Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын үе үеийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт шагналтнууд болон гадаадын дипломат төлөөлөгчид оролцов.

УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл хэрэг, монголчуудын төрт ёсны уламжлал, үндэсний эв нэгдлийн ач холбогдлыг онцоллоо.

Тэрбээр найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр иргэд сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлоход оролцож байгааг тэмдэглэв. Мөн парламентын үйл ажиллагаа ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж чанарт тулгуурлах ёстойг дурджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, Их эзэн Чингис хааны байгуулсан төр улс, монголчуудын түүх, соёлын өвийг хамгаалж, хойч үедээ өвлүүлэхийн чухлыг онцлов.

Тэрбээр Их Монгол Улс Өрнө, Дорнын соёл иргэншлийг холбож, худалдаа, соёл, улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас үнэлж байсныг дурдсан байна.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 6-нд баталсан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын эцсийн найруулгыг танилцууллаа.

Уг тогтоолоор Их Монгол Улсын түүх, соёлын дурсгалуудыг судлах, хамгаалах, сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх, гадаадын улс орнуудад хадгалагдаж буй түүхийн бичмэл эх сурвалжийг олж тогтоон, эх хувь болон хуулбарыг Монгол Улсад авчрах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгажээ.

Мөн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах санал боловсруулах, түүх, соёлын судалгаа, бүтээлтэй холбоотой зарим орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн Чингис хааны хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох, түүний нэр, хөрөг болон Их Монгол Улсын бэлгэдлийг ашиглах харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулах үүргийг Засгийн газарт өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан