Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батболд: “Үнэн ба зөв” намаас аль ч шатны сонгуульд нэр дэвшсэн дэнчин авахгүй

Үнэн ба зөв намын Өвөрхангай аймгийн намын хорооны дарга Ц.Батболдтой ярилцлаа.

-Эх баригч намынхнаас амлалтаа биелүүлэхийг шаардаж хурал зарласнаас хойш танай намынхан нэг л нам гүмхэн байх шиг. Сүүлийн үеийн сонин, содон мэдээллээсээ манай уншигчидтай хуваалцвал?

-Манай намын хамгийн сүүлийн шинэ сонин мэдээлэл гэвэл өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн намын хороо маань байранд орлоо. Налайх дүүргийн Ууганбаяр тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс нэгдээд Үнэн ба зөв намыг дүүрэг, хороон дээрээ авч явъя гэсэн юм. Өөрсдөө санхүүгээ босгоод албан ёсоор байранд орж үүрээ байгуулсан. Бид очиж албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгож хамтраад ажиллаад явж байна.

Цагаан сарын өмнө Үнэн ба зөв нам маань санхүүжилтийн асуудлаа өөр байдлаар шийдэхээр ярьж, хэлэлцэж байна. Энэ ажил маань 90 хувьтай явна. Монголын ард түмэн сонгуулиа өгөхдөө мөнгөөр, эд баялгаар, эрх мэдлээр саналаа худалддаггүй, өөрсдийн үзэл бодлоороо, тухайн намын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгч оролцдог байгаасай гэж байгаа юм. Иргэн бүр сонгуульдаа оролцож, ирээдүй хойч эх орныхоо төлөө саналаа өгөх ёстой юм. Энэ чинь Монгол Улсын иргэний үүрэг.

-Сонгуульд идэвхгүй оролцдог нь намуудад, нэр дэвшигч нарт итгэх итгэлгүй болсны илрэл юм болов уу. Ирц нь хүрээд байгаа нь санал худалдаж авдагтай нь холбоотой гэх нь бий?

-Таны хэлж байгаа нь үнэн. Биеллээ олдоггүй амлалтууд, буруу үйлдлүүд нь иргэдийн намд, нэр дэвшигч нарт итгэх итгэлийг үгүй хийсэн. Миний үеийн залуус ч итгэх итгэлгүй болсон. Оюутан байх үедээ мөнгө хэрэгтэй байсан учир АН, МАН-ын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож л явлаа. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь нутаг орныхондоо танилцуулна. Тухайн нам ялсны дараа хэсэг хугацааны дараа нутагтаа очихоор “Та нарын танилцуулаад байсан ажил, амлалтаас нэг нь ч биелсэнгүй” гэж ирээд ам асуудаг. “Хийнэ гэсэн” гэдэг ганц л хариулттай.

Тиймээс манай намын зорьж буй нэг ажил нь ийм итгэлгүй болсон ард түмнийхээ итгэлийг 2020 онд олж авах. Танихгүй хэн нэгэнд итгэх биш өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ нэгийг улс орноо өөрчлөхөд оролцуулаад яваачээ гэж байгаа юм. Манай улсад болдог бүх шатны сонгуульд нийтдээ 14 мянган хүн нэр дэвшиж оролцдог юм байна. Энэ бүх хүнийг ард түмнийхээ дундаас, гэхдээ өөрийнхөө хүрээллийн зөв хүнийг эдгээр сонгуульд оролцуулаач гэсэн санааг дэвшүүлсэн.

-Бүх шатны сонгуульд нэр дэвшихийн тулд боловсролтой байх ёстой гэдэг?

-Боловсролгүй хүн төрийн удирдлагад ажиллах ёсгүй, анхнаасаа улстөрч гэдэг хүн төрчихсөн байдаг мэтээр ойлголттой болж. Үнэндээ өнөөдрийн төрд гарчихсан эрхмүүдийг ажихад төрчихсөн улстөрчид биш байна шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй, гадаадад боловсорсон хүн төрд байх ёстой, тусдаа хүмүүс байх ёстой мэтээр ойлгочихсон хүмүүс маань энэ сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна.  Харин бидний хувьд өөрсдийнхөө дотроо байгаа хүмүүсээс оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мэдээж хэрэг боловсрол, мэдлэгтэй, тавигдах шаардлагыг нь хангасан хүнийг нэр дэвшүүлнэ.

Засгийн газар нь, парламент нь ч бас ажлаа хийдэг байх ёстой. Улсын төсвөөс тэд цалинжиж байгаа хэдий ч сүүлийн үед өдөр хоногийг аргацаасан маягтай ажиллаад байна. Хийх ёстой ажлаа хийлгүй нэгнийхээ хэлсэн ярьсныг үгүйсгээд л суудаг болж. Тиймээс үр дүн нь харагдахгүй. Ард түмэндээ танилцуулсан мөрийн хөтөлбөр нь биелэхгүй байгаад байна. Энийг л өөрчилье гээд байгаа юм.

-Танай нам мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил, амлалтууд нь 60 хувь хүртэл биелүүлсэн байх ёстой гэсэн хуулийн төслийн санаачилга гаргасан. Энэ санаачилга ажил хэрэг болох нь уу?

 -Төр барьж байгаа нам нь ажил хийдэг байгаасай гэсэн үүднээс энэ санаачилгыг гаргасан. Гэвч эрх мэдлийнхээ хүрээнд бид хууль санаачилж, батлуулах боломжгүй болчихоод байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ хуулийг санаачлаад оруулаад өгөөч гэдгээ хэвлэлийнхнээр дамжуулж уламжилсан. Ийм хуультай болбол улс төрийн нам нь ашиг сонирхол харсан бүлэглэл, ажил хийдэггүй хэсэг бүлэг нөхдийн цуглаан байхаа болино.

-Хүсэлтээ хэвлэлийнхнээр дамжуулж Ерөнхийлөгчид уламжилсан гэлээ. Ер нь өөртэй нь уулзах хүсэлт тавьж үзэв үү?

-Албан ёсоор хүсэлт тавиагүй. Өөртэй нь биечилж уулзаагүй. Ард түмэн шударга ёс, хариуцлага гэдгийг сүүлийн үед илүүтэй нэхэж байна. Харамсалтай нь төрд гарсан нөхдүүд үүнийг нь хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас хуулиар дамжуулж хэрэгжүүлдэг болгоё гэж байгаа юм. Үнэндээ хүмүүс шударга ёсоор цангачихсан байна. Баялаг, газар нутгаараа бид дэлхийд тэргүүлж байна, гурван саяулаа сайхан амьдрах боломж бий.

-Гэхдээ ард түмнийг ядуу байлгах сонирхол улстөрчдөд ч тэр, эрх барьж буй намынханд ч тэр ашигтай байдаг юм шиг ээ?

 -Борив бохис хийлгүй хөдөлмөрлөж байж амьдралаа авч явдаг нөхцөл байдалд байлгах нь тэдний хаанчлал удаан хугацаанд оршино тогтнох үндэс нь болж өгч байна. Сонгуулиар хэдэн төгрөг тараагаад санал худалдаж авахад нь ч амар байгаа. Дуслын чинээг өгчихөөд уулын чинээг биднээс хулгайлаад байна. Нэг ёсондоо бидний боломжоос хулгай хийгээд байна. Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсын иргэн шууд буюу төлөөллийн байгууллагаараа төрийн эрхэнд оролцох эрхтэй. Яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь эд нар хаалттай болгочихсон. АН, МАН-аас сонгуульд нэр дэвшинэ гэхээр аль шатны сонгуульд нэр дэвшихээсээ хамаараад дэнчин мөнгө, барьцаа авдаг. Тэрийгээ хандив, энэ тэр гээд янз бүрээр нэрлэчихсэн. Тэгэхээр зөв бодолтой, сэтгэлтэй хүмүүс нь мөнгө төгрөгийг нь өгч чаддаггүй учир оролцох боломжгүй болчихож байгаа юм.

Энэ оролцоог нь 100 хувь үнэгүйгээр ард түмэндээ хангаж өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аль ч шатны сонгуульд Үнэн ба зөв намаас нэр дэвшсэн иргэнээс дэнчин мөнгө, төгрөг авахгүй.   

-Мөнгөний нам байхгүй гэсэн санаа байх нь, тийм үү?

-Дээрхээс гадна манай нам сонгуулийг мөнгөгүй хийе гэж байгаа. Сонгууль гэхээр л мөнгөтэй нэг нь олон хүн авч ажиллуулдаг. Тараах материалаасаа гадна мөнгө тараадаг. Энэ ойлголт сүүлийн сонгуулиудад газар авсан. Энийг байхгүй болгохын тулд бид сонгуулийг мөнгөгүй хийе гэж байгаа юм.

-Мөнгөгүйгээр яаж сонгууль хийнэ гэж?

-Манай намыг дэмждэг, өөрчлөлтийг хүсч байгаа хүн бүхэн өөрсдөө сонгуулиар нэр дэвшүүлсэн хүнээ сурталчилж өгнө гэсэн үг. Зорьж буй үйлс нь, мөрийн хөтөлбөр нь тодорхой шүү дээ. Бид 2017 оны есдүгээр сараас “Үнэн ба зөв цэг” гэдэг нэвтрүүлгээ TV10 телевиз дээр хийж байгаа. Энэ нэвтрүүлгээрээ дамжуулж зорьж байгаа ажлаа, мөрийн хөтөлбөрийнхөө гол гол санааг танилцуулж байна. Гуравдугаарт, ард түмнээ нэгтгэхийн төлөө хийж буй нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийг үздэг хүмүүс бидний зорьж буй үйл хэргийг мэдчихсэн. Энэ ч үүднээс ард түмэнд тайлбарлахад илүү хялбар байгаа. Тэгээд ч 2020 оны сонгуулиар АН, МАН, хувьсгалт намд ард түмэн саналаа өгөхгүй гээд дүнгээ тавьчихсан байна. Дээрх намуудаар нэг биш удаа төр бариулаад үзчихсэн. Тиймээс сонголтоо өөрчлөх гээд байна. Нэгэнт сонголтоо өөрчлөх гээд байгаа учир дараагийн сонголт бий болох ёстой.

-Нам хэрэггүй гэдэг үзэл бодол бас яваад байх шиг байна?

-АН, МАН өөрсдийн байр сууриа эргэж олохын тулд энэ үзлийг гаргаж ирж байна. Нам гэхээр дээрх хоёр намтай адилтгаж үзээд байна. Нам гэхээсээ илүүтэй улс төрийн мафи болчихсон байна гээд учир мэдэх хүмүүс ярьдаг. Мафи яаж ажилладаг вэ гэхээр дээр байгаа толгойлогчид нь баяждаг, дор байгаа хүмүүстээ дусал дуслаар мөнгө өгч тэжээдэг. Босоо тогтолцоотой явдаг. Харин манайх бол яг л улс төрийн нам гэдгээр нь авч явъя гэж байгаа юм. Ард түмэн өөрсдөө оролцдог, улс эх орноо хөгжүүлэх зөв бодлогыг гаргадаг, төрийн эрхэнд гараад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөртөө хэрэгжих боломжтой зүйлсийг тусгаж өгөх хэрэгтэй. Удахгүй манай намынхан сум, орон нутгаар тойрч явна.

-Орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа хэдийнээс эхлэхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Дөрөвдүгээр сараас эхэлж аймаг, орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийнэ гэж төлөвлөсөн.

-Иргэдийн зүгээс танай намынханд хэр их хандаж байна?

-Танай намын гишүүн болъё, батлахаа авъя гэсэн хүмүүс их ирдэг. Батлах авъя гэдэг дээр бид өөр байр суурьтай байдаг. АН, МАН дэмжиж байна гэсэн хүн бүрт батлах өгдөг. Намын гишүүн болсон учир намдаа санал өг, эргэн тойрны хүмүүсийнхээ саналыг намдаа өгүүл гээд элдвийн дарамт шахалт үзүүлдэг. Энийг бид өөрчлөхийн тулд батлах нэхэж байгаа хүмүүстээ өөр зүйл ярьж байгаа. Юу гэхээр бид Монгол Улсынхаа иргэдийг намын хатуу гишүүнчлэлээр хуваахыг хүсэхгүй байна гэдэг. Ер нь өндөр хөгжилтэй улс орнууд намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё гээд татгалзаад эхэлсэн. Хүн амынх нь таван хувь нь л батлахтай байна. Тэр таван хувь нь аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс байх жишээтэй.

Тэгэхээр Үнэн ба зөв намаас нэр дэвшихгүй л бол батлах олгохгүй гэсэн үг. Энэ байдлыг хамгийн түрүүнд бид нам дотроо хийж байгаа. Хамгийн гол нь ард түмэн сонголтоо зөв хийж, зөв хүнээ сонгох санал өгөхөд нь дэм болохоор хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё гэж байгаа юм. Мөн Үнэн ба зөв намын аль нэг үүрийн дарга, гишүүн хүн намд үнэнч байх албагүй гэж үзэж буй нэг шалтгаан нь манай намын батлахын ард “Үнэн ба зөв намын батлах нь төр түмэндээ зүтгэх, улс орноо хөгжүүлэх, эрхэм нандин үүрэг хариуцлагыг байнга сануулж байдаг баримт бичиг юм” гэсэн санамж байдаг. Намдаа үнэнч байх гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Бидний зорилго бол “Шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг Монгол Улсыг бүтээх” юм. Манай намын үзэл баримтлал нь төвийг сахисан. Аз жаргалтай дунджаас дээш давхаргыг бий болгох зорилготой гэсэн үг.

-Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар арга замаар явах юм бэ?

-Хамгийн түрүүнд дөрвөн төрлийн хувьсалт, өөрчлөлтийг ард түмэндээ санал болгож байгаа. Нэгдүгээрт, сэтгэлгээний хувьсгал хийе гэж байгаа юм. Аль ч намыг нь дэмжихгүй явж байгаад яг сонгууль болохоор хэдэн төгрөг аваад саналаа худалдчихдаг. Бүгдээрээ тэгдэг гэж байгаа юм биш шүү. Зөвөөр ойлгоорой. Тэр хүмүүсийг саналаа худалддаггүй болгох хэрэгтэй байна. Монголчууд 100 хувь сонгуульдаа оролцох хэрэгтэй. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа хүн МАН, АН дээрээс нэр дэвшихээ л больчих. 

Дараагаар нь 2020 онд сонгуулийн хувьсгал хийе. Хүн бүр өөрийн саналаар саналаа өгдөг болох хэрэгтэй байна. Саналаа өгснөөр өөрийнхөө болоод улс эх орныхоо, үр хойчийнхоо ирээдүйг шийддэг юм шүү дээ гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Хэнээр удирдуулах вэ, ямар арга замаар улс орноо хөгжүүлэх вэ гэдэг дээр сонгуулийн хувьсгал хийж байгаа хэрэг.  Сонгуулийн замаар МАНАН-г бүх шатанд нь эрх мэдлээс нь буулгая.

Дараа нь хариуцлагын хувьсгал. Манай намын мөрийн хөтөлбөрт хариуцлагын тухай зүйл заалтыг оруулж өгсөн. Улс төрийн намдаа хяналттай байж, мөрийн хөтөлбөрийг нь биелүүлдэг болгох хэрэгтэй. Төрд гурван үеэр нь ажиллуулдаггүй болгоё л доо. Хуулийн хариуцлагыг нь хоёр дахин нэмэгдүүлж, хууль бусаар олсон хөрөнгийг нь хураая. Дараагийн төрд гарч ирж ажиллах гэж байгаа хүмүүст нь чанга хуультай учир ёсзүйтэй хүн ажиллах ёстой юм байна гэсэн ойлголтыг нь төрүүлье. Ингэж зөв болгох хэрэгтэй байна.

Хамгийн сүүлийнх нь хөгжлийн хувьсгал. Улс эх орноо үйлдвэрлэлээр хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Дэлхийн хамгийн том хүчирхэг хоёр гүрний дунд оршиж байгаа манай улс тэр олон хүн амыг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах зах зээлд нь нэвтэрч орох хэрэгтэй байна. Генийн өөрчлөлтгүй эрүүл органик бүтээгдэхүүн нийлүүлбэл тэд авна. Үйлдвэрлэлээ дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Энэ мэтээр олон боломж манай улсад бий. Манайх олонхиороо шийддэг, засаглалын хэлбэртэй улс учир бид олонхи болох хэрэгтэй байна. Ингэхийн тулд ард түмэн өөрсдөө зөв хүмүүсээ оролцуул гэж байгаа юм шүү.

8 Сэтгэгдэл
Amjil sain bna
Тэртээ тэргүй олон нам байгаад ард түмэн МАН АН МАХН 3с өөрийг сонгоогүй биз дээ одоо л энэ зөв намыг гаргаж үзэх хэрэгтэй
Зөв байна тэртээ тэргүй олон намын системтэй парламентын засаглалтай улсад ингэж гарч ирж л улс орноо сайхан болгох хэрэгтэй гол нь зорисондоо эцсээ хүртэл зүтгээрэй
Zow zuil yaridag ta nariig demjij bn shvv
дэмжиж байна дарханд салбар байна уу
amjilt hvsie and min zow zvil bn shv
Хүн ам цөөтэй Монгол оронд олон намбн систем хэрэггүй
Тэртээ тэргүй олон нам байгаад ард түмэн МАН АН МАХН 3с өөрийг сонгоогүй биз дээ одоо л энэ зөв намыг гаргаж үзэх хэрэгтэй
Amjilt husii
Хамгийн их уншсан