болох Ш.Нинатай уулзаж ярилцлаа.

-1990 оны гуравдугаар сарын 7-9-нд МоАХ-ны гишүүд улс төрийн өлсгөлөн зарлаж байсан нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхацдаг. 25 жилийн өмнөх тэр суултад оролцож явсан ганц эмэгтэй гэдгээр тань онцоллоо?

-Баярлалаа. Суулт хийж, өлсгөлөн зарлаж байсан гурав хоног эмэгтэйчүүдийн баяртай давхацдгаараа онцлог л доо. Нэг ёсны бидний тэмцэл ялж, мянга мянган эмэгтэй мөн Монголын ард түмэн эрхээ эдлэх, хамгаалах, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсон учир давхар баяр юм.

-Тухайн үед та хаана, ямар ажил мэргэжилтэй байв?

-Тэр үед Шастины нэрэмжит III эмнэлэгт бүртгэлийн бага эмчээр ажилладаг байлаа. Гэтэл юу юугүй л талбай дээр өлсгөлөн зарлаж байна гэдэг мэдээ тарж намайг тэр хүмүүст клизм тавиад ир гэж явуулсан юм. Миний санаж буйгаар өлсгөлөн гуравдугаар сарын 7-ны 14:00 цагт эхэлсэн. Би ч очиж клизм тавьчихаад дараа нь МоАХ-ны цугларалт болдог байсан дугуй зааланд очсон юм. Тэгээд Элбэгдоржтой уулзаж хаана, юу хийдгээ танилцуулаад өлсгөлөнд оролцох хүсэлтэйгээ хэлсэн.

-Яаж хүлээж авсан нь сонин байна?

-“Ёстой сайн байна, бидний ажлыг эмэгтэй хүн, эх хүн дэмжиж байгаа нь сайшаалтай байна” гээд нааштай хүлээж авсан л даа. Тухайн үед МоАХ-ны бүсгүйчүүд тал талаас цугласан болохоор хэн хэнийгээ сайн таньж мэддэггүй байлаа. Тэгэхэд МоАХ-ны дугуй заалыг Тодын Оюунчимэг хариуцдаг байсан юм. Мөн Даваа багш ч байсан. Намайг сууна гэхэд нөгөөдүүл маань ч хамт суух тухайгаа хэлсэн. Тэгэхэд нь би өлсөнө гэдэг хамгийн хүнд ажил шүү, та нар сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай гэж хэлж байсан. Тэгээд л би өлсгөлөнд оролцохоор болсон доо. Намайг очиход арван хүн байсан, би 11 дэх нь болсон.

-Тухайн үеийн байдлыг эргээд нэг дурсвал?


-Шууд л суулт хийсэн болохоор ямар ч бэлтгэлгүй байсан гэж хэлж болно. Би л гэхэд ээжийнхээ үстэй дээлийг өмсч, бэрийнхээ малгайг тавиад л очсон. Анх бол шууд л талбайн цементэн шалан дээр сууж байсан бол удалгүй дэмжиж байсан хүмүүс эсгий, хөнжил гудас гээд элдвийн юм авчирсаар нэг мэдэхэд буйдан шиг юман дээр гараад суучихсан байлаа. Дахиад нэг дээлээр давхар хучуулчихсан байх жишээтэй. Би тэр дээлний эзнийг одоо ч олдоггүй юм.

-Ер нь, анх ардчилсан хувьсгал, МоАХ-той ямар сэжмээр холбогдсон хүн бэ?


-Анх гэж яривал 1989 оны арванхоёрдугаар сарын цуглаанд манай эмнэлгээс хүмүүс очиход нөхөр маань ажиглагчаар байлцсан юм. Хань бид хоёр хамт ажилладаг байсан л даа. Манай хүн ч хэд хэдэн цуглаанд орчихоод ажил дээр ирж “Бидний хүсч мөрөөддөг, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай ярьж, түүний төлөө тэмцэх гэж байна” гэх мэтээр биднийг уриалдаг байлаа. Би ч ажлынхаа зав чөлөөгөөр ирж очсоор ардчилсан хувьсгалын үйл хэргийг дэмжигч болчихсон хэрэг. Тэр үеэс л би МоАХ, ардчилалтай холбогдсон хүн.

-Сонирхолтой байна л даа, өлсгөлөн зарлаж байсан хүмүүс дунд ганц эмэгтэй хүн байсан нь, та. Магадгүй ачаад аваад явчихаар эгзэгтэй байсан үед юу таныг тэдэнтэй нийлэхэд хүргэсэн юм бэ?

-Тэр үед өлсгөлөн зарлаж байсан хэдийг маань “Ардчиллынхан гэх муусайн хулиганууд, тэрсүүд юмнууд” гэхчлэн элдвээр л ярьж байлаа. Ачаад аваад явахаар болчихсон ёстой л эгзэгтэй үе байсан. Мэдээж эх орон, хойч ирээдүй, ардчилал, хүний эрхийн төлөө гэдэг утгаараа тэр өлсгөлөнд би оролцох ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, дандаа эрчүүд байсан болохоор хулиганууд гэж яриад байсан юм. Тиймээс би эмэгтэй хүнийхээ хувьд очиж оролцох нь зөв гэж шийдсэн хэрэг.

-Шууд л шийдчихсэн хэрэг үү?

-Шийдэх тухайд нөхөр­тэйгөө зөвлөлдсөн л дөө. Уг нь, манай хүн суух гээд бай­сан юм. Бид хоёр ярьж бай­гаад гурвын гурван хүүхдээ үл­дээ­гээд явж болохгүй, нэг нь үлдэх хэрэгтэй гээд нөхөр маань өлсгөлөнд оролцоогүй юм.

-Таныг өлсгөлөнд орол­цохоор явахдаа “Би ирэхгүй ч байж мэднэ” гэж хэлж байсан гэх юм билээ?


-Тийм ээ, гэр бүлийнхэндээ тэгэж хэлж байсан. Тэр үед Хятадад, Тянь Ань Миний талбайд гарсан жагсаалыг танк, цэрэг, зэвсгийн хүчээр тарааж байсан болохоор мэдээж эмээх юм байсан. Угтаа өлсгөлөн зарлаж тэмцэнэ гэдэг тийм ч амар ажил биш, би өөрөө эмнэлгийн хүн байсны хувьд сайн ойлгож байсан. Тиймээс ч ар гэрийнхэндээ захиасаа хэлчихээд гарсан юм.

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?

-Ер нь манай гэр бүл, хамаатан саднууд их ардчилсан үзэлтэй хүмүүс байсан л даа. Намайг айхтар хорьж цагдаад байсан юмгүй. Харин ч “Чамд ямар нэг юм тохиолдвол бид араас чинь тэмцэнэ” гэхчлэн зоригжуулсан.

-Өлсгөлөнд эмэгтэй хүн элссэн нь нөгөөх хулиганууд гэх хандлагыг арай зөөллөсөн байх?


-Тэгсэн тэгсэн. Эмэгтэй хүн, эх хүн өлсч байна гэхээр хүмүүс тал бүрээр л дэмжинэ л дээ. “Тэр өлсч байгаа эмэгтэй нь хүрээд ир, манайд очиж хоол ид. Эсвэл аваад ирье” гэх мэт нөгөөх өлсгөлөнгийнхөө утга учрыг ч сайн ойлгоогүй нь ч байв. Зарим нь болохоор элдвээр л цуу яриа дэгдээж байсан даа. “Доллар аваад суучихаж гэнэ ээ” гэх нь ч байлаа. Гэтэл бид тэр үед ам.доллар гэгчийг нь мэдэхгүй, ам.доллараар наймаа хийж байгаа хүнийг бариад явдаг цаг байлаа шүү дээ.

-Одоо бидний үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг эрх чөлөө маань жаахан задгайрчихаж. Дуртай нь өлсч, жагсч, суудаг болж. Үүнийг та хэрхэн харж байна?

-Би үүнийг жаахан ташаарсан, буруу зүйл юм уу гэж боддог. Мэдээж үзэл бодлоо хамгаалж дуугарах, жагсч цуглах нь нээлттэй ч тэмцлийн хэлбэр нь буруу юм шиг санагддаг. Харин ч цөөн хэд нь байсхийгээд л цуглаж байхаар эвлэлдэн нэгдэж илүү их хүч хуримтлуулах хэрэгтэй. Юун түрүүнд хийх зүйлээ тодорхойлж,  хэнд хандахаа товлох хэрэгтэй. Хэрэв хүлээж авахгүй бол яах вэ гээд шат дараатай хандах нь чухал. Түүнээс нэг юм болохгүй байна гээд л шууд өлсөөд, жагсаад байж болохгүй.

-Эвлэлдэж нэгдэж чадаж байна гэдэг тэр ард түмэн бодитоор оршиж буйн шинж гэж ойлгодог юм. Гэтэл залуус тэр тусмаа дэлгэцийн цаанаас их тэмцэх болж. Магадгүй дэлгэц гөлөрсөн ардчилал ч гээд хэлчихэж болмоор?


-Яг үнэн. Байнга жагсч, цуглаад байхаар үнэ цэнээ алдаж байгаа юм. Сүүлдээ хэн, юуны төлөө тэмцээд байгаа нь ч ойлгогдохоо байж. Угтаа чиний хэлдгээр залуус дэлгэц гөлөрч суухаар үнэхээр өөрт нь хамаатай, ирээдүйг нь шийдэх асуудал байвал нэгдмэл байж сурах хэрэгтэй, цаг нь болсон. Түүнээс хэдэн хараалын үгтэй сэтгэгдэл биччихээд гэдсээ илээд хэвтэж болохгүй. Мөн тэмцэхэд учир бий, хий хөөрцөглөж юу юугүй мод чулуу бариад дайраад байж болохгүй. Тэмцлийн хэлбэр олон шүү дээ. Гагцхүү үзэл санаандаа л үнэнч байх нь чухал.
Ер нь, залуучууд хамгийн ухаантай баймаар санагддаг юм. Гэтэл манай залуучууд “Надад улс төр хамаагүй, жагсана уу цуглана уу падлий байхгүй. Би өнөөдөр болж байвал болох нь тэр” гэсэн хандлагатай. Угтаа, талх идэх нь хүртэл улс төртэй холбоотой гэдгийг ойлгохгүй байна. Яахав, хэсэг нь ойлгоод, яриад байвч тэдэн дээр масс очихгүй, нэгдэхгүй л байна даа.

-Сүрхий үг байна, талх идэх хүртэл улс төртэй холбоотой... Таны хэлсэн үг..?
-/инээв/

-Улс төрөөс ангид байна гэдэг хэцүү. Гэхдээ улс төртэй хамаагүй хутгалдах бас дэмий?

-Тийм, улс төрийг ойлгодог байх хэрэгтэй. Нэг жишээ татахад 1996 оны сонгуулиар байна уу даа хүмүүс намд элсэнэ гээд л дугаарлаад байв. Би тэр үед Баянгол дүүргийн Ардчилсан намын нарийн бичиг байсан юм. Нөгөө дугаарлаад байгаа хүмүүсийн анкет гэж зөндөө юм бичээд, сүүлдээ гар чилээд нөгөө хүмүүсээс асуулаа л даа. “Та нарын улс төрийн үзэл бодол төлөвшсөн үү, ямар учраас намд элсч байгаа юм” гэж. Гэтэл “Намд орвол ажил төрөл олдох юм шиг байна, хоолтой хонох юм шиг байна” гэх нь их байв. Тэгээд л би хийж байсан ажлаа хаячихаад “Улс төрийн үзэл бодолдоо үхэж чадна гэсэн нь намдаа элс. Түүнээс ажил олгодог газар биш” гэж хэлж байсан юм. Одоо харахад улс төрийн үзэл бодол төлөвшөөгүй хүмүүс даргын суудалд суучихсан нь ч байна. Тиймээс улс төрийн үзэл бодолдоо үхэж чадах нь намд элсээсэй, бусад нь дэмжигч байгаасай гэж хүсдэг дээ.

-Би бодохдоо МоАХ-г намаас ангид авч үзэх нь зөв гэж ойлгодог. Манай намууд үндсэн үүргээсээ гажаад алба тушаалын төлөө байлддаг нэг том төхөөрөмж болчихов уу гэж харж байна?

-Тийм, МоАХ намаас ангид байх нь зөв. Анхнаасаа ч тийм л байсан. Ер нь, хэт их намчирхах дэмий. Нэг намаас гарч нөгөөд нь орчихдог, нэг тийм моод ч дэлгэрч. Яахав, болохгүй юм байхгүй ч намаар талцаж, нам болж тоглох тийм ч сайхан зүйл биш шүү. Нам гишүүнчлэлийн хувьд цомхон, дэмжигч нь хэд байх нь хамаагүй, тийм л байх хэрэгтэй. Бодлого боловсруулж, шийдвэр гаргахад оролцож, нөлөөлж чаддаг, шарваж бусгаад байдаггүй цөөнх нам бүрдүүлж байвал зүгээр санагддаг.

-Намаар талцана..?

-Зөндөө л талцуулж байна шүү дээ. Намаас болж нутаг ус, жалга дов тэр бүү хэл эхнэр нөхөр хоёр ч талцаж байна. /инээв/ Ингээд бодохоор иргэд улс төрийг ойлгодог байх нь хамгаас чухал. Түүнээс чиний хэлснээр хутгалдаад байх нь онцгүй.

-Хоёулаа эргээд 1990 оны үйл явдал руугаа ороё. Хувьсгалаас хойш та юу хийж байв?

-Би өлсгөлөнд оролцож, хувьсгал ялах хүртэл явж байгаад дахин улс төрөөр яваагүй. Би улсад тасралтгүй 30 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Улс төрийн идэвхтэй гишүүн гэж явснаас улс төрийн ажил нэг их хийгээгүй. Нэг жил л намын нарийн бичгээр ажилласан.

-Нэг ч хамраас цус гаргаагүй, нэг ч цонх хагалалгүй хийсэн хувьсгал гэж тухайн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Мэдээж өлсгөлөн ч цоо шинэ зүйл байсан шүү дээ?

-Тэгэлгүй яахав, өлсгөлөн байтугай улс төр гэгч зүйлийн тухай ч нарийн ойлголтгүй, эмнэлгийн бага эмч хүн байлаа шүү дээ. Зүгээр л бидэнд эрх чөлөө хэрэгтэй, Монгол Улс баян, бидний үр хүүхэд аз жаргалтай байх ёстой гэж байснаас улс төр гэгч зүйлийн тухай сайн ойлголтгүй байлаа.

-Энэ асуултыг би уулзаж учирсан партизан бүрээсээ шахуу асуудаг юм. Та бүхний тэмцэж олсон ардчилал хүсч байснаас чинь хэр зөрүүтэй байна. Товчхондоо, ардчиллыг 25 жилийн дараа дүгнэх гээд байна л даа?

-Яахав, харьцангуй ойлголт л доо. Одоо бол эрх чөлөө байна. Бид үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Гэхдээ тэр үед хүсч, төсөөлж байсан ардчилал биш. Заримдаа, “Даанч дээ” гэж харуусах үе байна.

-Гэхдээ бид хувьсгалыг цагаа олж хийсэн?

-Тэгэлгүй яахав, нэг системээс нөгөө рүү цагаа олж шилжсэн. Гэвч одоо бодоход зарим талаас хуучин нийгмээс илүү хүнд суртал, авлига, хээл хахуультай болчихсон юм шиг санагддаг юм. “Юу болоод байна аа” гэж бодох үе цөөнгүй. Яг санаанд бол хүрэхгүй л байна. Гэхдээ болох байх аа, ирээдүйд энэ бүхэн цэгцэрч, Монгол Улс сайхан болох байх гэж итгэдэг.

-Магадгүй итгэл л үлдэж?


-Тийм, монголчууд бид тэнгэрлэг, амны хишигтэй хүмүүс. Өвгөд биднийг дээрээс харах байлгүй гэсэн бодол, итгэл л өвөрлөж явна даа.

-Хатуу хэр нь үнэн гэдэг шиг өнөөгийн нийгэмд буй хэсэг бүлгийг яг таг тодорхойлсон үг байна л даа. Улс төрд орж буй хүн анх олонхийн төлөө ярьж гарч ирээд хүссэндээ хүрсэн хойно өөрийнхөө төлөө л дуугардаг гэж. Магадгүй тантай хамт өлсч, тэмцэж явсны дотор өдгөө нүүрээ буруулчихсан нь байдаг юм шиг?

-Шууд нүүрээ буруулсан гэж хэлэх хэцүү. Гэвч ардчилсан хувьсгалын үйл хэргээр, ард олны өмнөөс дуугарч, тэдний мөрөн дээр гишгиж өндийсөн зарим нэг нь өнөөдөр өөр хүн болчихсон яваа нь бий. Заримдаа харж байхад сонгуулийн үеэр л ухаангүй хайртай болчихсон байх юм. Угтаа, ардчилал эрх чөлөө гэдэг нэг хүний өмч бус нөгөө олонхийн, ард түмний өмч биз. Гэтэл хувийн өмч мэт ашиглаж ард түмний төлөө бус өөрийнхөө төлөө явсан нь бий. Тэгэхээр ард түмний төлөө явахгүй байгааг нь нүүрээ буруулсан гэх юм уу даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан