Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баттулга:Эхлээгүй хурлаас завсарлага авна гэдэг байж болшгүй зүйл

НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өглөө 09:00 цагт зарлагдсан боловч одоо хүртэл эхлээгүй байна. Тус хурлаар С.Амарсайханы оронд ИТХ-ын дарга хэн байх вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Гэвч хурал 15:00 цаг хүртэл хойшилсон гэдэг мэдээллийг МАН-ын бүлгээс өгч байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

-Хурал эхлээгүй хэрнээ хойшилчихлоо. Ийм тохиолдол өмнө нь гарч байв уу?

МАН-ын бүлгийн дарга хэвлэл мэдээллээр Иргэдийн хурлыг 15:00 цаг хүртэл завсарлуулахаар Ардын намын бүлэг шийдлээ гэж ярьсан. Энэ бол иргэдийн хурал биш болчихлоо гэдгийг харуулаад байна. Би өмнө нь 2012-2016 онд иргэдийн хурлыг удирдаж даргалж явсан. Ийм явдал хэзээ ч тохиож байгаагүй. Хэнд ч ойлгомжтой зүйлийг ойлгомжгүй болгоод явчихлаа. Нээгээгүй хурлаас завсарлага авна гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Уг нь зүй ёсоороо хурлаа эхлээд хэнээр энэ хурлыг даргалуулах гээд байгаа юм гэдгээ танилцуулж, хурлаа даргалуулаад дараагаар нь Ардын намын бүлэг албан ёсоор асуудлаа тавиад дэгийн дагуу тэдэн цаг хүртэл завсарлага өглөө гэдгийг хурал даргалагч шийдэх ёстой.

Түүнээс биш хэн нэгэн намын бүлэг эхлээгүй хурлаас завсарлага авлаа гэж мэдэгдэх ёсгүй. Ийм зүйл байж болохгүй. 

-МАН-ын бүлэг дотроо үл ойлголцолтой байгаа юм болов уу гэсэн хардлага явж байна. Энэ тухайд?

-Би удирдах зөвлөлийнхний шийдвэр нь гарчихсан гэж ойлгож байгаа. Одоо байгаа бүлгийн дарга Дагвыг иргэдийн хурлын даргад нэр дэвшүүлж байгаа юм билээ. Сүүлд авсан мэдээллээр бол заалнаас ганц хоёр төлөөлөгч нэр дэвших гэж байгаа юм уу даа. Гэхдээ үүнийг баталгаатай хэлж чадахгүй. Магадгүй үүнээсээ болоод намын бүлэг нь дотроо хэл амаа олохгүй байгаа байх.

-Ардчилсан намаас нэг төлөөлөгч нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна?

-Манай нам 2016 оны сонгуулиар цөөнх болсон. 11 төлөөлөгчтэй. Бид цөөнхийнхөө байр суурин дээр л байна. Тэгэхээр хэн нэгнийгээ нэр дэвшүүлэх асуудал байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан