Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан уу

Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр хаяанд тулж, өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өссөн  энэ үед шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах шийдвэр гарлаа.  Үүнийг Засгийн газар, холбогдох албаны хүмүүс дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ тус тус буурч байгаатай холбон тайлбарлаж буй. Тодруулбал, импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ, төрлөөсөө хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллараар буурсан нь  АИ-80, АИ-92 автобензин болон дизелийн түлшний жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөс илүү үнээр буулгах боломж бүрдсэн байна.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нефт импортлогч компаниудтай зөвшилцсөнөөр өчигдөрөөс эхлэн /2019.01.15/ шатахууны үнийг хямдруулахаар болсон юм.

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу “Тэс Петролиум”, “М-Ойл”,  гэсэн хоёр компани литр тутмын үнээ 100 төгрөг (АИ-92-ыг 1730-1740, АИ-95-ыг 2280, дизель түлшийг 2290)-өөр тус тус бууруулжээ.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр шатахуун түгээх станцууд жижиглэн борлуулалтын үнээ литр тутамд 100 төгрөгөөр бууруулсан гэвэл үгүй юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас цаг үеийн асуудлаар өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй. Өнөөдөр шатахууны үнийг  200-300 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн” гэдгийг тодотгосон билээ. Тус газрын дарга Б.Лхагва хэлэхдээ “Роснефт компанийн бүтээгдэхүүний үнэ болон валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр сард 60-70 ам.доллараар буурсан хэдий ч шатахууны үнэ дорвитой буурахгүй байна. Бидний зүгээс  шатахууны үнийг бууруулахад хяналт тавьж ажиллах болно” гэсэн юм.

Өнгөрсөн онд  нийт таван удаагийн шатахууны нэмэгдлийн дараа  шинэ оны өмнө хоёр ч удаа шатахууны үнийг 50-100 төгрөгөөр бууруулж, АИ 92 бензиний үнэ 1930-аас  1830 төгрөг болсон юм. Засгийн газраас цаашид ч шатахууны үнийг бууруулна гэдгийг мэдэгдээд байгаа. Хэдийгээр дэлхийн зах дээрх нефтийн үнэ өнгөрсөн хугацаанд эрс буурсан ч ам.долларын ханш цаашид чангарах төлөвтэйг эдийн засагчид хэлж буй. Тиймээс шатахууны үнэ энэ хэвээрээ цаашид буурлаа ч  ам.долларын ааш хөдөлбөл өсөхгүй гэх баталгаа үгүй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01