Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ганзориг: Зээлийн хүүг бууруулахад Засгийн газар, Төвбанк, банкууд, зээлдэгчид зэрэг оролцох ёстой

“Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Ганзоригтой зээлийн хүүгийн талаар ярилцлаа.

-Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ч юм уу, иргэдийн хүлээлтийн хэмжээнд хүртэл бууруулах нөхцөл манай эдийн засагт хомс гэж ярьдаг. Зээлийн хүүг бууруулахад ямар нөхцөл тээг болдог вэ?

-Зээлийн хүүгийн дундаж одоогоор 18 хувь байгаа. Тэгэхээр эхлээд зээлийн хүү яагаад 18 хувь гэж тогтоод байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Аж ахуйн нэгж ч юм уу, эсвэл иргэнээс санхүүгийн байгууллага мөнгө аваад хөрөнгө санхүү дутсан нөгөөд нь зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Ингэхээр эх үүсвэр татах хэрэг гарна. Эх үүсвэрийг ам.доллароор авч үзье. АНУ-ын Засгийн газар 1.75 хувийн хүүтэй эх үүсвэр татчихдаг. Тухайн улсын зээлжих зэрэглэл AAA. Монгол Улсын зээлжих зэрэглэл В. Ийм зэрэглэлтэй улсын Засгийн газар 7.5 хувийн хүүтэй мөнгө зээлж чадна. 

Тэгэхээр бид хамгийн багадаа 7.5 хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж чадна гэсэн үг. Ам.долларын эх үүсвэр татсан ч бид дотооддоо төгрөгөөр зээл олгоно. Ам.долларын эх үүсвэрт 7.5 хувийн хадгаламжийн хүү санал болгож буй бол төгрөгт ийм хэмжээнийхийг санал болгож болохгүй.

Хэрэв ингэвэл монголчууд бүгд ам.долларын хадгаламж нээнэ. Сүүлийн 14 жилийн хугацаанд жилд дунджаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувиар суларсан байдаг. Ам.долларын хадгаламжийн хүү дээр төгрөгийн суларсан хувийг нэмэх шаардлага гарна. 7.5 дээр зургаан хувийг нэмэхээр 13.5 болно. Энэ бол төгрөгийн хадгаламжийн дундаж хүү. Монгол хүн төгрөгтөө биш, ам.долларт итгэж байна. 

Тиймээс ам.долларынхоос төгрөгийн хүү заавал өндөр байх ёстой. Хүчээр доошлуулах юм бол зах зээлд долларжилт нэмэгдэнэ. Ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь тэнгэрт хадан, хэтэрхий төвөгтэй байдал үүснэ. Ингээд төгрөгийн хадгаламжийн хүү 13 орчим хувь байх нь ойлгомжтой боллоо. 

Үүн дээр санхүүгийн фермийн үйл ажиллагааны зардал нэмэгдэх учиртай. Манай санхүүгийн салбарт 15 мянган хүн ажиллаж байна. Тэдгээрт цалин олгохын тулд зээлийн хүүг нэг хувиар нэмэх ёстой болдог. Ингэхээр зээлийн хүү 14.5 хувь болно. Хадгаламж татаад Төвбанканд заавал байлгах нөөц байршуулдаг. 

Татсан мөнгөний 12 хувийг заавал байлгах нөөцөд хадгалуулдаг юм. Энэ нь зээлийн хүүг ойролцоогоор нэг хувиар нэмдэг. Дээрээс нь зээлийн эрсдэлийн шагналын хувийг нэмэх учиртай. Энэ нь бараг гурван хувь байдаг. Одоогоор аж ахуйн нэгж, иргэд зээлсэн мөнгөнийхөө 8.3 хувийг эргэн төлөөгүй байна. Үүнийг хэн нэгэн төлөх ёстой. 

Тиймээс банкууд зээлийн эрсдэлийн шагнал гэгч зүйлийг нэмж, мөнгөө эргүүлэн олж авдаг. Энэ бүгд нийлэхээр зээлийн хүү 18 хувьд хүрээд байгаа юм.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд энэ бүх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Зээлийн хүүг бууруулах боломжтой юу, хаана асуудал байна вэ гэдгийг авч үзье. Ам.долларын эх үүсвэрийн хүү 1.75 биш, яагаад 7.5 хувь байна вэ гэдгийг ярих ёстой. Энэ бол зээлжих зэрэглэлээ сайжруулах тухай асуудал. Засгийн газар төсвийн алдагдалгүй, өрийн зөв менежменттэй байх үед зээлжих зэрэглэл өсдөг. 

Өнөөдөр манай улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 240 хувьтай тэнцэж байна. Үнийн дүнгээр нь яривал 25 тэрбум ам.доллар болсон. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд улсынхаа өрийг бууруулах хэрэгтэй. Манай Засгийн газрын сүүлд гаргасан гурван бонд өрийг өрөөр төлөх буюу дахин санхүүжилт хийх зорилготой байлаа. Тэгэхээр өрийн буруу менежменттэй байна гэсэн үг. 

Өрөө дардаг биш, төлөх хугацаа нь дөхөхөөр өөр газраас зээлээд нөгөө рүү шилжүүлдэг тогтолцоо яваад байна. Өрийн менежмент гэдэг зүйлийг бий болгох ёстой. Мөн төсвийн алдагдлыг тодорхой түвшинд барих шаардлага бий. Засгийн газар нь солигдохоор янз бүрийн зардал нэмдгээ болих хэрэгтэй. Засгийн газар тогтвортой байх ёстой. Зээлжих зэрэглэл сайжраад, ам.долларын эх үүсвэрийн хүү хоёр хувьд хүрлээ гэж бодъё. 

Тэгвэл зээлийн хүү таван хувиар буурна. Түүнчлэн дээр ярьсан төгрөг ам.долларын ханшийн зөрүүний асуудал бий. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш жилд зургаан хувиар сулраад байгаа. Монголын иргэн, компани бүр төгрөгийн ханш сулраад байхгүй, ханш тогтвортой байх нь гэсэн итгэлтэй болж чадвал зээлийн хүү буурах нь тодорхой. Гэхдээ ийм итгэл хэдий хугацаанд төрөхийг хэлэх боломжгүй. 

Гэхдээ хэдэн жил дараалан ам.долларын ханш савлахгүй, тогтвортой байхад ийм итгэл төрнө гэж бодож байна. Эхнийх нь Засгийн газрын асуудал байсан бол одоо Төвбанкны бодлогоос хамаарах асуудал орж ирж байгаа биз. Тодруулбал, валютын ханшийг яаж тогтвортой барих вэ гэдэг нь Төвбанкны хариуцах ажил. Төгрөгийн ханш зургаан хувиар суларч байгаагаас шалтгаалаад зээлийн хүү өндөр байна.

Тэгвэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг их хэмжээгээр сулрахаа боливол зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой. Зээлийн хүүг бууруулах дараагийн шийдэл нь банкуудын үйл ажиллагааны зардлыг багасгах. Худалдааны нэг төвд банк бүрийн АТМ байдаг. Банкуудын АТМ-ыг нэгтгэх замаар үйл ажиллагааны зардлыг нь бууруулж болно. Энэ зардлыг нь бууруулахын тулд банкуудыг шахах шаардлагатай гэсэн санаа байж болно. 

Үүний дараа аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Тэд хэрэгцээтэй мөнгөө зөв төлөвлөөд, төлж чадах зээлээ авах шаардлагатай. Төлж чадахгүй мөртлөө их хэмжээний зээл авах гэж хичээдэг хүмүүс байдаг. Төлж чадах л зээлээ авчихвал чанаргүй зээлгүй болж, хүү гурван хувиар буурна. 

Тэгэхээр зээлийн хүүг бууруулах нь олон хүчин зүйлээс шалтгаалахаар байгаа биз. Засгийн газар, Төвбанк, банкууд, зээлдэгчид зээлийг хүү бууруулахад оролцох ёстой. Одоогоор бүгдэд нь асуудал бий. Магадгүй утопи ярьж байгаа байх. 

Гэхдээ бүх асуудлаа шийдэж чадвал зээлийн хүү 10 нэгж хувиар ч буурах боломжтой. Монгол Улсын зээлжих зэрэглэл А болж, эх үүсвэрийн хүү буураад, ам.доллар төгрөгийн ханш 3-4 жил тогтвортой байж, банкуудын үйл ажиллагааны зардал багасан, аж ахуйн нэгж, иргэд зээлсэн мөнгөө заавал төлдөг болчихвол хүү “шалан дээр” ирнэ.

-Ам.долларын эх үүсвэрийн хүү, ханшийн савлагаа зээлийн хүүг өндөр байлгах гол нөхцөл болж байна гэж та тайлбарлалаа. Манайд инфляц өндөр байдаг. Инфляц өндөр байх нь зээлийн хүүг бууруулахгүй байх нэг хүчин зүйл болох уу?

-Мэдээжийн хэрэг инфляцыг ярих ёстой. Инфляц хүүгийн нэг гол суурь болдог тал бий. Төвбанкны үндсэн зорилго бол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах юм. Тогтвортой байдал гэдэг бол бусад валютын эсрэг тогтвортой байна уу, үгүй юү, өнгөрснөөсөө тогтвортой байгаа, эсэх асуудал.

Инфляц хэт өндөр байвал хүү өсгөх нөхцөл урган гарна. Энэ бол онол талаасаа тайлбарлагддаг зүйл. Манай улсын нөхцөлд бодит хүү утга учраа алдах тохиолдол бий. Инфляц нь 30 хувь хүрсэн байхад зээлийн хүү 20 гаруй хувьтай байх жишээтэй. Инфляц нь хоёр хувь болсон ч зээлийн хүү нь 20 хувьтай байж л байдаг.

Манай улсын бодит зах зээлд инфляцын зээлийн хүүд нөлөөлөх нөлөөлөл валютаасаа маш бага болчихсон. Тэгэхээр валют л манай гол асуудал болчихоод байгаа юм.

-Зээлийн хүүг захиргаадалтын аргаар тогтоох хуулийн төсөл боловсруулсан. Хийсвэрээр, хүчээр тогтоох боломж бий юү?

-Цоо шинэ, дэлхийд байхгүй жишиг биш. Зээлийн хүүг хүчээр тогтоосон жишиг өчнөөн бий. Амжилттай хэрэгжиж, эдийн засагтаа нэмэр болсон түүх одоогоор байхгүй. Зээлийн хүүг хүчээр тогтоосон судалгааны ажил уншихаар сөрөг үр дагавар л гарсан байдаг юм билээ. Хүүг бага түвшинд хүчээр тогтоочихоор зээл олголтыг хязгаарладаг юм байна. 

Зээл олголт муудахаар эдийн засаг нь өсөхөө болино. Яагаад зээл олголт мууддаг гэвэл, түрүүнд зээлийн эрсдэлийн шагнал гурван хувь байдаг тухай ярьсан. Банкууд зээлийн эрсдэлийн шагналаа нэмж чадахаа болих учраас эрсдэлтэй зээлдэгч нарт зээл олгохоо больчихдог гэнэ. Ингээд зээл олгох ажиллагаа мууддаг хэрэг. 

Нөгөө эрхэмд санхүүжилт авах хэрэгцээ байсаар л байгаа. Тэгэхээр өдрийн зээл авдаг юм уу, ямар нэг мөнгө хүүлэгчид ханддаг. Ингээд сүүдрийн банк гэдэг зүйл бий болно. Хүүг бууруулах гэсэн биш, жилд нийт 1000 хувийг төлдөг систем рүү яваад орчихдог юм байна. Энэ нь эдийн засагт хортой. Үүний дараа санхүүгийн хүртээмжийн асуудал яригдана. Би түрүүнд үйл ажиллагааны зардлаа бууруулах хэрэгтэй гэж ярьсан.

Хүүг хатуу тогтоочихоор банкууд үйл ажиллагааны зардлаа хамгийн түрүүнд бууруулдаг юм байна. Тухайлбал, хүн ам багатай сумын төв дэх тооцооны төвөө хаачихдаг гэсэн үг. Үр өгөөж багатай мөртлөө зардал гаргадаг учраас хаачихаж байгаа хэрэг. Хүүг хүчээр тогтоохоор зээл олголт, хүртээмж муудах сөрөг тал бий. Энэ нь эдийн засагт яавч сайн зүйл биш. Төгрөгийн хадгаламжийн хүүг хүчээр бууруулъя гэж саная. 

Ингэвэл долларжилт бий болно. Хэт эрэлт үүсээд, ханш нь савлаад манайх шиг ам.доллароос ихээхэн хамааралтай эдийн засагт аймшигтай нөхцөл үүснэ. Бид ам.долларын эх үүсвэрийн хүүг хүчээр хямдруулж чадахгүй. Олон улсын зах зээл манайд итгэхгүй байхад итгэ гэж тулгах боломжгүй. 

Хэрэв хүүг хүчээр тогтоовол төгрөгийн хадгаламжийн хүү, банкуудын үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн шагнал гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт дарамт нь ирнэ. Энэ гурвыг шахвал сөрөг үр дагавар гарах нь судалгаагаар тодорхой харагдаж байгаа биз. Судалгаа хийгээд, зарим судалгааг уншиж үзэхэд ийм нөлөөтэй байх нь гэсэн төсөөлөл гарч байна.

Гэтэл зээлийн хүүг тогтоох хууль нь ямар ч судалгаа, эдийн засагчийн дүгнэлт байхгүй, буух нь гоё учраас буулгах гээд байгаа юм. Цаана нь ямар асуудал үүсэхийг мэдэхгүй муйхарлах нь тэнэг хэрэг. Хүн ханиалгаад ирэхээрээ намдаах гэж эм уугаад байгаатай агаар нэг. 

Гэтэл тэр хүн хатгалгаа, сүрьеэ тусчихсан байх ч юм бил үү. Өвчнийх нь урхгийг эмчлэхгүй өнгөн хэсгийг нь хараад байгаа хэрэг.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд шийдвэрлэх гол асуудал зээлжих зэрэглэлээ сайжруулах, ам.долларын ханшийн савлагааг тогтворжуулах байх нь ээ.

-Зээлжих зэрэглэлээ сайжруулах бол зээлийн хүүг бууруулах хамгийн эхний үе шат. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд өрийн зөв менежменттэй болох хэрэгтэй. Дараагийн үед шат нь ам.долларын ханшийн савлагааг тогтворжуулах, төгрөгт итгэх итгэлийг сайжруулах. 

Гурав дахь нь банкуудын үйл ажиллагааг сайжруулж, үр ашигтай болгох. Санхүүгийн үр ашигтай болгоход хөрөнгийн зах зээлийн хөгжил чухал. Дөрөв дэх асуудал бол иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгө зээлэхдээ хариуцлагатай ханддаг, төлөвлөлт хийдэг болох хэрэгтэй гэсэн санаа юм. Ийм дөрвөн шатыг сайжруулж чадвал хүү буурах боломжтой.

-Хаанаас нь эхэлбэл дээр вэ?

-Алийг нь ч нэг өдрийн дотор шийдэж чадахгүй. Тэгэхээр бүгдийг нь зэрэг эхлүүлэх ёстой.

-Төгрөгт итгэх итгэлийг бий болгохоос эхэлж болох юм.

-Төгрөгт итгэх итгэлийг сайжруулах асуудлыг урт хугацаанд ярихаас өөр аргагүй. Төлбөрийн тэнцэл ийм байгаа үед төгрөгт итгэх итгэл богино хугацаанд бий болохгүй. Манай улсын экспортын орлогын 85 хувийг зэс, нүүрс, алт бүрдүүлж байгаа. Үүний 41 хувь нь нүүрснээс хамааралтай. Манай эдийн засаг нүүрсний үнээс шалтгаалдаг болсон гэсэн үг. 

Нүүрс, зэсийг олон улсын зах зээлд үнийн эрсдэлээс хамгаалсан санхүүгийн үүсмэл хэрэгслүүдээр худалдчихдаг. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглачихвал эскпортын орлогоо тогтворжуулчихна. Манайх уул уурхайн салбарын хөгжлөө дагаад хүнд даацын машин механизм их хэмжээгээр импортолж байгаа. 

Импортоо юугаар орлох вэ гэдэг асуудал бий. Экспортын орлогоо тогтворжуулаад, импортоо хяначихвал гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын урсгал сайжран ханш нь тогтворжино. Гадаад худалдаанаас гадна төлбөрийн тэнцлийн хэд хэдэн данс бий. Хөрөнгө оруулалтын данс гэж бий.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туухаа болих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын маш таатай орчин бүрдүүлэх нь чухал. Гэтэл манайхан Валютын зохицуулалтын тухай хууль боловсруулаад, түүн дотроо валютын урсгалыг Төвбанк хянана гэх мэт заалт оруулаад байна. 

Үүнийгээ болих ёстой. Хөрөнгө оруулалт, худалдаанд ам.долларын урсгал сайжирвал мэдээж давуу тал болно. Мөн төлбөрийн тэнцэлд үйлчилгээний цэвэр экспорт гэдэг дансыг тэр бүр ярьдаггүй. Манай улсын үйлчилгээний импорт нь экспортоос өндөр байдаг. 

Жишээ нь, манайх гадаадын зөвлөх үйлчилгээний том ферм урьж, их хэмжээний төлбөр төлөн, ажил хийлгэдэг. Зэсээ зарж олсон ам.доллароо тэдэнд өгөөд явуулчихдаг байхгүй юу. Гэтэл бид аялал жуулчлалаа л зардаг. 

Бид зөвхөн долдугаар сард л аялал жуулчлалаа зарж, үйлчилгээнээс нь мөнгө олдог юм байна. Зөвхөн эсгий, ноос, ноолуураа харах хэрэггүй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн үйлчилгээгээ зарах валют олох хэрэгтэй.

-Тэнд зээлийн хүү дөрвөн хувь байна гэнэ лээ гэх мэтээр бид харьцуулж ярьдаг. Бид тийм хэмжээний зээлийн хүүтэй болохын тулд нэлээн урт зам туулах нь ээ. Бас хэзээ тийм хэмжээнд хүрэх нь тодорхойгүй.

-Монгол хүнээс ам.долларынхтой яг адилхан хүүгээр төгрөг авах уу гэж асуухад “Тийм ээ, би авна” гэж хэлэх хүлээлттэй болчихвол хүү буурсан байх ёстой. Засгийн газрын зардал буурсан, гадаад өрийн хэмжээ багассан байвал хүү хямдрах нөхцөл бүрджээ гэсэн үг. 

Бид ААА зээлжих зэрэглэлтэй АНУ-тай харьцуулаад хэрэггүй. Зээлжих зэрэглэлийн 20 орчим үнэлгээ бий. Үүнийг гурав хуваасны сүүлийн хэсэгт манайх байдаг. Дунд хэсэгт нь орж чадвал гадаадынхан хөрөнгө оруулах боломжтой гэж үздэг. Сүүлийн хэсгийг хөрөнгө оруулагчид “хог” гэдэг. 

Ийм ангилалд байж өндөр зэрэглэлтэй оронтой харьцуулж ярих нь утгагүй. Хугацаа хэл гэвэл, үүнийг 10-20 жилд цэгцэлчихэж болмоор санагддаг. 10 жил дараалан ам.долларын ханш тогтвортой байвал төгрөгт итгэх итгэл яах аргагүй төрнө. 

Өрийн менемжентээ сайн хийгээд зээлээ багасгачихвал зээлжих зэрэглэл сайжирна. Мөн санхүүгийн систем нь эрүүлжээд, хөрөнгийн зах нь хөгжчихсөн байвал чухал.

-Хөрөнгийн зах зээл чухал үүрэгтэй гэж та хэлсэн. Зээлийн хүүг бууруулахад хөрөнгийн зах зээл ямар оролцоотой байна вэ?

-Хоёр янзаар холбогдоод байгаа юм. Банкууд хөрөнгийн зах зээлийн үүргийг үүрч, их хэмжээний зардал гаргаж байна. Хөрөнгийн зах зээл хөгжвөл банкуудын үйл ажиллагааны зардал буурах юм. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулбал тухайн хүний хариуцлага болно. Тэгвэл зээл олгохоор давхар банкны хариуцлага болоод явчихдаг. 

Хөрөнгийн зах зээл хөгжихөөр компаниудад санхүүжилт татах нэг суваг нээгдэнэ. Ингэхээр банкуудын эрсдэл буурна. Мөнөөх зээлийн эрсдэлийн шагналын хувь хэмжээ дагаад буурч таарна. Эхлээд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаад дараа нь банкнаас мөнгө зээлдэг систем бий болно. 

Хөрөнгийн зах зээлд гарсан компаниудын хариуцлага асар өндөр болдог. Нээлттэй компанийн зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Дахиад л зээлийн эрсдэлийн шагналын хэмжээ буурна. Мөн хөрөнгийн зах зээл хөгжвөл гадаад валютын урсгал татна. Валютын урсгал нэмэгдэхээр төгрөгт итгэх итгэл сайжирна. 

Зээлийн хүүг бууруулахад энэ мэтээр хөрөнгийн зах зээл олон нөлөөтэй гэж харж байгаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

23 Сэтгэгдэл
Эдийн засгийн эрсдэлийн хэмжүүр гэдэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Ойлголоо гээд яах юм зээлийн хүү өндөр байхад
Улсаас тогтоосон хэмжүүр болхоос хэн нэгэн хүн зохиогоод өөртөө ашиг олох гээд байгаа зүйл бас биш болвуу
Их хэмжээний хадгаламжнаас өндөр хүү авахгүй бол тэр банк чинь өөрсдөө эрсдэлд орох магадлалтай шүү дээ
Ted chin mash ix ashig olj bgaa ard irgediin shulj bgaa noxduudshdee
2017 ond 217 ix naydiin ashig olson l geed bgaamdaa bas l ix mongo shuu
Улсаас гаргаж буй төсөв маш бага байгаатай зээлийн хүү шууд хамааралтай
Зээлийн хүү бол тухайн улсдаа таарсан хэмжигдэхүүнтэй манайханы боловсролын түвшин бага байгаагаас болж бусад улс оронтой харьцуулаад байгаа юм шүү дээ
Zeeliin huu mash undur bgaashdee yas yuman deer
Монголын банкууд хамгийн эрсдэл багатай, найдвартай зээлдэгч хайж ядаж байгаа энэ үед зээлийн хүүгийн хязгаар тогтоочихвол энгийн иргэдэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг төгрөгийн зээл олдохгүй
Zaluus mine bolowsroldoo jooxon anhaarchaad daraa ni zeeliin huu undur bna gej yrina shuu
Төгрөгийн ханш 3-5 жил савлахгүй, инфляцын түвшин жилд таван хувиас ихгүй байх зэрэг тогтвортой байдлыг бий болговол зээлийн хүү буурна.
Манай улсад санхүүгийн хуримтлал нь зээлийн эрэлтээс бага байна тиймээс хуримтлал сайн үүсгэх хэрэгтэй
Зээлийн хүүгийн түвшин төр засгаас шалтгаалж байгаа болохоос банк дангаараа зохицуулалт хийгээд байгаа зүйл биш шүү дээ
Zowxon hadgalamjiin huu undur bgaa ni zeeliin urtugiig usguugui
Инфляцыг хөөрөгдсөнөөр зээлийн хүү өсөх суурь дэвсгэр болдог тиймээс бэлэн мөнгө хэвлээд тараамааргүй байна улс төрчидөө
Бид өнөөг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онолоосоо ухамсрын хувьд салаагүй байгаа нь бидний дутагдалтай тал шүү дээ
Монголын банкууд муу, гадаадын банкууд мундаг гэж жирийн иргэд төдийгүй эдийн засагчид, улстөрчид сайн гэдэг ойлголтоосоос салах хэрэгтэй
Ugaasaa mongol banknii bodlogo mash muu gadaad bankuud sn za yu
Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги хэрэгжиж эхэлж байгааа учраас нэг их дэгэсдүүлж ярьмааргүй байх юм даа
Банкууд хадгаламж татахын тулд хүүгээрээ өрсөлдөхөөс өөр сонголтгүй учраас иймэрхүү зээлийн хүүний зөрүү маш их гарч байгаашд
Маш зөв ярьсан байнашд иймэрхүү ойлголтыг ард иргэддээ тараах хэрэгтэй
Эдийн засгийн эрсдэлийн хэмжүүр гэдэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Хамгийн их уншсан