Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын 5 цаг
Н.БАТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн таван улсад айлчлахдаа  нийт тэрбум ам.долларын гэрээг баталгаажуулна хэмээн Японы хэвлэлүүд бичиж буй юм. Эдгээр нь ихэвчлэн бизнесийн гэрээ байх нь хэмээн эх сурвалжууд өгүүлжээ. Төв Азийн таван оронд хийх айлчлалаа Японы Ерөнхий сайд Монголоос эхэллээ. Узбек, Туркмен, Тажик, Киргыз зэрэг таван улсыг онцлон сонгосны учрыг тэрээр “Төв Азийн байгалийн асар их баялгийн нөөцтэй энэхүү таван улсад дэд бүтэц, технологийн дэвшилтэт зүйлс хэрэгтэй” хэмээн хэлсэн талаар хэвлэлүүд бичиж байна. Токиогоос нисэхдээ “Монгол нь Азийн төв хэсэгт байрладаг бөгөөд стратегийн болон геополитикийн хувьд чухал улс” гэж хэлсэн Японы Ерөнхий сайдын Монголд хийж буй хоёр дахь айлчлал нь энэ.

Гэргийн хамт ирсэн Японы Ерөнхий сайд Чингис хаан нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөг зорьсон аж. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиод Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаадын төрийн тэргүүн нь болсон бол энэ удаад Японы Ерөнхий сайд Монголын төрийн тэргүүний гэрт зочилсон анхны гадаадын Засгийн газрын тэргүүн болов.
Энэхүү ажлын айлчлалын талаар Монгол Улсын  Ерөнхийлөгчтэй НҮБ-ын чуулганд оролцож байхдаа  харилцан тохиролцсон байна.

“Үндсэндээ хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчтэй тохиролцоод айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь хоёр орны хамтын ажиллагааны  хурдыг  илтгээд зогсохгүй Японы зүгээс Монголтой тогтоосон харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч байгааг баталсан үйл явдал боллоо” хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцлон хэлсэн юм. Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа улс төрийн харилцааны тухай нэлээд тодорхой ярилцсан байна. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хоёр орны эдийн засгийн харилцааг агуулгын хувьд шинэ шатанд гаргасан гэдгийг онцлов.

Монголоос 8100, Японоос 5000 гаруй нэр төрлийн барааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлнэ


Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Чөлөөт худалдааны хэлэлцээрээс ч илүү өргөн дэлгэр утга агуулж байгаа гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр худалдааны тарифыг хэрхэн бууруулах вэ гэдгийг ярилцаж шийдвэрлэдэг бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр  Монгол Улсын эдийн засгийг чадавхижуулахын тулд боловсон хүчнийг нь сургах, цаашид эдийн засгаа хөгжүүлж авч явах чадавхийг нь бий болгоход Японы зүгээс хамтын ажиллагааны  дэмжлэг үзүүлэх юм.  Энэ оны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Японд айлчлахдаа гарын үсэг зурж баталгаажуулсан энэ хэлэлцээрийг Японы парламент тавдугаар сард соёрхон баталсан бол манай парламентын зүгээс ойрын өдрүүдэд баталгаажуулахаар хууль дүрмээ хэлэлцэж байгаа юм. УИХ-ын өчигдрийн чуулганаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэхэд онцгой шаардлагатай Гааль, гаалийн тариф, онцгой татварын хуульд өөрчлөлт оруулах хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийсэн. Хууль батлагдсанаар ирэх оны эхнээс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Монгол Улсын зүгээс байгуулж буй анхны эдийн засгийн түншлэлийн томоохон хэлэлцээр учраас Японы Ерөнхий сайдын  айлчлалын үеэр хоёр талаасаа энэ тухай ярилцсан байна. Японы зүгээс манай улсыг тууштай эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж, өөрийгөө аваад явчих эдийн засгийн тогтолцоо бүрэлдэн бий болоход цаашдаа бүрэн дэмжиж ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн аж.

Хэлэлцээр баталгаажсанаар Мон­голоос 8100,  Японы та­лаас 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан нийлүүлэх юм. Гэвч  гэрээ ёсоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шууд бараа бүтээгдэхүүн нийлүүлээд эхэлнэ гэсэн үг биш. Ойрын таван жилийн хугацаанд гэрээг бүрэн хэрэгжих нөхцөл боломжийг хангах ёстой.  Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол аюулгүй тээвэрлэлтээс эхлээд бүхий л ажлыг дэс дараатайгаар Японы дэмжлэгтэйгээр хийх юм.  Японы стандартыг хангах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэх тал дээр хоёр талаас хамтран ажилласны үндсэн дээр гэрээ хэрэгжих ёстой. Мөн АНУ тэргүүтэй Номхон далайн худалдааны чөлөөт бүсийн 12 улсын нэг нь Япон учраас дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр манай бүтээгдэхүүн Японы зах зээлээс гадна 12 орны  зах зээлд гарах үүд хаалгаа нээх юм.

Тиймээс Монгол Улс хэлэлцээрийг ажил хэрэг болгох Үндэсний хороог Гадаад хэргийн яамаар ахлуулж байгуулсан бөгөөд салбарын яамдууд 13 дэд хороог ахлан ажиллаж байна.

Сайншанд хүртэлх 450 км төмөр замын төслийн ТЭЗҮ-г Японы тал энэ жилдээ багтаан хийнэ

Японы Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тавантолгойн төмөр замыг Сайншанд хүргэж, гол магистральдаа нийлүүлэх нь  Монгол Улсын хувьд эдийн засгийн ач холбогдол бүхий чухал асуудал. Тиймээс Японы талтай хамтран ажиллах санал тавьсан аж. Японы зүгээс хамтран ажиллахын гол нь харилцан ашигтай төсөл байх гэдэг зарчмыг баримтлан Тавантолгойгоос зүүн тийшээ тавих төмөр зам нь эдийн засгийн хувьд хэр үр дүнтэй байж, ямар  ашиг өгөх вэ гэдгийг эхлээд судалж, арванхоёрдугаар сард багтаагаад ТЭЗҮ, банкны тооцоог хийхээр хамтарсан санамж бичигт тусгаж гарын үсэг зурсан байна.

Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярихдаа,  Монгол Улс гуравдагч зах зээл рүү, ялангуяа Япон руу нүүрс гаргах боломжийг эрэлхийлж байгаа учраас Японы талд хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан.  Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 450 км замын ажлын ТЭЗҮ-г тодорхой гаргана. Харин цаашдаа хаашаа хэрхэн  барих вэ гэдэг дараагийн шатны судалгааг хийнэ. Энэ удаад төмөр замаа л ярьсан. Гэхдээ манай талаас Японы тал сонирхвол Тавантолгойн төсөл дээр Япон оролцож болох талаар судалж үзнэ. Гол нь хамтын ажиллагаа гэдэг харилцан ашигтай байх ёстой. Тиймээс үүнийгээ тогтож цаашдаа хамтарч ажиллая гэдгээ хоёр талаасаа тохиролцсон” гэв.

Япон НҮБ-ын Хүний эрхийн Комисст нэр дэвшигч Монголыг дэмжинэ

Манай талаас санал болгосон  өөр нэг зүйл бол Хөшигийн хөндийн онгоцны буудлыг  зөв үр ашигтай ажил­луулахад Японтой хамтран ажиллая гэсэн хүсэлт аж. Монгол Улс  Японы менежмэнтийг оруулахад бэлэн гэдгээ ч илэрхийлсэн байна.  Тиймээс ямар хэлбэрээр  хэрхэн оруулж болох талаар хоёр тал цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ. Япон бол ардчилсан Монгол улсын анхны донор байсан.  Шилжилтийн үеийн  хүндрэлийг даван туулахад хамгийн их тусалсан орон гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч Монголд жижиг дунд үйлд­вэр­лэлийг хөгжүүлэхэд маш дэм болсон хоёр шатны хөнгөлөлттэй зээл өгсөн байдаг. Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр  энэ зээлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан гэнэ. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг манай улс эхлээд 25 сая ам.доллар, дараа нь 75 сая ам.доллар гэсэн хоёр шаттай авсан бол гурав дахь шатны зээлийг 100 сая ам. доллар байхаар хөтөлбөрт тусгасан ч 200 сая болгож өргөтгөхөөр яриа хэлэлцээр эхлүүлжээ. Мөн банкны салбарыг тогтвортой болгох тал дээр хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Японы санхүүгийн холбогдох агентлагуудтай Монголын тал түлхүү ажиллах боломжтой гэдгийг Ерөнхий сайдтай хийсэн уулзалтынхаа үеэр Шинзо Абэ нотолсон байна.

Өнгөрсөн  долдугаар сарын 25-26 -нд болсон Азийн эдийн засгийн төлөв байдлын тухай хурал дээр Шинзо Абэ “Азид чанартай дэд бүтцийг хөгжүүлэхэд Японы тал анхаарна. Ирэх таваас арван жилийн хугацаанд 110 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт Японы Засгийн газрын зүгээс хийнэ” гэж мэдэгдсэн байдаг. Мөн Монголын нүүрсний боломжийг ашиглаад нүүрс хийжүүлэхэд Японы тэргүүний технологийг нэвтрүүлэх, ашиглахад хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч тэрхүү хуралд оролцож “Монгол энэ боломжийг ашиглах ёстой” гэж онцолж байсан билээ.
Тиймээс энэ удаагийн айлчлалын үеэр дээрх асуудлыг судлая. Ажил хэрэг болгоё гэдэг талаар хоёр тал санал солилцсон байна.

Хоёр улсын харилцан ярилцах өөр нэг чухал сэдэв бол бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж ярилцахдаа ч энэ талаар хөнджээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Улаанбаатар, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ гэсэн Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжихэд  идэвхтэй хамтран ажиллах. Мөн Солонгосын хойгийн асуудал зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Япон хоёр улс ойр дотно хамтран ажиллана гэдгээ хоёр талаас баталгаажуулсан аж. Хэдхэн өдрийн дараа буюу энэ долоо хоногт Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн комисст сонгогдохоор нэрээ дэвшүүлээд ажиллаж байгаа. Сонгууль энэ сарын 28-нд Нью-Йоркт болно. Японы тал энэ сонгуульд манайхыг дэмжихээ илэрхийлсэн байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэв­сүрэн “Нөлөөтэй орноос ийм  дэмжлэг авна гэдэг чухал. Ирээдүйд Монгол Улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд Японы зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч илэрхийллээ” хэмээн хэлсэн юм.

Монгол Хятадад түүхийн асуудлаар дэмжлэг үзүүлсэн хэвээр байх уу?

Хэмээн Японы Киодо агентлагийн сэтгүүлч Л.Пүрэвсүрэн сайдаас лавлан асуув. Түүний асуултыг бүрэн эхээр нь хүргэвэл “Манай Засгийн газрын ХЭГ-ын дарга Монголын талаар ярихдаа “Монгол Япон хоёр ижил төстэй үнэт зүйлтэй, найзалж түншлэх ёстой орон юм” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны есдүгээр сард Бээжинд болсон цэргийн парадад оролцсон. Тэрхүү парадад Япон, АНУ, Европын холбооны улсын удирдлагууд оролцоогүй. Монгол Улс Японтой харилцах харилцаандаа ач холбогдол өгөхийн зэрэгцээгээр түүхийн асуудлаар Хятадад дэмжлэг үзүүлэх байр сууриа хойшид үргэлжүүлэх үү “ гэсэн юм. Харин сайд энэхүү асуултад “Та Япон Монгол хоёр нь ижил үнэт зүйлтэй улсууд гэж өөрөө онцлон хэллээ. Энэ нь чөлөөт нийгэм, хүний эрх,  хууль, засаглал, ардчилал гэсэн нийтлэг үнэт зүйлс юм. Тийм учраас энэ харилцаа олон жилийн өмнөхөөс өөр зарчим дээр тулгуурлан хөгжиж байгаа. Түүх гэдэг Ази Номхон далайн бүс нутагт чухал асуудал. 1939-1945 онд бидний хооронд дайн байлдаантай байсан үе бий. Гэтэл 70 жилийн өмнө дайтаж явсан хоёр орон хоорондоо ийм ойр харилцаатай болсон нь бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц зүйл. Тэгэхээр түүхийг мушгин гуйвуулах аргагүй. Аливаа үндэстний бие биедээ итгэх итгэлцлийн асуудал гэж бий. Түүхийг үнэн зөвөөр нь хойч ирээдүйдээ өвлүүлж үлдээх нь чухал. Тиймээс хэдэн арван жилийн өмнө болсон ийм асуудал ахин гаргахгүйн тулд  Азийн ард түмэн маань дайн дажингүй амьдрахын төлөө ирээдүйдээ үнэн түүх үлдээх ёстой. Бид ингэж итгэдэг. Монгол Улсын түүхийн нэг хэсэг бол 1939-1945 оны үйл явдал. Хятадыг чөлөөлөхөд Монгол Улсын 20 мянган цэрэг оролцож,  Хятадын Цагаан хэрэм хүртэл нутгийг чөлөөлөлцсөн. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүн Чөлөөлөх дайны 70 жилийн арга хэмжээнд бусад орны төрийн тэргүүний адил оролцсон. Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг хүн төрөлхтөний түүхэнд үлдээж буй том сургамж гэж бодож байна” гэж хариулав.

Дашрамд Хятадын хэвлэлүүд энэхүү айлчлалын талаар мэдээлэхдээ “Японы Ерөнхий сайд хөрөнгөтэй улс орнуудад хөгжлийн талаар итгүүлэх зорилготой айлчлал хийж байна” хэмээн бичиж тааламжгүй хандаж буйгаа илэрхийлж буй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан