Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Монголын нууц товчоо бол эрдэм судлалын асар том далай
“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр боллоо. Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгуулсан юм.

Хуралд Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хурлыг эртний Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар эхлүүллээ.

Үдээс өмнөх хуралдаанд “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Харин үдээс хойш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжав "Монголын нууц товчооны шинэ харгуулал", МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор, профессор С.Отгонжаргал "Монголын нууц товчоогоор XIII зууны язгууртнуудын сэтгэлгээний түвшинг тодорхойлох нь" зэрэг лекц уншлаа.
 
Энэ эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Тэрээр “Бидний хувьд Чингис хааны мэндэлсэн өдөр бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг алдаршуулах өдөр юм. Тэрбээр манай гараг дээр урьд өмнө байгаагүй, хойшид ч гарахааргүй тийм том улс гүрнийг байгуулж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоож чадсан билээ.
2224 жилийн өмнө байгуулагдсан Монголын тулгар төр-Хүннү гүрнээс XIII зуунд мандсан Их Монгол Улс хүртэл, Их Монголын эзэнт гүрнээс ардчилсан Монгол Улс болтол хэдэн мянган жилийн хугацаанд бид хэдийд ч үл гээгдэх төрт ёсны зарчим, хэнд ч үл гологдох баялаг түүх, хэзээ ч үл хуучрах бичиг соёлын гайхамшигт өвийг бүтээж, төв Азийн элгэнд Монгол гэж тамгалсан юм. Үүний учир Монголыг улс, үндэстнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөж байна.

Өдгөө Монгол судлал бол хэл, бичиг, түүх, соёл, улс төр, эдийн засаг, шашин, гүн ухаан, цэргийн урлаг, эртний судлал, сурган хүмүүжүүлэх зэрэг мэдлэгийн олон салбарыг хамарч буй шинжлэх ухааны цогц судлагдахуун мөнийн хувьд цаашид нарийвчлан судалж, шинжлэн илрүүлэхэд чиглэгдсэн ажил их байгаа нь мэдээж.

Монгол судлалын томоохон талбар бол “Монголын нууц товчоо” гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. “Монголын нууц товчоо” бол түүхэн, их хөлгөн судар. Энэхүү гайхамшигт бүтээлийн утга агуулга, учир холбогдлын нууцыг нээж олох гэж бүх үеийн эрдэмтэд махран ажиллаж ирсэн билээ. Үг бүрийн зөв уншлага, зөв утгыг тогтоох, зөв тайлбарлах гэж олон орны судлаачид олон шөнийг нойргүй өнгөрөөсөн байдаг. Үг, өгүүлбэр бүрийг нь нягтлан шинжиж, дүгнэлт таамаглалаа үеийн үед дэвшүүлж иржээ.

“Монголын нууц товчоо”-г судалж мэдэх тусам мэдээгүй, судлаагүй олон зүйл байгааг ойлгож, улам гүнзгийрүүлэн судлах ёстой асуудлууд урган гарч ирдэг байна. Ийм л нууцлаг бүтээл юм. Энэ бол эрдэм судлалын асар том далай”  гэсэн юм.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан