
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Одоо Тавантолгойн ордыг Олон улсын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил ид явагдаж байна. Энэ хүрээнд олон ажлын хэсэг гарсан. Хуучин болон өмнө нь ажиллаж байсан Тавантолгой ордыг сонирхдог, энэтэй холбоотой бизнес эрхэлдэг хүмүүс янз бүрийн санал тавьж байна. Өмнө нь тавьсан саналуудыг ч гэсэн эргэж судалж үзэж байна.
Өмнө нь ордыг 400 сая доллараар өгөх гэж байсан, Эрдэнэс Тавантолгой ХК 33%-тай үлдэх зэрэг ашиггүй гэрээ хэлэлцээр яригдаж байсан тал бий. Одоо бидэнд ашиггүй гэрээ хэлэлцээр хийх ямар ч эрх байхгүй. IPO гаргахын тулд өмнө нь гарсан алдааг судалж үзээд, ус, цахилгаан станц, замын бүтээн байгуулалт дээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсаар байна. Бүх саналыг бид нээлттэй хүлээж авч байгаа. Д.Сумъяабазар сайдаар ахлуулсан ажлын хэсэг алдаа гаргах эрх байхгүй. Тиймээс дөрвөн үе шаттайгаар зөвлөхүүдийг авч ажиллаж байна. Дотоодын зөвлөхүүд бидний хийж байгаа хэлэлцээтэй холбоотой дүгнэлт гаргаад явж байна. Засгийн газарт байнгын мэдээлэл өгөөд явж байгаа. Өнөөдөр гэхэд Засгийн газрын хуралдаанд Тавантолгойтой холбоотой гурван асуудал оруулж хэлэлцүүлнэ.
Нэгдүгээрт: Тавантолгой түлшийн үйл явц. 5 дугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гарсан. Энэ хүрээнд ажлын явц мэдээлэл, УБ хотын агаарын бохирдолтой шууд холбоотой асуудлаар хийж байгаа ажлаа танилцуулна. Тавантолгойг хүлээсэн нийгмийн хариуцлагын ажлын мэдээлэл хийнэ.
Хоёрдугаарт: Тавантолгой төмөр замын асуудал. Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажлын үйл явц, цаашид яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал. УИХ, Засгийн газраас тогтоол гарсан байгаа. Үргэлжлүүлэх санхүүжилтэд Тавантолгой ХК оролцоод, хувь эзэмшээд явах хувилбар. Хөрөнгө оруулалтын талаар тохироод явах хувилбар. Хуучин бол татаасаар аваад эргэж төлөх нөхцөлгүйгээр мөнгө өгдөг байсан бол одоо бизнесийн харилцаанд орж байна. Төрийн төслүүд хүртэл бизнесийн харилцаатай явж байх ёстой. Тавантолгой төсөлд орохдоо бид өгсөн мөнгөндөө хувь хүртэнэ. Ашгаас өгсөн мөнгөнийхөө хувийг хүртэх ёстой гэсэн үг.
Гуравдугаарт: Ногдол ашигтай холбоотой асуудал бас орж байна. Тактикийн хувьд янз бүрийн хувилбар ашиглаж байна. Олон улсын зах зээл дээр гарсны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий болох гээд байна. Сая цахим орчинд маш их худал мэдээлэл явлаа шүү дээ. 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна, цаашлаад бүр 20 хэдэн сая төгрөг хүртэл хөөрөгдлөө. Эргээд энэ чинь худал мэдээлэл байсан байна гэнгүүт 100 мянган төгрөгөөр хүртэл зарах гээд үзэж байна.
Хувьцааны үнийг унагах эрх бидэнд байхгүй. Олон улсын зах зээл дээр гарч хувьцааны өндөр үнийг бид тогтооё. Дараа нь доод тал нь нэг сая төгрөг, үүнээс дээш болгох ёстой. Хувьцааны үнэ цэнээ өсгөх ёстой. Эрсдэлийн сангаас хамгаалах хувилбар. 1 сая төгрөгөөр доош буусан тохиолдолд Тавантолгойн хувьцааг төр худалдаж авах, иргэдээ хохиролгүй болгох хүртэл олон хувилбар тактик байна. Дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгох нь эрсдэл байгаа учраас урд талдаа олон улсын зах зээлээ явуулья гэж байгаа” гэв.























