Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Пёнчан 2018” өвлийн олимп болоход 100 хоног үлдлээ


-БНСУ өнөөдөр олимпын бамбараа хүлээн авч улс даяар баяраа тэмдэглэнэ-



БНСУ-ын ГХЯ-ны урилгаар аялсан Монголын сэтгүүлчдийн багийн гол зорилго нь “Пёнчан 2018” өвлийн олимпын бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай танилцах байв.
Бид БНСУ-ын зүүн хэсэгт орших Пёнчан хотод автобусаар гурван цаг явсны эцэст хүрлээ. Солонгосын зүүн хойд нутгийн уулархаг, хамгийн өндөр хэсэгт орших энэ хотод цас их унадаг болохоор өвлийн аялал жуулчлал ч сайн хөгжиж, хүмүүс нь ч чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болж чаджээ.  
БНСУ нь 1988 оны зуны 24 дэх олимпын наадам, 2011 оны Хөнгөн атлетикийн ДАШТ, 2002 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан арвин туршлага дээрээ тулгуурлан “Пёнчан 2018” өвлийн олимпыг зохион байгуулахаар болсон билээ. Ингэснээр тус улс дэлхийн дөрвөн том наадмыг эх орондоо зохион байгуулсан Итали, Герман, Франц, Япон, Орос улсын дараа зургаа дахь нь болж түүхэнд тэмдэглэгдэж буй юм.
Өнөөдөр БНСУ-д түүхэнд тэмдэглэгдэн үлдэх баярт өдөр тохиож байна хэмээн тус улсын иргэд үзэж байна. 2011 оны долдугаар сарын 6-нд ОУОХ-ны дарга Жак Рогге “Пёнчан хот 2018 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхтэй болов” хэмээн зарласан бол өнөөдөр тус улс олимпын бамбараа хүлээж авч байгаа юм. Түүгээр ч барахгүй өвлийн олимп эхлэхэд яг 100 хоног үлдсэн учир энэ өдөр улс даяараа үндэсний баяр болгон тэмдэглэж байна. Бамбарыг нийтдээ 2018 км аялуулах бөгөөд “Пёнчан 2018” өвлийн олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнд залахаасаа өмнө Өмнөд Солонгосын найман томоохон мужаар аялуулах юм билээ. Бамбарыг цагаан өнгөөр хийсэн бөгөөд Өмнөд Солонгосын цагаан шаазанг бэлгэджээ. Бамбарын урт 700 мм,  энэ нь Пёнчан хот далайн төвшнөөс дээш 700 метрт оршдог гэсэн утгыг агуулж байгаа аж.
Пёнчан хот дараалан гурван удаа нэрээ дэвшүүлсний эцэст зорилгодоо хүрсэн болохоор олимп зохион байгуулахын төлөө хамгийн уйгагүй хичээл зүтгэл гаргасан хотоор нэрлэгдэх болсон. Тиймдээ ч барилга байгууламж, спортын цогцолборын бүтээн байгуулалтдаа маш их анхаарал хандуулж, орчин үеийн хийц загвартай, техник технологийн гайхамшгийг мэдрүүлсэн олон шинэ цогцолбор, цанын харайлтын өндөр цамхаг барьж байгуулжээ.
 
Түүгээр ч зогсохгүй тус хот нийслэлтэйгээ хурдны галт тэрэгний замаар холбогджээ. Монголын сэтгүүлчдийн баг Сөүлээс тус хот хүртэл автобусаар гурван цаг явж ирсэн тухай дээр дурдсан. Тэгвэл хурдны галт тэргээр зорчвол Пёнчанаас Сөүл хүртэлх 130 км замыг ердөө 50 минутад туулах боломжтой гэсэн үг.
Ямартай ч Монголоос ирсэн сэтгүүлчдийн багийг хүлээж авсан “Пёнчан 2018” өвлийн олимп зохион байгуулах хорооны Гадаад харилцаа хариуцсан багийн ахлагч Жон Юү Ригийн хийсэн танилцуулга, мэдээллээс тоймлон хүргэе.
Пёнчаны өвлийн олимпын наадам 2 дугаар сарын 9-25 өдөр болно.  Нийтдээ 12 спортын цогцолборт үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд  тус олимпод 6500 гаруй тамирчин, албан хаагчид оролцоно гэж урьдчилсан дүн мэдээ гарчээ. Өнөөдөр барилга байгууламж, спортын цогцолборуудын ажил бүрэн дууссан бөгөөд хэд хэдэн удаа туршилтын арга хэмжээ зохион байгуулжээ. Үүний үр дүнд ОУОХ болон гадаадын тамирчид, дасгалжуулагчдаас өндөр үнэлгээ аваад байгаа юм билээ. Мөн долоон спортын төрлөөр нийтдээ 102 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн учир 102 медаль бэлтгэсэн байна. 102 багц медаль нь Ванкувер-2010 олимпоос 16, Турин-2006 олимпоос 18, Сочи-2014 олимпоос 4 багц медалиар илүү гэсэн үг. Харин паралимп 3 дугаар сарын 9-18-нд болно.
Солонгос улс 1988 онд Сөүлд зуны олимп зохион байгуулахдаа анх удаа олимпыг паралимптай хамтад нь зохион байгуулсан туршлагатай. Тиймээс ч үе үеийн өвлийн олимп зохион байгуулж байсан газрууд дундаас хамгийн нэгдсэн зохион байгуулалттай нь Пёнчаны наадам хэмээн зохион байгуулагчид нь тодотгож байна билээ. Ингэж тодотгохын учир нь өвлийн олимп Пёнчан болон Канын гэсэн хоёр хотод зохиогдох юм. Энэхүү хоёр хотын хооронд автобусаар явахад ердөө 30 минут л зарцуулна.



Мөн өвлийн спортыг сурталчлахын тулд Пёнчан хотын захиргаа Кан Вон Ду мужийн захиргаатай хамтраад 2004 оноос эхлэн “Dream program” нэртэй хөтөлбөр зохион байгуулжээ. Энэ хөтөлбөр нь өвлийн спортоор хичээллэх боломжгүй улс орны хүүхдүүдийг урьж авчирч, өвлийн олимпын спортуудтай танилцуулж, хичээллэх боломжоор хангаж, цаашлаад тамирчин болгох боломжийг олгодог аж. Өнөөдрийг хүртэл 83 орны 1919 хүүхдийг ус хөтөлбөрт хамруулсан байна. Эдгээр хүүхдээс нь өнөөдөр тамирчин болчихсон яваа нь ч бий гэнэ.
Өмнөд Солонгосын ардын аман зохиолд гардаг амьтан болох цагаан барыг 2018 оны өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдэг болгожээ. "Soohorang" нэртэй уг цагаан барыг "ариун сахиуст хамгаалагч амьтан” гэж үздэг байна. Мөн цагаан өнгө нь өвлийн спортын цас, мөсийг илэрхийлж буй юм билээ.

Харин хар өнгөтэй "Бандаби” нэртэй баавгайг  Паралимпын бэлгэ тэмдэг болгон гаргажээ. Баавгай нь гуйвшгүй хүсэл эрмэлзэл болон эр зоригийг илэрхийлдэг амьтан гэж үздэг бөгөөд Азийн хар баавгай нь Өмнөд Солонгосын Канвон аймгийн бэлгэ тэмдэг юм байна. Аяны богцынхоо төгсгөл болгож бид дараагийн сурвалжлагаараа олимпын хотхон, шинээр барьж байгуулагдсан спортын цогцолборуудын талаар мэдээлэл хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан