Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Нүрзэд: Амьдралын ухаан, монгол ёсондоо суралцах нь гадаадад боловсрол эзэмшихээс чухал
Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ) залуусыг ёс зүйтэй байхыг уриалж байгаа билээ. Энэ талаар болон залуучуудын байгууллагатай холбоотой зарим асуудлаар Нийслэлийн АЗХ-ны тэргүүн П.Нүрзэдтэй ярилцлаа.

-Танай холбооныхон залууcыг ёс зүйтэй байцгаая хэмээн уриалж байна. Яагаад ингэж уриалах болсон юм бэ, залуусын ёс зүй доройтсон гэж үзэж байна уу?
-Сүүлийн үед залуучуудаас хамааралтай зүйлүүд их гардаг болж. Өөрөөр хэлбэл, ёс зүйгүй үйлдлүүд их гарч байна. Тиймээс товчхондоо, залуусыг ёс зүйтэй байя гэж уриалж байгаа юм. Ёс зүй гэдэг уг бичигдээгүй хууль шүү дээ, энгийн л зүйлээс эхэлдэг. Жишээ нь, монголчууд өөрөөсөө ахмад хүнийг хүндэлж, мэндэлдэг. Хажууд нь эрээ цээргүй аашлах, элдэв хараалын үг хэрэглэдэггүй. Гэтэл ахмадуудаа хүндлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах, хайрлах зан чанар зарим залуусаас харагдахгүй байгаад харамсаж байна. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд ханддаг болчихож. Компьютерын ард суучихаад хэнийг ч хамаагүй муулж, гүтгэж, доромжлохыг юман чинээ бодохгүй байна. Уг нь, тэгж суухын оронд эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, гар бие оролцож, ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй. “Эх орон чинь чиний төлөө юу хийхийг хүлээж суух биш, эх орныхоо төлөө бид өөрсдөө юу хийж чадахаа харуул” гэж үг байдаг даа.
Ажиглаад байхад залуус юманд хэт бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаад байх шиг. Төрийн албанд орж, дарга болбол их мөнгө олчих юм шиг л бодож байна. Харин үүнийхээ оронд өөрийнхөө үнэт зүйл, капиталыг бий болгох ёстой. Энэ бүгдийг бий болгохын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ ч үүднээсээ нийслэлийн АЗХ-ноос “Залуус аа, ёс зүйтэй байцгаая” хэмээн уриалж байна. Тэр тусмаа МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуучуудад хандан уриалж байгаа юм.

-Нам дагасан, даргын цүнх барьж гүйж байгаад л ямар нэг албан тушаал, эрх мэдэлд хүрэх хүсэлтэй залуус олон болжээ гэсэн шүүмжлэл байна. Энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Залуусын ийм байдлыг сөрөг хүчнийхэн эрх баригч байхдаа бий болгосон. Аж­лын туршлагыг нь харахаас илүү­тэй хэн нэг даргын тус­лах байсан хүнийг албан ту­шаалд томилдог байсан. Энэ бол хамгийн буруу зүйл. Ингэс­­нээр залууст амар хял­бар аргаар албан тушаалд очих, мөнгө олох боломжтой гэ­сэн сэдэл төрүүлж байгаа юм. Ийм байдлаар явсан зарим нь өөртөө эрдчихдэг. Өөрс­дийгөө мундаг том дарга бол­сон гэж бодох жишээтэй. Үүний улмаас энд, тэнд очиж мөрийтэй тоглох, хүчирхийлэл үйлдэж, төрөөс хулгай хийсэн яв­дал НАМЗХ-ныхноос гарсан бо­дит жишээнүүд байна шүү дээ.

-ЗДТГ-т ажилладаг эмэг­тэйг хүчирхийлсэн хэргийг үйлдсэн залуус НАМЗХ-ныхон байсан гэдэг тухай ярьж байна уу?
-Ёс зүйгүй авирлаж, хууль бус үйлдэл хийж буй залуус НАМЗХ-нд байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Ийм хүн манай намд байхгүй гэж үгүйсгэж байгаа юм биш. Янз бүрийн залуусын төлөөлөл манай намд бий. Тэд гагцхүү ёс зүй гэж юу юм бэ гэдгээ мэддэгээрээ л МАН-ын залуусаас ялгаатай. Мөн дээрх зарчимгүй үйлдлүүд нь зарим залуусын ёс зүй болохоо байжээ гэдгийг харуулж байна. Иймээс л залуучуудаа ёс зүйтэй байя гэж уриалж байгаа юм. Хүн хүнээ хайрлая, ирээдүйд улс эх орноо авч явах залуучууд ёс зүйтэй байя, залуус бие биеэ дэмжье. Үүнийг залуу хүн бүр өөр дээрээ тусгаж, ёс зүйтэй байгаасай гэж хүсэж байна. Нийгэмд хүчирхийлэлгүй ардчиллыг бий болгох ёстой. Үүнд залуус бидний оролцоо чухал. Бид нэг нэгэндээ үлгэр дууриал болж, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нэг нэгэндээ хэлж, алдаагаа засах боломжтой.

