Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Шударга байх зарчмыг гишүүд санагалзав
Б.ШИРНЭН

4.5 их наяд төгрөг. Энэ мөнгийг Татварын өршөөлийн тухай хууль 2008 онд батлагдаж, хэрэгжих үеэр 5000 гаруй хувь хүн, хуулийн этгээд өөрсдийн нуун далдалсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн хөрөнгөө ил болгосноор эдийн засагт эргэлдүүлж эхэлсэн юм. Харин ингэж далд эдийн засгийг ил болгосныхоо төлөө тэд 431.6 тэрбум төгрөгийн татвар төлөлтөөс зайлсхийж чадсан. Тухайн үед Татварын өршөөлийн тухай хууль батлагдвал эдийн засаг ил тод болж, цаашид тунгалагшина, тайлан балансууд тэгээсээ эхэлнэ зэргээр УИХ-ын гишүүд их ярьж, лоббидсон. Гэвч, энэ удаад мөн л Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт ижил утга, зорилготойгоор УИХ-ын нэгдсэн чуулганд яригдлаа.

Гэхдээ Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан болоод АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарын хэлж байгаагаар нуун далдалсан мөнгөний хэмжээ 2008 оныхоос эрс ихэссэн буюу эдийн засгийн 37-41 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Эдгээр нь 11 мянга гаруй аж ахуйн нэгж татварын ямар нэг асуудалтай, энэ хэмжээгээрээ өршөөлд хамрагдах сонирхолтой байгаа гэсэн үг аж. Энэ тоо баримтыг тодорхой нарийвчлан гаргаагүй ч эдийн засаг уруудаж, компаниуд өрийн сүлжээнд орсон учраас дээрх хуулийг батлан гаргах хэрэгтэй гэдгийг олонх суудалтай АН-ынхан дуу нэгтэйгээр дэмжиж байгаа юм. Харин МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы үеэр яригдах хуулийн төслийг дэмжихгүй гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн учраас чуулганы хуралдааны дундаас буюу Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр танхимыг орхин гарлаа. Тус намаас дээрх хуулийн төслийг тууштай эсэргүүцэж байгаа Н.Номтойбаяр, Ө.Энхтүвшин нар чуулганы танхимд үлдэж, сөрөг хүчний байр сууриа төлөөлсөн бол бие даагчдаас Ц.Даваасүрэн, эвслээс Л.Цог хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Гэвч эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 37 нь буюу 63.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

МАН-ын хувьд дээрх хуулийн төсөл нь ээлжит бус чуулган зарлах болсон хамгийн гол шалтгаануудын нэг гэж үзэж байгаа учраас цаашид ч дээрх хуулийн төслийг дэмжихгүй гэдэг нь тодорхой байгаа билээ. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төсөл санаачлагч (Засгийн газар)-ын хувьд энэ хуулийн төслийг ойрын хугацаанд батлах шаардлага бий гэж үзэж байгаа бөгөөд хуулийн төсөлд “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэхүү хууль батлагдан хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж хүртэл оруулсан байгаа юм. Гэвч сөрөг хүчнээс дэмжлэг авч чадахгүйгээс гадна, бие даагч, “Шударга ёс” эвслийг 100 хувь “урвуулаагүйн” улмаас дээрх хуулийн хэрэгжих хугацаанд өөрчлөлт орох магадлалтай байна. Үүнээс гадна, 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтэй ч хамрагдаж чадаагүй хуулийн хугацааг дуусгасан олон аж ахуйн нэгж байна гэж үзсэнээс шалтгаалан нэг удаагийн өршөөлийн хуулийн хэрэгжих хугацааг багагүй уртаар тогтоох хандлагатай байна. Юутай ч, хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд нам, фракц, бүлэг, харьяаллын зааггүйгээр шүүмжлэх зүйл их байсныг өчигдрийн чуулганы хуралдаан харууллаа. Тухайлбал, АН, МАН гэлтгүй хамгийн их санал нэгдэн ярилцаж байсан асуудал нь “шударгаар татвар төлсөн иргэдийг яах вэ”, “Улстөрчид энэ хуульд хамрагдах ёстой юу” зэрэг шүүмжлэл байв.
Тиймээс тэдний Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн талаарх байр суурийг хүргэе.

Ц.Даваасүрэн: Ийм хууль хэрэгтэй юу гэж би их гайхаж байгаа. Нэг сайн “идчихээд”, дараа нь хуулиар цайруулна гэдэг буруу тогтолцоотой болчих вий дээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хэдий хэмжээний орлого орж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх вэ. Зайлшгүй дээрх хуулийн төсөл боловсруулах болсон шаардлага нь юу вэ.

Д.Дорлигжав:
УИХ 2014 онд 34-р тогтоол (Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай)-оор Засгийн газарт чиглэл өгсөн. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан байсан. Харин одоогийн Засгийн газар энэ хуулийн төслийг дахин авч хэлэлцээд, УИХ-ын шийдвэрийн дагуу өргөн мэдүүлж байгаа нь энэ. Нэгэнт далд эдийн засаг байгаа учраас түүнийг мэдсээр байж далд чигээр нь байлгах нь эдийн засгийн талаасаа сөрөг үр дагавартай.

Л.Цог: Бид энэ хуулийн төслийг буцаачихсан шүү дээ. Дахин дахин чирч орж ирээд байгаагийн цаана далд санаа явж байгаа. Ээлжит бус чуулган зарласны нэг шалтгаан нь үүнд байгаа гэж би бодож байна. Монгол орон татвар дээр тогтдог. Шударгаар татвараа өгсөн нь алдаж, төлөөгүй нь хождог зүйл хийж болохгүй. 2007 онд бас татварын өршөөл үзүүлж байсан. Одоо сайжирсан нь хаана байгаа юм. Татвар төлдөггүй компаниуд чинь улс төрийн нөлөөнд байдаг юм байна. Ард түмэн харж байгаа шүү. Бодлогын том алдаа хийх гэж байна гэсэн байр суурьтай байна. Бүр болохгүй юм гэхэд улстөрчдөө ялгаж, энэ хуульд оруулахгүй байх хэрэгтэй.

С.Одонтуяа: Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Далд эдийн засгийг ил болгоход чухал алхам болно гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэж байна. Бид татвар төлөгч компаниудыг гурав ангилж авч үзсэн. Нэгдүгээрт, татварын орлогоо нууж, мэдүүлдэггүй. Хэзээ нэгэн цагт өршөөлийн хуульд хамрагдчих болов уу гэж найддаг нэг хэсэг байгаа. Хоёрт, татварын орлогоо ил тод байлгадаг ч, татвараа төлж чадалгүй, татварын өрөнд орчихсон аж ахуйн нэгжүүд бий. Гуравт, яаж ийгээд бүх зүйлээ ил тод мэдээлдэг, татвараа шударгаар төлдөг гэсэн гурван хэсэг бий. Дээрх хууль тэгэхээр нэгдүгээр хэсэгт хамааралтай хууль юм шиг байна. Өргөдлийн байнгын хороонд ажиллах явцад надад олон төрлийн гомдол ирж байгаа. Үүн дотор, татвар төлдөг соёлд сургах гэж байсан төр засгийн олон жилийн бодлогод нэлээд том ухралт болоод байна гэсэн шүүмж бий.

Ө.Энхтүвшин: Хуулийн 6.2.-т “хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгагдсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого,тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэсэн байна. Заавал нуух ямар шаардлагатай юм бэ. Харин ч ил тод болгож, татвар төлөгчдөд мэдээлэх ёстой юм биш үү. Гэтэл дээрх заалтыг зөрчсөн хүнийг 50 сая төгрөгөөр торгоно гэж дараагийн зүйлүүд нь байж байх шиг. Үүний цаана ямар юм нуугдаад байгаа юм бэ. Энэ заалт л хамгийн их сэжиг төрүүлж байна. Түүнээс биш баялаг бүтээгчдэд туслахыг би зөв гэж үздэг. Гэтэл дээрх хуулийн далбаан дор “юм” л хийх гээд байна даа. “Чингис бонд”-оос зувчуулсан, гаднын хөрөнгө оруулалтыг нааш цааш болгосон “юмнуудаа” энэ далбаан дор цэгцэлж авах гээд л байгаа юм уу даа, гэж би хардаж байна. Ямар их айдас үүний цаана байгаа юм бэ. Нууцална, зарлаж болохгүй, өмнө нь зарласан бол дахин зарлахыг хориглоно гээд их айдас л байгаа юм шиг байна. Мэдээлэл ил тод байх ёстой шүү дээ.
Н.Номтойбаяр: Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр өнөөгийн Засгийн газрыг байгуулах зорилгоор хоёр намын хамтарсан ажлын хэсэг гарсан. Яг ажил хэргийн ширээн дээр суугаад хамгийн эхний асуудал болгож АН-ын зүгээс тавьсан хуулийн төсөл бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай байсан. Хэл амгүй хамтраад дуугүйхэн шиг батлаад явчихъя гэсэн. Тэрийг Б.Гарамгайбаатар гишүүн сайн мэдэж байгаа байх. Манай ажлын хэсгийг ч гэсэн гайхшралд оруулсан. Бид улс орны эдийн засгийн төлөө, үүсээд байгаа хямралыг даван туулах арга замыг хамтдаа хайхаас биш иймэрхүү жижиг сажиг, нөгөө талдаа хулгай хийсэн улсуудыг хайцаалан өршөөх ийм хуулийн төслөөс хамтарч  ажил эхлэхгүй гэсэн. Эндээс л хэрүүл эхэлсэн. Нөгөө талдаа АН-ын бодит төрх нь энэ хуулиар илэрч байна. Ил гарч байгаад нь бас баярлаж байна. Харин хуулийн төсөл батлагдвал татвараа шударгаар төлдөг хэсэг нь яах вэ. Хууль зөрчсөнийг нь ялаас чөлөөлөөд, цаг хугацааны хувьд уян хатан байдлаар нөхөн төлүүлэх хэрэгтэй. Ингэвэл шударга байдал хангагдах байх гэж бодож байна. Хоёрт, хууль зөрчсөн бизнесийн болон улстөрчид хуулийн дагуу өршөөгддөг юм байж. Дагалдаад бас нэг хариуцлага заавал байх ёстой. Энэ 76 гишүүний зарим нэг нь дээрх хуульд хамрагдахыг үгүйсгэхгүй. Тиймээс жишээлбэл, энэ хуулийн шимийг хүртсэн гишүүний дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хасах, бизнесийн байгууллагад тендерт оролцох эрхийг нь хасах гэдэг ч юм уу, нэг хариуцлагын механизм байх ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан