Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан тушаал, авлигын хэрэгтнүүдийн хувь заяа ахиад л УИХ-д шилжлээ
Б.ШИРНЭН

Сумаа харваад нумаа нуусан гэдэг шиг өршөө­лийн тодотголтой “эзэн бие­гүй” хууль явсаар, ирэх пү­рэв гарагт чуулганы бос­го давахаар боллоо. Ерөн­хий­лөгчийн тавьсан хоригийг хэр­хэн шийдвэрлэх талаар толгой­­гоо гашилгаж бай­сан Хууль зүйн байнгын хо­роо өчигдөр хуралдаж, ширүү­хэн маргалдсаны эцэст Ерөнхийлөгчийн хоригийг зүйл заалт бүрээр нь санал хураал­гахаар томъёолж дуусгасан юм. Өмнөх Хууль зүйн байнгын хорооны хурал дээр санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн ч Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж, Д.Лүндээжанцан нарын гишүүд эсэргүүцэж, олонхийн дэмжлэг авч чадаагүй учраас цөөнх болсон байдаг. Ингээд өчигдөр тэд цөөнхийн саналыг ч гэсэн УИХ-д оруулж, хэлэлцүүлэх ёстой гэснээр гишүүдийн олонх дэмжиж, албан тушаалын гэмт хэргийг Өршөөлд хамруулах эсэхээр УИХ-ын гишүүд санал өгөхөөр болж байгаа юм.

Тухайлбал, Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдээгүй Өршөөлийн хуулийн 9.1.3 буюу өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд
• Эрүүгийн хуулийн 148 буюу залилан
• Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх
• Эрүүгийн хуулийн 263 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
• Эрүүгийн хуулийн 264 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
• Эрүүгийн хуулийн 270 буюу Хээл хахууль зуучлах
• Эрүүгийн хуулийн 273 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зүйл заалтуудыг өршөөлд хамруулах эсэхийг УИХ шийдэх боллоо.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2007 онд баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.9-т заасан “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг харьяа Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэсэн заалтыг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гишүүний эсрэг барьсан юм. Тухайлбал, “МАН олонхи байхдаа дээрх хуулийг баталсан, тухайн үед Д.Лүндээжанцан гишүүн УИХ дарга байсан. Одоогийн Д.Лүндээжанцан 2007 оны Д.Лүндээжанцантай зөрчилдөж байна” зэргээр үг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу бол цөөнхийн саналыг УИХ-ын чуулганд оруулах ёсгүй гэж үзсэн юм. Харин энэ үед Ц.Нямдорж гишүүн Ц.Оюунгэрэл гишүүнийг ашиг сонирхолын зөрчилтэй гэснээр Хууль зүйн байнгын хорооны гишүүд маргалдаж, хэсэг хугацааг өнгөрөөв.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Өршөөлийн хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа Дээд шүүхийн тайлбар анхаарал татсан юм.

Жишээ 1: Иргэн Б овогтой Г нь залилангийн хэрэг үйлдэж 2007 онд зургаан жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байжээ. Ингээд 2010 онд тэрээр нэг жил 11 сар 25 хоногийн ялаас чөлөөлөгдөж, тэнсэн суллагдсан байна. Гэвч тэрээр дахин залилангийн хэрэг үйлдэж, иргэн Б.Л-д үлэмж хэмжээний хохирол учруулсан тул шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял оноохоор болжээ. Гэхдээ тэрээр УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд (хориг тавиагүй нөхцөлд) бүрэн хамрагдаж суллагдахаар байгаа юм.

Жишээ 2: Харин Эрүүгийн хуулийн 181 буюу Танхайрах хэргээр иргэн Б шүүхийн хаалга татсан байна. Тэрээр гудамд явж байсан хүний нуруу руу чулуугаар цохижээ. Энэ нь түүний анх удаагийн танхайрах үйлдэл байсан гэнэ. Гэвч, тэрээр Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй, 181.3-аар буруутгагдаж байгаа аж. (Энэ хэсэгт “...зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.)

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн өчигдрийн ХЗБХ-ны хуралдааны үеэр танилцуулсан дээрх хоёр жишээ нь тус байнгын хороо Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр яригдсан юм. Энэ бол Өршөөлийн хууль Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй талаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д хүсэлт гаргаж буй Дээд шүүхийн гурван үндэслэлийн ердөө нэгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, удаа дараа болон ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд ямар ч цензургүйгээр Өршөөлийн хуульд бүрэн дүүрэн хамрагдаж байгаа бол анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, ямар нэг гэмтэл, хохиролгүй хэргийн сэжигтэн, яллагдагч нар Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа юу, гэдэг асуудлыг гаргаж тавих шалтгаан болж. Үүнээс үүдэлтэйгээр Өршөөлийн хуулийн талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан зургаан цаг гаруй үргэлжилсэн байна. Эцэст нь гурван үндэслэлээр Өршөөлийн хуулийг Үндсэн хууль зөрсөн гэсэн нь өдгөө ХЗБХ-ныхон толгойгоо гашилгаж, санал хуваагдахад хүргээд байгаа юм.
 Бас нэг “шинэ” асуудал буюу гадаадын гэмт хэрэгтнүүд Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой

Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Цэргийн эсрэг гэмт хэрэг гээд манай улсад бараг үйлдэгддэггүй хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Харин үүнийг Өршөөлийн хуульд хамруулснаараа манай улс нэгдэн орсон хэд, хэдэн конвенц, гэрээний үүргийг зөрчихөд хүргэж байгаа юм байна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг “АНУ-д аллага үйлдсэн хүн манай улсад хүрээд ирлээ гэж жишээлье. Гэтэл тухайн хүний хэргийг харьяатаар нь шийдвэрлэх үүргийг манай улс олон улсын гэрээгээр хүлээсэн байдаг. Харин Өршөөлийн хуулиар бол манай шүүх тухайн хүнийг өршөөх боломжтой болгосон” гэж ярьсан юм.

Мөн ялтан шилжүүлэх тухай гэрээ байдаг. Энэ гэрээнд заагдсан хар тамхины хэргийг манай улс мөн л Өршөөлийн хуульд багтаажээ. Гэтэл Өршөөлийн хуульд багтаасан бол хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа иргэнээ шилжүүлж авах боломж хаагддаг юм байна.

БНХАУ-д манай улсын хамгийн олон иргэн ял эдэлж байгаа бөгөөд дийлэнх нь хугацаагүй хорих ялтай, хар тамхины хэрэгтнүүд аж. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулиар тэднийг эх оронд нь шилжүүлэх боломжгүй болгож байгаа юм байна. Тиймээс Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн дээрх бүх үндэслэлийн дагуу Өршөөлийн хуулийг биелэлтийг хангах боломжгүй гэж Дээд шүүх татгалзсан байр суурьтай байгаагаа өчигдрийн ХЗБХ-ны хурлаар илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Oyungerel gej ene huuhen medrel muutai yum bilee. Ebegiin aldaa. Unen duff huuhen.
Хамгийн их уншсан