-Нийгмийн байдал залуу­сыг ийм байдал руу түлхэж байна уу, эсвэл хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байна уу?
-Монголчууд “Биеэ за­саад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Биеэ ч, гэрээ ч засаагүй нөхөд албан тушаалд очих гэж, дарга болох гэж улайрах юм. Яаж ч бодсон амар хялбар аргаар, хөдөлмөрлөхгүйгээр эрх мэдэлтэй, мөнгөтэй болно гэж байхгүй. Ийм, тийм юмнаас залуус ингээд байна гэж хэлмээргүй байна. Хамгийн гол нь, залуус маань хүсэл, мөрөөдөл, зорилгоо тодорхойлж зөв замаар л түүндээ хүрэхийг хичээх хэрэгтэй.

-Монголын залуучуудын холбооныхон нийт залуусын эрх ашиг, эв түнжин гэхээс илүүтэй, улс төрийн ажилд түлхүү оролцож байгаа юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Судалгаанаас үзэхэд, хүн амын олонх нь залуучууд байна. Мэдээж, тэдэнд олон асуудал тулгамдаж байгаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгох, сонгогдох эрхээ бүрэн утгаар нь эдэлж ирлээ. Үүнийхээ үнэ цэнийг ч ойлгодог болсон. Хэнийг сонгож төрд оруулах нь тэдний эрх. Тэртээ тэргүй одоогийн улстөрчдөөс хэн нь хэн бэ, хэн нь юу хийв гэдгийг сонгогчид өөрсдөө мэдэж байгаа. Хүнээр заалгаж шийдвэр гаргадаг үе өнгөрсөн. Дарга ч гэсэн дангаараа шийдвэр гаргахгүй, иргэдээсээ асуудаг, тэдний санал, бодлыг сонсч, шийдвэрээ гаргадаг жишиг тогтож байна. Тиймээс Монголын залуучуудын хол­­­боо залуусынхаа өмнө тул­гамдсан олон асуудалд ан­хаар­­лаа хандуулж ажил­лаасай. Сонгууль дөхө­хөөр л Монголын залуучуудын холбоо хөдөлгөөнд ордог, захиалгат нэвтрүүлэг хийдэг ийм дүр зураг харагдаад удаж байна шүү дээ. Хэн нэгний гар хөл болж байгаа залуус эцэстээ өөрсдөө л хохироод үлддэг.

-Ер нь, төр засгийн зүгээс залуучуудаа дэмжиж чадаж байна уу?
-Мэдээж, залууст дэмжлэг хэрэгтэй. Төр засгийн зүгээс янз бүрийн арга хэлбэрээр тэднийг дэмжих бодлого баримталж байгаа. Тухайлбал, ипотекын найман хувийн зээл батлахад нийгмийн зорилтот бүлэг тэр дундаа залуу гэр бүлүүдийг дэмжиж, хамруулсан. Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дурдаж болно. Япон улсад 1000 залуу инженер бэлтгэх ажил эхэллээ. Энэ мэтчилэн залуус руу чиглэсэн олон ажил бий. Миний хувьд залуус маань юун түрүүнд боловсрол сайн эзэмших ёстой гэж боддог. Хаана, ямар хугацаанд боловсрол эзэмшсэн нь чухал. Одоо үед Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд л гадаадын улс орныг зорьдог болж. Уг нь  Монголдоо сурч, ажиллаж байгаад бусад улс орны туршлагыг судалж, суралцсан нь дээр гэж боддог. Тухайлбал, хотын дарга Э.Бат-Үүл их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд очиж гурван жил багшилсан байдаг. Хотын залуу хөдөө очиж ажилласнаар маш их зүйл сурч мэднэ шүү дээ. Амьдралын ухаан, монгол ёсондоо суралцах нь гадаадад боловсрол эзэмшихээс чухал боловсрол.

-Гадаадад өндөр бо­­ловс­рол эзэмшсэн зарим залуус эх орондоо эргэж ирэхгүй байна. Монголдоо ирэ­хээр ажиллах орчин байх­гүй, төрийн алба нь тогт­воргүй байдаг гэх мэт шалтгаан бас нөлөөлж байна?
-Мэдлэг, чадвартай залуу­саа эх орондоо авчрах л ёстой. Гадаадад суралцсан залуус маань ямар нэг шалтаг шалтгааны улмаас эх орондоо ирэхгүй байна гэж бодохгүй байна. Гадаадад боловсрол эзэмшсэн, мэргэжлээ дээшлүүлсэн олон хүн, ялангуяа залуучууд улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сурч мэдсэн зүйлээ зориулж, сайн ажиллаж байгаа жишээ зөндөө. Манай улсын хувьд Хятад шиг үйлдвэрлэл явуулж чадахгүй, үйлдвэрлэлийнх нь хэмжээг ч давахгүй. Харин бид нэг том давуу талтай. Энэ бол мал аж ахуй, газар тариалан байна. Бид хийж чадах зүйлээ л хийх хэрэгтэй юм шиг. Ингэлээ гээд бүгд худалдагч, наймаачин, бүгд дарга байх албагүй. Үндэсний хэмжээний том компаниудыг дэмжээд гаргаж ирэх ёстой. Манай улс дэлхийн зах зээлд өрсөлдье л гэвэл дэлхийн хэмжээний томоохон корпорацуудыг бий болгох хэрэгтэй юм. Залуучууд ажиллаж, дэлхийн стандартыг сурч, эзэмшчихсэн байхад монгол хүн хаана ч газардахгүй.

-Ёс зүйтэй байя гэж уриалж байгаа АЗХ-ны залуус өөрсдөө хэр ёс зүйтэй вэ?
-Бид өөрсдийгөө магтах гээгүй. Гэсэн ч гадаадад очиж казино тоглодоггүй, төрөөс хулгай хийдэггүй, хүчирхийлэх бусармаг үйлдэл гаргадаггүй. Манай намын залуус дунд ийм хүн байхгүй. Нэлээд олон шалгуурыг давж байж залуучуудын байгууллагын толгойд гардаг. Мэдээж, манай залуучуудын байгууллагыг шүүмжлэх хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Чадвараараа өрсөлдөж, олон шалгуур давж байж гарч ирж буй залуучууд хүний аманд ч багтахааргүй тийм хэргийг үйлдэхгүй.

-Танай нам залуучуудаа дэмжиж чаддаг уу?
-Манай нам залуучуудаа дэмжих гэхээс илүү боломж олгодог. Залуус маань намынхаа удирдлагуудаас үлгэр дуурайл авч, өөрсдийгөө хөгжүүлэх, боловсруулахад түлхүү анхаардаг.

-АЗХ-ны хэсэг залуус намынхаа удирдлагуудыг “Залуучууддаа байраа тавьж өг” гээд л уриа лоозон бариад, шүүмжлээд байсан. Ахмад үе нь залуустаа байраа тавьж өгөх цаг болсон гэж үү. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Залуучууд гарч ирээд бүгдийг сайхан болгоно гэж байхгүй. Ямар ч тохиолдолд залуус бид ахмад үеэсээ суралцаж, тэднийг сонсох ёстой. Мэдээж, намд залгамж халаа гэж зүйл байна. Залуу, дунд, ахмад үеийнхээ балансыг барих ёстой гэж боддог. Залуучууд маань хэт яарах хэрэггүй л болов уу.

-Харин залуучуудынхаа үгийг сонсох тал дээр?
-Сонсолгүй яахав. Манай намын лидерүүд их залуу сэтгэлгээтэй, ийм ч учраас залуусынхаа үгийг сонсдог.

-Таны хувьд одоогийн улстөрчдийн хэнээс нь үлгэр дууриал авдаг вэ?
-Олон хүн байна. Хамгийн ойр байдаг, хамтарч ажилладгийн хувьд Э.Бат-Үүл даргыг хэлнэ. Таван жил хамт ажиллалаа. Энэ хүнээс сурах зүйл асар их байдаг. Түүнд зарчмын нэг асуудал бий. Шударга, хийе гэсэн ажлаа зоригтой хийдэг.

-Та ямар боловсролтой вэ?
-Би МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг төгссөн. Мөн ШУТИС-ийн Механик инженерийн их сургуульд суралцаж, автын инженерээр магистрын зэрэг хамгаалсан. 2001-2005 онд АЗХ-нд ажиллаж байлаа. 2005-2009 онд АН-ын төв аппаратад орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан, 2009-2012 онд Зам  тээвэр, барилга, хот байгуулалтын яамны харьяа Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны тоо бүртгэлийн хэлтсийн албаны дарга хийж байсан. 2012 оноос Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр ажиллаж байна.

-АН үүсч байгуулагдаад 25 жил өнгөрлөө. Таны хувьд энэ намын тогоонд арав орчим жил чанагджээ. Өнгөрсөн хугацаанд танай нам хэрхэн өөрчлөгдөв?
-АН-ыг Монгол Улсын сүүлийн 25 жилийн өөрчлөлт­тэй холбож ойлгодог. Сай­наар ч, муугаар ч ярьдаг. Гэх­дээ муугаасаа сайн нь их. Нийгмийн тогтолцооны өөрч­лөлтөөс эхлүүлээд улс орныг өнөөгийн хөгжилд хүргэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй бодлогоор олон бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, хийж, хэрэг­жүүлсэн улс төрийн хүчин. Сүү­лийн гурван жилд л гэхэд  улс оронд хэрэгтэй, иргэд рүү­гээ чиглэсэн олон ажлыг хийж чадсанд бахархаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан