Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганхуяг: Хоёр намын удирдлага сонгуулийн асуудлаар ярьж тохирсон байна
Б.ШИРНЭН

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.

-Өнгөрсөн сарын дундуур АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ИЗНН-тай сонгуульд эвсэх, эвсвэл нэр дэвших квот тогтоох зэрэг асуудлыг ярьсан. Мөн тэр өдөр МАН-ынхан МАХН-тай нэгдэх үү, ИЗНН-тай нэгдэх үү гэдгээ удирдлагын түвшинд ярина гэж байсан. Тэгэхээр танай нам эрх баригч болоод сөрөг хүчний алинтай ч эвсч магадгүй зураглал бий болоод байна.
-Манай нам аль нэг намтай нэгдэх талаар бол өнөөдрийг хүртэл нэг ч удаа яриагүй. Сонгууль хүртэл аль нэг намтай нэгдэх үйл явц болохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин сонгуульд дангаара оролцох уу, бусад намтай хамтарч, эвсэх үү гэдэг асуудал нь нээлттэй байгаа. Одоогоор эвсэх үү, гэдэг асуудлыг ярилцаж байна. Манай намын Үндэсний хороо ирэх сард хуралдана. Түүгээр ирэх сонгуульд аль нэг намтай эвсэх үү, болих уу гэдэг эцсийн шийдвэрээ гаргана. Мөн Сонгуулийн хуулийн нөхцөл байдлыг давхар ажиглаж л байна.

-Сонгуулийн тухай хуу­лийн дөрвөн өөр төс­лийг өргөн барьсан. Ний­тэд нь ажлын хэсэг гарга­сан ч өнөөдрийг хүртэл хуралдсангүй. Мөн Ерөнхий­лөгчийн зүгээс өргөн ба­рих ёстой Улс төрийн на­мын тухай хуулийн төс­лийн үзэл баримтлалыг 19 нам дэмжихгүй гэдгээ илэр­хийллээ. Эдгээр асуудалд ИЗНН ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа. Учир нь, намууд улс орон, иргэдийн төлөө гэхээсээ илүү сүүлийн үед фракц, бүлэгд хуваагдаж байна. Тэр байтугай нам дамжсан бүлэглэл бий болсон. Санхүүгийн олигархиудаас болж намын дотоод ардчилал үндсэндээ үгүй боллоо. Тэдний нам доторх байр суурь ихсэх тусам жирийн гишүүд, дэмжигчдийн үүрэг багасч байгаа юм.
Энэ нь улс орны өмнө тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргахад хэдхэн хүн л шийднэ гэсэн үг. Харин жинхэнэ утгаар нь улс төрийн намууд дотоод ардчилалтай, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг намын гишүүдийн байр сууринд үндэслэн шийддэг тогтолцоотой болох ёстой. Ингэхийн тулд л Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой юм.

Жишээлбэл, улс төрийн намуудын их хурал жил бүр болж байх ёстой гэж бид үздэг. Гэтэл дөрвөн жил болчихоод байхад намынхаа их хурлыг нэг ч удаа хийгээгүй улс төрийн намууд бий. Удирдлага нь намаа өмчилсөн, хэсэг бүлгийн хүрээнд эрх мэдэл төвлөрсөн, намын нэрийг барьж шийдвэр гаргадаг энэ байдлыг өөрчлөх л ёстой. Монгол орны эдийн засаг, улс төрийн хямрал яг үүнтэй л холбоотой.
Нөгөөтэйгүүр, Сонгуулийн хуулийн дөрвөн ч хувилбар явж байна. Эдгээр хуулийн төслийг харвал нөгөө хоёр нам яаж үлдэх вэ, байр сууриа хэрхэн бэхжүүлэх вэ гэсэн хуулийн төсөл л боловсруулсан байна. Намын жагсаалтаар ордог, пропорциональ системийг бүр таван бүст хуваах тухай ярьж байна. Хэдийгээр хуулийн төсөлд энэ талаар үг, өгүүлбэр байхгүй ч энэ санааг хоёр намын удирдлагууд ерөнхийдөө ярьж тохирсон байна. Ямар нэг арга замаар засагт эргэж олонхи болох үйл ажиллагаа явагдаж байна. Хэрвээ хуульд их өөрчлөлт хийх боломж олдохгүй бол хуучин хуулиа мөрдөөд явсан нь хамаагүй дээр.

-Сонгуулийн хуулийн төслүүдийг дэмжихгүй нь гэж ойлгох болох уу?
-ИЗНН-ын анхны байр суурь 38, 38 гэсэн холимог тогтолцоо. Ингэж байж сонгогчдын санал парламентад илүү тусгалаа олох юм. 48, 28 ч гэсэн хангалтгүй байгаа. Гэхдээ дөрвөн Сонгуулийн хууль орж ирээд муу дээрээ муухай, муухай дээрээ улцан болсноос бүр хуучнаараа байсан нь дээр. Бас хэлэлцэж батлах бол бидэнд хоёрхон долоо хоногийн л хугацаа үлдлээ шүү дээ. 

-Намуудын тухай хуулийн төслөөр бол нам байгуулах болоод татан буулгах асуудал нь алга урвуулахын дайтай болж өөрчлөгдөх гэж байгаа гэсэн шүүмжлэл бий. Танай нам дээрх хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа ч  үзэл баримтлалыг дэмжихгүй юм байж. Тухайлбал, яг ямар заалтыг нь дэмжихгүй байгаа юм бэ?
-Бүр тийм нарийн ширийн, заалт бүрийг нь задалж ярина гэвэл их удаан ярих хэрэг гарах байх. Дээр хэлсэн шиг Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх нь зүй. Ингэхдээ намын дотоод ардчилал, гишүүдийн дуу хоолойг сонсдог зам руу явах ёстой. Мөн улс төрийн нам хоёр асуудлыг шийдэх ёстой байдаг. Нэгдүгээрт, намын санхүүжилт ил тод байх зарчим. Мөн болж өгвөл парламентад суудалтай намыг төрөөс санхүүжүүлэх ёстой гэж боддог. Ингэхдээ маш хатуу аудитын хяналттай байлгах ёстой. Мөн тухайн нам шийдвэр гаргахдаа гишүүдийн оролцоог хэр чухалчилж байгааг бас үзэж, хардаг байх ёстой. 10 хүн биш, 10 мянган гишүүн нь ямар шийдвэр гарга гэв, мөнгөө юунд зарцуулав гээд бүх зүйлийг сайтар нягталж, намыг нэг ёсны “шилэн” болгох ёстой юм. Хоёрдугаарт, боловсон хүчний асуудлыг цэгцлэх ёстой. Улс төрийн нам, эсвэл намуудын удирлагуудыг дагаж, цүнхийг нь барьж явсан хүн хоолонд хүрэх юм шиг буруу хандлага бий болсон. Тэдгээр нь ямар нэг албан тушаал дээр очоод даргынхаа захиалгыг биелүүлэх, тендер будлиантуулах, бидний эд баялгаас хумслах зэрэг үйл явц руу орсон байна. Тиймээс боловсон хүчний бодлогоо сайн болгох ёстой. ИЗНН дэргэдээ боловсон хүчний сантай байх зарчмыг илүүд үздэг. Зарим нам алтан сан ч гэж ярьдаг. Төрийн болон улс төрийн албанд томилогдох хүмүүс нь ил тод, дотоод механизм нь тодорхой байх зарчим юм. Миний сонгуулийн ажилд гүйсэн гээд нэг албанд томилдог систем яагаад ч байж болохгүй. Тэгэхгүй бол төрийн ноён нуруу улам л чадал, тэнхээгүй болж байна. Тиймээс дээрх хоёр асуудлыг Улс төрийн намуудын тухай хуульд оруулж, үнэхээр шинэчилж чадвал л сайн хуулийн төсөл болсон байна гэж ИЗНН үзнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан