Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх хуулиар парламент 99 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхтэй байх нь
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар асуудлыг хэрхэн тусгасан бэ-

Л.НОМИН

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль их засварт орох нь. Өдгөөгөөс яг 23 жилийн өмнө буюу 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нд Ардын их хурлын 12 дахь удаагийн хоёрдугаар чуулганаар Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн. АИХ-ын 430 депутат 76 өдөр хуралдаж байж баталсан билээ. Үүнээс найман жилийн дараа Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсныг “Дордуулсан долоо” гэдэг. Үеийн үед хуульчид энэ өөрчлөлтийг шүүмжилж, залруулах хэрэгтэйг хөндсөөр ирсэн. Тэгвэл хэдэн жил яригдсан өөрчлөлтийг одоо дахин ярьж эхлээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцүүлсэнгүй гэдэг шүүмжлэл багагүй гарсан учир Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Энэ төсөлд ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны өдөр зохиохоор тусгасан. 18 хоногийн дараа санал асуулга явуулсны дараа өөрчлөлт хийх эсэхээр шийдвэр гарна гэсэн үг. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь үзвэл Үндсэн хуульд гар хүрэхгүй. Харин өөрчлөх шаардлагатай гэвэл УИХ-ын 47 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд явахад бэлэн. Төслийг өнгөрсөн баасан гарагт АН, МАН, “Шударга ёс” эвслийн гээд нийт долоон гишүүн өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт парламентад суудалтай бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл багтсан төдийгүй цөөнгүй гишүүн дэмжихээ илэрхийлсэн гэхээр энэ хуулийн төсөл саадгүйгээр хэлэлцүүлэгт ороод явах бололтой.

Өнгөрсөн хавар МАН-ынхан сонгуулийн тогтолцоог бүх нийтийн санал асуулгаар шийдье гэдэг санаачилга гаргасан ч нэг их газар авалгүй дарагдсан. Тэдний хийсэн тооцоогоор 1-2 тэрбум төгрөгт багтаан санал асуулга явуулах боломжтой гэж МАН-ын генсек Ж.Мөнхбат өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьж байсан бол өнөөдөр энэ тоог нэмж хэлэх болов. Ард нийтийн санал асуулга явуулахад 5,5 тэрбум төгрөг шаардлагатай гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлээд дэмжихгүй гэлээ. Мэдээж, АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлэг санал асуулгын төслийг дэмжиж буй. 
 
Тэгвэл энэ төсөлд юуг яаж өөрчлөхөөр тусгасан бэ. Үндсэн хуулийн нэршил ч солигдоно. Эх хууль гэж нэрлэхээр тусгаж, төрийн байгуулалтын хэсгийг нийгэм, цаг үетэй нийцүүлэх шаардлагатай гэж үзэн дараахь байдлаар өөрчлөхөөр тусгажээ.

1. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох санал оруулаад байна. Хүн амын тоо, УИХ-ын гишүүний төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс 23-ыг нэмж, 99 болгох гэнэ. Уг нь, зарим судлаач хүн амын тоо, төлөөлөх чадавхийг харгалзан судалж үзэхээр 104-140 гишүүнтэй байхад хангалттай гэдэг. Гэхдээ 99 гэдэг нь нөгөө талаас билгэдлийн шинжтэй байхыг ч үгүйсгэхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Чингис” бондын 888 төсөл, “Гудамж” төслийн 33 уулзвар гэхчлэн тоонд их ач холбогдол өгдөг.

2. Мөрийн хөтөлбөр, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд дөрвөн жил хангалтгүй гэж үзэн УИХ, Засгийн газрын бүрэн  эрхийн хугацааг таван жил байхаар оруулжээ. Төрийн эрх барих гүйцэтгэх институциэ дагаад орон нутгийн ИТХ-ын болон Засаг даргыг ч мөн адил таван жилээр сонгож, томилох нь.

3. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог Үндсэн хуулиар тогтоох, “давхар дээл”-тэй сайдын тооны хязгаарыг тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах бол дараа нь хэнийг томилох асуудлыг хамтад нь шийддэг байна. Хэрэв сайн ажиллахгүй эсвэл унагаахаар санал нэгдсэн бол дараагийн Ерөнхий сайдаар ажиллах хүнээ тодорхой болгочихоод огцруулна гэсэн үг юм. Нэг талаас тогтворгүй байдал харин ч үүгээр үүсч болох талтай.

4. Нөгөөтэйгүүр Засгийн газрын оролцоог нэмэх заалт оруулсан гэх. Энэ нь бүх шатны шүүгчийг томилох, Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлэх, Улсын ерөнхий прокурорыг томилоход Засгийн газар оролцоотой байх гэнэ. Одоогоор шүүгчийг Ерөнхийлөгч томилж байгаа бол ҮХЦ-ийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхээс санал болгож УИХ-аар баталдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлнэ гэж ойлгож болох нь. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдгийг мөн л Засгийн газрыг оролцуулж шийддэг болгох заалт Эх хуулийн төсөлд тусгажээ.

5. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх, хотын статусыг бий болгох талаар олон жил маргасан. Тэгвэл энэ төсөлд тухайн орон нутгийн хүн амын тоо, эдийн засгийн байдал зэргийг үндэслэн тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг харгалзан УИХ шийднэ.

6. ИТХ-ын төлөөлөгчдийг намаас нэр дэвшүүлэхгүй байх 1990 оноос өмнө загварыг авч хэрэглэхээр болж. Тодруулбал, баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоно. Сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгож байна. Орон нутагт баг-сум-аймаг, нийслэлд хороо-хот гэсэн бүтэцтэй болох аж. Одоогоор нийслэлээс алслагдсан хоёр дүүргийг хотын статустай болгоод буй. Тэгэхээр дүүрэг гэж Эх хуульд байхгүй л бол хороодоос одоогийн дүүрэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул хотын ИТХ-д төлөөлөгч болох боломжтой гэсэн үг.  Гэхдээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт илүү том, өөр статустай хот байна.

7. Харин аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, дүүрэг буюу хотын Засаг дарга нь томилдог болно. Чөлөөлөх нь мөн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд байх эрхтэй гэнэ. ИТХ-аас Засаг даргыг чөлөөлөх үндэслэлгүй байхаар тусгаж. Засаг даргад улс төрийн намууд нэр дэвшүүлэхгүй. Иргэд өөрийгөө эсвэл хэн нэгнийг дэмжиж нэр дэвшүүлэх юм. Налайх, Багануурыг хотын статустай болгож, хотын даргыг улс төрийн нам бус өөрсдөө Иргэдийн нийтийн хурал, ИТХ-аас нэр дэвшүүлж туршиж үзсэн. Энэ зарчмын дагуу Засаг дарга нарыг сонгож томилох өөрчлөлтийг Эх хуулийн төсөлдөө багтаажээ.

Дээрх бүх өөрчлөлтийг хийхийн тулд эхлээд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай. Энэ сарын 26-ны өдөр бүх нийтээр амарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах зарчмын дагуу зохион байгуулахаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгасан байна. Үндсэн хуулийг өөрчилж, Эх хууль гэдэг болгох уу, үгүй юу гэж иргэд саналаа өгсний дараа л нэмэлт, өөрч­лөлтүүд яригдаж эхэлнэ. Түү­нээс гадна гурван сонгуулийг нэгт­гэсэн Сонгуулийн тухай хуулийн тө­сөл парламентын хэлэлцүүлэгт ороод эхэлчихлээ. Үндсэн хуульдаа өөрч­лөлт оруулчихвал Сонгуулийн хуулиуд дагаад өөрчлөгдөнө. Ядаж л парламентын гишүүн 99 болчихвол тойрог хуваарилах, сонгууль явуулах тогтолцооноос эхлээд бүгдэд дахин засвар хийх болно. Энэ онд багтан өөрчлөх шаард­лагатай хэд хэдэн хуулийн тө­сөл УИХ-д ийнхүү зэрэгцэн орж ир­лээ. Харин шийдвэрлэхийн тулд ба­гагүй зөрчилж, зөвшилцөл үүсэх нь.
0 Сэтгэгдэл
Үндсэн хуульд одоогын энэ эргүү гишүүд хүрч бологүйи
Хамгийн их уншсан