Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
С.Баярцогт: Гацууртын орд хэмжээ болон одоогийн үнэ цэнээрээ хувь эзэмшсэнээс илүү ашигтай
Л.НОМИН

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцож, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгөөгүй гэж байгаад тайлбар өгвөл?
-УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн. Англи хувилбарыг 10 хоногийн өмнө өгсөн. Хүссэн бүх материалыг нь бэлтгэж өгч байгаа. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухайн компанитай нь шууд харилцах нь зөв. Тавантолгойтой холбоотой тогтоолын төсөл таван зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой болсон. Нууц юм гэж огт байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн талаар асар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.

-Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Төвийн санхүүжилт буурсантай холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яамнаас гадаад бонд гаргаж байгаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын нэр хүнд гадаадад сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монголбанкны бодлогын хүүнээс өндөр байдаг. Дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө гэсэн үг. Тэгэхээр бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон. Саяын нэг тэрбумын эх үүсвэр цоо шинээр үүссэн зүйл биш. Төсвийн орлогоо тодорхой эх үүсвэрийг нь бондоор санхүүжүүлэхээр заасан болохоор эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр л ярьж байгаа.

-Зарим гишүүн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл учир Засгийн газар огцрох ёстой гэж байна?
-Манайх ардчилсан улс учраас хүн бүр өөр өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд холбогдох компаниудын хоорондоо гарын үсэг зурагдсан. Бүх баримт бичиг вэб сайтад нээлттэй байгаа. Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ-д 2-3 удаа хангалттай мэдээлэл өгсөн. Монгол Улсын хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцэж хийгдсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Тэр хүрээндээ хийсэн.

-Орон сууцны зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгохыг иргэд хүлээж байгаа. Хэзээ хэрэгжих бол?
-Моргейжийн найман хувийн зээлийн үйл ажиллагааг үргэлжлүү­лэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах ёстой. Нийг­мийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн найман хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Хадгаламж хэлбэрээр байр­шин орлого үүсгээд байгаа. Энэ боломжоо бид орон сууцны нийлүү­лэлтийг дэмжих, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах болол­цоо­той. Бид “Хүний хөгжлийн сан”-гаас орж ирж байгаа хөрөнгө оруу­лалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Уг сан Баялгийн сан болох ёстой байсан. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулчихсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол найман хувийн хүүгээрээ өсч байх ёстой. Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. БХБЯ, ХАХНХЯ, Монголбанк, холбогдох арилжааны банкууд хамтраад дөрвөлсөн хэлэлцээр эхлүүлсэн. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэнэ.

-“Чингис” бондын хөрөнгө оруулалтаар хийсэн “Гудамж” төслийн явц ямар байгаа вэ?
-“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”. Эхлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад одоо аймгийн төвүүдэд ажил хийгдсэн. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй сайн байсан. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг салбар руугаа хөрөнгө эргэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс аймгуудын төв дээр хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөсөн ажлуудаа хийгээд дуусч байгаа. Цааш нь үргэлжлүүлэх талаар яриагүй. Улаанбаатар хоттой холбоотой есөн том төсөл хөтөлбөр яригдаж байна. Эхний ээлжинд Алтанбулаг-Замын-Үүдийг холбож байгаа гурван эгнээ 1000 гаруй км урттай хурдны замын төсөл байгаа. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө. Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл дөрвөн үе шаттай явна. Дараагийнх нь Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот Богд уулыг бүтэн тойруулаад гурван эгнээ хурдны зам барина. Хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам байна. Дараагийнх нь Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км дөрвөн эгнээ хурдны зам. Ойрын ирээдүйд бид Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

-Эдийн засаг, төсвийн нөхцөл байдал ямар байна вэ. Орлогын тасалдлыг цаашдаа хэрхэн нөхөх вэ?
-Орлогыг эх үүсвэр эхний хоёр улирлын байдлаар тасалдаад байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын тасалдал өндөр хувийг эзэлж, төсвийн тодотгол хийх шаардлага бий. Тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн үг. Төсвийн тодотголыг энэ чуулганы төгсгөл юм уу намрын чуулганы эхээр хийх нөхцөл үүсээд байна.

-Гацууртын ордоос Монгол Улсын хүртэх ашгийн талаар намууд өөр өөр тоо хэлээд байгаа талаар?
-Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөл хоёрхон заалттай. Ашигт малтмалын хуульд стратегийн ордын хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан. Гацууртын хувьд Цагаан сарын өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй. Тусгай рояалти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай рояалтигаа авбал ойролцоогоор гурав орчим хувь дээр очих боломж гэсэн Ажлын хэсгийн санал байгаа. УИХ-д үүнийг танилцуулж байна. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, гурван хувийн нэмэгдэл рояалти авна гэдэг нь таван хувийн суурь рояалти, таван хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэнэ. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь рояалтигаа 2.5 хувь болгож бууруулсан. Өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх л болно. Тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээ, одоогийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс илүү ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай рояалти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх болж байна.
0 Сэтгэгдэл
Монголд нууц юм зөндөө л байгаа ш дээ, чиний оффшор дансыг бид өөрсдөө мэдэж чадаагүй, гадаадын сурвалжлагчаас л мэдээ биз дээ. Харин нууцлах ёстой оюутолгой зэрэг баялгийнхаа тухай төрийн эрх мэдэлтэй чам шииг ***** нар нуулгүйгээр урд ах дүүс болон бусад гадаадын хүмүүст зарчихдаг, тэгээд мөнгийг нь оффшордчихдог юм шиг байна лээ ш дээ, чи ч их нүгэл хийсэн хүн дээ, үхлийн муугаар үхнэ дээ,
Монголчууд уул уурхайн гэрээг хийж чадахаа байсан. Хичнээн ч ашиг яриад нэмэргүй. 20 мянган хувьсагчтай тооцоолоод ч гэрээ нь ашиггүй байдаг учраас уул уурхайг ашиглахаа болих хэрэгтэй. Одоогийн уул уурхай зөвхөн улс төрчдийг л тэжээж байна. Ирээдүйдээ үлдээх ёстой.
Монголд нууц юм зөндөө л байгаа ш дээ, чиний оффшор дансыг бид өөрсдөө мэдэж чадаагүй, гадаадын сурвалжлагчаас л мэдээ биз дээ. Харин нууцлах ёстой оюутолгой зэрэг баялгийнхаа тухай төрийн эрх мэдэлтэй чам шииг ***** нар нуулгүйгээр урд ах дүүс болон бусад гадаадын хүмүүст зарчихдаг, тэгээд мөнгийг нь оффшордчихдог юм шиг байна лээ ш дээ, чи ч их нүгэл хийсэн хүн дээ, үхлийн муугаар үхнэ дээ,
Хамгийн их уншсан