Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Лүндээжанцан хүндэтгэлийн лекц уншив
УИХ-ын гишүүн, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр лекц уншлаа. Тэрээр гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх томоохон судалгааны бүтээлд олгохоор болсон анхны шагналыг өнгөрсөн жил хүртэж байсан юм. Харин энэхүү лекц нь түүний шагналын хүндэтгэлийн лекц юм байна.       

Тэрээр “...1990 оны намар шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах асуудал нийгмийн улс төрийн амьдралын гол сэдэв болж байлаа. Энэ үед хуульч бид ч бас гар хумхин зүгээр суухыг хүссэнгүй. Би өөрийн найз хуульч эрдэмтэн Ч.Энхбаатар, Н.Чинбат, гарын шавь Ж.Элбэгсайхан, Б.Мандахбилэг нарыг цуглуулж, Үндсэн хуулийн бие даасан хувилбар гаргая гэж хэлэхэд тэд маань дэмжсэн юм. Ингээд бид Үндсэн хуулийн төслийнхөө бүтцийг эхэлж тохиролцов. Аль болох монгол хэллэгтэй, монгол хувилбар байх нь зүйтэй гэж ярилцаад улсын нэрийг Монгол Улс гэж нэрлэх, хуулийнхаа нэрийг Тулгар цааз гэж нэрлэхээр тогтсон юм. Учир нь хууль гэдэг монголоор цааз гэсэн үг юм. Хаули гэдэг манж үг цааз гэдэг монгол үгтэй хоршин хууль цааз гэж хэлэгддэг болсон. Ингэхээр Үндсэн хууль бол гол тулгуур, анхдагч хууль учраас тулгар цааз гэхэд болно гэж тогтлоо...” хэмээн ярьж байжээ.

Ингээд ...Монголчууд бид өвөг дээдсийнхээ цогцлуулан бадраасан улс гэр, төр ёс, сүр сүлдээ үүрд мандуулан, Монгол түмнийхээ эрх чөлөө, төрөлх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, нийгмийн шударга ёсоо эрхэмлэнэ. Ертөнцийн соёл иргэншил, амар амгаланг дээдлэн, улс орондоо хүмүүнлэг нийгэм төлөвшүүлэх чин зорилгоор Монгол Улсын тулгар цаазаа батлан тунхаглаж байна хэмээн Тулгар цаазын оршилд бичиж байсан аж. Ингээд түүний лекцээс онцлох ишлэлийг хүргэж байна.

Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй...

“Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш хорин дөрвөн жил шахам хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий болов. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйл (эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, ядуурал, Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн намын үйл ажиллагааны согог дутагдал зэрэг)-ийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажигаас шалтгаалсан хэмээн Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй...”

Тэнцвэр, хяналтыг бий болгох ёстой

Парламентын засаглалтай улс гэхээр л парламентад нь бүх бүрэн эрх бөөгнөрөх ёстой гэж ойлгож болохгүй юм. Ирэх нэг хоёр жилээс шууд нүүр тулж буй өрийн дарамтаас эхлээд тохиож мэдэх бүх хүндрэл, бэрхшээлийг даван туулах чадавхийг бүрдүүлэх хөгжлийн зөв үндэс суурийг тавих, эдийн засаг, нийгмийн хөгжилд төрийн тогтолцоо нь саатуулагч хүчин зүйл болох бус харин ч эдийн засгийн хүндрэлийн намгаас улс орноо авч гарах төрийн зөв тогтолцоог бэхжүүлж өгөх шаардлагатай байна. Иймд парламент, засгийн газрын хоорондын харилцааны  зөв тэнцвэр, хяналтыг бий болгох шаардлагатай. Хэрэв тогтолцоогоо засч өөрчлөхгүй бол улам бүр засаглалын хямрал нүүрлэхэд тулаад байгааг  өдөр хоногоор цаг мөчөөр бидэнд ойлгуулж байна. Үндсэн хуулиа бид яаж хамгаалах вэ?  Насыг нь яаж уртасгах вэ?  Боловсронгуй болгож байж л үр шимийг нь үзнэ. АНУ-ын Үндсэн хууль 1787 онд анх батлагдсанаас хойш 228 жилд 27 удаагийн өөрчлөлт орсон бол  БНСУ-д 1948-1987 оны хооронд 39 жилийн дотор 9 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 5 удаа бүх нийтийн санал асуулга явуулж, (дунд нь бас 3 удаагийн төрийн эргэлт, 2 удаа иргэний хувьсгал болсон)  байж одоогийн тогтвортой тогтолцоог бий болгож чаджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан