Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хуулийн тогтворгүй байдал бизнест хэрхэн нөлөөлдөг вэ
Б.ШИРНЭН

Монгол Улсын хууль тогтоомж тогтвортой юу. Үгүй бол тогтворгүй байдал нь бизнес эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдэг нь Монголын эдийн засгийн чуулган (МЭЗЧ)-ы онцлох сэдвүүдийн нэг байлаа.

Энэ асуудлыг чуулганы хоёр дахь өдөр буюу энэ сарын 3-ны өдөр “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес” сэдвийн дор хэлэлцсэн юм. Ингээд хуралдааны удирдагчаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа оролцсон. Тэрээр хууль, тогтоомжийг тогтворгүй гэж үзсэн богино хэмжээний илтгэл тавьж, хэрхэн тогтвортой байлгах талаар хэлэлцсэн юм. Тэгвэл хууль тогтоогчид болоод бизнесийн байгууллагын төлөөллүүд дараахь байдлаар үзэл бодлоо илэрхийллээ.

Су.Батболд: Парламент хоёр танхимтай бол хуулийн өөрчлөлт илүү тогтвортой байна

/УИХ-ын гишүүн/

“Муу л бол баруун хойд овоохой” гэдэг шиг Мон­гол орны болохгүй бүтэх­­гүй байгаа бүх зүйл пар­ламе­нтаас болоод байгаа. Мэдээж “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал” нь бидэнтэй хамаатай. Тийм болохоор би хэдэн санаа хэлье. Парламентаас гарч байгаа шийдвэр тогтвортой бай­хад парламентыг бүр­дүүлж байгаа сонгуулийн тогтолцоо ямар байх нь бас ха­маатай. Улс орнуудын пар­ла­­­­­ментыг хараад байхад нэг удаагийн сонгуулиар нийт гишүүдийн 40 орчим хувь нь шинэчлэгддэг. Харин манай улсын парламент маш богино буюу дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд ажилладаг. Сонгуулиар 76 гишүүний 60 орчим хувь шинэчлэгддэг. Энэ байдал нь парламентаас гарч байгаа шийдвэрийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Тиймээс би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хоёр танхимтай парламенттай байх са­­­нал өгсөн. Өнгөрсөн 25 жил бид хууль үйлдвэрлэсэн. Өнөөдөр 400 гаруй хуультай бол­чихсон байна. Хазаараа та­таж, илүү тогтвортой байд­лыг хангахын тулд нэг хоёр тан­­хим­тай парламенттай бо­лох нь зөв. Хоёрдугаарт, манай биз­не­­сийнхэнтэй холбоотой тогтвор­гүй гэж ярьдаг нь төсөв, татвартай холбоотой асуудал. Бусад орны парламентын дэгийг харвал тухайн жилийн төсөвт өөрчлөлт оруулахуйц хуулийн төсөл, эсвэл татварын 0.01 хувийг өөрчлөх байсан ч хамаагүй хуулийн төсөл санаачлах квот тогтоодог. Өөрөөр хэлбэл, төсөвт өөрчлөлт орох юм бол тодорхой тооны гишүүд нийлж байж хуулийн төсөл өргөн барих эрхтэй. Татварын тухайд зөвхөн Зас­гийн газар нь хуулийн төсөл санаачилна зэрэг босго байдаг. Гэтэл өнөөдөр манайд ийм зүйл байхгүй. УИХ-д орж ирсэн нэг бизнесмэн нөхөр өөрийнхөө эрхэлдэг бизнесийн татвартай холбоотой асуудлаар ганцаараа хууль санаачлаад УИХ-д оруулчихдаг. Тиймээс зарим нэг хуулийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах эсвэл УИХ-ын гишүүдийн гурав­ны нэгтэй тэнцэх хэмжээ­ний гишүүд нийлээд төсөв, татвартай холбоотой хууль санаа­чилдаг болох хэрэгтэй. Тэгвэл хуульд орж байгаа өөрчлөлтүүд харьцангуй тогтвортой байх болов уу.

Гуравдугаарт, УИХ найман Байнгын хороотой. Тэгвэл 76 гишүүнтэй авсаархан пар­ламентад долоогоос олон Байн­гын хороо хэрэггүй. Жишээлбэл, хуулийн төс­лийн хэлэлцүүлэг Байнгын хо­роонд явагддаг. Байнгын хо­роо­ны долоон гишүүн бай­хад л хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээд байна. Энэ бүхэн араасаа лобби, ашиг сонирхлын зөрчил дагуулдаг.

Б.Амарсанаа: Хуульд маш их өөрчлөлт орж байна

/ Хууль зүйн ухааны доктор /

1992 оноос 2006 он хүртэл батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон, хүчингүй болсон хуулиудын тоог дээрх хугацааны ажлын өдөрт хувааж багцаа тоо гаргавал УИХ өдөрт гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр баталж байгаа дүн гарсан. Гэтэл УИХ ажлын таван өдрийн хоёр өдөрт нь чуулгантай байдаг буюу хууль батлах боломжтой гэхээр Монгол Улсын хууль тогтоомжид маш их өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг. 1987 онд Монгол Улс 50 хуультай байсан бол 2015 онд ойролцоогоор 440 хуультай болсон байна. (Нэг удаагийн шинжтэй хууль байгаа учраас ойролцоогоор 440 болжээ) Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг тогтворгүй гэж дүгнэж байна. УИХ хууль баталж, тэрхүү хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 14 хоногийн дараагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлдэг. Гэтэл “Гадаадаас импортын бараа ачаад Монголд орж ирэх хооронд нь шинэ хууль батлагдаад тэрхүү ачиж явсан барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон. Ингээд тухайн хүн эрүүгийн хэрэгт татагдаж байсан тохиолдол байдаг”. Тиймээс батлагдсанаас хойш мөрдөгдөх хугацааг хангалттай тавьж өгөх хэрэгтэй.

Х.Тэмүүжин: Хуулийн тухай хууль хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/


Бид шилжилт хийж байгаа улс орон. Социализмын үед нийгмийн бүх харилцааг захиргаадалтын арга барилаар удирддаг байсан учраас хууль цөөн байсан. Харин намын эсвэл захиргааны байгууллагаас гаргасан захирамж олон байсан. Тиймээс тухайн үед 50-хан хуультай байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хууль олон эсвэл цөөн байна гэдгээс илүүтэй хуулиар зохицуулах зүйл мөн үү, биш үү гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Одоогийн Засгийн газар эдийн засаг л яриад байна. Энэ олон яриан дунд дэвшилттэй, зөв гэсэн зүйлс байна. Гэхдээ алхам хийхгүй яриад л байгаа. Алхам хийх гэхээрээ буцаж хургаад нөгөө зүйлээ ярьсан хэвээрээ л байгаа юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон асуудлыг шийдэх боломж байсан. Гэвч ярьсаар байгаад хийгээгүй. Өнөөдөр ч гэсэн “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес” гэсэн сэдвийг ярьсаар байна.

Бизнесийг таатай болгоё гэвэл Компанийн хууль гэдгээс гадна дүрэм тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой ойлгомжтой хууль эрх зүйн орчинтой байх ёстой. Тодорхой байдал байхгүй бол тэр хуулийг тогтвортой байлгах гэж хадгалах нь утгагүй зүйл. Тэр нь өөрөө бизнес эрхлэгчид ашиггүй байх юм бол мөн л тогтвортой байлгах шаардлагагүй. Тиймээс үр ашигтай тодорхой байдлыг л тогтвортой хадгалж үзэх гэж эрмэлзэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр дүрмийг УИХ гаргасан хуулиараа, захиргааны байгууллагууд тогтоол шийдвэрээрээ тогтоож байна. Хууль батлах гэж байгаа, хууль боловсруулах гэж байгаа бол ямар дүрмээр хуулиа боловсруулж байгаа вэ.

Хуульд ашиг сонирхлын бүлгүүд хэрхэн оролцож байгаа зэрэг баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж чадах дүрэм байх хэрэгтэй. Тэгэхээр “Хуулийн тухай хууль” гэдэг нэршил гарч ирж байгаа юм. Түүнээс шөнө унтаж зүүдэлснээ өглөө босоод нэг хууль боловсруулж болохгүй. Мөн захиргааны албан хаагчид, захиргааны үйл ажиллагааг дүрэмтэй болго. Захиргааны ерөнхий хуулийн тухай 15 жилийн өмнөөс ярьсан. Хэзээ ч хэн ч хийгээгүй. Яагаад хэрэгтэй гэвэл, захиргааны алба хаагчдад хуулиар эрх мэдэл өгсөн. Хяналт шалгалт явуул гэж. Гэхдээ яаж явуулах тухай дүрэм байхгүй. Нэг шалгагч орж ирээд л дуртайгаа задалж үзээд, дуртай юмаа бариад л шалгадаг. Жишээ нь, иргэний эрх рүү халдаад эд хөрөнгийг нь үзэж, битүүмжлээд торгууль тавьчихдаг. Гэтэл ямар процессоор энэ зүйл болов гэхээр ихэнх нь өөрсдийнх нь процессоор эсвэл ямар нэг даргын гаргасан дүрэм журмаар. Гэтэл Үндсэн хуульд маш тодорхой иргэний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлахыг заасан.

Ч.Өнөрбаяр: УИХ хуулийн үйлчлэлийг дүгнэдэг газар биш

/Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөх/

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Монголын хуулийн хамгийн, хамгийн гээд нэг статистик гаргасан байна. Ингээд, сүүлийн 23 жилд хамгийн олон өөрчлөгдсөн хуулиар Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хууль. Дараа нь Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хоёр хууль маань бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжид тулгардаг хамгийн гол асуудлыг агуулсан байдаг. Гэтэл дээрх хоёр хууль нь хамгийн тогтворгүй хуулиар шалгарсан байна. Харин хамгийн тогтвортой хуульд нийгмийн халамж болоод тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиуд багтаж байгаа юм. Эндээс Монгол Улс нь баялаг бүтээгчдээ тэтгэдэг эрхзүйн орчинтой биш, харин ч олдсон мөнгөө тараачихдаг тийм л хуулийн системтэй болсныг харуулж байгаа юм.

Мөн өнөөдөр бизнес эрхлэгчидтэй хамаатай 1000 орчим шийдвэрийг Засгийн газар баталсан байдаг. Энэ журмуудад үнэхээр нэгдсэн стандарт байхгүй. Эдгээрийг бид нэг стандартад оруулахын тулд хууль санаачилсан. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан дээрх хууль батлагдвал бизнес эрхлэгчидтэй холбоотой олон дүрэм журам хүчингүй болж, цэгцрэх юм.
Нэг ийм үг байдаг шүү дээ. Гутал хаана холгож байгааг гуталчин мэдэхгүй. Харин гутлыг өмсч буй хүн л мэддэг гэж. Тиймээс УИХ-аар баталсан хууль хэрхэн хэрэгжиж, хаанаа цоорсон гэдгийг хэлдэг газар нь парламент биш. Хуулийн үр шимийг хүртэж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхэлж байгаа иргэд. Хууль тогтоох сонсгол гэдгийг Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд тусгасан. Өнөөдөр УИХ хууль батлахын тулд төрийн албан тушаалтнуудын мэдээллийг л үндэслэж байгаа. Уг нь бол судлаач, мэргэжлийн холбоод, иргэдийн байр суурийг мэдэж байх ёстой. Иргэний нийгэм болоод судлаачид санал бодлоо тусгасан цаас хууль санаачлагчид явуулдаг ч түүнийг нь уншдаг үгүйг нь мэдэхгүй. Тэгэхээр хууль тогтоохын тулд хуулиар заавал иргэдтэй, мэргэжлийн холбоодтой уулзах ёстой болох юм.

Б.Батбаяр: Хуулийн суурь судалгааг сайн хийх хэрэгтэй

/Өмгөөллийн БТ кнсултинг компанийн хамтрагч/

Хууль зүйн орчин тогтвор­той байгаа юу гэвэл үгүй. Тогтворгүй байгаа гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой зүйл. Тогтворгүй байдал нь бизнес эрхлэгчдийн хувьд урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Хууль тогтоох байгууллагын сүүлийн жилүүдэд баталсан хуулиудыг харах юм бол бизнесийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог хязгаарласан, төрийн оролцоог нэмэгдүүлсэн хууль баталж байгаа. Мөн хууль батлахдаа суурь судалгааг сайн хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар жишээ авбал “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ 100 мянган ам.доллар байх ёстой” гэхэд нэг гишүүн “100 мянган ам.долларыг хөрөнгө оруулалт гэж үзэх үү” гэхэд л хууль санаачлагч тэр дор нь дээрх заалтыг өөрчилж байгаа.

З.Сүхбаатар: Хууль дүрэм журамдаа чирэгдэх вий

/Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн/

Миний хувьд Legalinfo.mn (эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем) цахим санд тавигдсан өнөөд­рийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 544 хуульд судалгаа хийж үзсэн. Судалгаа хийхэд хэд, хэдэн онцлог зүйл ажиглагдсан. Тухайлбал, дээрх хуулиудад зааснаар дүрэм журам гаргах тухай 1544 зүйл заалт агуулагдаж байна. Харин 1544 заалтын 890 орчим буюу 58 хувь нь нь хэвлэн нийтлэгдсэн буюу зүйл заалтын тухай мэдээлэл олдож байна. Гэвч 42 хувь буюу 645 нь огт олдохгүй байна. Энэ нь батлагдсан боловч хэвлэн нийтлэгдэж байгаагүй. Хэн нэгний ширээн дотор байж байх магадлалтай. Эсвэл батлагдаагүй үлдсэн байж болох юм. Зүгээр сонирхогчийн түвшинд биш мэргэжлийн хуульчид хайхад ч олдохгүй байгаа юм. Ингээд батлагдсан буюу 890 орчим эрхзүйн актыг хуулиас хойш ямар хугацаанд батлагдсан бэ гэдгийг харахаар, нэг сарын дотор 42, 2-3 сарын хугацаанд 57, 4-6 сарын дотор 117, 7-12 сарын дараа 167, 12-с дээш хугацаанд 431 дүрэм журам батлагдсан байна. Гэтэл хууль тогтоомж тогтвортой байхын тулд эрх зүйн орчин бүрдсэн байх шаардлагатай. Зөвхөн хууль батлаад эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болохгүй. Хуульд гол зохицуулалтыг хийж, дүрэм журмыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, хууль батлагдахад дүрэм журмаа гаргадаг байх хэрэгтэй. Гуравдугаарт, дүрэм журам гаргах хугацааг нарийн тооцох, дүрэм журам хэрэгждэг нэгдсэн стандарт хэрэгтэй байна. Тухайлбал, 2012 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гарсан. 2013 онд Засгийн газрын 326 дугаар тогтоол гарсан. Уг хууль нь олон зохицуулалттай тэр дундаа Ашигт малтмал уруу чиглэж байсан ч түүнд нь Засгийн газрын тогтоолоор тайлбар хийгээд хуулийн хэрэгжилтэд саад болчихсон. Өөрөөр хэлбэл, хууль нь сайн хэрэгжих боломжтой боловч дү­рэм журамдаа чирэгдэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Б.Насанбилэг: Засгийн газрын баталгаа чухал

