
УИХ-ын дарга асан М.Энхболд чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг нь тоймлон хүргэе.
"УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, би хуулийн дагуу үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ үйл явдал хэзээнээс эхэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан, хэн юу ярьсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд болсон үйл явдлууд Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байгаа.
Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтыг ашиглаж хэн нэгэн их хурлын даргыг чөлөөлөөсэй гэж хүсч байна. Би ямар нэгэн арга саам ашиглаж албан тушаалтай зууралдаагүй. Төрийн өндөр албан тушаалуудыг хашиж, өгч явсан хүн. Энэ удаад асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан. Шалтгаан байгаагүй учраас надад өргөдлөө өгөх боломж байгаагүй.
Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарынхыг нь эс тооцох юм бол сайн ажиллаж байсан гэж би бардам хэлнэ. Өмнөх парламентуудаас илүү байж чадсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан.
Бид төрийн албыг шинэчлэх талаар хууль шинэчлэн баталж, үүнийг дагаж мөрдөх олон журмуудыг хэлэлцэж ярьж байгаа. Энэ нь цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлсэн, дадлагатай туршлагатай хүмүүс төрд ахиж дэвшдэг эрэмбэ дарааг тогтоосон чухал хууль батлагдсан. Иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж ажиллаж байсан. Засгийн газар хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байсан учраас УИХ Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлүүлээд олон ажлын хэсгийг бид байгуулсан.
Иргэдийн амьдрал санасандаа хүрч чадахгүй, амьдрал нь хүрэлцээтэй биш, нөхцөл нь амаргүй байгаа учраас тэдний ярьж, шүүмжилж байгаа асуудлыг би зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулсан залуу улстөрчиддөө хандаж үг хэлмээр байна.
Сүүлийн 20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд тохоэ, хаяглаж болдгийг та бүхэн үзүүлсэн. Намайг УИХ-ын даргаас чөлөөлөгдвөл шударга ёс тогтоно, нийгэмд хүлээгдэж байгаа олон олон асуудал шийдэгдэнэ, гэрэл гэгээтэй ирээдүй бий болно гээд байсан бүхэн чинь иргэд олон түмэнд та бүхнээс хүсэн хүлээх хүлээлт болж үлдлээ шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Ярьсан хэлсэн зүйлээ ажил хэрэг болгож байж залуу улстөрч гэдэг нэр хүндээ жинхэнэ утгаар нь өсөх ёстой юм шүү.
Хэн нэгнийг алдаршуулж, ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэдэг дүр зураг үзүүлэхэд намайг муулах шаардлага байсан байж магадгүй. Намайг харуулах нь зөв гэж бодсон байх. Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран унана гэдэгт эргэлзэхгүй байгаа. Миний хийсэн бүтээснийг ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ гэж найдаж байна” гэв.























