
Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2019 оны 2 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид ХАСХОМ гэх/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу нийт 10 албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж нэгтгэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 мэдүүлэг гаргагч /цахим-37489, цаасаар-3911/ буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна. Тодруулбал, Жендерийн үндэсний хорооны гишүүн
Х.Мандахбаяр нь Мэдүүлгээ гаргах талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзсан байна.
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарна.






