/“Sojitz Corporation” Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч/

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Монголын эдийн зас­гийн чуулганыг нээж үг хэлэх­дээ, “Мега төслүүд цаашаа явна” гэж хэлсэн. Үүнтэй хол­бог­­дуулаад зарим нэг зүйл хэлье. Манай компани V цахилгаан станцын мега төслийг хариуцаж байгаа. Ийм төслүүд нь хөрөнгө оруулалтын хэмжээ их, эрсдэлийн төвшин өндөр, төслийн санхүүжилтээр санхүүждэг онцлогтой. Иймэрхүү төслийн ажлыг ам­жилт­тай дуусгахад Засгийн газрын баталгааны асуудал маш чухалд тооцогдоно. Мөн асуудал гарсан тохиолдолд хараат бус арбитраар асуудлаа шийдвэрлүүлэх нь чухал. Хэрвээ, хараат бус арбитраар асуудлаа шийдвэрлүүлэх боломж бага байх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг. Энэ талын эрх зүйн зохицуулалтуудыг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй.

Д.Сүнжид: 2014 оны эхний найман сарын байдлаар 33 хууль батлагдсан

/Удирдлагын академийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор/

Legalinfo.mn (эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем) Цахим санд тавигдсан 544 хуулиас нэг удаагийн үйлчлэлтэй хуулийг хасвал 430 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. (2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар 428 байсан) Дээрх хуулиуд батлагдсанаас хойш ямар хугацаанд хүчин төгөлдөр байсныг харвал, 1992 онд 16 хууль батлагдаж, өнөөг хүртэл найман хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.
Харин 1993-1999 он хүртэл 191 хууль баталснаас 99 нь хүчин төгөлдөр үйлчилж, 92 хууль хүчингүй болж. 2000-2006 онд 217 хууль батлагдсан ч 144 нь хүчин төгөлдөр 73 нь хүчингүй болсон байна. Мөн 2007-2013 онд 187 хууль баталсны 154 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Харин 2014 оны эхний найман сарын байдлаар 33 хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Шинээр батлагдаж байгаа хуулийн 50 хувь нь хүчинтэй, 50 хувь нь хүчингүй болсон гэдгийг харж болохоор байна. Нэгэнт тогтворгүй байдал нь бизнест эрсдэл учруулах нь ойлгомжтой учраас үүнийг батлах, нотлох шаардлагагүй. Тэгэхээр Хуулийг боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн төсөлд “Уг асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай юу гэдгийг заавал судалгааны үндсэн дээр батал” гэж шаардаж байгаа. Хоёрдугаарт, хууль байх шаардлагатай гэж үзээд төсөл боловсруулсан юм бол түүнийхээ эдийн засгийн, хүний эрхийн, нийгмийн бусад үнэлгээг нь тооцох хэрэгтэй. Энэ хүчин зүйлүүдээс хамгийн тооцох боломжтой, мөнгөөр үнэлэх зүйл нь эдийн засаг. Иргэнд ямар эдийн засгийн дарамт үзүүлэх юм, төрийн байгууллагад ямар нөлөөтэй юм гэдгийг судална. Мөн дээрх хуульд хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн дараа хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байгаа. Өнөөдөр батлагдаагүй мэдээллээр манай хуулиудын 50 орчим хувь нь хэрэгжихгүй байгаа гэсэн. Тиймээс дээрх заалт хэрэгжиж эхэлснээр хууль нь хэрэгжихгүй байгаа юм уу эсвэл заалт нь хэрэгжихгүй байгаа юм уу гэдэгт хариулт өгөх боломжтой болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан